Эдгэрэл

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
2 min readMar 13, 2020

Шүлгийн түүврийг ширээний номоо болгодог хэр олон хүн байдаг бол?

Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн “Эдгэрэл” хэмээх шүлгийн түүвэр нь түүний хоёр дахь шүлгийн ном. Түүний хувьд “шүлэг гэдэг илэрхийлэл болохоос элэрхийлэл биш, наминчлал болохоос тунхаглал биш, тайтгарал болохоос ялалт биш”.

Дээрх блогт дурдсанчлан надад бичихийн сайхныг мэдрэх ташуур болсон хүн бол яалташгүй энэ эмэгтэй. Тийм ч болоод унших бүрт надад “ЭДГЭРЭЛ” мэдрэгддэг, урт амьсгал авах боломж гардаг.

Уран зохиол урлагаар дамжуулж өөрийгөө эдгээх, бусдад эдгэрлийг түгээх боломж юм.

Ингээд та бүхэнд эдгэрлийг түгээж байна. Бүрэн эхээр нь унших боломж мэдээж эх хувилбар номоос нь шүү дээ…

Чамд зориулж би гэзгээ уртаас урт ургуулсан

Цааш эргээд алхчихвал зуураад үлдээх олс болог

Чамд зориулж би сэтгэлээ угаар нь тайрсан

Цаашид түүгээр хэн ч дээс эргүүлж бүү тоглог

Дүр эсгэж

Эсгэснээ эвтэйхэн зүйж

Эвлүүлэн оёж

Энд тэнд явахдаа

Ээлжлэн зүүж

Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан

Угтах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч

Бие биеийнхээ эсгэсэн дүрийн уран нарийныг

Биширч, халуунаар тэврэлдэн салаад…

Жаргаж явахдаа хааяахан гаргаж харж баймаар

Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа

Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог

Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ.

Зад татаад гараад ирмээр энэ аймшигтай бүхнийг

Хав дарж, хана хэрэм мэт бат оршиж

Цэх сууж, шархиртал инээмсэглэж, дуугаа хурааж

Цэг таслал хоёрын дундах хоосон зайд амьдар нам

Ээжээ, би гарч тоглож болох уу?

Энэ амьдралаас гарч тоглож болох уу?

Гарч тоглож болох уу? энэ амьдралаас

Гараа татаад авчхаж болох уу?

--

--