2-р сард уншсан 4 ном

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readMar 3, 2019

1. THE STORIES OF TEA

Цайны түүх

Цайны соёлыг таних нь угтаа Хятадын түүх соёлыг таньж мэдэхийн эх үндэс гэхийг сонсоод мөн кофеноос завсарлага авах хүсэлтэй энэхүү номыг уншсан. Яахав хүлээлтийг давж чадаагүй ч цайтай холбоотой шүлэг, хэлц үг, дуу, уран зураг,оньсого, ёслол болон түүний тансаг хэрэгслүүд яагаад бий болох болсон тухай өгүүлнэ. Харин цайны ач тусыг нарийн тайлбарласан уу? гэвэл үгүй юм.

Мөстлөгийн үеэс бий болсон цайны мод бут газарзүйн онцлогоос шалтгаалан Хятадын баруун урд бүст илүү тархмал болсноор Хятадаас цайны түүх эхэлнэ. Анх харц ардын ундаа байсан цай яваандаа дээдсийн хэрэглээнд шилжиж, улс орон хоорондын гэрээ хэлэлцээр хийх явцад нөлөөлөхүйц хүндэтгэлийг илэрхийлэх зүйл болжээ. Цайтай холбоотой хэлцүүд тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдлыг илтгэнэ. Цай нь тухайн үеийн хар тамхи мэт санагдлаа. Дээдсийн хэрэглэдэг сайн чанарын ховор ургадаг цайг нууцаар үнэд хүргэн зарах арилжаа хүртэл байсан. Үүнийхээ төлөө ял шийтгэл хүлээнэ.

Дээр дурдсанаар цайнд зориулсан оньсого байдгийг энэ номноос л мэдлээ.

Модны мөчрөөс мэндлэвч хүний гэрт мөхөөд, усанд ормогцоо дэлбээлнэ.

2. THINK LIKE ZUCK

Дэлхийг холбохыг хүссэн залуу Марк Зукербергийн бүтээсэн ертөнц FACEBOOK

Энэ номонд “Дэлхийг холбож буй Facebook” хэрхэн бүтсэн, 1 тэрбум хэрэглэгчтэй болоход нь юу нөлөөлсөн тухай 5 бүлэгт дэндүү сонирхолтойгоор биччихэж. Энэ ном яагаад Интерномын бэстселлер хэсэгт тавигдаагүйг ойлгохгүй юм. Үүнийг заавал унш. Та ажил хийдэг л бол, ирээдүйд ажилчин ангийн гишүүн болох л бол үүнийг унш.

Маш товчхон онцлогуудыг нь дурдъя. Гэхдээ бүгдийг нь юу ч үлдээлгүй онцолмоор л байна.

  • Facebook гэхээр л Марк Зукерберг л бодогддог байлаа. Үгүй байж ээ… Одоо бол Шэйрил Сандберг гэх эмэгтэйг санах болно. Яагаад гэдгийг уншаад мэдээрэй. /Алдарт LEAN IN номын зохиолч/
  • Ганц FACEBOOK бус дараах компаниудын гайхалтай түүхийг унших боломжтой. Хүмүүст инээмсэглэл, аз жаргалыг түгээдэг “College Humor”, Нэг гутал худалдан авах бүрт дахиад нэгийг сайн үйлсэд хандивладаг “TOMS”, Бүх ажилчид нь ажилдаа хайртай 100% сэтгэл ханамжтай байдаг “Threadless”, Ажилтан бүрийнхээ хүсэл мөрөөдөл, хүч чадлыг ойлгодог “Zappos”
  • Эрээн далд бяцхан шувуунаас суралцах удирдлагын 10 нөхцөл
  • Зукербергийн ажлын хэв маяг
  • Байгууллага компани гэдэг дуртай дургүй ирж хуруугаа дараад нойрмоглон гардаг газар бишийн тухай.

The risking thing is to take no risks.

3. The life-changing magic of tidying up Marie Kondo

Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид

Энэ номонд зүгээр нэг хувцсаа эвхэх, эд зүйлээ янзлах тухай бичээгүй. Хурааж далд хийхээс илүүтэй өөрт болон бусдад хэрэгтэй эд зүйлс худалдан авах, хэрэгцээгүй буюу өөрийн чинь сэтгэлийг хөдөлгөж чадахгүй байгаа зүйлсээ хаях, хамгийн сүүлд нь ангилан хураах тухай гарна. Гэхдээ энэ бүхнийг нэг дор, богино хугацаанд бүрэн гүйцэд хийхийг ягштал бичсэн.

Яагаад бид хувцсаа хэвтээгээр нь дээр дээрээс нь давхарлаж эвхэж болохгүйг,

Яагаад бид оймсоо бөөрөнхийлж хийхгүйг,

Хэзээ нэгэн цагт хэрэглэнэ, уншина, өмсөнө гэсэн зүйлсэд хэзээ нэг цаг ирэхгүйг жишээгээр батлан, тайлбарлан бичжээ.

Эд юмсад сэтгэл зүрх гэж байдаг бол тэд шүүгээнд хаягдсан байдалтай байхдаа яагаад ч байрлахгүй.

4. HOW TO BECOME A UNIQUE DENTIST

Яаж бусдаас онцгой шүдний эмч болох вэ?

Энэхүү ном сурч буй мэргэжлийн минь салбартай холбоотой болохоор тусад нь бичлээ. Уншихыг хүсвэл энд дараарай.

Баярлалаа ❤

--

--