Cloud Engineer: Cloud Certification-уудын тухай

Jiguur
FIBO CLOUD
Published in
5 min readJan 27, 2019

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990-ээд оны үед дэлхий дээрх томоохон бизнесийн байгууллагууд дийлэнх нь Нефть, Тос, Автомашин болон Хүнд үйлдвэрлэлийн компаниуд байжээ гэдгийг тухайн үеийн Fortune 500 list (1990) жагсаалтаас харж болох нь. Харин өдгөө Apple, Amazon, Microsoft, Google, Facebook, Tencent, Alibaba гэхчлэн технологийн гигантууд тэдний орон зайг эзэлсэн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа шдээ тээ... Үүнийг дагаад IT-н салбарын мэргэжилтнүүд хамгийн эрэлттэй болж байгаа бөгөөд дэлхий дээрх хамгийн өндөр цалинг тэд авч байна. Гэхдээ мэдээж сайн инженерүүд…

Дээр бичсэн зүйлс бол таны сайн мэддэг зүйл бөгөөд зүгээр л сануулсан юм. За тэгвэл арай өөр статистикийг авч үзье л дээ. 5 жил хүрэхгүй хугацааны өмнө буюу 2014 онд IT-н салбарт хамгийн чухал гэгддэг сертификатууд голцуу Database admin, Server admin, Network & Security болон Project Management төрлийнх байжээ гэдгийг ITCareerFinder сайтад гарсан нийтлэлээс харж болох нь. Харин Top IT certifications in 2018 хэмээн Google-дээд Forbes дээр гарсан нийтлэлийг үзвээс энд 4 жилийн өмнө огт байгаагүй хэд хэдэн сертификатийн төрлүүд орж иржээ. AWS, Azure, Solutions Architect хэмээх нэршлүүд мэдээж Amazon, Microsoft, Google-ийн “түрэмгийллээр” төрөн гарсан үгс хэдий ч тэд үнэхээр асуудлуудыг шийдэж чадаад байна. Зөвхөн энэ харьцуулалт л ямар нэг зүйлийг илэрхийлэхгүй байна гэж үү?

Маш энгийнээр хэлэхэд, ямартай ч ирэх 4 жилийн хугацаанд Cloud Engineer хэмээх мэргэжилтнүүдийн үнэлэмж нэлээн өндөр байх нь.

Тэд ойролцоогоор 120,000$ жилд авдаг гэдгийг Google-ийн ганцхан хайлтаар харж чадна. Мэдээж дан ганц сертификаттай байхад энэ хэмжээний цалинг авах ажлын байр бэлэн байна гэсэн үг биш бөгөөд хамгийн чухал зүйл болох таны практик туршлага болон хувь хүний EQ-ийн олон зүйлс хамааралтай.

Cloud Computing: Өгөгдсөн нөөцийг хамгийн үр дүнтэй байдлаар зохион байгуулан тооцоолж, үр дүндээ хүрэхийг нэрлэнэ гэж би ойлгоод байгаа

Blockchain ч байна уу? AI ч байна уу? бүхий л салбар програм хангамжууд тодорхой IT-н дэд бүтэц буюу суурь дэвсгэр дээр ажиллаж таарна. Түүнийг хамгийн үр дүнтэй байдлаар зохион байгуулах, архитектур болон шийдлийг гаргаж, хэрэгжүүлэх эрхэм хүндэт үүргийг Cloud Engineer гэдэг хүн гүйцэтгэх нь байна. Хэдэн жилийн өмнө дийлэнх IT суурьтай бизнесүүд сервер, сүлжээ, архитектур, програм хангамж гэх зэрэг зүйлсээ бүгдийг өөрсдөө зохион байгуулдаг байсан бол өдгөө Cloud Computing дээр тулгуурлан нэгэнт бий болсон төлбөртэй болон төлбөргүй бэлэн бүтээгдэхүүнүүдийг ашиглаж, бүтээгдэхүүнээ аль болох хурдан бий болгох буюу Time to Market замыг мөрдөж байна. Энгийн жишээгээр: Хэд хэдэн бүтээгдэхүүнийг хооронд нь холбож бүтээгдэхүүнээ босгоход 7 хоног ч юм уу. Нэмээд Production дэд бүтцээ бэлтгэн асаахад 5 минут л шаардана. Энд ямар ч хөгжүүлэлтийн том баг, урт удаан төлөвлөгөө, Америкаас сервер захих, сүлжээ тавих гэх мэт асуудал яригдахгүй.

Дэлхийн хамгийн өндөр цалинтай, хамгийн сайн инженерүүд нэгэнт хийчихсэн зүйлсийг бид дахиж хийх шаардлага байгаа гэж үү? Бизнестээ илүү их цагийг зарцуулбал дээргүй юу?

Одоо сертификатын талаарх яриандаа орцгооё.

Тухайн ойлголтыг, мэдлэгийг бататгах зүйл бол мэдээж сертификат. CV уншиж байгаа хүнд “Би AWS болон Azure ашиглаж чадна” эсвэл “Би AWS болон Azure сертификаттай” гэж бичих мэдээж ялгаатай санагдана. Сертификатгүй хирнээ илүү сайн мэддэг хүн байж болох ч нэгэнт мэддэг юм чинь $100, $200 шалгалт өгөөд авчхад тийм хэцүү зүйл биш бөгөөд тухайн хүндээ л үлдэх зүйл.

Public болон private Cloud vendor-ууд маш олон төрөл байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн чухлыг нь нэрлэе гэвэл:

  • Public: AWS, Microsoft Azure, Google Cloud Platform, Alibaba Cloud
  • Private: Microsoft Azure Stack, VMWare, Openstack, Cloudstack

Хэмээх нэршлүүд бууж байна. Эдгээрийн хоорондоо бизнес моделийн, төлбөрийн болон бусад жижиг сажиг ялгаа байгаа юу гэхээс өөр хоорондоо нэг их зөрүүгүй. Ерөөсөө л Cloud хэмээх ойлголтод нэгдэнэ. Жишээ нь: Virtual machine үүсгэх, Сүлжээ зохион байгуулах, Backup болон Storage шийдлүүд гэх мэт үндсэн ерөнхий зүйлс бүгдэд нь бий.

Эндээс юуг хэлэх гээд байна вэ? гэвэл би дан ганц AWS Certification авчихлаа гэхэд ерөөсөө л Amazon-ий үүлэн технологийг л ашиглана гэсэн үг биз дээ?

Хариулт нь ҮГҮЙ. Том зургаар нь харвал Cloud хэмээх concept-г ойлгож, хэрэглэж цаашлаад архитектур, шийдэл гаргаж үндсэндээ Cloud Engineer болно гэсэн үг юм. Энэ төрлийн инженер Google, AWS эсвэл VMWare хооронд шилжиж ажиллах тийм ч хэцүү биш. Харин та хаанаас эхлэх гэж байна?

Миний зүгээс зөвлөхөд хамгийн энгийн зохион байгуулалттай, олон хүн хэрэглэдэг, community сайтай гэдэг үзүүлэлтүүдээр:

  1. AWS
  2. Microsoft Azure
  3. Google Cloud Platform нарыг хэрэглэж улмаар сертификатын шалгалт өгч Certified Engineer болох хэрэгтэй байх.

AWS

AWS нь Architect, Developer, Operation хэмээх 3 чиглэлээр үндсэн 5 ширхэг мэргэшсэн сертификат байдаг.

  1. Associate: AWS Certified Solutions Architect
  2. Associate: AWS Certified Developer
  3. Associate: AWS Certified SysOps Administrator
  4. Professional: AWS Certified Solutions Architect
  5. Professional: AWS Certified DevOps Engineer

Professional сертификатын өмнө заавал Associate төрлийн сертификатыг эзэмшсэн байх шаардлагатай. 2 болон 3-т бичигдсэний толгой сертификат нь 5 юм.

Мөн анхан шатны суралцагчийн 1 (Cloud Practitioner) сертификат мөн бий. Энэ шалгалтыг өгч буй хүнд үндсэн суурь үйлчилгээнүүдийг хамарсан асуултууд орж ирдэг.

Мөн Networking, Big Data, Security гэсэн special төрлийн сертификатын шалгалт бас байдаг.

Microsoft Azure

Microsoft Azure сертификатууд олон дахин өөрчлөгдөж энэ оны VI сарын сүүлч гэхэд өөрийн хэлбэрийг бүрэн олох сурагтай байна. Эндээс шалгалтуудын жагсаалтыг үзээрэй. Үндсэн 3 төрлийн чиглэл нь:

  1. Administrator (AZ-1xx)
  2. Developer (AZ-2xx)
  3. Solutions Architect (AZ-3xx)

Үүн дээр нэмээд Fundemantals exam (AZ-900) болон DevOps exam (AZ-400) Beta хувилбар дээр явж байгаа юм байна.

Google Cloud Platform

G Cloud сертификат харьцангуй энгийн зохион байгуулалттай.

  1. Associate certification 1 — Associate Cloud Engineer
  2. Professional certification 5 — Cloud Engineer, Data Engineer, Cloud Developer болон Network Engineer, Security Engineer гэсэн Beta шалгалтууд байна.
  3. G Suite certification 1 — G Suite хэрэглээний программуудын сертификат.

Дээрх зургаас Associate — 6 сарын туршлага, Professional — 3 жилийн салбарын, 1 жилийн GCP туршлага шаардагдана гэснийг харж болно.

Уншигч таны Cloud Engineer болох замналд амжилт хүсье. Дараагийн нийтлэлээр Хэрхэн AWS сертификатын шалгалтад тэнцэх вэ? хэмээх сэдвээр нийтлэл оруулах болно.

--

--