Газар хөдөлбөл яах вэ?

Nominoo U
Notes
Published in
3 min readMar 24, 2021

Өчигдөр шөнө Монголд тодруулбал Чойрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тул хэн нэгэнд хэрэг болж магадгүй гээд Япончуудаас сурсан зүйлээ хуваалцая.

1. Чичирхийллийн үед

Аюулгүй газар хоргодоно!

Хэрэв танд чичирхийлэл мэдрэгдэж байвал аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавиарай.

Бат бөх ширээний доор орох, эсвэл “толгой дээрээс юм унахгүй”, “тавилга зэрэг том зүйлс хажуунаас нүүж ирэхээргүй, унахааргүй” газар чичиргээ намжтал хүлээнэ.

2. Чичирхийлэл намжсаны дараа

2.1) Цахилгаан зуух зэрэг галын эх үүсвэрээ даруй унтраа!

Гал ашиглаж байхад газар хөдөлсөн бол сандарч тэвдэлгүй эхлээд аюулгүй газар хоргодно. Чичиргээ намжсаны дараа галаа унтраана.
Гал гарсан бол сандралгүй унтраана.

Жич: Гэртээ гал унтраадаг хөөс урьдчилж бэлдсэн байвал сайн. Бас утаа мэдрэгч суурилуулаарай.

2.2) Яаран сандран гадаа гарч болохгүй! Гэмтэж бэртэх аюултай.

Гэр дотор унасан, унахаа шахсан тавилга, хагарсан шилнээс болгоомжил.
Дээврийн хавтан, цонхны шил, самбар гэх мэт зүйлс унах эрсдэлтэй тул гадагш яаран гарах хэрэггүй.

2.3) Хаалга цонхоо онгойлго!

Чичиргээ намжсаны дараа хаалга, цонхоо онгойлгож гарцыг саадгүй болгоно. Ингэснээр шаардлагатай үед нүүлгэн шилжүүлэх боломжтой болно.

2.4) Хаалга, хашаанаас хол байгаарай!

Хэрэв та гадаа байхад газар хөдөлсөн эсвэл газар хөдөлсний дараа гадаа гарах бол блокон хананд ойртож болохгүй. Чичирхийллийн улмаас хэврэгшиж нурж унах аюултай.

Газар хөдлөлтийн дараа гадаа гарах зайлшгүй шаардлага тулгарвал толгойдоо хамгаалалтын малгай өмсөх эсвэл зузаан дэр бэхлэх хэрэгтэй.

3. Газар хөдлөлтийн дараа буюу гамшгийн үед

Хэрэв тухайн газарт томоохон хэмжээний түймэр гарах аюул нүүрлээд байгаа, эсвэл байшин барилгад нуралт үүссэн үед яах ёстой вэ гэдгийг дүүрэг, хот, засгийн газраас иргэдэд мэдэгдэж заавар өгөх учиртай. Гэвч монголчуудад тийм заавар зөвлөмж өгч байгаа газар алга. Хоргодох байр, нүүлгэх шилжүүлэх төлөвлөгөө гаргасан газар байхгүй байна. Тиймээс иргэн бүр харьяа дүүрэг хот сумандаа хандаж шаардлага тавьмаар байна.

Японы туршлагаас хуваалцахад дараах зүйлсийг иргэддээ зөвлөдөг юм байна.

3.1 Зааварласан хоргодох байрлуу нүүх

3.2 Зурагт, радио, гал команд, хот дүүргийн захиргаа зэрэг үнэн зөв мэдээлэл олгодог сувгаас мэдээлэл авах

3.3 Өөрийн орон байр, гэр бүл, хөрш, ойр орчин амьдарч буй хүмүүсээ аюулд учирсан эсэхийг шалгах

3.4 Нуранганд дарагдсан хүмүүсийг аврах ажилд туслах

3.5 Хоргодох байрлуу нүүхээс өмнө цахилгаанаа салгаж, газаа унтраах

4. Газар хөдлөлтөөс өмнө бэлдвэл зохих зүйлс

4.1 Нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай бүх зүйлээ ардаа үүрдэг үүргэвчиндээ хийгээд нүдэнд харагдахуйц газар байрлуулаарай. Үүргэвчиндээ хийвэл зохих зүйлс:

Ундны ус, зөөврийн радио, хувцас, гутал, хүнсний бүтээгдэхүүн, шүдэнз, асаагуур, үнэт зүйл,бичиг баримт, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл, бичгийн хэрэгсэл, сальфетка, 00-н цаас гэх мэт.
Эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэгсэл, нялх хүүхэдтэй хүмүүс бол хүүхдийн хуурай сүү,живх, хөнжил зэргийг бэлдвэл зүгээр болов уу

4.2 Толгойгоо хамгаалах хамгаалалтын малгай бэлдэж тавиарай.

4.3 Онцгой байдлын үед хүн бүрт 3 хоног хэрэглэж хүрэх хэмжээний хоол хүнс, ус, зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг бэлдэж тавиарай.

[Хэрэгтэй хоол хүнс]

Ус: Нэг хүнд нэг өдөрт 3 литр ус гэж тооцож цэвэр ус бэлдэх

Муудахгүй удаан хадгалж болох хоол хүнс: бэлэн гоймон, лаазалсан мах, лаазалсан загас, шоколад, удаан хадгалдаг жигнэмэг зэрэг бэлдэх. Зөөврийн газын зуухтай бол цагаан будаа, гоймон 2кг орчим бэлдэх. Хүүхэдтэй айл бол хүүхдийн хуурай сүү хүрэлцэхүйц хэмжээтэй бэлдэх/1 лааз?/.

[Цахилгаан тасрахад хэрэгтэй зүйлс]
Гар чийдэн / лаа
Жижиг хийн зуух / хатуу түлш
[Ус тасрахад хэрэгтэй зүйлс]
Өдөрт нэг хүнд 3л ус хэрэглэхээр хуванцар савтай цэвэр ус

Photo by Sunyu Kim on Unsplash

Эх сурвалж: https://www.tfd.metro.tokyo.lg.jp/

Хүндэтгэсэн,

Номиноо

--

--