Төрсний дараа яаж хурдан хуучин жиндээ очих вэ?

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
2 min readOct 23, 2018

Төрөөд удаагүй байгаа болон удахгүй төрөх гэж байгаа мундаг ээжүүддээ энэхүү зөвлөгөөг хүргэж байна. Миний хувьд жирэмсэн байхдаа маш их таргалж 98 кг хүрсэн. Гэхдээ хурдан арга хэмжээ авч, өөрийгөө дайчилсны үр дүнд яг зургаан сарын хугацаанд буцаад хэвийн жиндээ хүрч 60 кг болж чадсан. Ингээд та нартаа хэрхэн энэ үр дүнд хүрсэн туршлагаасаа хуваалцъя!

1. Төрсний дараа шууд гэдсэн дээрээ хүйтэн жин тавиулах.
Энэ нь савыг хурдан агшаахад маш их үр дүнтэй бөгөөд эмнэлэгт байхдаа асрагч эмчээр юмуу эсвэл ойр байгаа гэр бүлийн хүнээрээ тавиулаарай. Төрсний дараа их эмзэг байдаг тул өөрөө хүйтэн зүйл бариад хэрэггүй.

2. Гэртээ ирэнгүүт шууд гэдсээ баадагнах.
Бүсээр баадагнах нь надад жаахан тохиромжгүй санагдсан. Хөдөлгөөнд саад болоод дээрээс нь дээшээ гүйгээд байдаг. Харин эхний сардаа бүтэн бие барьсан, хөлөөрөө углаад өмсдөг, сунадаг гэдэсний даруулга өмсчихвэл их зүгээр байдаг юм билээ. Тэгээд гэдсээ мэдэгдэхүйц агшаад ирэхээр хэвлийн булчинг чангалах дасгалуудаа аажмаар хийж эхлэх хэрэгтэй.

3. Дан шөлтэй хоол идэж, цагаан гурилан зүйл болон цагаан будаа идэхгүй байх.
Төрсөн эхчүүд ихэвчлэн сүү оруулна гээд цайны пичень, гурилан боорцог идээд байдаг учраас маш хурдан таргалдаг. Түүний оронд далайн байцаатай шөл, гүзээтэй цай бас гурвалжин будаатай шөл сайн сүү оруулдаг. Харин гурилан зүйл идэхийг хүсвэл хар талх, хивэгтэй боорцог,арвайн гурил хэрэглээрэй.

4. Гэдэсний дасгал
Төрснөөс 1–2 сарын дараагаас яг булчин хөгжүүлэх дасгал хийсэн нь дээр. Харин тэрнээс өмнө хөндлөн булчингаа буцааж агшаах дасгал хийнэ. Биднийг үрээ тээх хугацаанд бидний хэвлийн хөндлөн булчин сунаад хоорондоо заагтай болчихсон байдаг. Миний хувьд нэг сарын хугацаанд 4 хөллөж хүүхдийн өрөөнийхөө хивсийг арчдаг байсан. Энэ нь булчинг агшаахаас гадна хэвлийн өөхийг багасгахад маш нэмэртэй. Түүний дараагаас гэдэсний дасгалаа хийж эхлээрэй.

5. Орой 6 цагаас хойш тараг алим идэх
Мэдээж хүүхдээ хөхүүлж байгаа эхчүүд хүүхдээ хөхүүлэх болгонд өлсөх мэдрэмж төрдөг. Тэр болгонд шууд юм идэхийн оронд эхлээд нэг аяга бүлээн ус юмуу цай уугаарай. Тэгэхээр аяндаа өлсөх мэдрэмж дарагдана. Бас шингэн халуун зүйл байнга ууж байх хэрэгтэй. Энэ нь таны хөхөнд сүү оруулахад ч, жингээ хасахад ч сайн нөлөөтэй.
За ингээд амжилт хөөрхөнүүдээ. Та нар бол ид шидийг бүтээгч шүү ээжүүдээ!

Энэ талаар илүү дэлгэрэнгүй 3дахь өдөр 13 цагаас Gamma page дээр лайваар ярилцацгаая!

--

--