БИД ЮУГ ХАЙРЛАСАН БЭ~?

Ariun Sanna
DuuAvia
Published in
3 min readJul 5, 2020

Хүмүүн нэгэн бие, нэгэн гэрийн амьдралаа тохинуулах төдийхнөөр сэтгэл ханаж болохгүй. Хүний тэнгэр бурхнаас заяагдсан бодьгал чанарт илүү их өндөр дээд үүргийг гүйцэтгэх чадал байдаг юм. Нийгмийн нэгэн гишүүн болох байр сууриа ухамсарлаж, нийгмийнхээ хөгжилд биеэ дайчлахгүй бол болохгүй. Энэ миний хэлэх гээд байгаа хамгийн гол санаа юм.

— Фүкүзава Юкичи (Японы соён гэгээрүүлэгч, Кэйо Их сургуулийг үндэслэгч)

Монголд бидний мэдэхээр хөгшин, залуу нийтээрээ жагсан, ирээдүйн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө дуугарч чадсан үйл явдал намайг төрөхөөс дөрвөн оны өмнө буюу 1990 онд байв. Тэд чадсан. Төрийг эргүүлсэн. Гэвч ардчилал буй болсноос хойш маш олон хүний амьдрал сайнтай муутайгаар өөрчлөгдөн, зарим эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүд нийгмийнхээ нарийн ширээнээс холдож буйг бид бүгд сэтгүүл, папараззиудаас харж суух.. Харж, үзэж, сонсож байгаа ч “угаасаа л ийм новшийн” гэх. Бидний амьдралыг хуульчилдаг эрх мэдэлтэнүүдтэй өшөөрхөх нь тийм чухал биш ээ, бид өөрсдөө ч нэг нэгнээ хайрлахгүй, хамгаалахгүй байгааг энэ олон гэмт хэргүүдээс харахад илэрхий биш үү~! НИЙГЭМ маань ХААШАА ЯВЖ БУЙГ мэдэж байна уу? МЭДРЭГДЭХГҮЙ БАЙНА УУ?

Эдүгээгийн нийгэмд хий үзэгдэл тэнэж эхэлсэн нь эртнээс болой; олон хүн түүнийг анзаарч ажиглахгүй байна. Энэ бол шинэ хий үзэгдэл; бүтээгдэхүүнийг хахаж цацтал нь үйлдвэрлэж, хэрэглэх явдал руу чиглэн эрмэлзэж, компьютерийн тусаар удирдагддаг бүрэн дүүрэн МЕХАНИКЖСАН НИЙГЭМ. Нийгмийн шинэ хэвшил ялбал, бодгаль чанар, хувийн амьдрал гэсэн ойлголтууд арилан үгүйрнэ. Хүн хүндээ санаа тавих үйлс сэтгэлзүйн албадын юм уу, эм тангийн гарт орно. — Эрих Фромм “Найдвараа хувьсгахуй” 1968 он

Эрих Фроммыг мэдэхгүй хүн байхгүй буй за. Тэрбээр насаараа хүний болон нийгмийн хоорондох сэтгэлзүйн уялдаа холбоог судалсан судлаач. Гэтэл түүний хэлсэн ишлэлүүд, яг одоо бидний МЕХАНИК, АВТОМАТ, АМЬГҮЙ БОЛЖ ИРЖ БУЙ нийгмийг зөгнөсөн байх жишээтэй. Компьютер утсаа унтраан гэрээс гараад “Би хэн бэ?” Миний дуу хоолой юу вэ? Шударга бус, худал хуурмагийн өмнө үнэнг нэхэж орилох зориг надад бий болов уу? Хаанаас хуримтлагдсан нь үл мэдэгдэх айдас, хяналт, хүлээс. Хэн нэгэн баатар гарч ирээд амьдралыг минь өөрчлөхийг, миний төлөө байхыг хүлээнэ.. хүлээнэ. Хүлээх хугацаа бүрт дуу авиа минь өнгөө алдаж, анир чимээгүй рүү уусаж алдрах вий..

Photography by: Занданбат

#ДУУ АВИА

Өнөөдөр Улаанбаатарын хаа нэгтээ хүчгүй доройгоо мэдрэх хүүхэд аврал эрэн орилож байхад хэн сонссон юм бэ? Жирэмсэн эмэгтэй амиа хорлож, охид өндөр барилгаас шидүүлж, хүүхдүүд усанд живэхэд ТЭДНИЙГ ХЭН ХАЙРЛАСАН ЮМ БЭ? Яагаад үргэлж золгүй явдлын тухай сонсоод бид скандалахаас өөрийг хийж чаддаггүй тийм хөшүүн болоо вэ?

БИД БУРУУТАЙ. Бид үргэлж хүлээдэг, шудрага бусыг мэдэрсээр байж, хананы цаанаас, хэн нэгний чихэнд л шалтаг тоочиж, гутарч суухаас өөрөө ҮЙЛДЭЛ ХИЙДЭГГҮЙ~! Бид өөрсдийнхөө тоомжиргүй, хувиа хичээсэн арчаагүйдлээс болж бусдыгаа ҮЛ ТООДОГ~! Тэдний дуу авиа хэний ч зүрхэнд хүрээгүй, тэднийг хэн ч хайрлаагүй нь бидний СОХОР, ДҮЛИЙ СЭТГЭЛИЙНХ~!

Нэгэн улсын аюулгүй байдал заналхийлсэн туйлын эгзэгтэй цаг үе тулгарахад ардын байр суурь гээд зөвхөн Засгийн газарт төр улсын аюулгүй байдлыг даатгаж орхиод гагц хөндлөнгөөс харж байх нь хүмүүний ёсон мөн үү?
Ард түмэнд бие даах чадвар хэрэгтэй, тусгаар тогтнохуйн сэтгэл хүчтэй бол эх орноо хайрлах хайр мөн хүчтэй аж, бие даахуйн сэтгэлгээ дутах үед ард түмэн эх оронч сэтгэлээр ядуухан байдаг.

— Фүкүзава Юкичи (Японы соён гэгээрүүлэгч, Кэйо Их сургуулийг үндэслэгч)

Өнөөдөр би өөрийнхөө түүхийг бичиж сууна. Үйлдлээрээ, үгээрээ. Би хэн нэгэнтэй учирч, түүний амьдралыг ч бичилцэнэ. Өвдөж, зовох, эрх чөлөөгүй болохоо тулбал чи бидний ялгаа огт байхгүй. Надаас өөрөөр уйлдаг, надаас өөрөөр инээдэг өөр хүн гэх бодгаль байхгүй. Маргааш юу тохиолдохыг бид мэдэхгүй. Тохиосон хойно нь харамсан, халаглалцахаа больцгооё~! Нэг нэгийгээ хайрлая~! Эх орон, ирээдүйгээ хайрлая~! Бусдыгаа харааж зүхээд өнөөдөр юу олж долоов? Өчүүхэн эго л тэжээгдсэн. Гэвч өнөөдөр чамайг хэн хайрлаж байгаа вэ? Хэнийг чи хайрлаж чадсан бэ? Итгэл найдвараа алдаж, ганцаардан шаналсан хүн бүхний төлөө дуу авиа гаргаж чадаагүй бүхний төлөө БИД БУРУУТАЙ…

Зургийг Есүнгэ

Чиний ДууАвиа

--

--

Ariun Sanna
DuuAvia
Writer for

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.