Япон улсад мастерт сурмаар бна. Яах бэ?

Nominoo U
Notes
Published in
4 min readMay 5, 2020

Японд хэлний курст 1 жил сурчаад мастерт элсэж ормоор байна. Боломжтой юу?

Япон улсад мастерт суралцах сонирхолтой хүмүүс хамгийн их асуудаг дээрхи асуултанд хариулая.

Товчхондоо бол БОЛОМЖТОЙ. Гэхдээ их сургуульд элсэхэд юу шаарддаг, хэзээнээс элсэлт эхэлдэг талаар урьдчилан судалж, бэлдэхгүй бол цаг хугацааны хувьд маш ДАВЧУУ байдаг тул элсэж чадахгүй байх магадлал ӨНДӨР.

Доор хэрхэн 1 жилийн дотор мастерт орох бэ, яаж бэлдэх вэ гэдэг талаар өөрийнхөө олж мэдсэн маш ерөнхий зүйл бичлээ. Хэрэгтэй бол үргэлжлүүлж уншина уу.

Жич: Нарийвчилсан мэдээллийг өөрсдөө сайн судлаарай.

1) Элсэлтийн улирал болон бэлтгэх хугацаа:

Жил бүр 4-р сарын 1-с хичээлийн шинэ жил эхэлдэг. Ихэнхи сургуулиуд 6–12 сарын өмнө элсэлтийн товоо зарладаг.

Миний сурч байсан сургууль өмнөх оных нь 6 сарын сүүлээр ирэх жилийн элсэлтийн тов, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага зэргийг зарласан байсан. Материалаа 9 сарын эхээр явуулаад шалгалтаа 10 сарын эхээр өгч байсан.

2) Тавигдах шаардлага 1 -Профессороо олсон байх:

Ихэнхи сургуулиудын мастерийн хөтөлбөрт (жич: шакайжин гэгдэх бизнесмэнүүд, албан хаагчдад зориулсан МВА хөтөлбөрүүдээс бусад) элсэхэд судалгааны ажлыг удирдах профессортойгоо эхэлж холбоо тогтоож, зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Миний бодлоор энэ хамгийн хүнд даваа. (Жич: нөгөөтэйгүүр профессороо олоод, профессор чинь чамайг авна гэсэн бол тэнцэж орох магадлал өндөрсдөг.)

Тиймээс хэлний курст ирэнгүүтээ л сонирхсон сургуулийн сонирхсон чиглэлээр судалгаа хийдэг профессоруудруу мэйл бичиж эхлэх хэрэгтэй болдог. Сургуулиудын элсэлтийн мэдээлэл тухайн жилд мастерын оюутан элсүүлж авах профессоруудын жагсаалт гарсан байдаг.

Ихэнхи нарийн мэдээллүүд япон хэл дээр л байдаг тул дөнгөж хэл сурч эхэлж байгаа хүнд интэрнетээс сургуулиа, профессороо хайж олох тун амаргүй. Тиймээс урьдчилаад ядаж ямар сургуулийн ямар чиглэлээр мастерт орохоо точиклочихоод ирвэл дөхөм байх болов уу. Харин нэгэнт мэдээллээ олоод авсны дараа профессортойгоо холбоо тогтоохдоо англиар мэйл бичсэн ч болно.

Бүх профессор CV болон судалгааны ажлын төлөвлөгөө шаарддаг. Холбоо тогтоосны дараа шаардсан үед нь явуулахад бэлэн байхад илүүдэхгүй.

Жич1: эхний мэйл бол вирус гэж андуурагдах магадлалтай тул янз бүрийн файл хавсралгүй явуулаарай. Профессор чинь өөрөө шаардсан үед судалгааны ажлын төлөвлөгөөгөө явуулбал зүгээр.

Жич2: Англи хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд бол бүх мэдээлэл нь англи хэл дээр байгаа.

3) Тавигдах шаардлага 2 -16 жилийн боловсрол эзэмшсэн байх:

Дунд сургуулийн 12 жил, бакалаврын 4 жил нийт 16 жилийн боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг. Монголчуудын хувьд 2000-д оноос өмнө төрсөн хүмүүс нийт 14 жил болдог тул заавал ч гүй энэ талаараа урьдчилж хэлээд шалгалт өгөх эрх авдаг. Эрх авах арга нь сургууль бүр өөр өөр байдаг ч, ихэнхи сургууль ийм оюутнуудад зориулж элсэлтийн материал хурааж авахаас 1 – 2 сарын өмнө эрх олгох ярилцлага/ шалгалт авах ч юм уу нэмэлт материал хураалгахыг шаарддаг.

Миний хувьд элсэлтийн материалаа хураалгахаас 1 сарын өмнө эссе бичээд ярилцлаганд орж бсан. Их сургуульд яг 4 жил сурсан гэдгээ сайн тайлбарлавал ярилцлага, нэмэлт шалгалт энэ тэр нь тийм ч хэцүү биш.

4) Тавигдах шаардлага 3 -хэлний мэдлэг:

Япон хэлний N2-N1 төвшинтэй байхыг шаарддаг. Зарим сургууль дээр нь нэмээд англи хэлний toeic, toefl-н оноотой байхыг шаарддаг. Rank багатай сургууль байх тусмаа хэлний шаардлага сулардаг мэт санагдсан боловч хамгийн багадаа л N2-г шаардана гэдгийг анхаарна уу.

Жич: япон хэлний төвшин тогтоох шалгалтыг JLPT гэдэг бөгөөд N4-N1 гэсэн төвшинтэй. N1 нь хамгийн өндөр төвшин. N3-г 6 сарын дотор авах боломжтой ч N2-г хамгийн хурдандаа 1 жилийн дотор авах боломжтой гэж боддог. N3-с N2 хүртэлхи зай их хол. Харин N2 -т тэнцсэн байхад N1 -т зовох юмгүй тэнцэх боломжтой. Шалгалтыг албан ёсоор 7 сар, 12 сар гээд жилд 2 удаа л авдаг, хариу нь 2–3 сарын дараа гардаг учир цаг их шаарддаг.

5) Бэлтгэх ерөнхий таймлайн

  • 4 сар: хэлний курстаа орж япон хэлээ сурч эхлэх. Хажуугаар нь ирэх жил орох сургууль/профессороо хайж эхлэх(8 сар хүртэл)
  • 6 сар: тухайн товлосон сургуулийнхаа элсэлтийн тов харах, тавигдах шаардлагуудыг судалж бэлдэх
  • 7 сар: JLPT япон хэлний төвшин тогтоох шалгалт өгөх (N2-N1)
  • 8 сар: элсэлтийн шалгалт өгөх эрх авах(16 жил хүрэхгүй хүмүүс).
  • 9-10 сар: JLPT-н хариу гаргах. Их сургуулийн материал хураалгахаас өмнө амжиж хариу гарахгүй байх магадлал өндөр. Сүүлийн үед онлайнаар бүртгүүлвэл 8 сарын сүүлээр онлайнаар дүнгээ харж болдог болсон юм шиг байна.
  • 9–10 сар: элсэлтийн шалгалтын материалаа шуудангаар явуулах. Материал бүрдүүлэхэд их хугацаа шаарддаг тулд монголоос ирэхдээ л диплом, дүнгийн тодорхойлолт, recommendation letter. гсн ерөнхий шаардагддаг материалуудаа бэлдээд ирсэн нь дээр. Заавал эх хувь байх хэрэгтэй байдаг. Монгол хэл дээрхи материал бол англи юм уу япон хэл руу орчуулна.
  • 10–11 сар: Ярилцлага/ бичгийн шалгалтаа өгөх, дүн гарах. Ихэнхи сургуулиуд бичгийн шалгалт, аман шалгалт(=ярилцлага) гэсэн 2 шалгалттай байдаг.
  • 12–2 сар: Хэрвээ тэнцэхгүй бол 2-р ээлжийн элсэлтэнд бэлдэж дахин шалгалт өгөх. Японы их сургуулиуд элсэлтийн шалгалтыг жилд хэд хэдэн удаа авдаг. Жишээлбэл 2021 оны 4 сард элсэх бол эхний ээлжийн элсэлт 2020 оны 10–12 сард, 2дахь ээлжийн элсэлт 2021 оны 1–2 сард гэх мэт. Ихэнхи нь 2 удаа элсэлт авдаг ч 4,5 удаа элсэлт авдаг ч сургууль байдаг юм билээ. Шантралгүй сайн хайгаарай.
  • 2 сар: 1 юм уу 2-р ээлжийн элсэлтэнд тэнцсэн бол сургуульд орох материалаа бүрдүүлж явуулах, эхний жилийн(эсвэл хагас жилийн) сургалтын төлбөрөө төлөх. Улсын сургуулийн хагас жилийн сургалтын төлбөр барагцаагаар 550,000 иен орчим байдаг. Элсэлтийн хураамж 220,000 иен орчим байдаг. Хувийн сургуулиуд бол 2–2.5 дахин үнэтэй байдаг.
  • 3 сар: Хэлний курсаа төгсөх. Нүүж шинэ сургуульдаа орох бэлтгэл хийх.
  • 4 сар: Мастерын хичээл эхлэх.

Эцэст нь хэлэхэд дээрхи таймлайныг хараад ойлгож байгаа байх, огт япон хэл мэдэхгүйгээр ирээд А-с эхэлж хэлээ сураад 1 жилийн дотор мастерт элсэж орно гэвэл бараг боломжгүй шахуу.

Сүүлийн үед япон хэлний курсууд 1 жил биш 2 жилийн хөтөлбөртэй болсон байна лээ. Тиймээс заавал 2 жил хэлний курст сурах хэрэг гарч магадгүй. Эдгээрээс зайлсхийж цаг, мөнгөө хэмнэх цорын ганц арга бол монголдоо N3-р төвшин хүртэл япон хэлээ сурчаад ирэх юм шүү. Хичээвэл 6 сарын дотор хангалттай N3-р төвшинд хүрэх боломжтой. Ингэсэн тохиолдолд энд ирээд цагийн ажил ч хурдан олж болдог.

Жич: N3 бол өдөр тутмын яриаг бэрхшээлгүй чадах хэмжээтэй болдог төвшин.

Өөрөөр шууд 1 жилийн судлаач оюутны хөтөлбөрт хамрагдаж ирээд мастерт орох боломж бий. Хэрэгтэй гэвэл энн талаар дараа бичнэ.

За, ингээд хувийн зардлаар япон улсад сурахыг хүсэж буй бүх хүмүүстээ амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

Номиноо

--

--