Оюутан байхдаа ээж болсон нь

Nominoo U
Notes
Published in
6 min readJun 13, 2020

Оюутан байхдаа ээж болох ямар байдаг талаар өөрийн туршлагаасаа хуваалцмаар байна. Оюутан охидууд болон сурч байхдаа ээж болохыг зорьж буй жирэмсэн эхчүүд, тэдний гэр бүл эргэн тойрныхонд зориулав.

Би Япон улсад ажиллаж амьдардаг 2 хүүхэдтэй ээж. Эхний хүүхдээ олоход би 28 тай, мастерын нэгдүгээр курст сурдаг бас мэргэжлээрээ ажилладаг байсан.

Thanasis Zovoilis / Getty Images

Нөхөртэйгээ суугаад 4 жил болчихсон, хүүхэдтэй болох шаардлага үүсчээд байсан хэхэ. Хэзээ хүүхэдтэй болох вэ гэж ярилцаж байгаад 2-р курсынхаа зуны амралтаар төрөхөөр тааруулчихвал гэдэс томроод ирэхийн алдад ажлаасаа дикрит аваад зөвхөн хичээлдээ явж болох юм байна гэж тооцсон.

Эхэндээ бүх юм төлөвсний дагуу өрнөж жирэмсэн боллоо. Бөөн баяр. Төрөх хугацаа ч яг зуны амралтаар таарсан. Бөөн баяр. 2р курсын хичээлийн шинэ жил эхэлмэгц ажлаасаа жирэмсний чөлөө аваад ганцхан хичээлтэй үлдээд сэтгэл хөнгөн сайхан байлаа.

Гэвч гэдэс томрох тусам хол алхахад, унаа тэргэнд суухад хэцүү болж ирсэн. Ядрамтгай, унтамхай болсон тул хичээлээ дийлэхээ больсон. Эхний семестерт 5 хичээл сонгосноос 2-г нь дундаас нь болиод үлдсэн 3-тайгаа ноцолдож эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор бол төрөхөөсөө өмнө дипломын ажлаа нилээд дөхүүлэх байсан боловч сэдвээ хайж, сольж ольсоор байгаад бүтэхгүй болж, төрсний дараа ихэнхи хэсгийн нугалахаас өөр аргагүй болсон.

Төрснөөс хойш 4 сарын дараа мастерын дипломны хамгаалалттай байсан болохоор ээжийгээ авчирч хүүхдээ харуулчаад дипломын ажлаа хийж эхэлсэн. Эхэндээ өдөрт 4 цаг орчим ойролцоох ресторанд очиж дипломын ажлаа хийнэ. Амжихгүй. Шөнө хүүхдээ унтуулчаад өглөөний 5,6 цаг хүртэл сууна.

4 цаг тутамд хүүхдээ хөхүүлдэг болохоор дөнгөж төрсөн эхчүүд нойр муутай байдаг. Гэтэл хүүхдээ хөхүүлчээд дараагийн хөхүүлэх цаг хүртэл унтахгүй, хичээлээ хийгээд шөнөжин суучаад өглөөгүүр 3 цаг хиртэй нойр авна.

Тэгж бага унтахаар хөхөнд сайн сүү орохгүй, хүүхэд цадахгүй бас их асуудал болноо… Эх хүн чинь өөрөө хүүхдээ тэжээж чадахгүй болохоор сэтгэл зүйн хувьд их хүнд тусдаг юм билээ. Хөхүүлэхээ больчихвол хөхний сүү амархан татарчихдаг, бас ээжийнх нь бие организм хэвэндээ орох үйл явц удааширдаг гэж уншиж байсан болохоор аль болох сайн хөхүүлэх хэрэгтэй гээд бодчихсон… Тэгсэн олигтой сүү гарахгүй болохоор хүүхэд дургүйцээд хөхөж өгөхгүй ээ амлуулах гэж мянган юм болно гэх мэт… төрсөн эхчүүдэд асуудал мундахгүй.

Тэрний хажуугаа диплом бичнэ гэдэг бол нэг үгээр хэлбэл “алаан” байсааан. Ядраад байдаг, унтмаар байдаг. Гэвч өнөөдөр энийг хийхгүй бол дипломын ажлаа хураалгаж амжихгүй гээд л … уйлаад гэх юм уу .. нулимс өөрөө гоожоод л суугаад байдаг байв хэхэ.

Мастерын эхний жилд бүх кредитээ гүйцээчихсэн байсан тул 2 дахь жилд хичээл авахгүй байсан ч төгсөх нөхцөл хангачихсан байсан. Гэхдээ өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө төлбөрөө төлж сурч байгаа хэрнэ сүүлийн семестертээ ганц ч хичээл авахгүй байна гэхээр харамсмаар юм билээ. Гэвч хичээл байтугай дипломоо хийж амжихгүй байсан тул төгсөж л байвал бусад нь дүүрч гээд л хаясан.

Ядаж байхад их юм уншиж судлах шаардлагатай сэдэв авчихсан. Уншиж судлах юм бусад оюутнуудтай харьцуулахад хэд дахин их байсан. Манай хамт сурдаг найз миний хэвлэж уншсан цааснуудыг харчаад төөлж зузааныг нь хэмжиж үзчээд ухаан алдаж унах гэж байсан хэхэ… Гэвч тэрэн дундаас дипломын ажилдаа иш татчихаар хэрэгтэй юм олох гэж бараг өвсөн дотроос зүү хайхтай адил ажил болж байсан.

Төгсөж чадах болов уу гэсэн айдас, чадахгүй юм байна гэсэн шантрал байнга араас дагаастай. Тэгсэн ч уйлаад л юмаа хийгээд суугаад байна. Хэрвээ би одоо хамт сурч буй найз нөхөдтэйгээ хамтдаа л төгсөхгүй бол, үлдэж хоцроод дараа жил ганцаараа диплом бичээд гүйх сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байх гэж бодсон. Тиймээс хэцүү байсан ч заавал төгсөнө гээд сэтгэл шулуудчихсан тулдаа л зогсохгүй үргэлжлүүлсээр байсан.

Нөхөр маань ч гэсэн “Энэ жил төгсөх нь дараа жил төгссөнөөс хамаагүй кайфтай, дарамт багатай шүү. Бүх юмаар чинь дэмжье, чи чадахаараа хичээ, тэгсэн ч гэсэн болохгүй бол одоо яахав дээ” гэж хэлсэн болохоор сэтгэл зүйн хувьд хүчтэй, болихгүй байхад том дэмжлэг болсон.

Ялангуяа сүүлийн сар бол өдөрт 4 цаг биш өдөрт 12 цаг номын санд сууна. Дундуур нь сүүгээ саачихаад л суугаад байна. Орой хүү маань 11 цагт сүүгээ хөхөж унтаад өглөө 3,4 цагт сэрж хөхдөг болохоор 11 цагийн сүүнд амжиж харих гэж мэрийдэг байлаа хэхэ…

Одоо эргэн санаад хэцүү байсан гэж дурсаж байгаа ч тухайн үедээ бол супер өөдрөг байдаг байсан. Ядаж л амжуулах гээд суух, хийх цаг гаргах боломж байгаад баяртай, сэтгэл дүүрэн байсан. Өнөөдөр түдэн хуудас бичнэ гэж төлөвлөчөөд амжихгүй бол маргааш энэ дээр нэмж цаг гаргачихна даа гэж бодож чадаж байгаа маань том тансаглал байсан. Тийм боломж нялх хүүхэдтэй хүн бүрт олддоггүй юм аа.

Сая коронагийн үеэр цэцэрлэг хаагдаад гэртээ хүүхдээ харангаа ажил хийх болоход үүнийг бол яс махандаа шингэтэл ойлгосон. 1–4 насны 2 хүүхэд хараад ажлаа хийж байгаа тохиолдолд өнөөдөр хийж амжихгүй бол маргааш амжуулчихая гэж бодох ямар ч боломжгүй болж байгаа юм л даа. Яагаад гэвэл маргааш дахиад л өнөөдөр тохиолдсон явдал тохиолдоно. Энэ цикл эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ гээд бодохоор түрүүлээд шантармаар болдог.

Тиймээс Монгол Улсыг хэзээ хөгжсөн гэж үзэх вэ? гэдэг дээр бага насны хүүхэдтэй ээжүүдэд байнга болон түр хугацаагаар хүүхдээ харуулах цэцэрлэг, өдөр өнжүүлэх ямагт бэлэн байдаг, төрсөн цагаас нь авахуулаад хүүхдээ харуулчихаад ажиллаж сурах боломжоор хангагдсан үед л Монгол Улсыг хөгжсөн орон гэхэд болох юм байна гэж бодогдсон. (Гадуурсанд уурчлаарай ><)

Хичээлийн жил дуусахад ямар ч байсан дипломоо хураалгаад амжилттай хамгаалсан. Ёстой л тэмцэж байж л нэг юм төгссөн. Сайндаа ч биш, ээж маань нөхөр маань хүүхэд харах, гэр орны ажил хийхээс бүрэн чөлөөлж тусалж байсан нь том дэмжлэг болсон.

Төрсөн бие болон төрөөгүй бие бол ачаалал даах чадварын хувьд шаал өөр байдаг. Төрөөгүй бол ингэж их ачаалал болж ирэхгүй байсан гэдгийг хэлмээр байна. Яагаад гэхээр 1р курст байхдаа би зөвхөн сурч байгаагүй. Бүтэн цагийн ажил хийчээд орой 18 цагаас хичээлдээ суугаад 23 цаг гэж гэртээ ирээд даалгавараа хийсээр шөнө 2,3 цаг хүрнэ. Гэр хол болохоор өглөө 6 цагт босоод ажилдаа явна. Ийм амьдралаар 1 жил амьдарсан боловч хэзээ ч хэцүү санагдаж байгаагүй, уйлж байгаагүй, ядарснаа мэдэрч байгаагүй. Маш их эрч хүч амтагддаг байсан. Ямар сайндаа хүүхэдтэй болох талаар бодож амжихав дээ.

Жирэмсэн болохоор өвдөг, нуруу өвдөж эхлэхээс эхлүүлээд тооцоолж болошгүй зүйл зөндөө тохиолдоно. Зөвхөн хүүхдээ хараад гэртээ тааваараа байвал асуудлууд хамаагүй бага, мэдэгдэхгүй өнгөрнө. Харин хажуугаар нь ажил хичээл гээд зүтгээд эхлэхээр асуудлууд үржихийн хуулиар өсдөг юм билээ.

Эцэст нь энэ бүх мэдрэмж, туршлагаа бичсэн гол шалтгаан бол 3 зүйлийг хэлмээр байсан.

  1. Хэрвээ та оюутан байхдаа хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол ганцаараа амжуулах боломжгүй шүү гэдгийг анхаараарай. Аав ээж, нөхрийн зүгээс 100% -н дэмжлэг авах боломж хомс бол аль болох анхнаасаа ингэж төлөвлөхгүй байхыг бодоорой гэж зөвлөмөөр байна. Хорин хэдтэй байхад мастерт сурах нь амархан санагддаг. Хүссэн үедээ сурч болохоор ч юм шиг санагдана. Гэвч хүүхэдтэй болоод бодит амьдралд ороод ирэхээр хүний амьдралд ингэж цаг гаргаж сурах боломж 1, 2 удаа л тохиолддог юм байна. Тиймээс сурах цагтаа сурсан шиг сурч, сурахдаа хамаг цагаа зарцуулаарай гэж хэлмээр байна аа. Энд бичсэн зүйл бол мастерийн диплом бичихэд хэцүү гэж байгаа юм биш, нялх биетэй, нялх хүүхэдтэй хүнд ямар их ачаалал болж ирдэг талаар юм шүү. Тухайн үедээ хүүхэд төрүүлэх, төрсний дараа өсгөх ямар ачаалалтай байдгыг сайн мэдэж байсан бол магадгүй би хэзээ ч тийм шийдвэр гаргахгүй байх байсан гэж боддог. Тийм ч учраас туршлагаасаа хуваалцаж байгаа юм аа.
  2. Амьдрал дээр оюутан байхдаа жирэмсэн болоод хүүхдээ гаргаад хичээл завсардаад сүүлдэж сургуулиа төгсөх ч юм уу, төгсөж чадахгүй үлдэх тохиолдлууд цөөнгүй байдаг. Тийм эмэгтэйчүүдийг эргэн тойрны хүмүүс бага зэрэг зэмлэнгүй ханддаг юм шиг санагдаад байдаг. Битгий тэгээрэй гэж хүсмээр байна. Үнэхээр хэцүү байдаг шүү. Хэрвээ манай нөхөр ч юм уу ээж “чи нялх хүүхэд хаяж явлаа, наадхаа боль” гэж дургүйцдэг ч юм уу.. “ядраад байгаам бишүү дээ одоо больчихвол яасын?” гэж хэлэх л юм бол шууд хаяхад бэлэн байсан. Гэтэл тэр 2 нэг ч удаа тэгж хэлээгүй. Заримдаа ямар зэвүүн юм бэ? хүнийг ингэж зовж байгааг харсаар байж “ингэж байхаар дараа жил төгсчихгүй юу дөө” гээд ганц удаа ч гэсэн хэлж болноо доо гэж гомдох үе ч гарч байсан хэхэ…
  3. Хэрвээ оюутан байхдаа хүүхэдтэй болсон бол чөлөө аваад хүүхэдээ харах уу, аргалаад хичээлдээ явах уу? гэж эргэлзэж байгаа хүн байвал өөртөө амраар нь шийд гэж хэлэх байна. Хүний дундаж наслалт нэмэгдэж байна. Ганц жилийн хойно төгслөө гээд таны амьдралд алдах юм байхгүй. Тэр хугацаанд хүүхэд тань 1,2 нас хүрчих болохоор ажилд ороход ч амар болдог. 7,8 сартай хүүхэдтэй шинэ ажилтан байх 1,2 настай хүүхэдтэй шинэ ажилтан байх ажлын амжилтанд их зөрөө гардаг шүү.

За ийм байна аа. Энэ хүртэл уншсан та бүхэнд маш их баярлалаа.

Хүндэтгэсэн,

Номиноо

--

--