6-р сард уншсан 4 ном

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
4 min readJul 22, 2019
Хожимдсон ч гэсэн та бүхэнд өөр өөр ертөнцийг илэрхийлэх 4 номын тухай танилцуулъя ❤

Л.Өлзийтөгс “Хотын үлгэрүүд”

Цонх ганцаардлаас гаралтай. Хүмүүс нэг нэгэнгүйгээр амьдарч чаддаггүй ч нийтээрээ бас амьдарч чаддаггүй. Тиймээс гоёмсог байшин барьж өөрийгөө тусгаарладаг ч өөр бусдыгаа харах гэж цонх бүтээжээ.

Нэг л өдөр тэр мөнгө зорилго нь биш болсныг ухаарсан юм. Тэр өөрийг нь жаргалтай болгож буй ямар нэгэн хайрын ачаар, өөрийг нь хүчтэй болгож буй ямар хүндхэн үүрэг хариуцлагын үрээр, өөрийг нь хүн шиг хүн байлгаж буй бусдын итгэл найдварын хүчээр л мөнгө олж буйгаа гэнэт мэдсэн билээ. Өөрийг нь л үгүй бол сүйрч мэдэх гурвын гурван амийн төлөө тэр амьдарч эхэлсэн нь, тэдний төлөө л ядарч зүдэрч, тэмүүлж, зовж буй гэдэгтээ итгэх нь нэн сайхан, юутай ч зүйрлэшгүй дээд, тийм ээ, дэндүү ариун сайхан байжээ.

Энэ мэт уран гоё дүрслэлийг шингээсэн өгүүллэгүүд хотын үлгэрт оршино.

Хэктор Гарсиа, Францез Мираллэс “Икигай”

Гол утга санаа: Маш товчхондоо бол “Япончуудын урт удаан, жаргалтай амьдралын нууц”-уудын тухай.

Хэн уншвал зохистой вэ? 12 ба түүнээс дээш насныханд тохиромжтой.

Уншигч миний сэтгэгдэл: Ёстой урт удаан, жаргалтай уншсан ном байлаа даа. Эхний бүлгүүдийг 2 ч удаа давтан уншлаа. Ном уншингаа дасгал хийлээ, иог ч хийх гэж үзлээ. Угаас энэ дэлхийд хүн болж ирсэн юм чинь алдсан ч оносон ч утга учиртай амьдарч байгаад үхэх туйлын үнэнийг хэрхэн урт удаан бөгөөд аз жаргалтай туулах тухай супер настангуудын ярилцлага, зөвлөгөө, бүр идэх хоол хүнсийг бичсэн нь ихэд таалагдлаа. Икигай нь “Ямагт завгүй байхын жаргалан” гэсэн утгатай бөгөөд зүгээр л идэж, уугаад, унтаж, хэвтээд байсан ч завгүй бөгөөд жаргалтай байхын чухлыг тайлбарлажээ.

Үй Хуа “Амьдрахуй”

Гол утга санаа: Зохиолч Үй Хуа шүдний эмч мэргэжилтэй. Тусгай багажаараа хорхойтой шүдийг суга татаж орхидог шигээ хүмүүний дотор буй зангирсан зүдгүүр зовлонг ч туужийн гол дүр Фу Гүйтэй хамт гэтэлгэн илааршуулах бөлгөө. Зовлон зүдгүүр хүнийг хайр найргүй талхисаар эцэстээ амьдралын утга учир, зорилго, үнэт зүйлс гээд цөмийг мартууллаа ч гагцхүү “Чи амьд байгаа шүү” хэмээн ахин дахин аргадан сануулсаар…

Хэн уншвал зохистой вэ? 12 ба түүнээс дээш насныханд тохиромжтой.

Уншигч миний сэтгэгдэл: Залуу насны ааг омгын тун нь ихэдвэл хор болдгийг, жаргал даахгүйн зовлон гээчийг зохиолын гол дүрд дэндүү дэндүү даанч дэндүү ихээр тохчихсон. Солонгос кинонд нэг хүнд бүх зовлон зүдгүүрийг амсуулж амсуулж сүүлийн анги дээрээ жаргаадаг шиг… Гэвч арай ч дээ. Хурдан дуусаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн яагаад гэвэл дэндүү зовоолоо ш дээ. Болоо ш дээ гэмээр… ямар харгис хэрцгий өршөөлгүй, энэрэнгүй бус хорвоо вэ?

Франсуаз Саган “Сайн уу, Гуниг минь”

Гол утга санаа: Зохиолчийн 18 насандаа бичсэн анхны бүтээл нь болсон энэхүү романд хүн бүр өөр өөрийн замаар замнаж, өөр өөрийнхөө хүслийг даган урагшилдаг ч захгүй амьдралын хаа нэгтээ тэрхүү зам огтлолцдогийг дүрүүдийн ааш араншин, эрээ цээргүй үйлдэл, инээд наргиатай уур амьсгал, гунигт эргэлтээр илэрхийлсэн.

Хэн уншвал зохистой вэ? 12 ба түүнээс дээш насныханд тохиромжтой.

Уншигч миний сэтгэгдэл: Аз жаргалд бялхсан 17 настай охин, дөч шүргэж яваа аав болон түүний амрагууд…

Амрагууд гэхээр ойлгоно биз ээ… хагас жил болоод л амраг бүсгүйгээ сольдог аавынхаа занд хэдийн дассан өсвөр насны охины анхны дурлал, сэтгэл хөдлөлийн тухай болоод ямар ч дүрэмгүй амьдрах гэрийнхээ уур амьсгалыг аавынхаа амрагт эвдүүлэхгүй гэсэн заль, арга мэхнүүд нь эцэс сүүлдээ гунигт өдрүүдийг авчирна. Бидний өсвөр насны бодлууд тухайн үедээ зөв мэт, цор ганц гарц, үнэн мэт санагддагтай адил Сесилийн ухаангүй үг, үйлдлүүд ар араасаа хөвөрнө. Гэвч амсаж байж, туулж байж ойлгодог, мэдэрдэг энэ ухаарал гээч зүйл ямагт 2 талтай. Ухаарч дээ гэж баярлах баясал, тэгэхгүй яах даа гэх харуусал.

1-р сард уншсан 6 ном

АВТУУС БА АМЬДРАЛ аудио ном

--

--