Team Collaboration: Миний GLIP -г сонгосон 3 том шалтгаан.

Сүүлийн үед орон зайнаас үл хамааран баг хамт олноороо цахим орчинд холбогдож цаг алдалгүй мэдээ мэдээллийг солилцож ажлаа хаанаас ч хийх боломжтой болжээ.

Цахим орчинд алсын зайнаас ажлаа хийдэг 10 хүн тутмын 7 хүн нь баг хамт олонтойгоо холбогдож ажлаа хийхийн тулд аппликэйшнээс аппликэйшний хооронд, вэб платформоос вэб платформын хооронд шилжиж ажилласаар байгаад ажлынхаа 1 цагыг зарцуулдаг гэвэл та итгэх үү?
Photo by rawpixel on Unsplash

Миний хувьд олон төрлийн платформуудыг өөр өөр төслийн ажлууд дээр ажиллах явцдаа туршиж үзсэн бөгөөд эдгээр нь баг хоорондын харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах хурдыг нэмэгдүүлэх, үүрэг даалгавар өгөх, төслийг хянах, баг хоорондын чат болон баг дундын inbox зэрэг функциудыг хийж чаддаг олон янзын платформ, аппликэйшнүүдийг зэрэг ашиглаж гүйцэтгэдэг байлаа.

Жишээлбэл:

  • Багын үүрэг даалгавар биелэлтийг Trello дээр.
  • Баг дундын чат, Inbox -г Slack дээр.
  • Албан захиа, шуудангаа Gmail дээр.
  • Баг дундын календараа Google Calendar дээр.
  • Дундын sheet, word файлаа Google Docs, Google Spreadsheet дээр.
  • Дундын үйл ажиллагаатай холбоотой файлуудаа Google Drive дээр гэх мэтчилэн ашигладаг байлаа.

Эдгээр платформууд нь бүгд төлбөргүй болон төлбөртэй нөхцөлөөр ашиглаж болдог. Эдгээр платформуудыг үнэ төлбөргүй нөхцөлөөр ашиглахад зарим нэг хийх үйлдэл, функциуд хязгаарлагдах боловч жижиг дунд хэмжээтэй баг хамт олны хувьд цахим орчинд өөрсдийн ажлыг гүйцэтгэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр ажиллах бүхий л боломж бололцоог олгодог.

Би цаашид ахин эдгээр платформуудыг нэгтгэсэн хэрнээ төлбөргүй платформ байгаа эсэхийг үргэлжлүүлэн судалсан бөгөөд эцэст нь GLIP платформыг олсон юм.
Glip платформыг Ring Central хэмээх компани бүтээсэн.

1) Glip төлбөргүй боловч багтаамж болон хийх үйлдлийн тоо нь хязгааргүй.

Google Drive үнэгүй хувилбар дээрээ 15Gb багтаамж танд үнэгүй өгдөг шүү дээ. Энэ бол мэдээж бага тоо биш хэдий ч зарим нэгэн багуудын хувьд Cloud Storage маш чухал байдаг.

Slack үнэгүй хувилбар дээр та баг дотроо хамгийн сүүлд бичсэн 10'000 мессежнээс хайлтыг хийх боломжтой байдаг.

Менежерүүдийн 55% нь цахим шуудан шалгах, хариу бичих, нягтлах зэрэг ажил дээр өдрийн ажлынхаа ихэнхи цагыг зарцуулдаг.

Тэгвэл Glip дээрхи цахим орчин дахь танай багын Storage хязгааргүй, хайлт хийх үйлдэл хязгааргүй байх юм. Мөн баг дундын чат үүсгэх тоо хязгааргүй үүсгэсэн хүн өөрөө админ болж тухайн чатыг хариуцаад явна.

Баг хамт олны Contact үүсэх бөгөөд цаг алдалгүй холбогдоно.

2) Баг дундын хуанли болон үүрэг даалгавар.

Google Calendar дээр баг дундын хуанлигаа хөтөлж үүрэг даалгаварыг Trello ашиглаж хуваарладаг уу?

Trello үнэгүй хувилбар дээр үүрэг даалгаврын хуваарлилт дээр файл хавсралтаар явуулах боломжгүй шахуу. Өөрөөр хэлбэл файлын дээд хэмжээ 10Mb байдаг.

Тэгвэл Glip дээр энэ бүхэн хязгааргүй байна. Та Trello адил хязгааргүй тооны үүрэг даалгавар үүсгэх боломжтой ба нэмээд том хэмжээтэй файлаа хавсаргаж, түүнийгээ баг дундын хуанли дээрээ харж хянах, өнгөөр ялгаж бусдад ойлгомжтой байлгах зэрэг маш хэрэгтэй функциудыг ашиглах боломжтой.

3) All in буюу “Багын хэрэгцээ цөм бүрдсэн”.

Эцэст нь дүгнээд бичихэд Glip нь Google Drive + Trello + Facebook Workplace + Slack + Basecamp=GLIP гэсэн томьёоллоор ойлгоход илүү амар байх болов уу.

Та багынхаа бүтээмжийг дээшлүүлж, орон зайнаас үл хамааран хоорондоо ажиллах боломжтой.

Glip дээр миний хувьд ашиглаж үзсэн хамгийн чухал функци нь би баг дундын чат, Inbox -г хязгааргүйгээр үүсгэж тэрийгээ өөрөө админ хийж удирдаж болохоос гадна компанийхаа нийт багын гишүүдийн бүртгэлийг мөн би өөрөө удирдах боломжийг олгож буй явдал юм. Өөрөөр хэлбэл та Супер Админ шиг тэдний Glip ашиглах эрхийг нээж, хаах бүрэн боломжтой юм.

Мөн баг дундын чатаас гадна хэрэгжүүлж буй төслийнхөө чатыг үүсгэж тэрхүү чатандаа үйлчлүүлэгчээ урьж оролцуулах боломжтой.

Та Glip -г ашигласнаар дэлхийн хаана ч ажлаа холбогдож хийх боломжтой. Өөрөөр хэлбэл зарим нэг платформууд БНХАУ -д ажилладаггүй. Тэгвэл Glip -г Хятадаас ямар нэгэн VPN ашиглалгүйгээр ажиллуулж болох бөгөөд таны гар утсанд зориулсан ухаалаг аппликэйшн хүртэл бий.

ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.