UNPLUG 2022 | BE REAL | БОДИТ БАЙХ ТУХАЙ

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
4 min readNov 26, 2022

Одоо цагт оршиж буй өөрийн болон нийгмийн сайн мууг хүлээн зөвшөөрч, өчигдрийн үр бүтээмжээ өнөөдөр 1%-р нэмэгдүүл! Үүнийг насан туршдаа давт!

Бүгдээрээ сайн уу? Бүхэл бүтэн 4 сарын дараа блог хуудаснаа салхи оруулж байна. Урам зориг өгдөг UNPLUG арга хэмжээнд явсан гэсэн шиг блог бичих гэж байна. Энэхүү нийтлэл Medium-д орохоос гадна www.postby.mn дэх миний хаяг дээр давхар орж байгаа. Гоё юм нь юу гэхээр хэрвээ та нарт энэ нийтлэл таалагдаад, хэрэгтэй мэдээлэл өгсөн бол талархсан сэтгэлээ илэрхийлж болдог. Ороод үзээрэй! ^^

Заа эхэлье!

2022 оны 11-р сарын 26-ны өдөр UNPLUG | BE REAL арга хэмжээнд оролцогчын хувиар очиж, үзэж сонирхлоо. Оролцогчын хувиар гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 2018 онд “блоггер”-ийн хувиар оролцож, хүмүүсээс ярилцлага авч блог бичиж байсан. 2019 онд “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр” номын танилцуулгыг хийхэд туслаад маркет хэсэгт ажилласан. Тогтвортой сууж илтгэлүүдийг бүрэн сонсож үзээгүй болохоор энэ удаа жинхэнэ оролцогч шиг оролцлоо.

Ямар албан тушаалтай, туршлагатай, хэн гэдэг эрхэмүүд илтгэл тавьсаныг уншигч та UNREAD-н фб-с олоод харчих байх. Харин би энэхүү блогт миний ой тойнд бууж, утасныхаа note дээр тэмдэглэсэн илтгэгч нарын хэлсэн зүйлсийг, өөрт тохиож буй үйл явдалтай холбон эмхэтгэн хүргэе!

1. Тухайн үеийн цаг хугацааг үнэ цэнэгүй мэт бодож буй хүмүүс удаан байдаг буюу цаг төлөвлөлтгүй ажилладаг.

2. Хүнээс байхгүй зүйлийг нь нэхээд, хүсээд ашиг тусыг олохгүй тул өөрөө өөртэйгөө ажиллаж зарим үед ганц хүн гал болж болохыг хар.

3. Хэн нэгэн болон аливаа үйл хэргээс өндөр, эерэг хүлээлт хүсэхгүй байх нь өлзийтэй сайн.

Миний мэргэжил бол шүдний их эмч. Надад цаг төлөвлөлт маш чухал. Мэргэжлээс үл хамааран бүх хүнд л чухал баймаар байв ч зарим хүнд нь тийм биш байдаг. Хамт олонтой болсноос хойш хамгийн их хэл ам хийж, асуудал үүсгэж байгаа зүйл бол “цаг” юм аа. Хамт ажилладаг 3–5 жилийн туршлагагүй гэх эмч нарыг цагтаа ир гэж хэлснийхээ төлөө би “амьдралын хар цагааныг ойлгодоггүй нэгэн” болсон. Хүнд жаргал зовлонгийн аль нь ч тохиолдолд хааяа нэг хоцрох, хэлсэн ажлаа цагтаа хийхгүй байж болох ч БАЙНГА тийм байна гэдэг бол ШАЛТАГ гэж боддог. Хүүхэдтэй байсан ч гэр бүл, ажлаа зохицуулаад амьдарч буй олон хүмүүсийг мэддэг болохоор тэгдэггүй хүмүүст нь шаардлага тавьдаг. Гэтэл өөдөөс “Чи удахгүй амьдрал зохиогоод, зах цухсаас нь мэдрээд ирэхээрээ ойлгоно” гэж хэлсэн. Энэ байдал нэг жил гаран үргэлжилсээр байгаа. Тэр хүмүүс ч цагаа барьдаггүй хэвээр, ажилдаа хоцорсоор, өглөөний үзлэгийн цаг авсан хүмүүс үүдэнд хүлээсээр, хүүхэдгүй амьдрал мэдэхгүй гэх би цагтаа ирж хамт хийх ёстой ажил үүргийн зүйлсийг ганцаар хийсээр… Энэ хүмүүст бол цаг хугацаа үнэ цэнэгүй байж магад, ажлаас илүү гэр бүл нь чухал байж магад, багаасаа цаг төлөвлөлт хийж сураагүй чадваргүй байж магад. Аль нь байсан ч үйл дадал болж хэвших хугацаа нь хэдийн өнгөрсөн тул үүнийг хүлээн зөвшөөрч ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭХГҮЙ БАЙХ НЬ НАДАД ӨЛЗИЙТЭЙ САЙН юм.

Дараагийн 4 санаа нь:

4. Хэтэрхий их аз жаргалтай байх нь залхуурлыг бий болгоно.

5. Зорилго дуусахаар буюу өөртэй ханах мэдрэмж төрж байгаа үеэс залхуурал бий болно.

6. Дуртай зовлонгоороо зовох нь аз жаргал.

7. Салхи салхилахгүй бол юмс хөдлөхгүйтэй адил стрессдэхгүй бол үйл бүтэхгүй.

Би их сургуулиа төгсөөд шууд эмчийн туслахын албан тушаалд ажилласан. Ковидын үе ч таарч цар тахлын үед ажилтай байгаадаа бараг баярлаад тун чиг тайван 1 жилийг өнгөрүүлсэн. Хөл хорио харьцангуй сулрах үеэр гэнэт ухаарч дахин сурахгүй бол нэг хэмнэлд тухтай нь аргагүй удаад залхуу болсон байсан тул дахин суралцах шийдвэрийг гаргаж, ажлаасаа гарсан. Ингээд шүдний сувгийн эмчилгээ судлалын нарийн мэргэжлийн эмч болохоор анагаахын сургуульд 8 дах жилдээ суралцаж байна. Залуу мэргэжилтний нэг буюу мэдлэг, туршлага дутмаг сурч буй юм болохоороо тухайн өдрийн ажлынхаа үр дүнд заримдаа сэтгэл хангалуун, заримдаа сэтгэл хангалуун бус байдаг. 7-рт хэлсэн санаа шиг сэтгэлд нийцээгүй зүйлээ хэдэн өдрийн турш бодож өөрөө өөрийгөө хямраах дуртай. Гэвч энэ маань сүүлдээ депресс болсон болохоор та бүхэн юмсын тунг тааруулах хэрэгтэй болов уу? Ямарваа нэг зүйл рүү махрах буюу их хүчээр болгох гэж үзэх нь бидний хамгийн чухал эрхтэн сэтгэл болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна. Нэг ололтыг олоход өөр нэг гарз гарах юм.

8. Амьдрал гэх уртын зайн уралдаанд хэн нэгэнтэй өрсөлдөх эсвэл ялж шагнал хүртэхээс илүүтэй жигд хурдаар, бартааг амжилттай давж гарч, бүдэрсэн ч босоод дахин гүйх сэтгэл зүйтэйгээр барианд орох гэж тэмүүлэх нь үнэ цэнэтэй юм уу даа.

9. Хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй чаддаг зүйлээ л хий. Чаддаг зүйлтэй болохын төлөө суралц.

10. Өчигдрийн үр бүтээмжээ өнөөдөр заавал 1%-р нэмэгдүүл! Үүнийг насан туршдаа давт!

Депресснийхээ ачаар ганцаараа ажиллаж сурсан. Бусдаас өндөр хүлээлт хүлээдгээ багасгаж байгаа. Яагаад гэхээр амьдрах тусам буюу орчлонгийн тоосыг хөдөлгөх тусам хийж үзээгүй зүйлийнхээ анхны оролдлого бүрт алдаа гаргаад бусдын надад тавьсан өөр нэг ур чадварын хүлээлтэд хүрэхгүй байгаа. Нэг зүйлд сайн ч нөгөөд муу байх нь байгалийн хууль юм. Тиймээс хэн нэгэнтэй өрсөлдөхөө болиод удаж байна. Хүндэлдэг эмч шигээ эмчилгээндээ ам бардам “чанар амлах”-ын төлөө, өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, чадвартай эмч байхын төлөө суралцсаар байна.

Photo by Taisiia Stupak on Unsplash

Долоо хоногийн ганц амардаг өдрөө UNPLUG руу явах уу? яах уу? гэсээр явах шийдвэр гаргаж, тулгарч буй асуудлаа эргэцүүлж бодох, анализ хийх боломжийг ашиглаж чадлаа. Мөн нийгмийн бусад салбарт шинэ шинэлэг юу юу бүтээгдэж буйтай танилцаж, мэдлэгтэй, туршлагатай эрхмүүдийн түүхийг сонссондоо баяртай байна.

Танд хэрэгтэй нийтлэл байсан бол талархал хэсэгт нэгдээрэй!

Баярлалаа ♥♥♥

--

--