Сабина ба миний хүслэнт мөн чанар

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readMar 1, 2020

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романы Сабинагийн дүр өнгөрсөндөө очихыг хүсдэггүй, бусадтай үүсгэсэн харилцааны шугамаа давахгүй байхыг эрхэмлэдэг, цаг нь болсон гэж үзвэл орхиод л явдаг, орхиод л явдаг эмэгтэйг илэрхийлнэ. Түүнд бие махбодын зовлон шаналал байхгүй ч, сэтгэлд нь хүнд бэрх бус хөнгөн хоосон зовлон оршдог. Хөнгөн хоосон зовлонгоо тэвчихгүй байхын аргагүй… Хувийн орон зай гэдэг халдашгүй дархан, цоожтой шүүгээ шиг дэлгэж болохгүй нууцыг агуулж байдаг учир.

Сабинагийн хувьд өөрийгөө, өрөөлийг ч мэхлэхгүй үнэн амьдарна гэдэг гагцхүү хүмүүсээс ангид үед л боломжтой байв: биднийг хэн нэгэн ажаад эхэлмэгц бид өөрийн эрхгүй тэр хөндлөнгийн ажигч харцанд тааруулан худал аяглах болдог. Гаднаа ч дотроо ч бусадтай байна гэдэг хуурмаг амьдрал юм. Сабина хүний хамаг л чанд нууц бүхнийг хайр гамгүй илчилж байдаг уран зохиолд дургүй байв. Хүн хувийн орон зайгаа алдвал бүхнээ алдана гэж тэр үздэг.

Сабина үхэхдээ ч хөнгөнд хувирахыг, салхинаас ч хөнгөн болохыг хүссэн нь түүний гэрээс бичигт үлдсэн. “Цогцсыг минь чандарлаж, салхинд хийсгэх”

Миний хүслэнт мөн чанар Сабинагийн “хүнд бэрхийг халж хөнгөнд хувиргаж буй сэтгэлийн хаалт, бүхнийг салхинаас хөнгөн, оргүй хоосон болгоод бусдад тушаа болохгүй, өөрт гуниг үүсгэхгүй, хүслээрээ амьдарч буй хөнгөн оршихуй” руу чиглэж байна.

Яагаад бид бүхнийг зовлон зүдгүүр, хүнд хэцүү гэж хүлээн авч, өөрт болон өрөөлд шаналал үүсгэдэг юм бэ?

Хувь тавиланд итгэж, ингэх л ёстой болохоор… ингэх л тавилан зурагдаж гэж зөвшөөрөөд, уялдан, даган найгдаг юм бэ?

Сабина шиг өөрийнхөө амьдралыг зурж, өрөөлд бийр өгч, өнгө будгаар тоглож, хүссэн чигтээ цензурт баригдахгүй амьдарвал хэчнээн сайхан бол…

Зорилго гэдэг утгагүй зүйл. Элдэв балай зорилгоос суллагдаж, өөрийгөө чөлөөлөгдөхийг мэдрэх ямар гайхалтай тайвшрал гээч.

Төгсөлд нь энэ ишлэлийн талаар бодлоо бичье.

Зорилгыг утгагүй гэж тодорхойлох гэтэл өнөөдрийг хүртэл намайг хөдөлгөсөн ганц зүйл нь зорилго мэт. Юуг ч хийж, хэн ч болж болохыг ойлгуулсан зүйл нь зорилго биш гэж үү? Элдэв балай зорилго байлаа ч гэсэн биелүүлээд суллагдах мэдрэмж, няцаад ухарч суллагдаж буй мэдрэмжээс хэдэн зуу, мянга дахин гайхалтай. Тийм биз дээ?

Би+д мэдэрсэн, биелүүлээд чөлөөлөгдөх мэдрэмж ямар болохыг, няцаад ухрах мэдрэмж ямар болохыг…

— — — — — — —БИ+Д — — — — — — —

Хүнд хэцүүг хөнгөн гэж бодоод, өөрийн гуниг, харууслыг тэвчээр болгоод ОРШИХУЙ буюу АМЬДРАЛД хорших л учиртай.

--

--