2020 онд хэрэгжүүлж болох 3 зорилго

Temuulen Altangerel
GammaState
Published in
4 min readJan 8, 2020
Photo by Jude Beck on Unsplash

Шинэ он, шинэ арван эхэлсэнтэй холбоотойгоор та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хэрхэн өөрийгөө дараагийн түвшинд гаргах тухай бодож байгаа бол та анхаарлаа түр наашаа хандуулаарай. Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтээр батлагдаж, дэлхий нийтээр ач холбогдлыг нь ойлгон хэрэгжүүлэхээр зорьж буй 3 зорилгын тухай өнөөдөр бид ярилцах болно.

  1. Бясалгал хийж сурах
Photo by Simon Migaj on Unsplash

Бясалгал хэмээх ойлголт нь бурхан шашинтай холбоотой эсвэл гэгээрэлд хүрэх зам мэтээр ойлгогддог цаг үе нэгэнтээ өнгөрч өндөр бүтээмжтэй хүмүүсийн амьдралын хэв маяг хэмээн үзэх болсон. Сүүлийн үеийн тархи судлал болон сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар бясалгал хийх үед бидний тархи болон биед ямар өөрчлөлт гарч байгааг маш идэвхтэй судалсан ба судалгааны үр дүнд бясалгал хийснээр хүний тайвшралын гормон болох Serotonin болон стрессийн эсрэг гормон болох Endorphin идэвхтэй ялгардаг нь батлагдсан. Эндээс үзвэл өдөр бүрийн тогтмол бясалгал нь таныг хэт их стресс болон сэтгэл гутралд өртөх эрсдэлээс маш сайн хамгаалж чадна.

Нөгөөтэйгүүр өнөөгийн хэт их технологи болон мэдээллийн урсгалын нөлөөгөөр бидний анхаарлыг булаах боломжит хэрэгслүүд маш их болсон билээ. Жишээлбэл та ажил дээрээ төвлөрөн ажиллаж байхад шинэ емэйл ирсэн тухай сануулга таны дэлгэцний баруун доод буланд байн байн харагдаж, Facebook болон Instagram дээрх шинэ мессеж минут бүрт утсан дээр хангинана. Мөн та машин барингаа машин дотроо podcast сонсож эсвэл гэртээ кино үзэнгээ хоол хийх зэргээр олон үйлдэл нэгэн зэрэг хийж байсан байх. Дээрх нөхцөлд бидний анхаарал байнга ямар нэг зүйлд шилжин сарниснаар бидний анхаарал сарнимтгай чанартай болж эхэлдэг бөгөөд удаан хугацаандаа та өөрийн мэдэлгүй гэнэт л шал өөр зүйл бодчихсон эсвэл хийчихсэн явж байдаг.

Учир нь бидний анхаарал төвлөрүүлэх чадвар нэгэн төрлийн булчин бөгөөд биеийн булчин гадны орчин нөхцөлтэйгөө тааруулан дасан зохицдог шиг бидний анхаарал төвлөрүүлэх чадварын булчин бидний амьдралын хэв маягт зохицон байнга нэгээс нөгөөд сарних зуршилтай болдог. Энэ нь бидний анхаарлаа нэг зүйлд үр дүнтэйгээр удаан төвлөрүүлэх чадварыг бууруулдаг бөгөөд цаашлаад бидний бүтээмжид маш сөргөөр нөлөөлдөг. Булчин бүрт чадамжийг нь дээшлүүлэхийн тулд зориулагдсан дасгал байдагтай адил анхаарлын булчинд зориулагдсан дасгал нь бясалгал юм. Учир нь бясалгал хийхийг энгийнээр тайлбарлавал анхаарлаа ямар нэг зүйлд /Амьсгал эсвэл биеийн нэг хэсэг/ тайвнаар төвлөрүүлэх тул өдөр бүрийн тогтмол бясалгал нь таны анхаарлаа төвлөрүүлэх булчинг илүү хүчирхэг, илүү уян хатан болгож хөгжүүлнэ гэсэн үг.

2. Өглөөг зөв эхлүүлж сурах

Photo by freestocks.org on Unsplash

Өглөөний хүн болох тухай хангалттай олон нийтлэл ном байгаа хэдий ч өглөөний ач холбогдлыг энэ хэсэгт арай өөр талаас нь тайлбарлах гэж хичээе. Шуудхан хэлье! Та өглөө 5 цагт босохоос илүү өглөөг яаж зөв эхлүүлэх нь илүү чухал. Заримдаа бид өглөө дутуу нойртой ядарч сэрээд ажилдаа явах цагтаа тулгаж сэрэн, өглөөний цайгаа ч уулгүй замын түгжрээ дунд ажлын цагтаа амжих гэж яаран сандран ажилруугаа явна. Ингээд дутуу нойртой ядарсан, сандарсан хүн ажлын ширээн дээрээ санд мэнд суугаад өдрийн ажилруугаа шууд орно. Яг ингэж өглөөг эхэлсэн өдөр бүтээмжтэй ажиллах нь юу л бол.

Голын эх нь булингартай бол адаг нь булингартай байдгийн адилаар өглөөг бид яаж эхэлнэ тухайн өдөр яг тийм байдаг. Өглөөг тайван, үр бүтээлтэй, эрч хүчтэй, цэгцтэй эхлэвэл тухайн өдөр нь дагаад бүтээмжтэй байна. Гэхдээ! Өглөө эрт босох гэж оролдох нь бүх хүнд тохиромжтой арга биш бөгөөд зарим хүний биологийн цаг өглөө илүү сайн нойр авч, орой илүү бүтээмжтэй байх нь бий. Та ямар ч төрлийн хүн байсан шөнөдөө чанартай нойр авч, өглөө сэргэг эрч хүчтэй угтаж сурах хэрэгтэй. Сайн нойр нь эрүүл бие, өөдрөг сэтгэлзүй, эрч хүчтэй оюун санааны эх булаг юм. Учир нь нойр бидний ой санамж, тархины эрүүл мэнд, гормон, биеийн өсөлт, жин, дархлаа гэх мэтчилэн бидний эрүүл мэндийн хамгийн чухал процессуудад шууд нөлөөлдөг. Өндөр зэрэглэлийн бүтээмжтэй алдартнууд ч мөн адил нойрыг хамгийн ихээр чухалчилдаг. Залуу хүн нойр хоолондоо л сайн байвал аяндаа ажил бүтнэ гэдэг чинь явж явж нэлээн үнэний ортой ч юм шиг.

3. Өдрийн тэмдэглэл бичиж сурах

Photo by Glenn Carstens-Peters on Unsplash

Инээдтэй нь хамгийн хэрэггүй зүйл гэж бодож явсан дадал маань харин ч хамгийн хэрэгтэй зүйл болж таарсан. Хүмүүсийн санал болгодог нийтлэг зорилгууд дундаас хамгийн шоовдор энэ зорилго бол тэмдэглэл бичих. Гэхдээ тэмдэглэл бичих гэдэг нь 5 настай бяцхан охин мөрөөдлийн ханхүүдээ зориулж бичсэн дурсгалын захидлын тухай огтоос биш ердөө л та өдөр тутмын үйл явдлаа дүгнэн бичих тухай юм.

Бидний тархинд өдөрт 60`000–80`000 бодол эргэлдэж байдаг ба бидний оюун ухаан хараал идсэн энэ хорвоод байнга санаа зовж байдаг. Тэмдэглэл бичих аргачлал нь энэ зах замбараагүй бодлын ертөнцийг цагаан цаасан дээр бүгдийг нь гарган дэлгэж тавиад эмхэлж цэгцэлнэ гэсэн үг. Та яг юунд санаа зовниод байгаагаа, юуг хүсч байгаагаа, товчхондоо толгой дотор яг юу болоод байгаагаа хөндлөнгөөс харахтай яг адил. Нэгэнт бүгдийг нь хоосолсон оюун санаа илүү цэгцтэй бөгөөд тайван амгалан санагдана.

Тэмдэглэл бичих хэд хэдэн аргачлалууд бий. Үүнээс хамгийн энгийн аргачлал нь тухайн өдрийн үйл явдлаа 3–5 өгүүлбэрт багтаан бичих. Таагүй үйл явдлууд, таатай үйл явдлууд эсвэл зүгээр л тухайн өдөрт болсон үйл явдлуудыг ямар нэгэн дүгнэлтгүйгээр бичсэн ч болно. Ямар ч хэлбэрээр бичиж болох бөгөөд хамгийн чухал нь өдөр бүр бичих. Өдөр бүр тогтмол тэмдэглэл бичээд, түүнийгээ 7 хоног бүр нэгтгэн эргэж унших үед жинхэнэ ид шид тохионо. Өдөр бүрийн тэмдэглэл дээр дахин давтагдсан санаа, мэдрэмж, үйл явдлуудыг та анзаарч эхлэх ба энэ нь таныг өөрийгөө бодитоор харж үнэлэх сайхан боломжийг олгоно. Та өөрийгөө хөндлөнгийн нүдээр харж үзэх тухай бодож байсан уу? Тэгвэл тэмдэглэл бичих нь танд хамгийн сонирхолтой зорилго байх болно.

--

--