Эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн зуршил болгох вэ?

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
3 min readAug 21, 2018

Нэгдүгээр хэсэг: Бидний эрүүл мэндэд нөлөөлөгч 4 хүчин зүйл

Богд Хан уул 2018

Эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн бий болгохыг мэдэхийн тулд бид эрүүл амьдрал гэж ер нь юуг хэлээд байгааг тодорхойлох хэрэгтэй. Заримд нь булчинлаг, гуалиг бие чухал байхад, зарим нь байнга эрч хүч ундрах энергитэй байх нь чухал байж болох юм. Мэдээж хүн бүрийн тодорхойлолт өөр гарч болох ч зөвхөн та өөртөө зориулсан тэр нэгэн тодорхойлолтыг гаргаснаар дараа дараагийн алхмууд илүү тодорхой болох болно.

Харин би энэ удаагийн нийтлэлээр таны тодорхойлолтод туслах үүднээс эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөлөгч 4 хүчин зүйлсийг хуваалцахаар шийдлээ.

1. Хооллолт

Бидний эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол мэдээж хооллолт. Хоол гэдэг бол бидний амьд явах эх үүсвэр. Хоол бидний амаар ороод гарах хүртлээ бидний биеийг эсийн төвшинд бүтээлцдэг чухал бүрэлдэхүүн. Хүн юу иднэ тийм харагдана гэж үг байдагдаа. Тэгэхээр та эрүүл амьдралын хэв маягийг бий болгохдоо хамгийн түрүүнд өөрийн юу идэхээ тодорхойлох хэрэгтэй. Хооллолтын хэв маягаа сонгохдоо анхаарах бас нэгэн чухал зүйл нь өөрийн биеийн онцлогоо сайн судлах. Энэ талаар дэлгэрэнгүйг “Монгол хүний биеийн онцлог” нэртэй нийтлэлээс уншаарай.

2. Нойр

Харин дараагийн маш чухал хүчин зүйл бол нойр. Ихэнх хүмүүс эрүүлжинэ, жин хасна гэхээр хамгийн түрүүнд дасгалаас эхэлдэг. Гэтэл нойр дасгалтай харьцуулшгүй бидний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөөдөг нь зүгээр нэг тохиолдлын зүйл биш. Товчхондоо биднийг унтаж байхад бидний бие өдрийн турш ажиллаж ядарсан өөрийгөө нөхөн сэргээж, залуужуулж байдаг. Хэрвээ та нойроо бүтэн авч чадахгүй бол таны бие хурдан хөгширч, муудна л гэсэн үг.

3. Сэтгэл санаа

Бас нэгэн бидний төдийлөн анхаараад байдаггүй ч чухал зүйл бол сэтгэл санаа. Та магадгүй нүдэнд үл үзэгдэх сэтгэл хөдлөл эрүүл мэндэд юу гэж л нөлөөлөв гэждээ гэж бодож магадгүй. Сүүлийн үеийн шинжлэх ухаанд стресс болон эрүүл мэндийн хамаарлыг маш эрчимтэй судалж эхэлсэн бөгөөд сэтгэл санаа яагаад бидний эрүүл мэндэд тийм чухал нөлөөлөөд байгааг ч олж тогтоосон. Тэр нь бидний биеийн бүхий л үйл ажиллагааг далдаас удирддаг гормоны систем нь сэтгэл санаатай нягт холбоотой байдагт юм. Сэтгэл санаа биднийг улам эрүүл эрч хүчтэй болгож чадна. Эсрэгээрээ улам эрүүл бус, сул дорой болгож чадна.

4. Дасгал

Дасгал хөдөлгөөн бас огт хэрэггүй зүйл бишээ. Гэхдээ бусад гуравтай харьцуулахад нөлөө нь бага гэсэн үг. Хүн бол байгалиас хөдөлгөөнтэй байхаар заяагдсан амьтан. Хамгийн энгийнээр насанд хүрсэн хүний нурууны гол яс нь хамгийн ихдээ 1 цаг 30 минут тутамд хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. Хэрвээ үүнээс хэтэрвэл яс нь ачааллаа даахаа больж, суулт өгч, булчин шөрмөс агшиж эхэлдэг. Та санаж байгаа бол их сургуульд 1 цаг 30 минут болоод хичээл завсарладаг байсандаа. Энэ зүгээр ч нэг сонгосон хугацаа биш. Харин хүүхдийн яс гүйцэд бэхжээгүй байдаг тул 45 минут тутамд биеэ хөдөлгөх хэрэгтэй байдаг.

Ингээд энэ сэдвээр маргааш Gamma TV 13.30н лайваар дэлгэрэнгүй ярилцъя.

--

--