Тэрслүүхэн 4 настангуудтай хэрхэн харьцах вэ?

Nominoo U
Notes
Published in
5 min readDec 13, 2019

Өмнөх бичлэгт дурьдсанчилан урьд өмнөхөөсөө ч илүү их үг мэддэг болж, ойлгоц сайжирч, хийж чадах зүйл олширсон 4 настангууд маань янз бүрийн зүйл сонирхон хийх дуртай болдог. Гэвч бодит байдал дээр өөрөө хийхийг хүссэн зүйл болон хийж чадах зүйлсийн хооронд том зөрүү бий. Үүнээс үүдэн цухалдаж, сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй болох тохиолдол бишгүй бий. Энэ үед тэдэнтэй хэрхэн харьцах талаар судалсан зүйлээ нэгтгэн хүргэе.

Tip 1: Үг сүггүй загнахын оронд сонсоё!

Урдаас тэрслүү үг хэлэх, эсэргүүцэх, худлаа ярих үед ихэвчлэн загнаж үгэндээ оруулах талтай. Гэвч шууд загнаж үгэндээ оруулахын оронд, тайвнаар хүүхдийнхээ хэлэх үгийг сонсоорой. Та заавал зөвөөр ойлголцох аргаа олно.

Жич: Энэ насны хүүхдүүд толгойдоо төсөөлсөн бодит бус зүйлээ бодит хэмээн сэтгэж ярих үе бий. 4настангууд маань аав ээжийгээ дотроо юу бодож, сэтгэж байгааг нь сонсохыг хүсэж байдаг. Хүлээн зөвшөөрч болшгүй худал зүйл биш бол анхааралтай сонсоод хамтдаа хүүхдийнхээ төсөөллийн ертөнцөөр аялцгаая. Хүлээн зөвшөөрч болшгүй худал зүйл бол загнахын оронд зөвөөр тайлбарлаж ойлгуулаарай.

Tip 2: “Би өөрөө” -г дэмжье!

Энэ насны хүүхдүүд бүх зүйлээ томчуудын туслалцаагүй өөрөө хийх хүсэлтэй байдаг. Ялангуяа яарч сандарсан үед би өөрөө, би өөрөө гэж туслах гэсэн аав ээжээ эсэргүүцэж бяцхан хэрүүл үүсэх тохиолдол айл бүрт л байдаг байх. Өөрсдөөр нь хийлгэвэл удаан дээр хийж чадахгүй бол цухалдан уйлах тохиолдол ч бий. Гэвч энэ насан дээр би өөрөө хийж чадлаа гэсэн сэтгэл ханамжийг амсуулах нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Тиймээс аль болох хийхийг хүссэн зүйлийг нь өөрөөр нь хийлгэж, би өөрөө чадсан гэсэн сэтгэл ханамжийг болж өгвөл олон удаа, дахин дахин амсуулцгаая. Үүний тулд аав ээж нар минь яаруулалгүй өөрөө чадтал нь хүлээж тэвчээртэй байгаарай.

Tip 3: Аашласан үед юун түрүүнд шалтгааныг нь асууя

Аашлаад юм авч шидэх, дүүгээ, найзаа, аав ээжээ цохих үе бий. Энэ үед хамгийн түрүүнд юу болохгүй байгааг нь, яагаад цохьсон болохыг нь асууя. Шалтгааныг нь ойлгосон байхад таньд шийдэл заавал орж ирдэг. Бас ингэж асууснаар хүүхэд тань өөрөө өөрийгөө ойлгох боломж гарч ирдэг. Түүнчлэн дараагийн удаа ижил зүйл тохиолдвол хэрхэн хандахаа мэддэж авдаг. Хүүхэд ямар асуудал гарахад яаж хандах вэ гэдгээ мэдэхгүй. Байгалийн араншингаар буюу уйлах зэргээс өөр харилцааны арга байдаг гэж мэдэхгүй. Тиймээс уйлахаас өөр арга байдгыг сануулая.

Жишээ1:

  • Миний охин яагаад юм авч шидсийн?
  • Дуртай тоглоомыг чинь авчихсан болохоор уу?
  • Аан тиймүү? юм авч шидэхгүйгээр тайлбарлаж хэлбэл ээж нь ойлгоно шүү дээ. Дахиж битгий тэгээрэй за.

Жишээ 2 (Манай гэрт их тохиолддог яриа):

  • (Гэнэт уйлж эхэлнэ)
  • Миний хүү ягаад уйлаад байгаан.
  • Та өөрөө хүүхэлдэй тавьж өгөхгүй байна шт
  • Уйлахгүй, уйлахгүй. Уйлахын оронд гуй. Ээж ээ хүүхэлдэй тавиад өгөөч гэж хэлбэл ээж нь ойлгоно. Ээж ээ хүүхэлдэй тавиад өгөөч гээд хэлдээ, миний хүү.
  • (Хагас уйлалттайгаар)Ээж ээ хүүхэлдэй тавиад өгөөч
  • За тэгье, одоохон за .

Жич: Заримдаа хүүхэд яагаад өөрөө уйлснаа, ягаад аашласнаа ч ойлгохгүй байх үе бий. Тэр үед нь “ххх болохоор тэгсэн юм уу?” гэж асуух замаар өөрийнхөө сэтгэл зүйг ойлгоход нь тус больё.

Tip 4: Яагаад? -д аль болох хариулцгаая.

Энэ насны хүүхдүүд өдөрт хар мянган удаа яагаад гэж асуудаг. Заримдаа хичнээн төвөгтэй санагддаг гэж сананаа. Гэвч өмнөх бичлэгт дурьдсанчилан танин мэдэхгүй нь идэвхитэй хөгжиж байгаа нас тул аль болох хариулж байгаарай. Ингэснээр хүүхдийн сониуч занг хөгжүүлэхээс гадна, аав ээждээ тоогдлоо, хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн сэтгэл ханамжийг мэдрүүлдэг.

Жич: Богинохон хариулт байсан ч болно. Үл тоож л болохгүй. Хариулсан ч гэсэн дахин дахин асуугаад байвал, таны хариулт хүүхдийн тань сонсохыг хүссэн хариулт биш байж магадгүй. Эсвэл ойлгоход хэцүү байж ч магадгүй. Хариултаа ойлгомжтой болгохын тул мэддэг зүйлтэй нь харьцуулж хэлж өгөх ч юм уу бага зэрэг ухаан зарахыг хичээгээрэй.

Tip 5: Хараал хэлбэл хэт ач холбогдол өгөх хэрэггүй

Тэнэг зэрэг муухай үг хэлсэн үед хэт ач холбогдол өгч сэтгэл хөдлөлд автах, дургүйцлээ илэрхийлэх, загнах шаардлагагүй. Ингэвэл тухайн үг аав ээжийг ажиллагаанд оруулдаг гэдгийг мэдээд улам бүр хэрэглэх болдог. Тайвнаар хэлж болдоггүй муухай үг гэж ойлгуулах нь чухал. Учир шалтгааныг нь ойлгомжтой тайлбарлаж өгье. Эсвэл зүгээр тоохгүй орхино уу (ялангуяа анх удаагаа хэлсэн бол). Хүүхэд аав ээжийгээ уурлуулах, дургүй зүйлийг нь хийх зэргээр аав ээжийнхээ анхаарлыг татах гэж оролдох тохиолдол байдаг. Тоохгүй байгааг мэдвэл дахиж муухай үг хэрэглэхгүй. Оронд нь өдөр бүр хайрладаг гэдгээ хэлж, ядаж 1 удаа тэвэрч байгаарай.

Tip 6: Худал хэлж боломгүй зүйл дээр худлаа хэлбэл яах вэ?

Худал хэлж боломгүй зүйл дээр худлаа хэлбэл тухайн нөхцөл байдлаасаа хамаарах боловч аль болох хүүхдэдээ итгэцгээе. Итгэж байгаагаа илэрхийлцгээе.

Худлаа ярьж байгаа нь тодорхой байсан ч худлаа яриад бай гэж загнах хэрэггүй. Гол нь хүүхдээ өөрийг нь тоож байна, анхаарч байна чамд аав ээж нь итгэж байна гэж ойлгуулах нь чухал.

Жишээлбэл тоглоомоо эвдчихээд “би эвдээгүй” гэж хэлбэл “чи эвдээ биздээ, би харсан” гэхийн оронд “дахиж тоглож болохооргүй болчихсон байна, яадын билээ” гэхчилэн өөрийнхөө бодлыг үгээр илэрхийлэх нь зүйтэй. Хүүхэд буруу зүйл хийснээ ойлгоод үнэнээ хэлэх болно. Харин тэр үед нь “үнэнээ хэлсэнд баярлалаа” гэж талархлаа хэлээрэй.

Tip 7: Хэт том хүн шиг харьцахгүй бх

Таны 4 настан ага олон зүйл өөрөө хийж сурсан ч гэсэн, арай ч том хүн шиг боловсроогүй байгаа. Би өөрөө хийе гэсэн мөртлөө хийж чадахгүй байх үе бий. Тэр нь “өдий том болчоод хийж чадахгүй”, “хараач, чадахгүй л байна шт хэлээ биздээ” гэх мэт бухимдалгүй аль болох өөрөө хийе гэсэн сэтгэлд нь талархаж харьцаарай. Хийж чадаагүй хэсгийг нь гоочлох бус, чадсан хэсгийг нь магтаж өгөөрэй. Магт гэхээр мундаг байна гэж дөвийлгэхийн нэр биш юм. Юу чадсаныг нь тэр чигээр нь хэлэхэд л хангалттай магтаал болно. Жишээлбэл: гутлаа өмсөнө гэчээд гутлаа зөв угласан боловч үдээсээ үдэж чадаагүй байвал, “хөөх гутлаа зөв өмсчихсөн байна шт , ээж нь үдээсийг нь үдээд өгье” гэхэд л хангалттай.

Tip 8: Эрхлэмээр байгаа үед нь эрхлүүлье

4 настангууд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг тул тайван бус үедээ хийж чаддаг зүйлээ ч чадахгүй болж, нялх хүүхэд мэт маяглах тохиолдол байдаг. Энэ үед нь “маяглаад бай, том хүүхэд байжийж”,”эрхлээд байхын хаашаа юм, цаашаа яв” гэж тээршаахгүйгээр хүссэнээр нь эрхлүүлье.

Жич: Эрхлүүл гэхээр чихэр жимс авч өгч дураар байлга гэсэн үг биш. Үнсэж үлгэх, тэврэх, хамт тоглох, хамт тоглохдоо мөрөн дээрээ суулгах, дээш доош өргөж буулгах ч юм уу хүүхдийнхээ дуртай зүйлийг нь хийж өгөөрэй. Өөрөөр хэлбэл хайраа үйлдлээр үзүүлнэ үү.

Tip 9: Бусадтай бүү харьцуул

Энэ насны хүүхдийн өсөлт боожилт нь хүүхдийн онцлогоос хамаараад их ялгаатай байдаг. Зарим хүүхэд халбага барьж чадахгүй байхад зарим хүүхдүүд гутлаа өөрөө үдэж чаддаг байх жишээтэй. Мөн чаддаг боллоо гэж бодсон чинь эргээд чадахаа болих тохиолдол ч бий. Тиймээс бусадтай харьцуулан санаа зовох хэрэггүй. Оронд нь би өөрөө гэсэн үед нь яарч шавдуулалгүй өөрөө хийх хангалттай цаг гаргаж өгнө үү. Бас урдуур нь орж хамаг юмыг нь хийлгүй аль болох өөрөөр нь хийлгэхийг хичээгээрэй.

Tip 10: Хүүхдүүд хоорондох хэрүүл бол нийгэмшихийн үндэс

Найзуудтайгаа тоглож байхдаа бодол санаа зөрөлдсөнөөр маргалдаж хэрэлддэг. Аав ээжүүд ихэвчилэн хүүхдийнхээ хүсэл сонирхолд тааруулдаг бол, ижил насны хүүхдүүд бүгд өөрсдийн хүслээ харилцан тулгадаг. Хэрүүлийн явцад ямар нэг зүйл өөрийн хүслээр болохгүй тохиолдол байдгийг мэдэрдэг тул нийгэмшихэд чухал ач холбогдолтой байдаг.

Тиймээс бие биеэ гэмтээчихгүй л бол хэрүүлд нь оролцож шийдэх, хэрүүлийг нь хүчээр зогсоох гэж зүтгэхгүйгээр аль болох холоос ажиглацгаая.

Жич: Туслалцаа хэрэгтэй үед хоёр талын хэлэх үгийг хоёуланг нь сонсож нөхцөл байдлыг ойлгосны дараа Яагаад хэрүүл гарсан юм бэ? Одоо яах уу? гэж асуулт тавьж өөрсдөөр нь хариулт гаргуулахыг хичээнэ үү.

Last Tip: Хэрвээ уурлаж цухалдвал яах вэ?

4 настаны тань үйлдэл уур цухлыг тань хүргэсэн гэе. Угаасаа хүргэнэ л дээ(хэхэ). Тэр үед 4 настай хүүхдийн хөгжлийн онцлогийг эргэн нэг санаарай. Хэл ам нь сайжирч том хүнээс дутахгүй болсон боловч, гар хөлний хөдөлгөөн, үйл хөдлөл нь болхи хэвээрээ, гүйцэт боловсорч дуусаагүй байгаа гэдгийг санаарай. Шууд хэрэгжүүлэхэд хэцүү боловч санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ гэдэг дээ.

Энэ хүртэл уншсан та бүхэнд баярлалаа. Санал бодлоо хуваалцаарай.

Хүндэтгэсэн,

Номиноо

--

--