Цойлогч болохуй

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readJun 28, 2020

Хүмүүсийн зарим нь Еврейг биширч, үлдсэн хэсэг нь үзэн яддаг. Гэвч цэлмэг ухаантай хэнбугай ч Еврейчүүдийг дэлхий дээрх хамгийн аугаа цойлон тасарсан үндэстэн гэдэг үнэнийг няцааж чадахгүй.

/Уинстон Черчилл/

Та бидний дийлэнх нь хүсэл бадарсан үедээ өөрийн ажлыг урагшлуулдаг. Урам зориг нь бадарсан үедээ бүтээж туурвидаг. Харин урам зориг төрөөгүй үедээ юуг ч бүтээж чадахгүй, эрэг дээрээ хэмхэрсэн завь шиг гацчихдаг. Бусад бүхий л хугацааг өөрийг нь сэдэлжүүлэх, онгод хийморь бэлэглэх ямар нэгэн зүйлийг эрж хайхдаа зарцуулдаг.

Тийм биш гэж үү?

Харин хүсэлгүй үедээ үргэлжлүүлэн хийсээр байдаг цөөхөн хүмүүс бидний дунд оршин амьдардаг. Бороотой, цастай, үдэшлэгтэй, бүх нийтийн амралттай, цахилгааны сааталтай гээд ямар ч нөхцөлд тэд урагшилсаар, ахисаар байдаг. Хүмүүний тэрхүү гайхамшигт давуу чанарыг л угтаа тууштай байдал гэж нэрлээд байгаа юм. Тэдэнд мотиваци хэрэггүй. Тэдэнд урам шаардлагагүй. Цасан шуурга, зуны наран хоёрын алинд нь ч ижил тэнцүү гэрэлтэж чадах бамбар бол тэд. Еврей философич Бенедикт Спиноза үүнийг “Зөвхөн тууштай чанар дутсан, нүцгэн амбицтангууд л ажил, амьдралаа урагшлуулахын тулд өөрийг нь хөглөх зүйлийн хойноос нохой шиг хөөцөлддөг юм шүү дээ” гэж тун онож бичсэн байдаг.

Өрсөлдөгч чинь чамаас ухаантай, чадвартай байж болно. Харин чи тэднийг ялан дийлэхийг хүсвэл тэднээс илүү тууштайгаар хөдөлмөрлөх ёстой. Тууштай хөдөлмөрлөх бүрт бид туршлага хуримтлуулна. Суулгасан туршлага бүр маань тэр зүйлд мэргэшүүлдэг учиртай. Өнөөдрийн хийж буй жижиг үйлдлүүд, гаргаж буй жижиг шийдвэрүүд тань аажимдаа хуримтлагдсаар ирээдүйд танд том үр дүнг гарцаагүй авчрах болно.

Амжилтад хүрсэн ч үргэлжлүүлэн тасралтгүй хичээсээр байх нь амжилттай байх цорын ганц зам. Ус цельсийн 100 градуст хүрч буцалдаг шиг өнцгөөр тэд амжилтыг харах дургүй. Амжилттай байна гэдэг нэршил нь тухайн цаг мөчийн асуудал. Амжилт гэдэг нь нэгэнт зүүсэн бол насаараа энгэрт хадаатай байдаг олон медаль биш, дүүргэх ёстой хувин биш. Харин үргэлжид бадамлан асах ёстой гэрэлт бамбар.

  • Нэг дор бүү огцом их үр дүнг хүлээ. Тогтмол үр дүнг шүт. Та хурдтай урагшилж болно. Удаан урагшилж болно. Харин зогсолт таны сонголт хэзээ ч байх ёсгүй. Мөлхөхөөс бүү ай. Тэг зогсолт хийхээс ай. Алгуурхан урагшлах нь хөдлөлгүй урагшлахаас ямагт илүү. Таны өдөр тутамдаа давтаж буй энэ жижигхэн үйлдлүүд чинь нэмэгдэж хуримтлагдсаар нэг л өдөр том өөрчлөлтийг дагуулах болно.

Магадгүй таныг өдөрт 20 минут дасгал хийлээ гэж хэн ч хүзүүнд чинь алтан медаль зүүхгүй байх.

Таныг өдөрт таван хуудас ном уншсанд хэн баяр хүргэж алга нижигнүүлэн ташихгүй.

Таны орлого бүрээсээ арван хувийг хадгаламжийн дансандаа хийлээ гэж Форбс дээр нийтлэл гарахгүй нь лавтай.

Таныг өдөрт 20 үг цаасан дээр бичлээ гээд хэн ч гарын үсгийг тань авъя гэх хүсэлт тавихгүй.

Гэхдээ мянган бээрийн аялал нэг л алхмаас, тоолж барамгүй их хөрөнгө нэгхэн центээс, олимпын дээд амжилт эхний өдрийн бэлтгэлээс эхэлдгийг сана.

Нэгхэн өдрийн эрүүл хооллолт чамайг эмчлэхгүй ч, насан туршийн эрүүл хооллолт чамайг хорт хавдраас сэргийлж чадна.

Нэг өдрийн дасгал хөдөлгөөн нас нэмэхгүй ч, насан туршийн дасгал хөдөлгөөн амьдралыг чинь 10–15 жилээр уртасгана.

Сахилга батгүй аваас чи яг л дээрх шиг фитнест явсан ч жин нэмэх болно. Сахилга батгүй бол чи баруун гараараа сая долларын орлого олсон ч зүүн гараараа сая долларыг хэрэгцээгүй зүйлд үрэх болно. Сахилга батгүй бол чи хайртай хүнээ зуун удаа баярлуулавч зуун нэгэн удаа гомдоох болно. Гал эрмэлзэл чинь чамайг шагнавч сахилга батгүй байдал чамайг торгож дөнгөнө. Шаргуу хөдөлмөр чамайг нэг алхам урагшлуулах боловч сахилга батгүй байдал чамайг хоёр алхам ухраана.

Сахилга бат нь салхи хажуугаас хүчтэй шуурах үед үргэлжлүүлэн урагш алхсаар байх чадвар. Сахилга бат бол чи дуртай дургүй-гээсээ үл хамааран өөрийн зорилтот ажлаа хийсээр байх чадамж. Өөрөөр хэлбэл сахилга бат гэдэг нь богино хугацааны таашаалаас татгалзаж, урт хугацааны төлөвлөгөөгөө баримталсаар үлдэх үнэнч зан. Сахилга бат бол чи өөрийн дур хүсэлтэйгээ хийж буй дуусашгүй дайн. Мөрөөдөл чамд гэрийн даалгавраа хийхийг сануулавч хүсэл чинь унтаж нойрсохыг ятгана. Зорилго чинь эрүүл гоолиг байхад чиглэвч хүсэл чамд шарсан амтат тахианы үнэрийг үнэртүүлнэ. Ухаан чамд бусдын хэлснийг анхааралтай сонсохыг зөвлөвч хүсэл чиний чихэнд хэрүүлийн үг шивнэнэ.

Энэхүү номын гол санааг товчилбол:

Тухтай бүсээсээ гарч, бусадтай хамт олон болж, тууштайгаар өөдөө тэмүүл, хөдөлмөрлө!

2020.06.28

--

--