5-р сард уншсан 5 ном

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
4 min readMay 29, 2019

1. Paulo Coelho “The Alchemist”

Санаж явахад бүтнэ. Сажилж явахад хүрнэ” гэх хэлц үгний тод жишээ ном. Бид ямар нэг зүйлсийг тодроо хүсээд л мөрөөдөөд л явдаг. Зарим нь “The Secret” номын жишгээр байнга төсөөлж, бичиж, зурж, нааж хаддаг. “Хэрвээ чи ямар нэг зүйлийг үнэхээр хүсвэл түүндээ хүрэхэд чинь бүх ертөнц тусалдаг юм” гэх алдар өгүүлбэрийн үнэн болохыг би ч мөн баталж байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд “тэгэх юмсан, тэгэх болно, тэгнэ дээ” гэж дотроо хадгалсаар, бодсоор түүндээ бэлдэж бичиж эхэлсэн. Удахгүй эхний үр дүн нь гарах гээд байна. Би ч бас Алхимич шиг Пирамидад хүрэхийг хүссэн. ❤

2. Carol Dweck “Mindset: The New Psychology of Success”

Энэ ном эхний хуудаснаасаа сүүлийн хуудас хүртлээ ХЭВШМЭЛ СЭТГЭЛГЭЭ, ӨСӨХ СЭТГЭЛГЭЭНИЙ тухай бичсэн байгаа. Урлаг, спорт, бизнесийн салбар болоод сурагч, оюутнуудад тулгардаг тэр л хэвшмэл сэтгэлгээний тухай бодит жишээнүүдээр дүүрэн сонирхолтой хийгээд ЯАГААД ИНГЭЖ БОДОЖ БАЙГААГҮЙ ЮМ БОЛ? гэх асуултыг танд тавина. Номын төгсгөлийн хэсэгт төсөөлөн бодох жишээг оруулсан нь 7 бүлгийн турш юу ойлгосныг тань шалгана. Хамгийн гол нь танд авьяас гэх зүйл 1 % бүр 0 % ч байхгүй байхад АМЖИЛТ ТАНЫГ болох бүрэн боломжтой.

Чи хөдөлмөр, өөртөө үнэнч байдал, өсөх сэтгэлгээ гуравтай хамт байхад АМЖИЛТ ЧИНИЙХ.

3. Rachel Hollis “Girl, Wash Your Face”

Эмэгтэй хүн гэдэг амьдралынхаа аль нэг үед эндүү бодлын золиос болох нь бий. Яг үнэндээ хэт их буруу мэдээллээс болж залхсан байх нь элбэг. Чухамдаа бид төгс харагдаж, төгс сэтгэж, төгс ярьж чадахгүй л бол бууж өгөхөөс сонголтгүй нийгэмд амьдарч байна.

Та хүчирхэг, эр зоригтой бас дайчин нэгэн

Хүлээлтээсээ бага зүйлд бүү хана!

Хэрээс хэтэрсэн зүйлд мөнгөө бүү үр!

Дургүй хүмүүстээ сэтгэгдэл төрүүлэх гэж бүү хичээ!

Эргэлзээ, бухимдлаа залгих бус гарга, илэрхийл!

Зүгээр нэг хүсэж мөрөөдөөд суух бус харин үйл хээг болгохын төлөө өдөр бүр хичээх нь чухал. Хэрвээ чи өнөөдөр энд байгаагүй бол алдах байсан бүхий л зүйлсээ нэг төсөөлөөд үзээрэй… гэх мэт урам зориг өгсөн, бодрол хайрласан хэсгүүдийг уншаад нүүрээ угаамаар санагдана шүү.

Таны амьдрал нэг гайхалтай газраас нөгөө гайхалтай газарт очих аялал болохоос нэг газраа л эргэлддэг морин тойруулга биш.

4. Elie Wiesel “Night”

<Аав битгий олдоосой. Надад лай болж байгаа тэр зовлогыг чирч явахгүй, зөвхөн өөртөө л санаа зовж, байгаа жаахан хүч чадлаа амьд үлдэхийн тулд зориулсан юмсан> гэх нүгэлт бодол хэнд, хэзээ ямар үед илэрнэ гэж бодож байна даа. Хүн төрөлхтний дотор нуугдах аймшигт араатан сэрсэн үед л илэрнэ. Мөн энэ араатан сэрсэн үедээ ачааны машин дүүрэн нялх хүүхдүүдийг гал зуух руу шидэж, галд хэрхэн шатаж орилж, чарлаж буйг сонсож таашаал авна. Энэ бүх үйл явдал дэлхийн түүхэн болсон. Тийм ээ таны бодож буй зүйл мөн. Еврей үндэстнийг ингэж л хөнөөж байсан. Энэ номны дэргэд “THE DIARY OF ANNE FRANK” ном гэрэл гэгээтэй мэт… Нобелийн энх тайвны шагналт бүтээлийг уншихгүй байхын аргагүй. Уншаад хөмсгөө атируулан, амиа алдагсдын өмнөөс гашуудахгүй байхын аргагүй. Бүх хүн төрөлхтний заавал унших ном мөнөөсөө мөн билээ.

/UNREAD-н азтан болж энэхүү номыг бэлгэнд авсандаа ТАЛАРХАЖ буйгаа илэрхийлэх нь зүйтэй болов уу/

Here there are no fathers, no brothers, no friends

5. А.Пүрэвмаа “Манго жимстэй цай”

Энгийнээс доогуур, доогуураас алд дэлэм дээгүүр амьдралтай Лянхуй болон түүний найзууд Юна, Мика, Шувуу нар нэг л зүйлийн төлөө бие биенээ олон нөхөрлөсөн. Хэн хэн нь элэг бүтэн амьдрахыг, үр хүүхэдтэй байхын жаргалыг эдлэхийг хүснэ. Үүний тулд амьдралд нь тулгарч буй ээдрээт асуудалд хэрхэн хандаж, хэрхэн шантарч бас дээш тэмүүлж буй тухай өгүүлнэ. Үүнийг уншаад та нэг л хүнтэйгээ насан туршдаа хамт байж, манго жимстэй цай уунгаа хүүхдүүдийнхээ тоглож наадахыг, эрүүл энх өсөж буйг харахыг хүснэ.

--

--