‘Гэрэг’, 69 дэх дугаар

Эрхлэгчийн зурвас

Аравдугаар сарын гурав дахь дугаар маань уншигч Таны гар дээр очиж байна.

Монголын улс төрийн орчин эдийн засаг шигээ халуухан байна. Байгуулагдаад жил ч болоогүй, сонгууль болоход бас жил ч хүрэхгүй хугацаа үлдээд байхад Засгийн газраараа туг тахих сонирхол цөөн хэсэг бүлгийн хүрээнд үүсээд байгаа бололтой. Хаанаас гаралтай, ямархан санаархал болоод юунд хүргэж болохыг Авторын буландаа бид онцоллоо.

Монголын улс төр дагасан шинэ хийгээд эрчтэй, бас ч хүчтэй гэж хэлж болох үзэгдэл бол популизм. Чухамдаа популистуудын буруу үйлдлээс болж л Оюутолгой зогсов, Тавантолгой гацав, Засаг үймэв, шийдвэр ужгирав гэж хэлэлцэх нь олон болжээ. Популизм байх ёстой газраа байж болох авч, хэмжээ тун нь ихэсвэл хэрээс хэтэрсэн гарз дагуулж болдгийн жишээг бид үзсээр, мэдэрсээр буй. Тиймээс нийтлэлч Д.Батбаяр энэхүү популизм хэмээх үзэгдлийг Бурхантай зүйрлэжээ. “Энэ амьдралд биелшгүй орчин нөхцөл, амар амгалан, хайр халамж, амраг сэтгэл, шударга ёс, эд баялаг, идээ будаа, гутал хувцас… Ер нь л хүний амьд ахуйдаа эдэлж чадаагүй, чадах ч үгүй бүхнийг Бурхан огтоос эргэлзэлгүй амладаг учраас хүн төрөлхтөн түүнд итгэсээр ирсэн билээ. Популистуудын үг яриа, үйл хөдлөл Бурхныг давах гэсэн мэт харагдах… ажээ” хэмээн тэр бичсэн байна. Хэр оновчтой зүйрлэснийг уншигч та оюундаа тунгаах биз ээ.

Басхүү шашин шүтлэгийн талаарх нийтлэлээрээ У.Бямбаням Тантай золгож байна. Бид шүтэх эрх чөлөөтэй. Өөрсдийгөө бурхны шашинтан гэдэг. Гэхдээ бусдын шашны нөлөө Монголд төдийгүй дэлхий нийтэд түгэн дэлгэрч, хүч түрсээр байна. Зорилго тэмүүлэл нь тэднийг хийгээд биднийг хааш нь залах вэ. Олох нь юу, алдах нь ямар бол? Ийм сэдвийг энэ нийтлэлэд хөндсөн.

Тун удахгүй, ердөө Цагаан сараар золгосны дараахнаас л Монгол сонгуулийн сэдэв рүү орж явчихна. Бидний шинэ үеийн заншил тийм билээ. Харин сонгогчдын тоо сонгуулиас сонгуулийн хооронд буурсаар байгааг яах юм бол? Сонгуульд саналаа өгөхийг фэйсбүүкдэхээс чухалд үздэггүй залуусыг яаж тийш нь татах вэ? Энэ сэдвээр Ж.Тэгшжаргал нийтлэл бичлээ.

Энэ мэт өнөө цагийн ээдрээ төвөгтэй хийгээд хүссэн ч эс хүссэн ч бидэнд тулгарсаар байгаа олон сэдвээс цөөн заримыг нь хөндөж, цаг үеийн шинэхэн хийгээд шигшиж тунгаасан онцлог мэдээллүүдийг багтаасан шинэ дугаар маань сонирхолтой байна гэдэгт найдъя. Биднийг гаднынхан ямар нүдээр хардаг вэ, Риогийн олимпод цөөхүүлээ Монголыг хэд нь төлөөлж оролцох боломжтой бол, хоёр хөршийн хувьд дэлхийн анхаарлыг татсан асуудал нь юу байна гэх мэт асуултын хариуг эндээс олж, удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Лучиа ди Ламмермур” жүжиг, Монголд шинээр орчуулагдсан Орхан Памукийн “Цас” романы тухай мэдээллийн тоймтой танилцаж болно.

Уламжлал ёсоор сэтгүүлээ улам олноор захиалан уншаарай гэж хэлье. “ГЭРЭГ”-ийн нэмэлт захиалга үргэлжилсээр байгаа билээ. Бид сэтгүүлээ хаана ч, хэдийд ч хүргэж өгөхөд бэлэн байх болно.

“Гэрэг” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч С.Батбаатар

Show your support

Clapping shows how much you appreciated Tekist Tegshee’s story.