Продакт менежер болсон туршлагаасаа?

Nominoo U
Notes
Published in
8 min readMay 30, 2020

Таны карьер яг миний хүсэж байгаатай адилхан болохоор туршлагаасаа хуваалцаач гэсэн хүсэлт ирсэн тул бусад хүмүүст хэрэг болж юуны магад гээд блогоор хариулж байна.

Урьдчилаад хэлэхэд би тийм өндөр карьертэй, алдар нэртэй хүн биш ээ хэхэ. Linkedin -с профайлыг маань харсан хүн сонирхож 3 асуулт асуусан байна. Зарим хүмүүс өөрийнхөө түүхээр ном бичиж хариулдаг юм билээ. Одоохондоо арай ч тэр хэмжээнд очоогүй байна хэхэ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд аль болох дэлгэрэнгүй хариулая гэж бодлоо.

Тавигдсан асуултууд

Асуулт1: Та анх МУИС-г төгсөнгүүтээ Японд яаж ажилд орсон бэ? Виз, япон хэл зэрэг асуудлаа яаж шийдсэн бэ?

Асуулт2: Би бас MBA(master of business administration) -г сонирхож байгаа. Продакт менежер болоход MBA хэрэгтэй юу? Ажлын туршлага багатай миний хувьд MBA одоо авбал продакт менежер болоход хэр тус болох вэ?

Асуулт 3: Продакт менежерийн ажил өөрөө ямархуу ажил вэ? Таны хувьд софтварь инженер байсан хүний хувьд харьцуулахад хэр байна?

Хариултууд

Асуулт1: Та анх МУИС-г төгсөнгүүтээ Японд яаж ажилд орсон бэ? Виз, япон хэл зэрэг асуудлаа яаж шийдсэн бэ?

2008 онд МУИС -г төгссөн. Төгсөнгүүтээ Япон компанид программистээр ажилд орсон. Тухайн үед бакалавраа төгсөнгүүт Японд очоод мэргэжлээрээ ажилд орно гэж барагтаа бүтэхгүй зүйл байсан л даа. Аз тохиосон гэж ойлгож болно.

3-р курст байхад нэг өдөр найз маань утасдаад Япон компаны захирлууд ирчихсэн 3-р курсын эмэгтэй оюутан ажилд авах гээд хайж байна, чи ирээд ярилцлагад ороод үзэхгүй юм уу гэсэн. Ярилцлагад орсны хэдэн сарын дараа ч билүү, дахиж тэр хүмүүс ирээд ажилд орох нь шийдэгдэж байсан. Тэр компани Монголд салбараа нээх зорилготой, монголоос сайн оюутнууд авч сургаад буцаагаад Монгол руу явуулж өөрийн салбартаа ажлуулах төлөвлөгөөтэй байсан юм билээ.

Визний хувьд компаниас гаргуулж өгсөн учраас ямар нэгэн бэрхшээл байгаагүй. Хэрвээ Японд IT-н чиглэлээр ажилд орвол 3 жилийн виз олгодог. 3 жил тутамд сунгуулаад явдаг. Очсны дараа компаниа сольсон ч болдог. Сольсон гэдгээ цагаачлалын алба руу утсаар мэдэгдэхэд л хангалттай байдаг. Визний бэрхшээл бага гардаг улс гэж боддог тул ажлаа олж чадвал энэ тал дээр санаа зовоод байх зүйлгүй ээ.

Анх Японд очих үед Япон хэл бол бага сага ярьдаг байсан ч хүнтэй ойлголцоод ажил хийх хэмжээнд хүрээгүй байсан болохоор эхний 6 сар хэлний курст суусан. Очоод бүр анхан шатнаас нь үзэж эхэлсэн. Хагас өдөр ажил дээрээ хагас өдөр хэлний төвд хэлээ давтдаг байв. Орой ажил тарахын өмнөхөн захирал маань орж ирж даалгавар шалгангаа ярианы дадлага хийдэг байсан хэхэ.

Миний санаж байгаагаар 2 сарын дараа гэхэд өдөр тутамдаа ойлголцчихдог, ганцаараа эмчид үзүүлээд зовиураа хэлээд хариугаа сонсчих хэмжээтэй болчихсон байсан. Очсоноос хойш 1 жилийн дараа JLPT (Японы хэлний төвшин тогтоох шалгалт) -н N2 төвшинд тэнцэж байсан. Түүнээс хагас жилийн дараа N1 төвшинд тэнцэж байсан.

Япон хэлний өгүүлбэрийн бүтэц, дагавар, тийн ялгал зэргийн ерөнхий дүрэм нь Монгол хэлнийхтэй тун төстэй. Монголчууд бол Япон хэлийг тун амархан сурах боломжтой. 6 сар нухахад N3 буюу өдөр тутмын яриаг асуудалгүй чадах төвшинд хүрнэ.

Би Монголд бага сага үзэж байхдаа гадаад хэл гэдэг утгаар нь сүрдээд сурахаасаа их бэрхшээдэг байсан. Япон руу явахаар сонирхож буй хүмүүст хэлэхэд Япон хэл сурахаас бүү ай. Элсэлтийн шалгалтанд бэлдэхтэй л адилхан хэмжээнд хүлээж авахад гэмгүй юм билээ. Маш хурдан маш сайн сурна.

Асуулт2: Би бас MBA (Master of Business Administration) -г сонирхож байгаа. Продакт менежер болоход MBA хэрэгтэй юу? Ажлын туршлага багатай миний хувьд MBA одоо авбал продакт менежер болоход хэр тус болох вэ?

Продакт менежер болоход MBA тэй байхыг шаарддаггүй. Гагцхүү тэр хэмжээний perspective (харах өнцөг) тэй, чадвартай байх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Inspired гээд номонд бүтээгдэхүүн(Жнь гар утасны апп) бий болгох, зах зээлд нэвтрүүлэхэд шаардлагатай бүхий л үйл ажиллагааг хариуцаж зохион байгуулж байгаа хүн, нэг ёсны CEO-н цомхотгосон хувилбарыг продакт менежер гэнэ гэсэн байдаг санагдаж байна. Бодит амьдрал дээр ч жижиг компаниудын CEO нь өөрөө продакт менежер байх талтай.

source) https://productlogic.org/2014/06/22/the-product-management-triangle/

Зүүн талын зураг дээр үзүүлсэнчлэн, хэрэглэгчид, хөгжүүлэгчид, бизнес тал(тухайн бүтээгдэхүүнд ХО хийж, ашиг орлого олох сонирхолтой тал) гэсэн 3 бие даасан оролцогчдын үйл хэрэг, үзэл санаа, ашиг сонирхолын огтолцол дээр бүтээгдэхүүн бий болж байдаг. Эдгээр 3 төрлийн оролцогчдын хоорондох харилцааг зохицуулдаг ажил үүргүүд маш олон юм байгаа. Бизнес стратеги гаргах, санхүүгийн тооцоо хийх, тандалт судалгаа хийх, маркетингийн төлөвлөгөө гаргах, хөгжүүлэлтийн шаардлага тодорхойлох, UI/UX гаргах, хөгжүүлэх, зах зээлд гаргах, хэрэглэгчтэй харьцах гэх мэт… бүгд хоорондоо уялдаа холбоотой явагдах ёстой болдог.

Продакт менежер бол хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, бизнес талын сонирхолыг шингээсэн хамгийн оптималь бүтээгдэхүүнийг бий болгохын тулд эдгээр ажлуудыг зөв, чанартай, хугацаанд нь хийлгэх үүрэгтэй хүн. Гэхдээ эдгээрээс аль ч ажлыг нь өөрөө гардаж хийдэггүй. Мэргэжлийн хүмүүсээр нь хийлгэж, тэднийг зангидаж ажиллуулдаг. Өөрөө хийхгүй ч гэсэн эцсийн үр дүнд бүрэн хариуцлага хүлээдэг хүн. Тиймээс эдгээр ажил үүргүүдийн талаар гүнзгий мэдлэгтэй хүн байх хэрэгтэй гэгддэг. Бүгдийг нь онц сайн мэдэхгүй ч, суурь ойлголтуудыг мэддэг, мэргэжлийн хүмүүстэй нэг зиндаанд ярьж чаддаг байвал зүгээр.

Түүнчлэн зарим нэг ажил үүргийг хийх хүн байхгүй тохиолдолд продакт менежер өөрөө орлох тохиолдол байдаг. Жнь прожест менежерыг орлодог, 2 ууланг нь зэрэг хийдэг тохиолдлууд элбэг анзаарагддаг. Онол ярьвал нэг иймэрхүү байна. Бараг супер хүн гэж ойлгогдохоор боловч тэгтлээ сүрдэх хэрэггүй ээ.

Бодит байдал дээр миний анзаарснаар 2 төрлийн продакт менежер байна. Нэг нь бизнес талын продакт менежер, нөгөөх нь тек талын продакт менежер.

Бизнес талын продакт менежер нь эцсийн хэрэглэгчид хүргэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ ашиг орлого, хэрэглэгчийн сэтгэл ханамж, UX зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлдэг. Ихэвчилэн яаж илүү сайн болгох вэ, яаж хэрэглэгчийнхээ тоо, чанарыг нэмэгдүүлэх вэ гэдэг өнцгөөс харж ажилладаг. Борлуулалтын болон tracking датаг анализ хийж шинэ санаа олоход нилээд цагаа зарцуулдаг хүн.

Жнь, онлайн худалдааны сайтад орж ирсэн хэрэглэгчдийн дөнгөж 10% худалдан авалт хийдэг гэсэн дата байгаа гэхэд tracking дата хараад хаана тэр хүмүүс манай сайтыг орхиж явж байна гэдгийг продакт менежер олж тогтооно. Шалтгааныг олохын тулд дата анализ хийхээс гадна, хэрэглэгчээс ярилцлага болон анкетээр судалгаан авч болдог. Үр дүнг нь нэгтгээд ийм учраас худалдан авалт бага байна, тиймээс ийм юмыг нь сайжруулна гээд төлөвлөгөө гаргана. Санхүүгийн тооцоо гаргаад, удирдлагуудаас зөвшөөрөл аваад, дизайны баг дээр очиж дизайныг гаруулж аваад, хөгжүүлэлтийн баг дээр очиж хөгжүүлэлтийг нь хийлгэдэг. Хийсний дараа үр дүнг нь шалгаад удирдлагууддаа илтгэнэ, дараагийн алхмаа боловсруулна. гэх мэт…

Тек талын продакт менежер нь системээ, технологийн шийдлээ голчилон анхаардаг. Яаж “клиентүүд”-н шаардлагад нийцсэн, уян хатан, функциональ сайтай систем бий болгох вэ, бий болгосны дараа хэрхэн байнгын ажиллагааг хангаж ажиллах вэ, цаашид энэ систем маань хаашаагаа хөгжих вэ, ямар гоё технологийн шийдэл санал болговол илүү олон клиенттэй болж болох вэ, яавал системийнхээ үнэ цэнийг нэмж илүү чухал ач холбогдолтой систем болох вэ гэдэг тал дээр төвлөрч ажилладаг хүн. Энд клиентүүд гэдэг нь эцсийн хэрэглэгчид биш, тухайн системийг ашиглаж бизнес хийж байгаа хүмүүс, жнь маркентингийн баг, мөн тухайн системтэй холбогдож хамтарч ажилладаг бусад системүүд болон түүний хөгжүүлэгчид юм. Дээр нь бизнес талын продакт менежерүүдийн боловсруулсан төлөвлөгөөг систем рүү хэрхэн буулгах вэ гэдгийг шийддэг хүн.

Дээрхи 2 төрлөөс алийг нь сонирхож байгаагаас хамаараад ямар мэдлэг эзэмшсэн байх вэ гэдэг нь их өөр болж ирнэ.

Хэрвээ бизнес талын продакт менежер болох хүсэлтэй бол санхүүгийн тооцоо гаргах, төлөвлөгөө боловсруулах, хэрэглэгчийн ойлгох зэрэгт MBA д сурсан зүйлс хэрэг болно.

Тек талын продакт менежер болох хүсэлтэй бол ерөнхий ойлголттой байхад хангалттай. Харин технологийн талын өндөр мэдлэгтэй байвал зүгээр.

Ерөнхийдөө бол манай компаны хувьд, за бараг япон даяараа, ямар ч ажилд ороход MBA тай байх эсэх бол тийм ч чухал шалгуур биш. Харин бодит ажлын туршлага ямар байна вэ, шаардлагатай мэдлэг чадвар байна уу гүй юу гэдгийг л хардаг гэж бодож байна. Мэдээжийн хэрэг MBA тай байхад байхгүй хүнээс илүү давуу талтай болно.

Би 5 жил програмистаар ажиллаж байгаад MBA-д орж төгсөөд одоогийн ажилдаа орсон. Програмистаар ажиллаж байх хугацаандаа хэрэглэгчийн шаардлага тодорхойлохоос бусад бүх хөгжүүлэлтийн шатанд ажиллаж үзсэн. Хийж үзээгүй болохоор ч тэр үү, хэрэглэгчийн шаардлага тодорхойлдог, клиентүүдтэй харилцдаг хүн болох юмсан гэж боддог байсан.

Дээр нь ихэвчилэн шөнийн 11 цаг хүртэл ажилладаг, хагас бүтэн сайнгүй ажиллах тохиолдол элбэг байсан тул ажлаас гадуур хүн амьтантай уулзаж танилцах, нөхөрлөх, шинэ зүйл сурч мэдэх боломж тун хомс байсан. Энэ байдлаасаа ангижирч танилын хүрээтэй больё, толгойгоо нэмж цэнэглэе гэж үзээд мастерт орохоор шийдсэн.

Мастерт орох гээд бэлдэж байхдаа Японы MBA програмууд ихэвчлэн ажилтай хүмүүст зориулсан байдаг тул орой 18 цагаас хичээллэдэг болохыг олж мэдээд ажиллангаа сурья гээд MBA-г сонгосон. Төгсөж гараад IT-н консалтингийн компанид консалтантаар ажилд орно гэж точиклож байсан.

Төгсөөд ажил хайх явцдаа томоохон IT консалтингийн компаниас мөрөөдлийн гэмээр ажлын санал авсан боловч одоогийн компанидаа сэтгэл татагдаад орчихсон. Өөрийн гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй газар орж тэр процесийг биеэрээ мэдэрмээр байсан юм.

Продакт менежер болоход хэр тус болох вэ? гэдэг дээр бол миний хувьд тус болсон, болж байгаа.

MBA төгсөөгүй бол одоогийн компанидаа орж ч чадахгүй байх байсан л гэж боддог. Нөлөөтэй байсан зүйл нь гэвэл MBA гэдэг цолоос илүү Японд сургууль төгссөн гэдэг факт, сурах хугацаанд Япон хүмүүсийн бизнес явуулах арга барил болон соёл, Японы зах зээл, бизнесийн орчин, өрсөлдөөний талаар олж мэдсэн маань нэмэртэй байсан гэдгийг хэлмээр байна.

Ажлын талбар дээр гараад огт сонсож үзээгүй дуулаагүй юмтай таарч хэцүү байдалд орох нь хамаагүй бага байсан.

Тиймээс продакт менежерт хэрэг болдог мэдлэг, чадварыг хамгийн дөт замаар олж авья гэвэл MBA-д сурчихад буруутах зүйл байхгүй. Сүүлийн үед 2 жил сураад MBA болон Master of Computer Science гэсэн 2 цолтой төгсдөг програмууд их болсон байна лээ. Дажгүй санагдсан.

Хэзээ MBA-д сурах вэ? гэдэг дээр бол ажлын туршагатай болчоод сурвал илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Гэхдээ зөвхөн над дээр сайн нөлөөтэй байсан зүйл ертөнцийн үнэн биш. Тиймээс өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар, үнэхээр сурмаар санагдсан үедээ сурах нь зөв гэж бодож байна.

Асуулт 3: Продакт менежерийн ажил өөрөө ямархуу ажил вэ? Таны хувьд софтварь инженер байсан хүний хувьд харьцуулахад хэр байна?

Продакт менежерийн ажил бол цэвэр хүнтэй ажилладаг ажил. Зөөлөн чадварууд их шаарддаг. Бүх ажлын 80% хурал хийх, мэйл бичих ажил байдаг. Үлдсэн 20% нь хурал дээр ярилцаж хэлэлцсэн зүйлсээ бичиг баримт болгох, илтгэх, удирдлагуудад танилцуулж зөвшөөрөл авах зэрэг орно. Бүх хариуцлагыг үүрдэг тул асуудалд орохдоо ч амар, олон хүнд танигдахдаа ч амар хэхэ…

Хэрэгтэй чадварууд гэвэл бичгийн болон аман илэрхийлэл сайтай, хэлэлцээр хийх ур дүйтэй, өгөгдөл дээр анализ хийж дүгнэлт гаргах чадвартай, төлөвлөгөө боловсруулах чадвар өндөртэй байвал сайн.+Сониуч, шинэ зүйл сэтгэж хийх хоббитэй байвал их зүгээр. Гэхдээ бүх чадвар нэг дор нэг хүнд анхнаасаа байна гэж бараг байхгүй болохоор хийнгээ суралцаад явна даа.

Хүнтэй ажиллах дуртай, бусад хүмүүсийг сонирхдог, хүмүүстэй ярилцаад суухаараа аз жаргалтай болдог тийм хүмүүст илүү тохиромжтой ажил юм болов уу гэж санагддаг.

Программистууд бол хүнтэй ажиллах шаардлага харьцангуй бага. Ажлын 90% нь мэдээлэлтэй ажиллана. Хүний тодорхойлоод өгсөн хэрэглэгчийн шаардлагыг харж байгаад системээ загварчлаад, кодын загвараа гаргаад, кодоо бичээд, тестлээд, кодоо сервер дээр байршуулна. Энэ хооронд хэдхэн удаа л review хийлгэхдээ хүнтэй харьцана. Өдөрт нэг удаа багаараа цугларч хийх болон хийсэн ажлаа тайлагнана.

Байнга шинэ хэл, технологи сурч хөгжиж байх хэрэгтэй. Сурах дуртай, нэг зүйлээ эцэст нь тултал эзэмшдэг, ганцаараа байх дуртай хүмүүс илүү тохиромжтой санагддаг.

Тиймээс өөрийн чинь төрөлх зан ямар билээ, яавал илүү кайфтай байж илүү идэвхитэй болдог билээ гэдгээ бодож байгаад шийдвэл зүгээр байх аа.

Сонирхуулаад хэлэхэд манай компанид продакт менежерээс гадна продюсер гэж хүн байдаг. Продюсерууд бол код бичихээс бусад бүх ажлыг хийдэг хүн. Продакт менежер ч хийнэ. Прожест менежер ч хийнэ. Даргын туслах маягийн ажил ч хийнэ. Тогтсон мэргэжлийн ур чадвар заагдаагүй маш өргөн цар хүрээтэй ажил тул гүнзгий мэдлэг туршлага нээх шаарддаггүй юм шиг санагдсан. Аль нэг талын туршлага байхад болдог. Тиймээс продюсер болох босго харьцангуй(продакт менежертэй харьцуулахад) намхан байдаг гэж анзаарагддаг.

Нэгэнт продюсер болчихвол продакт менежер болох эсэх нь цаг хугацааны л асуудал. Хүсэхэд хясаад байхгүй. Заримдаа зүгээр organization change болоод job title өөрчлөгдөөд продюсероос продакт менежер болсон тохиолдолд ч байдаг.

Зарим баг зөвхөн продюсертой байдаг бол зарим баг оронд нь продакт болон прожект менежертэй байдаг. Зарим баг бүр 3 уулаа байдаг.

Инженерээс (тек талын) продакт менежер, продюсер, прожект менежер аль аль нь болох боломжтой байдаг. Бодит жишээ зөндөө байгаа. Илүү дөхөм гэж бодож байна.

За ингээд дуусгая. Амжилт хүсье.

Хүндэтгэсэн

Номиноо

--

--