Залбирал, бясалгалын тусгал

Byambanyam Urtnasan
Gereg magazine
Published in
4 min readAug 29, 2015

[Ном]

Арван жилийн өмнөх Тэр. Хавтсан дээрээ үсээ ардаа шуун, хажуу тийш хандсан шүлэгч охины зурагтай цаас муутай жижигхэн шар ном. Номынх нь нэр “Тэргүүн бүлэг”. 1990-ээд оны эхээр “МУЗ” хэвлэлийн газраас залуу зохиолчдын анхны номыг “ЗӨН” нэрийн дор цувралаар хэвлэснээс Л.Өлзийтөгсийн “Тэргүүн бүлэг”, Б.Галсансүхийн “Хүн судлал”, Г.Аюурзанын “Балчир шүлгүүд” төрж, эргэлтийн босгон дээр тээнэгэлзэн зогссон уран зохиолд өөр өөрийн өнгө, хөгөөр “хонх” цохисон байдаг. Цохисон гэдэг нь ганц хүний сэтгэгдэл төдийхөн ч биш, 90-ээд оны эхэн үеийн утга зохиолын “дээдсүүд”-ийн ярианд “Дарханы Лувсандоржийн Өлзийтөгс” гэсэн тодотгол олон байснаас болсон хэрэг. “Тэргүүн бүлэг”-ээс тогтоосон ийм мөр бий.

Үлэмж гоё сайхны өмнө

Үлэмжийн гоо байхыг хүснэм

Харанхуйн чинад дахь гүн гэгээ шиг

Хачин намуун гэрэлтэхийг хүснэм

Түүнийг тодотгодог гэгээн, эмзэг мэдрэмжүүд эндээс эхтэй. Яруу найргийн түүврүүдийг нь толгой дараалан уншвал энэ мэдрэмж “Төсөөллийн өрөөнд” хүрээд алдарсныг ч мэдэж болох биз. Уран бүтээлийн эрэл, эсвэл өөртөө нээсэн шинэ ертөнц нь “Толинд туссан Будда”-д бүр ч тодорч мэднэ.

1960 онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дөнгөж төгссөн урт эрүү, ясархаг шанаатай нэгэн эр “Мөнгөн хазаарын чимээ” өгөн Монголын утга зохиолд морилж,

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна

гэсээр товсхийтэл орж ирсэн нь Бэгзийн Явуухулан агсан байжээ. Түүнээс өмнөх манай яруу найрагт ард түмнээ авран мандуулсан нам засаг, ачит лам багш нар, хөдөө сайхан нутаг, хөдөлмөрийн ач тусын тухай урт урт мөрүүд зузаан зузаан боть болон хэвлэгдэж байсан бол тэр өвөртлөн ирсэн нимгэхэн цэнхэр номондоо туулайн гүйдэл шиг салхины тухай, мөнгөн аяга шиг гарын тухай, мөнгөн хазаарын чимээнд шаналах зүрхний тухай, шөнөдөө гэрэлтэм амрагийн тухай бичсэн байлаа.

Г.Аюурзанын 1995 онд хэвлүүлсэн “Балчир шүлгүүд” түүвэрт,

…Явуухуланг анх уншсан үе шигээ
Яасан ч ахиад жаргалтай болохгүйгээ…

гэсэн мөр байсны учрыг бүр сүүлд ухаарч билээ. Түүний зурсан тойрог хэтэрхий том, давж алхахад хол байснаас олон шүлэгчид тэр дотуур эргэлдэн түүний ертөнцөөр амьдарсан байдаг.

Харин 1980-аад онд “Уянгын тойрог” гэх хориод жил дарагдсан тэрслүү номоо хэвлүүлсэн яруу найрагч Б.Лхагвасүрэн дээрх тойргийг сэт татан хажуу хавьцаа нь өөрийн шинэ тойргийг бүтээж, түүндээ талын элэг цөмлөн шингэх талаар бичжээ. “Хүннүгийн гунигт дуу”-наас өнөөг хүртэлх урт түүхтэй Монголын яруу найргаас жинхэнэ чанараар нь шүүн үзвэл гарын хуруунд багтах цөөн хүн тунаж үлдэнэ (хувийн дүгнэлтээр). Түүний нэг нь Лувсандоржийн Өлзийтөгс гэдэгт “Толинд туссан Будда” түүврийн сүүлийн хуудас хүртэл итгэлтэй үлдлээ.

“Толинд туссан Будда” түүний яруу найргийн долоо дахь түүвэр. “Тэргүүн бүлэг” (1995), “Тэнгэрт ургадаг модод” (2000), “Эрх чөлөөтэй байхын урлаг…” (2002), “Ганцаардлын дасгал” (2004), “Миний гунигийн түүх” (2007), “Төсөөллийн өрөөнд” (2009) шүлгийн түүврээс алийг нь ч бариад уншсан яруу найргийн мөн чанар тэмтрэгдэх мөрүүд олон тохиодог нь түүнийг уран бүтээлчийнх нь хувиар илүү өндөрт байлгадаг биз. Дотоод эрх чөлөө, барих биегүй их гуниглал, гэтэлшгүй мэт ганцаардал гээд танил мэдрэмжүүд шинэ номонд төдийлэн багтсангүй. Түүний оронд бясалгал, залбирал, тийм амар амгалангаар ч дарж үл чадах дотоод тэмцэл, бага зэргийн гуниглуу аясыг мэдэрч болох юм. “Толинд туссан Будда”-гийн 39 дэх хуудсан дахь нэргүй шүлэг ийм мөрөөр эхэлжээ.

Өглөөхөн орсон цаснууд, бүгд

шувуу болоод харанхуйд нисчихлээ

Өчүүхэн нэгэн далавч шиг цас л

цардмал зам дээр унтаж хоцорлоо …

Түүний үеийнхнээсээ ялгарсан нэг чанар ч энэ байж мэднэ. Эрээнцавд Данзангийн Нямсүрэн абугайн бичсэн шиг байгалийн амьд чанарыг нээх гэж залуус өвс, тал, шувуу, хөдөө хээрийн тухай бичин мунгинаж ахуйд тэр хот, дөрвөн хана, завсар чөлөөгүй амьдрал, үймээн бужигнаан дундаас байгалийг олж харан, түүнийгээ ердөө л цасны ганцхан ширхэг, тэр нь амьтай төдийгүй цардмал зам дээр унтаж буйгаар дүрслэн, яруу найргийн жинхэнэ мөн чанар нь сэдэв, агуулгаас ангид оршдогийг баталчихсан юм. Хэний ч ажиглаагүй, бодож төсөөлөөгүй, эсвэл байж болзошгүй гэсэн атлаа уншихаар яг л тийм хэмнэлд орж хөглөгддөг шүлгүүдийг түүний номоос уншиж болно.

Ээмэг биш сарны гэрэл л зүүдэг би

Эм хүн болж төрсөн минь ердөө заль

Тавин нэг дэх хуудасны шүлгийн энэ хоёр мөрөнд л яруу найрагчийн, эсвэл яруу найргийн талаарх бүх төсөөллийг багтааж болох биз. Анна Ахматова, Сафо, Эмиль Дикинсон хэн нь ч гэлээ ийн дуу алдсан байж мэдэх юм шүү.

Хүмүүний дотор, дотрын дотор

Хүйтэн цоожтой хөх авдар байдаг

Тэр авдрыг нээгээд үзэхэд

Хүн бүхэн өрөвдмөөр байдаг…

Хөх авдрын хүйтэн цоожийг гараараа барьж, түүндээ жиндэн даарах ч доторх өрөвдмөөр зүйлийнх нь талаар бичигч. Хүрэх зам нь хүнд хэцүү ч түүний үзүүрт л жинхэнэ сэрэл мэдрэмж, танихуй, бясалгал, залбирал байдаг нь сонин.

1998 оны “Өчигдөр” сонинд Д.Нямсүрэн найрагчийн “… өөрийнхөө ариун нандин бүхнийг авч гараад байгалийн зүг явж чадвал миний таньж мэдэх охид хөвгүүдээс Т.Содномнамжил, Л.Өлзийтөгс хоёрыг л дэлхийн дэвжээний газар монголчууд хүлээн авах болно” гэж ярьснаас хойш олон жил өнгөрч, Со ламтан цөөвтөр шүлгээ үлдээн ертөнцийн хоосон чанарыг үзүүлж, Л.Өлзийтөгс өөрийнхөө нандин бүхнийг яруу найргийн амин судастай нэгтгэн бичиж явна. Нийгмийн хүйтэн төрх, тэндээс үлээх салхинаас өөрийгөө халхавчлан, гэгээн тунгалгаар нь авч үлдэх л тэр бүхнийг тодоос тод харж, мэдрэх ганц боломж байх магадтайг зарим шүлгээс шалтгаалан улиглалаа.

Олон эшлэл, онол сургаалд барьж уясан шүүмжлэл, тайлбарлал бус, яруу найргийн тухай товчхон яриагаа үүгээр төгсгөе.

--

--