Хөнгөн оршихуй
Миний хувьд энэхүү номыг сонгон унших цор ганц шалтгаан The Unbearable Lightness of Being нэрэндээ байсан. Хөнгөн оршихуй гэж чухам юуг хэлээд яагаад үүнийг тэвчих ёстой юм гэсэн учрыг тайлахыг хүссэн. Хэдийгээр араар тавилт, нууц амраг, улс төр, хувьсгалын нийгмийн байдал гээд тэр бүр миний сонирхон уншдаг сэдэв биш байсан ч дүр бүрийн туулсан амьдрал ОРШИХУЙ, ХҮНИЙ МӨН ЧАНАР, ХЯЗГААРГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ ШУНАЛ, ДУТУУГАА ДҮҮРГЭХ ХҮСЛИЙН ЦЭГТ огтлолцож, зангигдана. Энэхүү тэмдэглэлд бүх дүрийг тайлбарлан бичихийг хүссэнгүй мөн зохиогчийн, орчуулгын эрхийг хүндэтгэж байна. Томас болон Сабинагийн дүрийг онцолмоор байна.
Томас бол эмнэлгийнхээ шилдэг мэс засалчдын нэг хэдий ч хувийн амьдралдаа ганцаардмал эр. Эхнэрээсээ салж, хүүгээ, аав ээжийгээ орхиж, 25 жилийн хугацаанд 200 гаруй эмэгтэйчүүдтэй учирсан ч үүнийгээ чамлан найзууддаа ярьдаг нэгэн. Томас ямар ч эмэгтэй хүний дэргэд хань нөхрийн хувиар амьдарч чадахгүй бас гав ганцаар явж чадахгүйгээ мэдэх учир эмэгтэйчүүдтэй уулздаг. Түүний баримталдаг зарчим бол: “Дурлалын ярвигтай асуудал үүсгэхгүй, нэгнийхээ амьдрал, эрх чөлөөнд тушаа болохгүй хэн хэнийгээ сэтгэл хангалуун байлгах”. Тэр эмэгтэйчүүдийн дэргэд зоригтой, шийдэмгий аашлах ч дотроо айдастай байдаг. Хэн нэгэн ойрын хувийн орон зайд нь орж ирээд, тавгүй мэдрэмжийг өгч, өнөөдрийг хүртэл бий болгосон амьдралынх нь хэв маягийг эвдэх вий гэсэн айдас. Гэхдээ тэр хагалгааны өрөөндөө, үгээ хэлэх эрх чөлөөнийхөө өмнө хулчийгаагүй юм шүү. Би түүнийг буруушаахыг хүсэхгүй байгаа нь хачирхалтай бөгөөд онцолж бичиж буй шалтгаан нь энэ биз.
Хүнд хүсээд хүсээд тэвчиж чадахгүй хүсэл гэж байдаг. Тэр хүсэл хүнийг хэн ч болгож болохыг, яаж ч хичээсэн өөр лүүгээ татсаар, сүүлчийн мөчид ч гэсэн нарийхан утсан дээр тогтон үлдэж чаддагийг Томасын дүрээр харуулсан мэт санагдсан.
Томасын хувийн орон зай руу 7 тохиолдлоор орж чадсан, бүхнийг орхиход нь хүргэсэн эмэгтэй бол Тереза. Түүний тухай номоос уншаарай. Харин одоо номын ишлэл, онцлох хэсгийг уншицгаая.
Юм бүхэн мөнхөд давтагдах тэвчихийн аргагүй хүнд хариуцлага биднийг алхам тутамд дарах болно. Мөнхийн эргэлт гэгч хамгийн хүнд зовлон бол хүний зуурдын амьдрал хамгийн хялбар зол жаргал болж таарна.
Хүнд гэгч нь үнэхээр тийм дургүй хүргэм муухай, хөнгөн нь тийм зүдэргээгүй сайхан гэж үү?
Зовлонгийн хүнд биднийг даран сөхрөөж газарт хадаж орхидог. Тийм атал бүх цаг үеийн хайрын шүлэгт хайр дурлалын зовлон шаналлыг магтан дуулдаг. Зовлонгийн хүнд гэдэг тэгэхээр амьдралын хамгийн хурц амт шимт аж. Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж, илүү бодитой, илүү үнэн болдог аж.
Эсрэгээрээ ямар ч зовлонгүй аж төрөхүй нь хүнийг агаараас ч хөнгөн болгон дээш дэгдээж ертөнцөөс тасалснаар оршихуй нь барьцгүй хоосонд хувилж үйлдэл бүр нь ул мөргүй, чөлөөтэй болно.
- Хүн амьдралаас чухам юу хүсэж буйгаа мэддэггүй. Хүн жишин зүйрлэх нөхцөлгүй ганцхан хувь амьдралыг туулдаг тул анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөрших боломжгүй.
- Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж.
- Хувийн орон зай гэдэг халдашгүй дархан, цоожтой шүүгээ шиг дэлгэж болохгүй нууцыг агуулж байдаг зүйл.
- Үнэн хэрэгтээ хүний амьдрал уран зохиол шиг өрнөж, хөгжим шиг бичигддэг билээ.
- “Эмэгтэй хүн” гэдэг үг хүйсийг тодорхойлохоос гадна “үнэ цэнэ” гэсэн давхар утгатай. / Францын хувьд/
- Мөнхийн эргэлтийг урвуугаар тайлбарлавал амьдрал гээч алавхийн замхраад эргэн хэзээ ч давтагдахгүйгээр үүрд алдууран үгүй бологч, тийм хөнгөн, яг л сүүдэр мэт, мөхөл нь урьдаас зугаатай үзэгдэл аж.
- Зорилго гэдэг утгагүй зүйл. Элдэв балай зорилгоос суллагдаж, өөрийгөө чөлөөлөгдөхийг мэдрэх ямар гайхалтай тайвшрал гээч.
- Бүчин хүрээлэх эв хавгүй ертөнцийн эсрэг барих цор ганц зэвсэг бол ном.
- Амьдралынхаа хэцүү бэрх цаг үеийг илэрхийлэхдээ бид дандаа хүнд зүйрлэлүүд ашиглах гэдэг. Дарамт зовлон болсон ямарваа нэг зүйл. Хүн зовлонгоо тэвчдэг, эсвэл тэвчээр алдардаг, хүнзовлондоо автдаг, эсвэл зовлонтойгоо тэмжсээр эцэст нь ялах юм уу ялагддаг.
Энэ бол Сабина. Сабинагийн дүр миний хувьд маш өндөр үнэлгээг авсан тул түүний болон өөрийн хүслэнт мөн чанарт зориулан тусад нь блог болгон орууллаа.