Та бүхэн нойргүйдээд яваад л байх уу?

Enkhbaatar Ulziikhishig
GammaState
Published in
3 min readSep 30, 2019

Нойргүйдэл нь сүүлийн үед залуучуудын дунд түгээмэл тохиолддог эмгэг болоод байна. Нойргүйдэл гэдэг нь хүний физиологийн унтах хугацаа болох 7–8 цагийн нойроо авч чадахгүй бага цагаар унтах, эсвэл хэдийн 7–8 цаг унтсан ч гэсэн унтах хугацаандаа гүн нойронд орж чадахгүй сэрүүн унтах зэрэг орно. Шалтгаан нь гэвэл ажлын өндөр ачаалал, тэр дундаа оюуны өндөр ачаалалтай байх (ихэвчлэн бид бүгд энэ үзэгдлийг мэдрэлийн ядаргаа гэдгээр нь мэднэ), стресс ихтэй байх, унтах орчин тохьгүй байх (гадаад орчны шуугиан, буруу ор матраас хэрэглэх), хоолны буруу дэглэм болон амьдралын буруу хэмнэл зэрэг болно. Тэгэхээр та бүхэн энэ дэглэмтэйгээ зууралдсаар байх уу? Эсвэл өөрийгөө өөрчилж зөв амьдралын хэв маягийг хайх уу? Энэ нь та бүхний л сонголт юм.

Зүрх судасны өвчин, тэр дундаа зүрх судасны өвчнөөр нас баралтын төвшин нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал бөгөөд АНУ-ын Калифорны их сургуулийн 2015 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д л гэхэд өдөрт 2200 орчим хүн буюу40 секунд тутамд 1 хүн нас барж байна гэсэн тооцоо байдаг. Монгол орны хувьд хүн зүрх судасны өвчин голлох өвчний нэг болдог бөгөөд нас баралтаараа 3-р байранд явж байна.

АНУ-ын Калифорни болон Массачутессийн их сургуулийн эрдэмтэд саяхан дээрх асуудлыг судалж нойргүйдэлтэй байгаа буюу 6 болон түүнээс бага цаг унтаж байгаа хүмүүс дээрх зүрх судасны өвчлөлийн төвшинг судалсан байна. Судалгаагаар 6 болон түүнээс бага цаг унтсан хүн хэвийн 7–8 цаг унтсан өвчтөнөөс титэм судасны хатуурал өвчнөөр өвдөх магадлал нь 27%-р их байсан ба хэдийн 7–8 цаг унтаж байгаа боловч чанаргүй унтаж байгаа хүн хэвийн нойртой хүнээс титэм судасны хатуурал өвчнөөр өвдөх магадлал нь 34% илүү болж байгааг тогтоосон байна. Судалгаанд оролцсон эрдэмтэн доктор Фастер эмч хэлэхдээ “ хэдийгээр бага цаг буюу 5–6 цаг унтаж байгаа боловч чанартай нойр авч байх юм бол чанаргүй олон цаг унтсанаас дээр юм” гэсэн байна.

Судалгаагаар мөн алкохол болон кафейн агуулсан зүйл хэрэглэсэн хүний нойрны асуудлыг судалсан ба доктор Ордавис хэлэхдээ “ихэнх хүмүүс унтахын өмнө нойр сайжруулах зорилгоор алкохолын зүйл хэрэглэдэг. Гэтэл энэ нь нойрны чанарт эргээд сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ та унтахдаа алкохол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн бол хэдий богино хугацаанд унтахад нөлөөлөх боловч энэ нь унтах процессыг богиносгож шөнө амархан сэрээх бөгөөд сэрсний дараа буцаж унтах үйл явцад сөргөөр нөлөөлдгөөр барахгүй буцаж унтаж чадсан ч гэсэн нойрны чанар эрс мууддаг ” гэжээ.

Зарим судалгаагаар кофе нь зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг болохыг тогтоосон байдаг бөгөөд энэ тухайн хүний онцлогоос хамаарч кофенд агуулагдах кафейнийг хэр хурдан задлах чадвараас хамаарч нойронд нөлөөлдөг гэдгийг тогтоож. Доктор Ордавис “ хүний кафейн задлах чадвар нь тухайн хүний генетикийн онцлогоос шууд хамаарах ба хэрвээ бодисын солилцоо хурдан явагддаг хүн байх аваас кофе нь түүний нойронд төдийлөн нөлөөлж чадахгүй бөгөөд бодисын солилцоо удаан явагддаг бол нойронд болон нойрны чанарт муу нөлөө үзүүлж энэ нь цаашдаа зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой юм” гэсэн байна. Мөн эрдэмтэн хэлэхдээ “ тус судалгааны ажил нь өмнөх нойр ба зүрх судасны өвчний талаарх судалгааны ажлаас эрс өөр бөгөөд эл судалгаа нь илүү олон массыг хамарснаас гадна эрүүл хүмүүсийн нойронд дээр илүү анхаарал хандуулж хийсэнд оршиж байгаа” гэжээ. Судалгааны ажлын хянан тохиолдуулсан Харвардын эмнэлгийн их сургуулийн эрдэмтэн “тус судалгааны ажил нь эрүүл хүмүүсийн эрүүл мэндэд нойр хэрхэн нөлөөлж байгаа талаар маш хүчтэй цохилт өгөхөөр болсон байна. Цаашид энэ судалгааг илүү нарийвчилсан байдлаар хийх шаардлагатай бөгөөд дасгал хөдөлгөөн , эрүүл зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт зэрэг түлхүүр үзүүлэлтийг судалгаа нь зөвхөн эхлэл юм” гэсэн байна.

--

--