4-р сард уншсан 4 ном

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readMay 1, 2019
5 ном уншихаар төлөвлөж байсан ч…

1. Лан Шэнь Пин “Баян хятад орон, ядуу хятад иргэн”

Энэ номыг уншиж байхад яагаад ч юм ирээдүйн Улаанбаатар хот, Монгол улс маань юм шиг санагдсан. Хятад ажилчдын бага орлого, хоол хүнсний аюултай байдал, хөрс болон усны бохирдол, боловсролын тогтолцоо, эрүүл мэндийн тусламжийн хүртээмж гээд л хятад иргэдэд тулгарч буй бүх асуудал өнөөгийн Монгол улсад маань тулгараад эхэлчихсэн мэт… Эдгээр асуудлыг дурдаад өнгөрөх бус Япон, Америк, Итали, Герман гэх мэт бусад орнуудад хэрхэн шийдсэн гарцыг өгүүлсэн нь таалагдлаа.

Хятадад болсон Меламинтай хуурай сүүний хэрэг, хаягдал тосыг шинэ мэт үйлдвэрлэх сүлжээ, Баван шампунь болон Юнань шүдний ооны хэрэг гээд л хүн чанаргүй амиа бодсон этгээдүүдийн хийсэн хэргийн үнэн мөрийг болоод ямар арга хэмжээ авбал зохистой байсныг бичсэн нь сонирхлыг тань түрүүлэх биз ээ. Хогонд дарагдсан хот бүлгийг тогтож уншаарай.

“Өмнөх хүний алдааг өөрийн сургамж болгоно” гэдэг үгийн үнэ цэнийг ухаарахгүй л байх шиг…

2. Duncan Clark “Alibaba The house that Jack Ma built”

Түүнд баян аав, баян нагац байхгүй. Тэр хэзээ ч гадаадад сурч байгаагүй. Тэр өөрийгөө 100% Хятадын бүтээгдэхүүн гэж хэлдэг. Одоог хүртэл интернетийн талаар, код бичих талаар хангалттай мэдлэггүй Жек Ма хэрхэн Хятадад болоод Дэлхийд танигдсан шилдэг компанийг бий болгосон талаар энэхүү номонд гарна. Ямар ч мөнгөгүй, ямар ч технологигүй, ямар ч төлөвлөгөөгүй эхэлсэн Алибабаг бий болгох их үйлс нэг зорилготой нэг баг болж чадсан БАГ ХАМТ ОЛНЫ хүч гэж тодорхойлмоор байна. Үүний цаана агуу их итгэл, үнэнч зан бий. Хэдэн зуун асуудал тулгарсан ч хэзээ ч зогсоогүй, больё гэж хэлээгүйн шалтгаан мөн л ХАМТ ОЛНЫ ХҮЧ байх. Хэрвээ надад асуудал байгаа бол өөр нэгэнд бүр хэцүү асуудал бий. Хүнд үед сэтгэлээр унаж доош суух бус тэсэж үлдэж чадна гэдэгтэй итгэ. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Ирээдүйн талаар зурсан зураг, төөрөг ч гэж байхгүй. Харин бид өөрсдөө л ирээдүйг бүтээдэг. Сүүлийн 15 жилийн турш Хятадыг өөрчилж, дэлхийтэй холбосон гүүр болсон Алибаба ирэх 15 жилд Дэлхийг өөрчлөх юу хийх нь сонирхол татаж байна шүү.

Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Ирээдүйн талаар зурсан зураг, төөрөг ч гэж байхгүй. Харин бид өөрсдөө л ирээдүйг бүтээдэг.

3. Ким Шин Ху “Жек Ма-гийн амжилтын нууц”

Дээрх номонд хамт олны хүчээр ажилтанд хүрсэн Алибаба-гийн талаар өгүүлсэн бол энэхүү номонд хамт олныг ХАМТ ОЛОН ШИГ бий болгосон Жек Ма-гийн тухай дэлгэрэнгүй бичигдсэн. Түүний амьдралын 12 хичээл танд сонирхолтой байна гэдэгт итгэж байна. Жек Ма-гийн энэхүү 2 номын аль нэгийг нь сонгон уншаарай.

Анхны хайртайгаа учирсан мэт хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн урагш давшаарай.

4. Elizabeth Gilbert “Eat, Pray, Love”

Бурхнаас өгч буй боломж мэт хувийн амьдрал нь уналтад орж, гүн сэтгэл гутралд автсан бүсгүйд аяллаар явах боломж гарна. Италид очиж Итали хэл сурахын хажуугаар хэрхэн биеийн жин, гадаад үзэмжээ үл хайхран идэх тухай, Энэтхэгт очоод хэрхэн ирээдүй гэгч яах нь үл мэдэгдэх зүйлийн төлөө санаа зоволгүй сэтгэлээ амгалан тайван байлгах тухай, Индонезод очоод хүсэн хүлээдэг байсан цагаан морьтой хан-хүүтэйгээ уулзаж буй тухай өгүүлнэ. Уншихад алдах юмгүй, онолттой ном хэдий ч ямар ч номын бурхан шашинтай хэсэг миний сэтгэлийг үл татна. Мөн романтик төгсгөлд дуртай хүний сэтгэлийг гонсойлгох төгсгөл байлаа…

Шинэ төрсөн хүүхэд эхийгээ яаж ч эцэс төгсгөлгүй ядрааж байлаа гэсэн ээж нь аз жаргалдаа умбаж байдгийн адил аялал намайг жаргалтай болгодог.

--

--