Жин хасахдаа гаргадаг нийтлэг 3 алдаа…

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
3 min readSep 18, 2018

Анх турах гээд интернетээс уншсан болгоноо өөрийн биедээ туршиж байсан үеэ нэг саналаа…. Хурдан турах, гоё харагдахаа л энэ тэргүүнд бодсоноос биш эрүүл чийрэг, сэргэлэн цовоо болно гэж бодсонгүй.

Одоо ингээд гурав гаруй жилийн турш уншиж, судалж, суралцсанаа эргээд нэг харахад хэчнээн болчимгүй юм хийж байснаа гайхах юм.

Хэн нэгний орчуулсан, нэр хаяг нь тодорхойгүй, тэдэн хоногийн дотор тэдэн кг турна гэсэн юм болгоныг ямар ч шүүлтүүргүй бие дээрээ туршсан нь миний хамгийн том алдаа байлаа. Охид бүсгүйчүүд та бүхнийгээ ч бас энэхүү алдааг минь битгий давтаасай гэж хүснэ. Хэрэв өөртөө шинэчлэл хийж, эрүүл амьдрахыг хүсэж байвал шинжлэх ухааны үндэслэлтэй, цаад учир шалтгаан зохицлыг тодорхой бичсэн номууд унших эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Ингээд өөрийн гаргасан хэдэн алдааг сийрүүлье гэж бодлоо.

  1. Өглөө босоод 4 аяга ус уух…

Энэ бол үнэхээр аюултай туршилт. Хүний бие гэдэг өөрөө үнэхээр гайхалтай организм. Бидний биеийн эс болгон биднийг эрүүл байлгахын тулд зогсоо зайгүй ажиллаж, нөхөн сэргээгдэж байдаг. Гэтэл нөгөө гоё болох хүсэлдээ автагдсан эзэд янз бүрийн юм туршаад биеэ хордуулаад, гэмтээчихдэг. Хүний бие нэг дор 4 аяга ус шингээх ямар ч боломжгүй. Энэ их усыг хурдан биеэс гадагшлуулахын тулд бөөр давсаг гээд гадагшлуулах эрхтнүүд маш их ачаалж, дарамтад ордог. Энэ үйл явц удаан үргэлжилснээс болж, бидний бие ачааллаа дийлэхээ байж, бөөр давсагны үрэвсэл болон хувирдаг. Өглөө босоод өлөн дээрээ нэгээс хоёр аяга шүүсэн ус уух бол маш сайн. Бидний өвөг, дээдэс ч өглөө өлөн дээрээ 1 аяга булгийн амьд ус уудаг байсан уламжлалтай. Харин аливаа зүйлийн тун хэтрэхээрээ хор болдог гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

2. Өлөн дээрээ лимонтой ус уух…

Энэ бас их аюултай туршилт. Хүний ходоод өөрөө их хүчиллэг эрхтэн бөгөөд бидний идэж уусан бүхнийг шингээж боловсруулахын тулд тодорхой цагуудад хүчлээ арай их ялгаруулдаг. Ялангуяа Монгол хүмүүс маш их мах иддэг учраас бидний ходоод бусад орны хүмүүсийг бодвол илүү их хүчил ялгаруулдаг болж зохицсон байдаг. Хүний ходоод өглөө 9–10 цагийн хооронд хүчил хамгийн ихээр ялгаруулдаг. Гэтэл яг тэр үед дан лимонтой ус уувал ходоодны хүчлийн хэмжээ хэт ихсэж, ходоодны хүчил шүлтийн тэнцвэр алдагддаг. Энэ нь цаашлаад үрэвсэж ходоодны шархлаа болох аюултай.

3. Тураах, туулгах цай, эм хэрэглэх…

За энэ бараг хамгийн их тархсан, цаашлаад бүр бизнесийн том сүлжээ болсон тураах бүтээгдэхүүнүүд. Энэ бол хамгийн эрсдэлтэй тураах арга. Яхв эхний хэдэн өдөр гүйлгээд гэдэс, ходоодон дахь баас шээс туугдаад хэдэн кг хасах л байх. Харин түүний дараах үр дүн нь хүний биед маш их хохирол учруулдаг. Хүний ходоодонд Gut bacteria буюу сайн бактери гэж байдаг бөгөөд энэ нь ходоодны эрүүл, хэвийн байдлыг хангаж, бидний идсэн уусан бүхнийг шингээж задлахад маш их үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл нөгөө тураах цай, эмүүд чинь энэ сайн бактерийг бүгдийг тууж гаргаад, дээр нь ходоодны ханыг гэмтээчихдэг. Та нэг сайн анзаараарай. Тураах эм, цай хэрэглэсэн хүмүүс нөгөө зүйлсээ дахин хэрэглэхээс нааш өөрөө өтгөнөө хэвийн гадагшлуулж чадахаа байдаг. Энэ нь бараг өөрөө хор уусантай адил. Үүний оронд өөрийн ходоодны үйл ажиллагааг дэмжих зүйл хэрэглэх хэрэгтэй. Үүний сонгодог жишээ бол монгол тараг. Тараганд ходоодны үйл ажиллагааг дэмжих бактери ихээр агуулагддаг бөгөөд хүний биед хэрэгтэй эрдэс бодис, витаминууд ч ихээр агуулагддаг билээ.
.
Намайг бага байхад өвөө, эмээ минь орой бүр хүүхдүүдтэйгээ галаа тойрон бөөгнөрч суугаад тарагаа уудагсан.Намайг нэг удаа “яагаад унтахын өмнө тараг уудаг юм бэ?” гэж асуухад өвөө минь “нойр хурдан хүрдэг юмаа” гэж билээ. Нээрээ л ходоодон дахь хоол шингээд, задлагдаад ирэхээр сайхан унтахаас яахав. Бидний нүүдэлчин соёл хэчнээн агуу вэ…

Ингээд энэ сэдвээр маргааш Gamma TV 13.30н лайваар дэлгэрэнгүй ярилцъя. Асуулт байвал шууд лайвын үеэр хариулах болно.

--

--