ДууАвиан тунхаг

Uranzaya
DuuAvia
Published in
3 min readJul 5, 2020

Ард иргэд нэгэн санаан дор нэгдэн нийлж дуу хоолойгоо түмэнд хүргэхүй. Эс бөгөөс нийгэм улам бүр нэг нэгэндээ дайсагнасан, хоёр хэсэг болон хуваагдана. Хоёр гэлтгүй олон хэсэгт талцан сөргөлдөж хоорондын зай нь улам бүр холдсоор.

Гэрэл зургийг © Есүнгэ

Хүн бүхэн дор бүрнээ тэс ондоо амьдралыг туулах боловч оршин буй нийгэм маань нэгэн бүхэллэг, өөр хоорондоо уялдаа холбоотой хүмүүсийн нийлбэр билээ.

Өглөө босоод дэлгүүрээс талх авахад бараа зарж буй худалдагч бий. Худалдаачны хүүхэд сургуульдаа очиход хичээл зааж буй багш бий. Багш ажлаа тараад нийтийн тээврээр гэртээ харина. Харих замдаа автобусны цонхоор хэн нэгэн замын дэргэд хог цэвэрлэж буйг харна. Цэвэрлэгээний ажилтан цайны газраас цуйван сүүтэй цай уулаа гэхэд хоолыг нь бэлтгэж өгөх тогооч бий.

Энэ л хотдоо, энэ л улсдаа бид нэг л системийн бүрдэл хэсэг. Бидний ирээдүй бол тэдний ч ирээдүй. Тэдний зовлон бол бидний ч зовлон. Тиймээс л талцан хуваагдаж, таран бутарч өөр хоорондоо үг зөрөх нь утгагүй хийгээд үр дүнгүй. Хамтдаа ярилцан, хамтдаа хөгжин, хаа нэгтээ биднийг хүлээх тэр л ирээдүйг гэрэлтэй байхыг хүснэ.

Гэрэл зургийг © Есүнгэ

Дуу Авиа гэдэг бол Дуу Хоолой. Ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр бие биенээ ойлгох аргагүй. Юу ч хийлгүй чимээгүй сууснаар дотоод санаагаа илэрхийлэх боломжгүй. Гэхдээ яг ямар арга замыг сонгох вэ гэдэг нь бидний шийдвэр. Дэлгэцийн цаанаас товч даран лаяк цуглуулж сэтгэл ханах уу? Эргэн тойрныхоо жижигхэн хүрээлэлд халамцуухан яриа өрнүүлэх үү? Үнэхээр бодитой өөрчлөлт хийхийн тулд ямар замыг сонгох вэ? Өдөр бүр уулзаад байдаггүй холын хол тэдгээр хүмүүсийн дуу хоолойг хаанаас олж сонсох вэ? Тэдэнд яаж хүрэх вэ?

Асуудал нь бид дэндүү мартамхай.

Энгийн байдаг л нэг сенсацийг хэд хоноод л мартана. Байнгын анхаарал сарниулах, шинэ содон мэдээ цахим сүлжээг дүүргэнэ. Хүний амь нас, хүүхдийн зовлон шаналал тоон мэдээлэлд хувирчихсан. Дэлгэцэн дээр урсаад өнгөрөх тоо үсэг төдийхөнд хувирчихсан. (Мартах ёсгүй зүйлсийг санасаар байхыг хүсэмжлэн 7/1 гэх өдрийг сонгов.)

Тиймээс л бид буруутай.

Буруутай гэдгээ мэдэхгүй байгаадаа хамгаас буруутай. Үргэлж л өөр тийш хуруу чичилж, төр засаг 76-д буруу өгдөг нь ч бидний буруу. Залуус гэхээр л хуучин үе рүүгээ нулимж, өнөөгийн нийгэмд тайлбар хайдаг. Хөгшчүүл нь залуусыг өөлж, оролцоогүй хэмээн шалтаг заадаг. Бидэнд өөр зүйлс хэтэрхий олон. Тэр бүгдийг тоочоод гарвал барахгүй. Хамгийн чухал нь хамтдаа нийтээрээ мэдэрч байгаа тэр нэг бухимдал, гуниг бас хайрыг нэгтгэж чадвал бид ялна. Бие биенээ ойлгоно. Жинхэнэ ертөнцтэй нүүр тулах хэрэгтэй. Жинхэнэ хүмүүсийн өдөр тутмын аар саархан хэрнээ үнэн зүйлсийг нь ойлгож мэдрэх хэрэгтэй. Тэгснээр бид нийгмийн дуу хоолой болж чадна. Хэн ч сонсдоггүй тэдгээр хүмүүсийн зовлон шаналал, үзэл бодлийн илэрхийлэл, дуу авиа нь болохыг хүснэ. Гэхдээ яаж гэх асуулт толгой гашилгана.

Бидэнд нүцгэлэхээс өөр сонголт байсангүй. Төв талбай дээрээ эсэргүүцэл илэрхийлэхээс өөр арга байсангүй. Хүмүүс урлаг гэж харж магадгүй ч үүнийг урлаглаг эсэргүүцэл гэх нь зөв байх. Олон нийтийн урлагтай харилцах харилцаа нь цаг ямагт идэвхигүй байсаар ирсэн. Галлерей музей гэсэн ариун газруудад үзэгч урлагийн бүтээлийг зөвхөн үзэж болдогоос барих хориотой. Гэтэл бүтээлч байх ёстой улс нь зөвхөн уран бүтээлчид биш. Олон нийт ч бүтээлч байх ёстой. Хэлбэр дээр л анхаарахаас илүүтэйгээр утга агуулга дээр ач холбогдол өгөхийг хүсч байна.

Гэрэл зургийг © Маагаа

Хүндэтгэсэн,
Чиний ДууАвиа.

Гэрэл зургийг © Сүнико

--

--

Uranzaya
DuuAvia

Гэлээ ч тойруугаар, амьдрал угаас ийм билээ гэхийг хэлж өгөөч /Тө.Б/