3 хоног тарвасаар биеэ цэвэрлэхэд бэлэн үү?

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
3 min readAug 14, 2018

Та нар минь намайг Ховд аймгаас гаралтай гэж мэдэх билүү? Би чинь Хар усан нуурын хөвөөнд төрсөн баруун нутгийн бүсгүй шүү дээ. Хүүхэд насаа дурсахаар хамгийн гоё дурсамжууд тарвастай холбоотой байдаг. Ховд аймагт газар тариалан сайн хөгжсөнтэй холбоотой намарт ногоо жимсээр аймгаараа бялхана. Тарвас элбэг ургасан үедээ 1 кг нь 100 төгрөг болох үе ч гарна. Тэр үед бараг аймгаараа тарвасаа идээд хоол идэхийг түр азнана. Ингэснээрээ бид өөрийн биеэ тарвасаар цэвэрлэж өвөлдөө бэлдэж байгаа нь билээ.

Улаанбаатарт суурьшсанаас хойш тарвас ногооноосоо холдсон ч биедээ дадал болсон уламжлалаа алдахгүйн тулд намартаа гэр бүлээрээ 3 хоногийн тарвастай мацаг барьдаг билээ. Энэ удаагийн мацаг энэ нийтлэлийг бичих үеэр таарсан тул та нартайгаа хуваалцъя гэж бодлоо.

Тарвас биед хэрхэн нөлөөлдөг вэ?

жич:би Ховдоос тарвас захиж мацагладаг байгаа…

1. Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.

Бидний биед идэж байгаа хоол хүнс, агаарын бохирдол гэх 2 замаар янз бүрийн бохирдол хуримтлагддаг. Гайхалтай нь энэ бохирдлыг бидний эрхтэн систем маш ухаалгаар хором мөч бүхэнд шүүн цэвэрлэж биеэ хамгаалдаг. Тэр эрхтний гол төлөөлөл нь бөөр. Харин тарвасанд бөөрний цэвэрлэх үйл ажиллагааг дэмжих 2 нэгдэл байдаг нь потассиум, кальци 2 юм. Та өглөө сэрэнгүүтээ л тарвасын шүүс ууснаар өдрийн турш бөөрөө дэмжиж, хорыг хурдан гадагшлуулахад туслах болно. Зарим орнуудад бөөрний чулуужилтанд тарвасын үрний цай уулгах эмчилгээ ч хэрэглэдэг байна.

2. Хоол боловсруулалтыг дэмжиж, өтгөн халалтаас сэргийлнэ.

Таны толгой өвдөж, бие сульдаж, өтгөн хатах шинж тэмдэг илэрч байгаа бол энэ нь таны биед ислэг, ус дутагдаж байгаагийн шинж. Ислэг гэдсэн доторх үлдэгдэл бохирдлыг задалж, усаар тэжээгдсэнээр биеэс бохирдлыг гадагшлуулна. Харин энэ хоёр нэгдлийг хоёуланг агуулдаг жимс бол тарвас. Тарвасын 92% нь ус байдаг ба бидний биеийг чийгшүүлээд зогсохгүй тарвасын ислэг нь гэдсэн дэх сайн бактерийг тэжээдэг. Ингэснээр бидний биед хуримтлагдсан илүүдэл бохирдол гадагшилж, бактерийн орчин тэнцвэрждэг.

3. Чихрийн шижингээс сэргийлнэ.

Тарвас идэх үед бидний бөөр тарвасан дахь Л-цитрулин гэдэг амин хүчлийг Л-арганин гэдэг амин хүчилд хувиргадаг. Энэ амин хүчил нь үл орлогдох амин хүчил ба хүний бие дээр сахар шингээх чадварыг сайжруулж, инсулины мэдрэг байдлыг сэргээдэг. Судалгаагаар Л-арганин амин хүчлийг чихрийн шижинтэй хүмүүст (хооллолтод нь тарвас өгөх маягаар) тогтмол өгсөн бөгөөд эдгээр хүмүүсийн үр дүн өдөр тутамд нь эм хэлбэрээр Л-арганин өгсөн хүмүүсээс илүү үр дүнтэй гарсан байна.

4. Залуужуулна

Хамгийн амттай хирнээ хамгийн олон минерал, витамин агуулдаг жимс бол тарвас. Тарвасанд витамин C, витамин А, витамин В1, В5, В6, магни, потассиум, бас хэд хэдэн амин хүчлүүд агуулагддаг. Энэ дундаас витамин С, ликопин гэдэг амин хүчилтэй нэгдэхээр (энэ нь тарвасын улаан өнгийг бий болгодог амин хүчил бөгөөд тарaвсанд улаан лоолиноос их хэмжээгээр агуулагддаг) чөлөөт радикал буюу биднийг хөгшрүүлдэг үйл явцыг удаашруулах чадвартай болдог. Ликопин амин хүчил дангаараа нүдний харааг сайжруулах, хэвээр хадгалахад бас тусалдаг байна.

5. Булчинг хурдан нөхөн сэргээнэ

Их дасгал хийсний дараа ажилласан булчингууд өвчин орж, хөндүүрлэсэн байдаг. Энэ нь бид дасгалын үеэр булчингаа албаар задлан стрессдүүлж байгаа хэрэг бөгөөд буцаж өөрийгөө нөхөхдөө илүү бат бэх, том хэмжээтэй болон хөгждөг. Энэ нөхөх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг амин хүчил байдаг нь тарвасанд байдаг цитрулин юм. Ялангуяа эрчимтэй бэлтгэл хийж байгаа тамирчдад энэ амин хүчлийг бэлдмэлээр уулгадаг ба нэгэн судалгаагаар зөвхөн тарвасын шүүс уусан тамирчид бэлдмэлээр уусан тамирчдаас илүү хурдан булчингийн хөндүүр багасаж, нөхөн сэргээгдэж байгаа нь батлагдсан байна.

За ингээд 3 дахь өдрийн 13.30 аас болох GAMMA лайваар хэрхэн тарвастай мацаг барих тухай хуваалцая!

--

--