4 насны хана

Nominoo U
Notes
Published in
4 min readDec 10, 2019

Надад нэг 4 настай жаал бий. 4 нас хүрээд ой ухаан хөгжөөд, хэл яриа сайжраад элдэв зүйл ярилцаж, санаа бодлоо илэрхийлдэг болсон болохоор эгдүүтэй хөөрхөн байдаг юм. Гэхдээ заримдаа ааш аяг нь олдохгүй. Гэнэт уйлж чамд хайргүй гэж зандарна, тэгснээ секундын дараа ирж наалдан уучлаарай гээд эрхэлнэ. Дураараа загнаж амттан нэхнэ, өгөхгүй бол чамайг зодийшүү гэж хэлж үзнэ. Хаха (Жич: Зодийшүү гэж хэлдэг аялга нь хөөрхөн болохоор инээд хүрээд байдаг юм.)

Дээр нэг юм нэхээд өгөхгүй байсан чинь ээжийгээ хэд хэд цохьчихоод өөрөө уйлаад суучихсан. Мэдээж өвтгөхөөр хүчтэй биш. Би ч нүүр өгөхгүй санаатай юу ч хэлэхгүй бараан царайлаад суугаад байсан юм. Тэгсэн чинь уйлахаа болиод ээж дээрээ ирснээ “ээжээ би таныг цохьсондоо ичээд байна, уучлаарай, ээжээ” гэж билээ. Тэр дороо хайлж урсах шахсан боловч, ээжийнх нь гар аймаар өвдсөн(үнэндээ бол өвдөөгүй), уйлмаар байгаа боловч миний хүү уучлал гуйсан болохоор энэ удаад уучлая за гэж хэлээд тэврэлдээд дууссан.

Тэрнээс хойш хүүгээ ойлгох гэж оролдоод янз бүрийн ном уншаад ч яг сайн хариулт олдохгүй байсан юм. Хүмүүжүүлэх арга нь буруудаад байна уу?, хэтэрхий их эрхлүүлээд байна уу?, эсвэл бүр дураар нь тавихгүй гээд хэт хатуурхаад байгаа юм болов уу? янз бүрээр л бодож үзсэн. Нэтээс ч хайлаа. Тэгсэн харин “4 насны хана” гэдэг үгтэй таардаг юм байна. Юу юм бол гээд хайгаад үзсэн чинь 4 настай хүүхдэд илэрдэг шинж тэмдэг шалтгааныг нь сайхан тайлбарлаад тавьчихжээ. Анх удаа дуулсан болохоор надтай адилхан асуудалтай хүмүүс байгаа байх гэж бодоод бичлээ. Яаралгүй уншаарай.

4 насны хөгжлийн онцлог

4 настай хүүхдүүд 3 настай байсан үеэсээ бие бялдарын хувьд хамаагүй томорч, нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг ч хийх чадамжтай болдог. Жишээлбэл: Нэг хөл дээрээ үсрэх, нугарах, догонцож гүйх, гүйхдээ хурдаа тохируулах, 3 дугуйтай унадаг дугуйгаар хурдтай давхих, өвдөгөө нугалаад хагас суусан чигээрээ урагшлах гэх мэт.

Мөн амьдралын хэвшил тогтож эхэлдэг. Өглөөнөөс орой хүртэл тогтсон хийдэг зүйлсийн дараалалыг ойлгож, дагаж чаддаг. Жишээ нь өглөө босоод бие засах, нүүрээ угаах, хоол идэхээс өмнө гараа угаах, тоглож дуусаад тоглоомоо хураах гэх мэт.

Халбага, сэрээ барих, шүдээ угаах, хувцасаа өмсөж тайлах зэргийг томчуудын туслалцаагүй хийж чаддаг болж ирдэг. Мэдээж томчууд шиг чадварлаг хийхгүй ч өмнөх үетэйгээ харьцуулахад удаан, болхи ч гэлээ бага багаар хийж сурдаг.

Ой тогтоолт эрс сайжирдаг тул ирээдүй болон өнгөрсөн цаг дээрхи үйл явдлын талаар ярилцаж чаддаг. Сониучхан болж яагаад гэж давтан давтан асуудаг. Хэрэглэдэг үгийн тоо өсч өдөр тутмын ярианд асуудалгүй ойлголцдог болдог. Түүнчлэн уран төсөөллөө бодит ертөнцтэй андуураад худлаа ярих тохиолдол их бий.

Мөн энэ насан дээр нийгэмшиж эхэлдэг. Нийгэмших гэдэг маань гадаад ертөнцтэй танилцаж, гэр бүлээс бусад хүмүүстэй харилцаж сурахыг хэлж байгаа юм.

Эргэн тойрны хүмүүсийг сонирхож харилцаж эхэлдэг.

Түүнчлэн өөрийн зоргоор бус, дүрэм зохиож тоглох, уралдаж, өрсөлдөж тоглох, ямар нэг зүйлийг дуурайн тоглож сурдаг. Жнь: хуруудаад дийлсэн нь ингэнэ гэх мэт дүрэм тогтоох, уралдаж гүйх, үлгэрийн баатрын дүрд хувирах @гэх мэт.

Үе үе найзууд хоорондоо хэрэлдэж муудалцдаг боловч энэ нь бусдын сэтгэлийг ойлгож мэдрэх, асуудлаа өөрсдөө шийдэх чадвар суухад тусладаг.

4 насны хана гэж юу бэ?

Дээр дурдсанчлан 4 насанд хүрэхэд тархины хөгжил эрс сайжирдаг тул танин мэдэх чадвар дагаад нэмэгддэг. Цаг хугацаа, орон зайн баримжаатай болох, би болон бусад хүнийг ялгах, бусдын сэтгэл санааг ойлгох зэрэгт хэрхэн хөгжиж байгаа нь илэрч гардаг.

Гэвч эдгээр танин мэдэхүйн чадвар нь гэнэт нэг өдөр суугаад төгсөрчихдөггүй. Хөгжих явцад санаа зовох, эргэлзэх зэрэг сэтгэл зүйн зөрчилд орж, өөрийнхөө сэтгэл зүй, мэдрэмжийг удирдаж чадахгүй байх тохиолдол гардаг. Жишээлбэл: гэнэт аашилж уйлах, бослого гаргах, бослого гаргалаа гэж бодож амжаагүй байхад эрхлээд хүрээд ирэх гэх мэт. Энэхүү сэтгэл зүйн өөрчлөлтийг 4 насны хана гэж үздэг байна.

4 настангууд маань энэхүү ханыг давж гарах явцад дараах тэрслүү үйлдлүүд гаргадаг. Жишээлбэл:

  • Тэнэг гэх мэт бусдыг гомдоохоор доромж үгс хэлэх
  • Дураараа аашлах
  • Яг одоо хийе гэж байхад чинь гэх мэтээр томчуудыг зандрах
  • Захиргаадахад дургүйцэх
  • Сонсоогүй царайлах, үг дуулахгүй байх
  • Сэтгэлд нь таарахгүй бол дүрсгүйтэх, уйлах, уурлах
  • Хэлж тайлбарласан ч яагаад гэж давтан давтан асуух
  • Цэцэрлэгтээ явахаас татгалзах, дургүйцэх
  • Цохих зэргээр хүч хэрэглэх
  • Нялх хүүхэд мэт аашлах, эрхлэх

Эдгээр тэсрлүү үйлдлүүд нь томчуудын хувьд арга нь олдохгүй, төвөгтэй боловч 4 настангуудын хувьд өсөж том болж байгаагийн илрэл юм.

2 насны синдром арай гэж дуусаад хүүхэд маань бараг гараас гарлаа гэж бодож амжаагүй байхад бий болдог энэ үзэгдэлд хүүхдүүдээс гадна аав ээж нар маань яах учраа олохгүй сандрах, хүүхдээ загнах, уурлах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд автах тохиолдол байдаг. (Ганц би ч биш. Ганц та ч биш хэхэ).

Тиймээс буруу хүмүүжүүлжээ хэмээн шаналах хэрэггүй. Цухалдаж, сөрөг сэтгэл хөдлөлд автах ч хэрэггүй. Хүүхэд тань бие физилогийн өсөлт/ тархины хөгжлөөс улбаалсан сэтгэл зүйн зөрчил дунд чадлаараа торниж буй гэдгийг санаад тайван байгаарай.

Дараагийн бичлэгээрээ энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн зөв харьцах талаар оруулна.

Хүндэтгэсэн,

Номиноо

--

--