Билл Гэйтс: 2030 он болон түүнээс цаашид ч амжилт гаргахын тулд сурагчид дараах чадвараа зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй

Empasoft
Empasoft

--

Хэн ч ирээдүйг урьдчилан таамаглаж чадахгүй. Билл Гэйтс ч мөн адил.

Microsoft компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан, филантропист тэрээр ирээдүйд ямар ур чадвартай хүн өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох талаар саяхан Seattle хот дахь өөрийн төгссөн Lakeside ахлах сургууль дээр илтгэл тавих үеэрээ ярьсан юм.

Microsoft компанийн үүсгэн байгуулагчдын нэг Paul Allen ч уг сургуулийн төгссөн бөгөөд тэд анх уг ахлах сургуульд танилцаж байжээ.

“Сурагчид 2030 магадгүй 2040 онд амжилт гаргахын тулд өнөөдрөөс эхлээд юуг мэдэж, сурч авах ёстой вэ?” хэмээн ахлах сургуулийн захирал Bernie Noe түүнээс асуусан юм.

Сурахад хэзээ ч оройтохгүй

Билл Гэйтс сурагчдыг сониуч зангаа хөгжүүлэхийг уриалаад илүү их мэдлэгийг олж авахыг эрмэлзэх нь цаашдын амжилтын үндэс хэмээн зөвлөв. “Одоо цагт сониуч суралцагчид хамгийн түрүүнд амжилтанд хүрнэ. Учир нь одоогийн залууст байгаа шиг онлайн подкаст эсвэл лекцүүд сонсож мэдлэгээ шинэчлэх боломж урьд нь байсангүй.

Өөрийн гэсэн мэдлэгийн суурьтай болж, сонирхлоо тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Түүх, шинжлэх ухаан, эдийн засгийн мэдлэг нь ирээдүйд амжилт гаргахад онцгой ач холбогдолтой юм шүү.

Цаашдаа, хэдэн арван жилийн турш дижитал хувьсгал биднийг гайхшруулсаар байх болно. Сурагчид өөртөө итгэх итгэл, зогсолтгүй суралцах хүсэл эрмэлзэлтай байж чадвал уг хувьсалд ч бэлэн байж чадна. Жишээлбэл: Эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлтийг ойлгохын тулд шинжлэх ухааны мэдлэг шаардлагатай шүү дээ.

Өсвөр насныхан одоо болон өнгөрсөн үеийн түүхийн талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. “Ардчилал та бүгдээс улам их зүйлд оролцоотой байхыг шаардана”. АНУ болон бусад улс орнуудын түүхийг сайн судалснаар дэлхий ертөнц яагаад ийм нөхцөл байдалд байгааг ойлгоно.” хэмээжээ.

Билл Гэйтсийг сурагч байх үедээ

1973 онд тэрээр Lakeside ахлах сургуулиа төгсөхдөө өөрийг нь ирээдүйд юу хүлээж байгаа тухай мэдэхгүй байлаа. Гэвч түүнийг ирээдүйд амжилт гаргахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь “сурах чадвар” байсан хэмээн тэрээр дурсжээ.

Тэр Харвардыг орхино хэмээн хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэйтс зөвхөн мэдлэгээр цангасан нэгэн байсан бөгөөд түүнд хичээлээс гадуурх сургалтууд сонирхолтой, хөгжилтэй санагддаг байжээ. Шаргуу суралцдаг байсан учраас бусадтайгаа тийм ч их нөхөрлөдөггүй байснаа ч тэрээр хүлээн зөвшөөрдөг. “Би Харвардад суралцаж өнгөрүүлсэн хоёр жил гаруй хугацааныхаа, минут бүртээ дурладаг байсан” гэж хэлж байжээ.

Хожим тэрээр Харвардыг орхиж, Lakeside ахлах сургуулийнхаа найз Paul Allen-тай хамтран, 1975 онд Microsoft компаниа үүсгэн байгуулсан билээ.

Эхний зургийг 1981 онд авхуулж байсан бол удаах зургийг 2013 онд авхуулж байжээ.

--

--