Дата Анализ хичээлийн багш Б.Ган-Эрдэнэ: Өгөгдөл нь зөвхөн шийдвэр гаргалтанд нөлөөлж байх үедээ үнэ цэнэтэй байдаг

Empasoft
Empasoft

--

Дата анализ хийх гэдэг нь өгөгдлийг зохион байгуулах, төлөвлөх, дүрслэх, үнэлэх, тайлбарлахад статистик, практикийг ашиглах үйл явц юм. Ямар ч төрлийн анализ хийсэн эхлээд ямар зорилгоор хийж байгаагаа сайн ойлгох нь чухал. Өгөгдөл дээр анализ хийх ажлын зорилго бол энгийн түүхий өгөгдлөөс хамгийн сайн үр дүнг гаргах юм.

Бодит байдал дээр ихэнхи өгөгдөл бүтэцлэгдээгүй хэлбэрт байдаг. Тийм учраас эхлээд өгөгдлөө тодорхой бүтцэд оруулж, дараа нь тухайн өгөгдлөөсөө дүгнэлт гаргаж болохуйц, утга учиртай ойлголтыг, гаргаж авах хэрэгтэй. Үндсэндээ дата анализийн гол зорилго бол шийдвэр гаргалтыг дэмжих, шаардлагатай мэдээллээр хангах явдал юм.

Өнөөдөр мэдээлэл асар хурдацтайгаар үүсэж, тархаж байна. Бид өдөр тутамдаа олон мянган төрлийн мэдээллийг цуглуулж, дамжуулж байдаг тул эргээд энэ их өгөгдөл, мэдээллээ хэрхэн яаж үр дүнтэй ашиглах талаарх асуудал хөндөгдөж гарч ирэх нь тодорхой. Яагаад гэвэл өгөгдөл нь зөвхөн шийдвэр гаргалтанд нөлөөлж байх үедээ үнэ цэнтэй байдаг.

– Үүнтэй холбоотойгоор үүсэж буй ажлын байрууд болон тэдгээрийн эрэлт ба хэрэгцээг та юу гэж бодож байна?

Өгөгдлийн /data/ шинжлэх ухаан нь тун өргөн хүрээтэй ойлголт тул ажил үүрэг тус бүрт шаардагдах ур чадвар нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь: Өгөгдлийн шинжлэх ухаанд математик, статистик, компьютерийн шинжлэх ухаан ашиглагддаг учраас компаниуд өөр өөр ур чадвар, техникийн мэдлэг, сэтгэлгээ бүхий хүмүүсээр багаа бүрдүүлэх нь элбэг. Сүүлийн жилүүдэд хүмүүс өгөгдлийн ач холбогдол үнэ цэнийг илүү ойлгох болсноор ажлын байрны эрэлт хэрэгцээ, хүний нөөц, төрөлжилт үүнийгээ дагаад өсөж байна. Одоогийн байдлаар дата аналист, дата судлаач, дата инженер, бизнес аналист, дата архитект, өгөгдлийн сангийн админ, машин сургалтын инженер гэх мэт чиглэлүүдээр төрөлжиж байгаа. Энэ мэргэжил, мэргэшлүүд нь цаашдаа ч улам нарийсна.

– Ямар чадвар, мэдлэгийг эзэмшсэн хүнийг өгөгдлийн шинжээч (Data Analyst) гэж хэлэх вэ?

Өнөө үед компаниуд өдөр тутамдаа өөрсдийн стратегиа оновчтой болгоход ашиглаж болохуйц их хэмжээний мэдээллийг цуглуулж байна. Хуримтлагдсан их хэмжээний мэдээллийг ойлгож, уншихын тулд чадварлаг мэргэжилтэн хэрэгтэй. Энэ мэргэжилтэн нь л Дата аналист юм.

Дата аналист хүний үүрэг бол үйлчлүүлэгчид, бүтээгдэхүүн, компанийн гүйцэтгэлтэй холбоотой янз бүрийн өгөгдлийг боловсруулж, шийдвэр гаргагчдад хэрэгтэй үзүүлэлтийг гаргаж өгөх юм. Иймээс дата аналистын өгч буй мэдээлэл нь компаниудад үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, маркетингийн стратегиа хэрэгжүүлэх болон эсвэл бүтээгдэхүүн бий болгох процессийг сайжруулах боломжийг олгодог.

Дата анализ хийхэд математикийн болон шинжилгээний өндөр ур чадвар шаарддаг учраас математик, статистик, эдийн засаг эсвэл компьютерийн шинжлэх ухаан болон эдгээртэй ойролцоо салбарын хүмүүс дата аналист болох нь элбэг. Дата анализ хийх олон арга барил байгаа учраас эзэмших ур чадварууд нь ч олон төрөл. Үүнээс ерөнхий чадваруудыг дурдвал : Математик, Програмчлалын аль нэг хэл (R, Python, Java …), өгөгдлийн менежмент (SQL, R, Hive..), харилцааны ур чадвар болон өөрийн анализ хийх салбарын талаарх мэдлэг болон визуалиаз (Power BI, Tableau, qlikview..) хийх чадварууд юм.

– Өгөгдлийн шинжээч бэлтгэх сургалтад хамрагдахад ямар нэгэн суурь мэдлэг шаардлагатай байдаг уу?

Энэ сургалт нь өгөгдөл дээр анхан шатны шинжилгээ хийх аргуудыг R хэл дээр заах юм. Сургалтанд хамрагдсанаар хэрхэн өгөгдлөө бэлдэх, ямар аргыг ашиглан тавигдсан асуултанд хариу олох, бодит байдал дээр тулгардаг асуудлуудыг өгөгдөл дээр үндэслэн шийдэх, мөн шинжилгээний үр дүнгээ эцсийн хэрэглэгчид хэрхэн хүргэх талаар суурь мэдлэгийг олж авах боломжтой. Хичээлийн материал англи хэл дээр байдаг учраас англи хэлний Intermediate (B1) болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх мөн математик, MS Excel, тайлан мэдээ боловсруулах эсвэл програмчлалын аль нэг хэлний мэдлэгтэй байвал давуу тал болно.

– Энэ салбарыг сонирхож байгаа залууст та юу гэж зөвлөмөөр байна?

Ер нь өгөгдлийн шинжлэх ухааны сурах бичиг, материал болон гарын авлагууд Монгол хэл дээр тийм ч түгээмэл биш, дээр нь энэ салбар тун хурдацтай хөгжиж байгаа учраас мэдлэг мэдээллээс хоцрохгүйн тулд хэл бол суурь шаардлага болно. Мөн дэлхий дахинд өгөгдлийн шинжлэх ухаан нь бүх салбарт ашиглагдаж байна. Тиймээс ажлын байрны хэрэгцээ ч дагаад өсөх нь тодорхой. Энэ салбарын нэг онцлог нь өөр өөр компаниудад ажилладаг эсвэл бүр нэг компаний хоёр дата шинжээч ч тэс өөр ажил хийх тохиолдол байдаг. Тиймээс энэ салбар руу орохоор сонирхож байгаа бол тухайн ажлын байранд тавигдах шаардлага, тодорхойлолттой сайтар танилцаж таны ур чадвартай тохирч байгаа эсхийг шалгаарай гэж зөвлөх байна.

– Таны сургалтад амжилт хүсье!

Баярлалаа.

--

--