Тулгар төрийн минь сүлд мунхаг биднийгээ өршөө!

Чиний #ДууАвиа

A G N U U S H
DuuAvia
3 min readJul 5, 2020

--

Би ардчилалтай бараг л нас чацуу. Өнгөрсөн хорин таван жилд юу болсныг нүдээр харсан бас мэдэрсэн. Үүнээс ганц л зүйлийг ойлгосон. Бид бүгд “эрх чөлөө!” гэх хоосон үгэнд бялуурч, капиталист нийгмийн хэрэглээгээр угжуулан тархи нь өөхөлж, хүсэл шуналдаа идэгдсэн идэвхигүй амьтад болон хувирчээ. Үйлдэх чадвараа алдаж, үглэж янших төдийхнөөр голоо зогоох болов. Хувь заяаныхаа эзэн нь болж, хүссэн өөрчлөлт рүүгээ замчлах тэмүүллээ хаа ч юм бэ мартаад, хараан зүхэж суух болов.

Би ч эдний л нэг. Хүн бүр хувиа борлуулж, довоо шарлуулаад явахад аяндаа бүх зүйл сайхан болно, хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгэж буй минь эх орондоо оруулж буй хувь нэмэр гэдэгт итгэдэг байсан. Гэвч нийгмийн нэг эд буйх нь амиа хоохойлон өөрийн буландаа нуугдах биш хувь заяанаас оноосон үүрэг хариуцлагаа хүлээн авч, нийгмийнхээ, эргэн тойрныхоо хүмүүсийн сайн сайхны төлөө тэмцэх гэдгийг өнөөдөр би ойлгож байна.

Гэрэл зургийг Есүнгэ

Нарантуул захын үүдэнд пайзаа бариад чармай нүцгэн зогсоход хүмүүс бидэн лүү чичилж байв. “Болиоч ээ!”, “Ямар бузрын юм бэ? Ичдэггүй хар шаарнууд вэ!”, “Ийсүүс шашинтнуудын бүлэглэл юм уу?” бүр цаашлаад “Танай АН угаасаа гарахгүй ээ!” хэмээн худалдагч эгч нар бахирч байв. Тэд биднийг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй.

Үүнд өдий хүртэл амиа бодож түй хийлгүй суусан БИД бүгд БУРУУТАЙ!

Нэгдэж, тэмцэж чадсан бол бид төв музей, усанд үйж өнгөрсөн дөрвөн жаал, гадаадад гацан шаналах иргэд гээд олон зүйлийг аварч чадах байсан.

Гэтэл бид чадаагүй!

Авилгач түшмэдийн бүтээсэн арчаагүй төр ганцаараа энэ бүхэнд буруутай биш. Буруу бүхнийг тэвчиж, хаацайлсаар ирсэн бид өөрсдөө ч буруутай!

Тэр буруутай, энэ хариуцлага хүлээх ёстой хэмээн утасны дэлгэц тоншихоо тэмцэл хэмээн эндүүрдэг яасан өчүүхэн хүмүүс болон хувираа вэ бид?

Долоон сарын нэгэн ахиад тохиох вий хэмээн хамгаалах ёстой цагдаагаасаа айж, бор ходоодоо борлуулах ямар мунхаг ард түмэн болж хувираа вэ бид!

“Гарч жагсаад бид яах юм?” гэдэг бодлыг дотроо тээснээрээ бид юунд хүрч чадсан бэ?

Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих зээлийг шамшигдуулсан 6 УИХ гишүүн энэ жил сонгогдлоо! Ерөнхий сайд нь ч дээрдэх юмгүй нэгэн! Сонгуулийн тогтолцоогоо сонгууль болоод өнгөрсний дараа л нэг ойлгож коммент лайкний их дайн хийлээ! Гэвч хэн нь ч талбай дээр гарч зогссонгүй, эх орныхоо төлөө үйл хийлгүй ердөө л үглэж суулаа бид!

Гэрэл зургийг Сүнико

Би Монгол улсын иргэн. Эх орныхоо асуудалд оролцох битгий хэл ойлгохыг ч хичээдэггүй мунхаг байсан. Энэ бүгдийнхээ төлөө би төрийн сүлднээсээ, эх орноосоо өршөөлийг эрж байна. Би буруутай, чимээгүй суусан би гэмтэй!

Энэхүү пэрформэнс сүлд минь болог. Эх орныхоо тэг цэгээс өөрийн хүргэх гэсэн ДууАвиагаа Төрийн дуулалтайгаа хослуулан, төгсгөлд нь төрийн сүлдээсээ өршөөл гуйн мөргөсөн тэр мөч бидний тэг цэг байг.

Бидний зүгээр суух цаг хэдийн өнгөрч. Одоо хөдлөх цаг л бидэнд үлдлээ. Ард түмний ДууАвиаг эгшиглүүлэх үүргээ ухамсарласнаа энэ мөчөөс эхлэн тунхаглаж байна! Нүд аних хүртлээ эх орныхоо төлөө үйлдэл хийн амьдрахаа ч бас амлаж байна!

Чиний ДууАвиа

Гэрэл зургийг Занданбат

--

--