Та дижитал ажилтан мөн үү?

Empasoft
Empasoft
Published in
3 min readNov 18, 2019

Технологийн хурд гүйцэгдэхээ байж, өдрөөр цагаар шинэ бүтээгдэхүүнүүд төрж хүмүүс биднээс санаанд оромгүй хурд, чадварыг шаардаж байна.
Дэлхий дахинаа тавин сая хүний хүртээл болохын тулд радио 38 жил, телевиз 13 жил, интернэт гурван жил, фэйсбүүк нэг жил, твиттер есөн сар, Angry bird тоглоом 35 өдөр, Pokemon GO тоглоом 19 өдрийг зарцуулсан байна. Тэгэхээр зөвхөн тоглоом, зугаа цэнгэлийн зүйлүүд гэлтгүй таны ажлын байранд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжүүд, банк, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбар маш хурдацтай өөрчлөгдөж байна.

Энэ өөрчлөлтүүд тэгээд надтай ямар холбоотой юм бэ? гэж та асууж магад. Учир нь таны ажиллах арга барил, ажлын байрандаа тогтож үлдэх эсэх нь дээрх бүх өөрчлөлттэй холбоотой учраас л тэр.

Олон ажлын байр үгүй болж, үүний оронд автомат тоног төхөөрөмжүүд, хиймэл оюун ухаан, мэдээлэл, өгөгдөл шинжлэх гэх мэт урд хожид сонсогдож байгаагүй нэр томъёо, ажлын байрууд гарч ирж байна. Одоогийн дунд сургуулийн сурагчдын 65 хувь нь өнөөдөр огт байхгүй тийм ажлын байранд ирээдүйд ажиллах болно. Яг л арван хэдэн жилийн өмнө гар утасны аппликейшн хөгжүүлэгч гэдэг ажил мэргэжил огт байгаагүй шиг л... Тэр бүү хэл одоогийн хүүхдүүд ирээдүйд ажлын байран дээр гараад зөвхөн нэг ажилд бус хэд хэдэн байгууллагад зэрэг ажиллаж, өөрийн чадвараа үнэлүүлж, биднээс хавьгүй урт наслах тийм л эрин үе ирж байна.
Энэ өөрчлөлт зөвхөн тэдэнд ч бус танд бас хамаатай. Өдөр тутмын гар ажиллагаа шаардсан бүхэн автоматжих үед танаас асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч байдал зэрэг мэдрэмж шаардсан олон чадваруудыг ирээдүй нэхэх болно.

Америк, Европ гэхээсээ илүү бидний амьдарч буй бүс нутаг, орчинд ямар ажлын байрууд эрэлттэй болж, үүнийг дагасан ямар зөөлөн чадварууд хүнээс шаардах болсныг дээрх график харуулж байна. Юм юмны зах зухаас гадарладаг бус харин алив зүйлд нарийн мэргэшсэн тийм ажиллах хүч Төв Азид эрэлттэй болох нь. Үүнд: Удирдах албан тушаалтан, Програм хангамж аппликейшн хөгжүүлэгч шинжээч, Борлуулалт маркетингийн өндөр түвшний мэргэжилтэн, Өгөдлийн шинжээч гэх мэт компьютераас сэтгэн бодох чадвар, уян хатан байдлаараа хувь илүү хүмүүний эрэлд дэлхий даяараа гарчээ. Та өнөөдрийн ажлын байрандаа үлдэж, ирээдүйд үнэлэгдэх сайн ажилтан болъё гэвэл аливаа зүйлийг олон талаас нь шинжилж, бодож, дүгнэх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, идэвхитэй суралцагч, сэтгэл хөдлөлөө сайтар удирдаж чаддаг тийм нэгэн байх хэрэгтэй болох нь.

Хэрэв нөхцөл байдалд тохирсон ажилтан байхгүй бол яах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл дээрх хүснэгтэд шар өнгө нь хамгийн өндөр магадлалтай, улаан нь дунд зэрэг, цэнхэр нь боломжгүй гэсэн тайлбар бүхий тухайн ажлын байрны асуудлыг зохицуулж болох боломжит хувилбарууд харагдаж байна. Дээр хэлсэнчлэн өнөөдрийн хүүхдүүд ирээдүйд нэг зэрэг олон ажлын байранд зэрэг ажиллах чадвартай болно. Үүний тод жишээ нь дээрх хүснэгтэд байгаа freelancer буюу бие даан ажиллагсад.

Мөн бас нэг боломж нь хуучин ажилчдаа шинэ түвшинд гарган сургах гэсэн боломж бас өндөр хувьтай байна. Энэ нь танаас маш идэвхитэй суралцагч байхыг шаардаж байна гэсэн үг.
Насан туршийн боловсрол гэх ойлголт Европын зарим оронд хэдийнээ танил болсон. 25–64 насны Дани улсын иргэдийн 32%, Швед улсын ийм насны иргэдийн 28% нь ямар нэг байдлаар жил бүр ямар нэг шинэ чадвар олгох сургалтад хамрагддаг байна.

Харин та суралцахад бэлэн үү? Та өөрийн чадвараа дээшлүүлэхэд бэлэн үү? Тэтгэвэрт гарах яагаа ч үгүй байхад дуртай ажил тань нэг л өдөр таны оролцоогүйгээр ч урагшилдаг болж, залуу хүүхдүүд ажлын байрыг тань эзэлвэл та яах вэ?. Мэдээж та тэр цагт хүнд цохилтод орох нь дамжиггүй. Магад өөрийгөө голж, жагсаалтаас хасагдах нэгэн болохгүйн төлөө хичээх байх. Тиймээс оройтойгүй дээр нь одооноос идэвхтэй суралцагч болох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

--

--