Сурагчийн дэвтэргүй хайрлах урлагийн ангийнхан

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readJan 5, 2019
5 хоног хайрлах урлагтай хамт байлаа.

Хайрыг урлаг гэсэн учраас хайрын тухай онолоор энэхүү ном эхэлнэ.

Хүмүүс аз жаргалтай эсвэл золгүй хайрын түүхийг өгүүлэх тоо томшгүй олон кино үздэг. Тэд хайрын тухай элдэв дуу хөгжим зуу зуугаар нь сонсдог. Тийм атлаа хайрлаж сурахын тулд хүн өөрөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодох нь тун ч ховор.

Ихэнх хүмүүсийн хувьд хайрын асуудал нэн тэргүүнд өөрийгөө хайрлуулах асуудал байдаг болохоос “хайрлах”, “хайрлаж чадах” тухай асуудал биш аж. Тиймээс хэрхэн бусдаар хайрлуулах вэ?, хэрхэн дур булаам байх вэ? гэдэгт л анхаарлаа хандуулдаг.

Хайр урлаг бол түүний суурь элемент нь бусдыг халамжлах, хариуцлага хүлээх, бусдыг хүлээн зөвшөөрөх, бусдыг танин мэдэх чадвар юм.

  • Хайр гэдэг хайртай зүйлээ өсөж хөгжихөд зориулсан үйл хэргээр хэрэгжих халамж. Хаана үйл хэргээр хэрэгжсэн халамж дутагдана вэ, тэнд хайр гэж байхгүй. Хайрын төлөө хөдөлмөрлөж, түүнийг өсгөж хөгжүүлэх ёстой. Хайр, хөдөлмөр хоёрыг салгаж болохгүй. Тиймээс хүн юуг хайрладаг вэ, түүнийхээ төлөө л хичээдэг.
  • Хариуцлага гэдэг чөлөөт хүслийн асуудал болохоос бидэнд гаднаас оногдсон зүйл биш юм. Өөрөөр хэлбэл бусдын хэлсэн, хэлээгүй хүсэл шаардлагуудад хариулж буй хариулт.
  • Хүмүүсийг байгаагаар нь л харах чадвар нь бусдыг хүлээн зөвшөөрч буй гийн илрэл. Бид өөрсдийн хүслээр болон өөрсдийн онцгой шинжээр өсөж хөгжиж, тэлж боловсрох ёстой болохоос биш хэн нэгний хайрыг татах гэж амьдраагүй. Мөн хэн нэгнийг өөртөө ашигтай объект болгож болохгүй.
  • Хүн гэдэг бусдад байтугай өөрөө өөртөө тайлбарлахын аргагүй нууц байдаг. Танин мэдэх цорын ганц зам бол хайр хэмээн энэхүү номонд өгүүлж.

Үүнд зөвхөн хосын хайрыг дурдаагүй бөгөөд эцэг эхийн, өөрөө өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах хайр багтана.

  • Ээжийн хайр бол ямар ч нөхцөл тавьдаггүй ганц хайр нь. Харин эцгийн хайр эцэстээ ямар нэг нөхцөл тавьдаг. Энэ хайрыг олохын тулд бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Хүүхдүүдийн аль нь илүү эцгийнхээ хүлээлтэд хүрч чадна тэр өв хөрөнгөө авч, эцгийн хайрын нөхцөлд нийцдэг.
  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг өрөвдөж эхэлснээр хүний дотор аажмаар бусдыг хайрлах хайр хөгждөг. Хүн өөрөө өөртөө хайртай шигээ тусламж хэрэгтэй хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Бусдыг өрөвдөж чадах гэдэг аливааг зөв танин мэдэж буйг, өөрийгөө бусадтай адилхан гэдгээ ойлгох чадварыг хэлдэг.
  • Та өөртөө халамжтай юу?

Та өөрийгөө хүндэтгэдэг үү?

Та хариуцлагатай нэгэн үү?

Та өөрийгөө сайн мэдэх үү ?

Хэрвээ эдгээр асуултад ТИЙМ гэж бардам хэлж чадаж байгаа бол та өөрийгөө болон бусдыг хайрлах чадвартай нэгэн байна.

Бие биенийгээ цагдан хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан хосууд зөндөө л байдаг. Эрэгтэй нь ч бай эмэгтэй нь ч бай бие биетэйгээ барьцаж, бие биенийгээ шалгаж, мөрдөж байдаг. Хайр гэдэг эрх чөлөөний илэрхийлэл болохоос хэн нэгнийг ноёрхох, нэг нэгнээсээ илүү эрх мэдэлтэй байхын нэр огтоос биш гэдгийг хэрхэн бүгдэд ойлгуулах вэ?

Энэ хүртэл уншсан та бүхэнд маш их баярлалаа. Шүүмжлэл магтаал юу ч байсан сэтгэгдлээ үлдээж Facebook хаягаар минь холбогдоорой. Мөн эдгээр номуудын онцлох ишлэлүүдийг уншмаар байвал Instagram минь зочлоорой.

Та үнэт 2 минутаа үр дүнтэй уншлагад зарцуулсан гэж үзэж байвал CLAP ICON дээр дараарай.

Баярлалаа ^^

--

--