Жирэмсэн үед заавал идэх ёстой хүнснүүд…..

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
2 min readJan 7, 2019

Жирэмсэн үед яагаад хооллолт чухал вэ?

Жирэмсэн үеийн хооллолтын байдал жирэмсний явц болон ургийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй. Гэхдээ энэ нь хоёр хүний төлөө иднэ гэсэн үг биш юм.Бид өөртөө болон хэвлий дэх үрдээ шим тэжээлтэй хүнсийг жирийн үеэс 10%р л илүү авах шаардлагатай байдаг.

Дараах амин дэм, эрдэс бодис хамгийн чухал шаардлагатай байдаг.

1. Фолийн хүчил
Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 800 микрограм тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн фолийн хүчил хангалттай хэрэглэснээр дутуу төрөх эрсдлийг ч бууруулдаг.
Ихээр агуулах хүнс: Хар ногоон навчит ургамал, цитрус жимс, үр жимсэнд агуулагддаг.

2. Иод
Ургийн тархи, нугасны гаж хөгжлөөс сэргийлдэг ба энэ нь жирэмсний витаминд агуулагддаггүй, хоол тэжээлээр нөхөх шаардлагатай байдаг.. Амьтдад хийгдсэн судалгаагаар, жирэмсэн үед иод хангалттай хэрэглэх нь хүүхдийн оюун ухааны хөгжилд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.
Ихээр агуулах хүнс: Далайн байцаа (чанадаг), иоджуулсан давс

3. Төмөр, зэс
Жирэмсэн биш эмэгтэйд хоногт 18 мг төмөр шаардлагатай байдаг бол жирэмсэн үед 27 мг хэрэгцээтэй болдог. Энэ нь дараах хэд хэдэн шалтгаантай.
• Цусны улаан эсэд агуулагдах уургийн бодис болон хемоглобин үүсэлтэд төмөр онцгой шаардлагатай ба эд эсэд хүчилтөрөгч зөөх үүрэгтэй байдаг
• Яс, булчин, мөгөөрс, холбогч эд гэх мэт бүхий л эд эсийн бодисын солилцоонд оролцдог.
• Дархлалын тогтолцоог хэвийн байлгахад оролцдог.
Ихээр агуулах хүнс: Бэлчээрийн малын үхрийн элэг, улаан мах. Амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагдах төмөр нь хүний биед шингэхдээ хялбар байдаг,
Зэс нь мөн ургийн яс, мөгөөрс, холбогч эдэд онцгой нөлөөлдөг.
Ихээр агуулах хүнс: Далайн гаралтай бүтээгдэхүүн, зэс аягатай ус

4. Кальци
Таны хэвлий дэх хүүхдийн ясжилт, шүдлэлтэнд кальци нэн шаардлагатайгаас гадна таны өөрийн зүрх судас, булчин, цус, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд оролцдог.
Ихээр агуулах хүнс: Өдөрт дор хаяж 3–4 аяга сүү эсвэл тараг ууснаар тухайн хоногийн кальцийн хэрэгцээг хангаж чадна гэж үздэг. Мөн ясны шөлийг ууснаар кальцаа нөхөх боломжтой. Ялангуяа жирэмсний сүүлийн гурван сар түлхүү хэрэглэх хэрэгтэй.

5. Д витамин
Энэхүү амин дэм нь ургийн ясжилт, шүдлэлтэнд оролцдог кальци, фосфорын солилцоонд зайлшгүй шаардлагатай. Витамин Д дутагдсанаас:
• Ургийн өсөлтийн саатал
• Араг ясны эмгэг
• Бага жинтэй төрөх
• Сульдаа өвчтэй болох
• Биеийн өсөлт хөгжилт хоцрогдох
• Хүүхдийн дархлал буурах
• Эхэд жирэмсэн үед манас таталтын урьдал (бидний хэлж заншсанаар — жирэмсний хожуу хордлого) үүсэх гэх мэт олон эмгэгийн эрсдэлт хүчин зүйл болдог.

Ихээр агуулах хүнс: Нар, цагаан идээ, загас
Бидний бие нарны гэрлийг арьсаар дамжуулан хувиргах замаар биедээ Д витаминыг авдаг. Тиймээс нарны хэт ягаан туяа бага байгаа үед наранд арьсаа гарган сууж энэ витаминыг авах боломжтой. Боломжгүй тохиолдолд витаминаар ууж болно.

6.Витамин С
Дархлааг дэмжинэ. Биенд төмөр нийлэгжихэд тусална.
Ихээр агуулах хүнс: Бүх төрлийн жимсгэнэ, цитрусын төрлийн жимснүүд

7.Витамин А
Ургийн нүдний хөгжил, эхэн үеийн эрхтэн тогтолцоо үүсэхэд оролцдог. Анхаарах нь жирэмсний эхэн үед А витаминийг ихээр хэрэглэж болохгүй. Хоол хүнсээр авч байгаа үед заавал нэмэлтээр А витамин уух шаардлагагүй.
Ихээр агуулах хүнс:Яргай загас, өндөгний шар, элэг

--

--