3-р сард уншсан 4 ном

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
4 min readMar 30, 2019
Хичээл ажлын хажуугаар #ДолооХоногтНэгНом #ӨдөрбүрНэгКино үзсээр 3 сар боллоо. Одоо л энэ хэв маягт дасаж байх шиг байна. Энэ сард уншсан номуудыг хэдхэн үгээр тодорхойлбол ЭРХ ЧӨЛӨӨ, ЭМЭГТЭЙЧҮҮД, БИ+Д. Яагаад гэдгийг доор хүүрнэе.

1. LEAN IN

Алдарт LEAN IN буюу Өөдөө тэмүүл номыг дахин уншлаа. Уг нь 3 жилийн өмнө уншсан ч тод санах зүйл байсангүй … Тухайн үед юу ойлгосон юм бол доо?

Бүгд л амжилтанд хүрэхийг хүсэж, түүний төлөө ямар нэг зүйлийг золиослох шаардлагатай болсоор байна. Юуг ч золиослох шаардлагатай болсон гэр бүл, хайртай бүсгүй/залуу, найзууд чинь л биш. Бид нэг нэгээрээ явсаар амжилтанд хүрнэ гэдэг үлгэр. Тэр тусмаа эмэгтэйчүүд төгс зүйл хийхийг хүсэж , хэтэрхий их бодсоор цаг хугацааг алдаж байна. Эмэгтэйчүүдийг бодож байх хооронд эрэгтэйчүүд хэдийн өөрсдийн сэргэлэн занг ашиглан өөдөө тэмүүлж байна. Эмэгтэйчүүд БИ бус БИД гэсэн сэтгэлээр бие биендээ тусалж, эрэгтэйчүүдийг үүнд татан оролцуулах хэрэгтэй. Хүйсийн ялгааг биологийн хичээл дээр л гарга. Амьдрал, бизнес карьерт л лав биш. Хүүхэд төрүүлж, хүүхдүүдээ өсгөх гэх биологийн бичигдээгүй хууль бидэнд бий ч бүхнийг амжуулна гэж итгэж, өөрсдийгөө орхигдуулж болохгүй ээ. Бүх зүйл санаснаар бүтнэ гэж найдаж хүлээх нь урам хугарахын эхлэл. Үүний оронд дэс дараалалтайгаар эмх цэгцтэй хий. Эрх тэгш дэлхийд хүн бүр эрх тэгш эрхтэй. Эмэгтэйчүүд бидэнд өөртөө итгэх итгэл, зориг л дутаад байна. Гэхдээ бас итгэл, зориг байгаад өөдөө тэмүүлэхэд чинь туслах хамтран зүтгэгч байхгүй бол урагшаа л явна. Өөдөө бус…

Тиймээс хүмүүсээ бие биенийхээ жинхэнэ хүсэл сонирхлыг олоход тусалж, хамтдаа зогсолтгүй өөдөө тэмүүлцгээе

2. БҮСГҮЙН КОД

Улаан өнгийн үсний боолт хүртэл хэн нэгний код болж байна. Надад ямар нэг код байдаг болов уу? гэх бодлыг хэдэн өдөр толгойд минь суулгасан ном.

Орчин цагт хүмүүс хэтэрхий завгүй болсон. Бүр хүн хүнээ хайрлахаа больтлоо завгүй болов. Тэд цаг хугацаагаа чухам юунд зарцуулагдаад байна вэ? Эмэгтэйчүүд бол өөртөө итгэх итгэлийг олно гэж суусаар, шийдвэр гаргаж алхам хийхийн оронд шүүмжлүүлэхээс айж хойш алхсаар цаг хугацаагаа үр дүнгүй өнгөрүүлж байна. Хэтэрхий нэг зүйлд бүхнээ зориулж, бодлогоширч, гуниглаж, гутарч суух чинь байнга ирэх бэрхшээл бүрт бууж өгөхийн нэр. Ямарваа нэг зүйл бидний шандсыг шалгасаар л, ирсээр л, ирсэн шигээ буцсаар л байх болно. Ойр дотно хүмүүс тань тэнгэрт одно. Гал халуун хайр дурлал ч төгсөж болно. Итгэж байсан найзууд ч орхиж магадгүй. Одоогийн ажлаасаа ч халагдах боломжтой. Энэ бол амьдрал. Амьдрал үй олон гайхамшигтай баяр жаргалыг бидэнд амсуулдаг ч гашуун нясуун зовлонгоо аманд цутгахаа хэзээ ч мартахгүй. Үүнийг хүн бүр хэзээ нэгэн цагт ойлгох л болно. Гэвч үсэн буурал болсон хойноо л ухаарвал дэндүү харамсалтай.

Үнэнч хүмүүстэй нөхөрлөж, уйтгар гунигаас илүүтэйгээр инээд хөөрөөр жигүүрлэж, өрөөлийг удирдан залахдаа хайраар зэвсэглэж байгаарай.

3. ХУРЛИЙЗ БҮСГҮЙ

Хоёр зууны тэртээх алс өрнөдийн үзэмжит байгаль, ахуй амьдрал, боолчлол, нийгмийн аж байдлыг өгүүлнэ.

Хайр гэх ч зүйл хайрыг эрхэмлэдэг хүн бүрт бэрхшээл бэлдэж, түүнийг даван гарах эр зоригийг нь өгдөг. Гэвч хүн бүр үүнийг давж гардаггүй. Харин Эдвард бол чадсан. Хэн нэгнийг хайрлан энхрийлэх эрхтэй ч боол бүсгүйг гэргийгээ болгох эрхгүй нийгэмд Эдвард боол бүсгүйтэй гэрлэсэн. Гоо үзэсгэлэнт боол бүсгүйн мэргэн ухаан бас тэвчээр нь аз жаргалтай төгсгөлд хүргэнэ.

Шаналсан зүрхний шархыг эдгээхэд цаг хугацаанаас илүүтэй хайраа өгсөн хүнийх нь халамж нөхөрлөл тусална.

4. THE DIARY OF ANNE FRANK

Амьд л гарвал, цаашид амьдрах л юм бол сурч боловсрох, хийж бүтээх агуу их зорилготой, зорилгодоо хүрэх зоригтой 15 настай охины өдрийн тэмдэглэл өдгөө 60 хэл дээр орчуулагдан, 20-р зууны шилдэг номуудын нэг болсон. Магадгүй та хэдийн уншсан байх. Гэхдээ дүү нартаа заавал уншиж өгөөрэй. Гэгээн сайхан ирээдүйд итгэж, хорвоо ертөнцийг таних, аливаад бусдын үгээр бус өөрийнхөөрөө хандах гэж тэмүүлэхийн бодит жишээг хуваалцаарай.

Амиа хорлолтоороо дэлхийд 3-р байранд орж буй манай улсын иргэдийн өнөөгийн сэтгэл зүйн уналт 15хан настай хорих лагерьт хоригдож байсан Анне охиныхоос ч долоон дор гэж үү дээ…

Because paper has more patience than people.

4-р сард 5 ном уншина аа… Хамтдаа уншиж болно шүү. Нэгдээрэй. #ӨөрийнхөөТөлөө 52 долоо хоногийн аян ❤️

Гэхдээ л фб, инстаграмаа шалгах цаг гараад л байна шүү. Баяр цэнгээн дуусч одоо нэг жигдрэх юмандаа орох байгаа? 😅

--

--