Жирэмсэн бүсгүйчүүдэд хэний ч хэлдэггүй 5 зөвлөгөө

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
4 min readMar 5, 2019

Эхний төрөлтөн дээрээ мэдлэг, мэдээлэл , туршлага дутмаг байсны улмаас би маш олон зовиуртай нүүр тулсан тухайгаа та нартайгаа хуваалцаж байсан билээ. Харин энэ 2дах жирэмслэлт дээрээ олон сургалт, семинарт сууж,туршлагатай хүмүүстэй уулзаж зөвлөгөө авсны ачаар маш сайхан эрүүл, зовиургүй жирэмсэлж байна. Ингээд өөрийн сурж мэдсэн зүйлсээс хамгийн чухал гэж бодсон 5 зүйлийг шигшин авч анхлан жирэмсэлж байгаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Жич: 100 % өөрийн туршлага дээр суурилж бичсэн болно.

1. Язралтаас сэргийлэх тосыг өдөр бүр түрхэх

Ихэнх бүсгүйчүүд жирэмсэн үедээ зөвхөн хэвлий хэсэгтээ л анхаарч тос түрхдэг. Миний хувьд ч эхний жирэмслэлт дээрээ хэвлийдээ л тос түрхээд, анхаараад байсан боловч хөх, гуя, цавь, шилбэ гээд биеийн маань ихэнх хэсэг язарсан. Тиймээс болж өгвөл хэвлий, гуя гээд язрах магадлалтай гэж бодсон бүх хэсэгтээ өдөр бүр маш сайн чийгшил өгөх тос түрхэж, массажилж байгаарай. Мөн арьс маань ихээр сунах үедээ загатнадаг. Тэр үед огт маажиж болохгүй бөгөөд тосоо түрхээд л илээд байгаарай. Энэ нь арьсыг сунахад тусалж, язрахаас хамгаалах болно.

Язралтаас сэргийлэх тос хийх жорыг эндээс үзээрэй.

2. Хөхөө заавал бэлдэх

Жирэмсэн үед дааврын өөрчлөлтөөс болж хамгийн их өөрчлөгддөг эрхтэн хөх билээ. Хөхөө арчилж бэлдэснээр бид хожуу үүсэх эрсдлээс 100% сэргийлэх боломжтой.

-Жирэмсэн болсон мөчөөс эхлэн хөхөнд өөх хуримтлагдан томорч эхлэдэг. Ялангуяа жирэмсний сүүлийн саруудад ангир уураг хуримтлагдан, ялгарч бүр ч илүү томордог. Энэ үед мөн хэвлий томорсонтой холбоотой бүсгүйчүүд маань хөхний даруулга зүүхээс төвөгшөөдөг. Ингэснээр хөх унжих, төрсний дараа сүү бага орох нөхцөл бүрэлддэг. Тиймээс энэ үед хэвлий болон хөхөнд ямар ч даралт үүсгэдэггүй хэрнээ хөхийг маш сайн өргөх цээживч зүүж хэвших хэрэгтэй.

Миний хэрэглэдэг цээживч эндээс үзээрэй

  • Дараагийн нэг анхаарах зүйл нь хөхний толгойг бэлдэх. Ялангуяа жирэмсний сүүлийн сар хөхний толгойг гаргаж бэлдсэнээр хүүхдээ хөхүүлэх үед хөх чинэрэх, хөхний толгой хагарах гэдэг асуудлуудаас сэргийлэх боломжтой. Хөхний толгойг бэлдэхдээ эхлээд гараа ариутган угаагаад зориулалтын чийгшүүлэх тосоор доорх зургийн дагуу массажлана.Миний хувьд өөрийн хийсэн язралтын тосоо хөхөндөө түрхэж байгаа.

3. Кегелийн дасгал хийх

Ихэнх жирэмсэн бүсгүйчүүд кегелийн дасгалыг төрсний дараа л үтрээгээ чангалах зорилгоор хийдэг гэсэн ташаа ойлголттой байдаг. Миний хувьд ч гэсэн тэгж боддог байсан. Гэтэл жирэмсэн байх хугацаандаа энэ дасгалыг хийснээр амар, хурдан төрөхөд туслаад зогсохгүй төрсний дараах нөхөн сэргээлтийг хурдасгаж өгдгийг мэдэж авсан билээ.

Хэрхэн хийх вэ?

  • Эхлээд кегелийн дасгалд ямар булчинг ашиглаж байгааг мэдэж авцгаая. Доорх зурган дээр байгаа ахар сүүл, умдагны ясыг холбосон шээс гадагшлах суваг, үтрээ, анус гурвыг дээш өргөх үүрэгтэй булчинг аарцгийн ёроолын булчин буюу Pelvic Floor гэж нэрлэдэг. Жирэмсэн үед сав томорсноор энэ булчин доош сунадаг бөгөөд төрсний дараа эргээд агшиж хэвийн байдалдаа очдог. Зарим тохиолдолд жирэмсэн үед даралт их байснаас, дасгал хийгээгүйгээс энэ булчин буцаж сайн агшихгүй тохиолдол олон байдаг. Ингэснээр шээс алдах, үтрээ сунах, цагаан мах эргах гэх мэт эрсдэлүүд үүсдэг.

- Дасгалаа хийхдээ энэ булчинг мэдэрч сурах нь хамгийн чухал бөгөөд эхэндээ олоход жаахан төвөгтэй байдаг. Нэгэнт сайн мэдэрдэг болчихвол дасгалаа ямар ч нөхцөлд төвөггүй хийгээд сурчихна.

Та нартаа өөрийн хэрэглэсэн амархан аргаасаа хуваалцая. Эхлээд ариун цэврийн өрөөнд шээсээ гадагшлуулж байхдаа шээсээ таслаад 5 секунд орчим барина. Яг энэ үед ажиллаж байгаа булчин нь Pelvic Floor юм. Дараа нь жирийн үед сандал дээр сууж байхдаа тэр булчинг яг шээсээ тасалж байх үе шигээ чангалж үзнэ. Хэрэв мэдрэгдэж байвал 10 секунд чангалаад 10 секунд суллаад 10аас 20 удаа хийнэ.

4. Тонуснаас сэргийлэх

Жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш умай хатуурч чангарах шинж үе үе мэдрэгдэнэ. Үүнийг Брекстон-Хиксийн агшилт гэх ба жирэмсний хугацаа ахих тусам энэ нь улам нэмэгддэг. Энэхүү агшилт хэвийн жирэмсэн хүн бүрт мэдрэгддэг тул санаа зовох хэрэггүй. Брекстон-Хиксийн агшилт нь жигд бус, богино хугацаагаар ( хэдэн секунд, заримдаа 2 минут) үргэлжилнэ. Жирэмсэн умайн булчингийн энэхүү агшилт нь ямар нэг өвдөлтгүй бөгөөд танд бага зэрэг тааламжгүй мэдрэмж төрж болно. Харин хэвлийн доод хэсгээр өвдөх, босож чадахгүй байх мэтээр биед зовиуртай болж эхэлбэл та эмчид үзүүлж, арга хэмжээ авч байх хэрэгтэй.

Өөрт минь хамгийн их тус болсон хэдэн аргаас хуваалцвал

-Сэтгэл санаагаа маш тайван байлгаж, иогийн дасгал хийсэн

-Сандал дээр удаан суухгүй байх

-Унтахын өмнө бүлээн ваннанд 10–15 минут хэвтэх (1 атга жамц давс усандаа хийсэн)

-Жирэмсэн үеийн зориулалтын сойлттой дотуур хувцас өмссөн(Долгионоос бас хамгаалдаг)

Миний хэрэглэдэг сойлтын дотуур хувцас эндээс хараарай

5. Эслэгээр баялаг хүнс маш их хэрэглэх

Хэвлий дэх хүүхэд томорч ходоод гэдсийг шахсанаар мөн дааврын өөрчлөлтөөс хамаарч нийт жирэмсэн бүсгүйчүүдэд өтгөн хатах тохиолдол их байдаг. Энэ нь хэвийн зүйл боловч 48 цагаас илүү хугацаанд өтгөнөө биедээ хуримтлуулсанаас эхэд болон урагт сөрөг нөлөөлж болзошгүй. Ялангуяа жирэмсний сүүлийн 3 сар бид өөрсдөө нэмэлтээр эслэг хэрэглэснээр өтгөн хуримтлагдах, хатах , бүр цагаан мах эргэх гэх мэт эрсдлээс сэргийлэх боломжтой.

Эслэгээр баялаг хүнсэнд

-Бүх төрлийн бүхэл үрийн гурил, хальстай будаа

-Ногоо, жимс, жимсгэнэ

-Миний хэрэглэж байгаа бяцхан жор

2оос 3 ширхэг хар чавга+ 1а/х чиа үр+Тал аяга буцалсан ус= дэвтээж хонуулаад өглөөний цайны өмнө ууна.

За ингээд та нарт эдгээр зөвлөмжүүд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Амжилт.

Сүүлд нь дуулгахад энэхүү блог постыг ивээн тэтгэсэн Cosy Corner-доо баярлалаа. Хөл хүнд бидэнд хэрэгтэй зүйлсийг хүргэж байгаад маш их баярлалаа!

--

--