Love story.

Dulguun Batjargal
Dul Dairy
Published in
2 min readAug 2, 2021

Хацар улайж халуу төөнөсөн ч тэр намайг өхөөрдсөн харцаар ширтээд хацар дээр минь эрхий хуруугаараа зөөлөн илбэдэгсэн. Өхөөрдөж дууддаг хочоор минь дуудахад өөрийн эрхгүй илгээхээр хацар дээрх хонхорхойд хуруугаа хийгээд хонх дугарч байгаа юм шиг дуугарна… утсаа аваач хэмээн үргэлжлүүлэн надаар тоглоод авахгүй гэвэл гижигдэж, авбал “таны Hotline Baby" сонсож байна гэж үргэлж хэлнэ. Үргэлж хэлдэг бараг өдөр бүр давтагддаг үгс, тоглоомоос нь үл залхана. Өөр энэ тэндээс хөгжилтэй үг, тоглоом, наргиа сурчихаад үргэлж над дээр туршина. Мэдэхгүй үг байвал зааж өгөхөөсөө өмнө “өө ийм ч хошин шог мэдэхгүй, тийм ч яриа сонсоогүй" гээд л надад яг дуурайж үзүүлнэ. Би ч хувьдаа Stand up comedy өдөр бүр үнэгүй үзнэ. Үзэх бүр хацар чилж харцнаас минь хайр ундарна. Үнсэх гэж өлмийгөө өргөж хошуугаа сунгахад ахмад л толгой хирийн өндөр өөдөсхөн надаас дутна. Нүүрийг чинь будаж үзье гэхэд нь тэгвэл би сахлыг чинь хусаж өгнө хэмээн би зөрүүдэлнэ. Matrix үзье гэхэд нь дуусгаад тэгвэл Notebook үзнн хэмээн барьцана. Үргэлж би өөрийн хүссэнээр авч, хүссэнээ хийлгэх мөртлөө түүний төлөө зүйл хийхдээ үргэлж гомдоллоно мөн эрхлэнэ. Сайхан амраарай гэхэд өөдөөс сайхан амраарай гэнэ. Тэгэхээр нь би хамгийн сүүлд хэлэх ёстой хэмээн ахиад л сайхан амраарай хэлнэ. Өдөржин хамт инээлдчихээд тэврэлдээд тэврүүлээд унтахдаа ахиад л чамтай хамт байна гэж л зүүдэлнэ. Унтаад сэрэхэд эрт сэрсэн ч удаан унтаад сэрсэн ч үргэлж надаас өмнө сэрсэн бүлцийсэн нүдээр ширтэн, хатсан уруулаар үнсэж нойрмог хоолойгоор өглөөний мэнд мэднэ. Буржгар үсэнд минь хуруугаа оруулан наадан тоглох их л дуртай байсансан. Үсний уганд гараа оруулан хуруун өндгөөрөө тэмтчин, улмаар үнсэхэд цээжний цаанаас зүрх барагтай л багтран үсчин тэмцэнэ. Бүх жижиг гэлтгүй зүйлсээ ингээд дурсахад хүүхэд мэт гэнэн сайхан хайрыг бид бүтээсэн байна. Түргэн уур зүрхийг эзлэвч гашуун үгсээ дотроо залгиж байсандаа би баярладаг. Нэгэндээ гомдож туних тохиол их байвч хатуу үг хэлж зүрхийг нь үхүүлж байгаагүйгээрээ бахархдаг. Тэр минь ч гэсэн ухаантай даа. Уурласан уур бухимдлыг минь хэдхэн хормын дотор сарниулна. Хэцүү зүйл тохиолдоход алив ярь сэтгэлээ уудал хэмээн шална. Ярих тэнхэлгүй үед дэргэд чимээгүй ирээд сууна. Тэгээд мөр зөөлөн илнэ. Ууртай хэцүү үед хэтэрхий хажиг болдогыг тэр мэднэ. Өөрөөр аргадаж шалж намайг зовоохгүй нэг өрөөнд амьсгал үл чагнагдах анир чимээгүйд хоёул хамтдаа л оршин тогтноно. Эргээд дурсахад харамсах зүйл юу ч байхгүйд бас баярладаг. Хэн хэнээсээ салаад л явах, нэг нэгнээ орхиод л одох хүний орчлонд сайхан бүлээн дурсамж бүтээж, халуун хайр цогцлоосоор л дуусаарай хүмүүс минь…

02.08.21

--

--

Dulguun Batjargal
Dul Dairy

Lover❤.... book worm🐛... women👩‍💻 and human🤷‍♀️ IG __duuk__ FB: Дөлгөөн Батжаргал FB page: dul dairy