Ariunzul
Gereg magazine
Published in
6 min readNov 6, 2015

--

ХӨШИГНИЙ АРД:

Шинэ цагийн “Ромео Жульетта”-гаар зочилсон нь

Драмын театрын тайзан дээр нэгнээсээ хагацаж ядсан дурлалт хосууд тэврэлдэн зогсох зуур Өрлөг эх тэднийг салгаж үзэсгэлэнт Жульеттаг авч одно. Яг энэ үеэр тайзны чанх өөдөөс харсан үзэгчдийн суудлаас найруулагч гэнэт “ЗОГС” хэмээн дохио өгөв. Тэр суудлаас босож тайз руу очоод өөрөө Ромеогийн дүрд орж дурлалт бүсгүйгээ хайрлан энхрийлж, цээжиндээ чанга гэгч нь тэвэрлээ.

“Та хоёр ахиж уулзахгүй. Тийм болохоор эцсийн удаа уулзаж байгаа хосууд яаж бие биедээ тэмүүлж байгаа хүчтэй сэтгэл хөдлөлийг гарга”

гэж гол дүрийн жүжигчдэд хэллээ.

Ингэж дүрдээ орж тухайн дүрийг улам амилуулах тал дээр ажилладаг нь магадгүй Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын өөрийн жүжиглэх туршлагатай холбоотой байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн билээ. Найруулагч бэлтгэлийн туршид жүжигчидтэй хамт дүр “бүтээж”, тэдэнтэй хамт уйлж, инээж, зарим үед жүжигчдийг загнаж чангаар орилж байснаа нэг л мэдэхэд жигтэйхэн инээчихсэн сууж байх нь үзэгдэнэ. Намайг Драмын театр дээр очсон анхны өдөр жүжгийн бэлтгэл эд дундаа орж байв. Үзэгдэл бүрийг хангалттай болсон гэж үзэх хүртэл дор хаяж гурваас таван удаа давтаж, тухай бүрт нь тайзны гэрэл, дуу шуумыг тохируулсаар тэр өдрийн бэлтгэл 19:00 цагт дууссан ч тулааны хэсэгт тоглож байгаа жүжигчид сургуулилтаа хийхээр үлдсэн юм.

Зуны турш чимээ аниргүйд дарагдсан Драмын театр одоо бол бум бужигнасан газар болон хувирч, өглөөнөөс орой хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийх уран бүтээлчид болоод театрын ажилчдын хөлд дарагджээ.

Учир нь УДЭТ-ын хамт олон ирэх сарын 12-нд Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ хийхээр шургуу ажиллаж байна.

Хорин жилийн дараа цоо шинэ дэг тавилтаар УДЭТ-ийн тайзнаа амилах гэж буй энэхүү жүжиг сонгодог урлагт шимтэгчид төдийгүй энэ эмгэнэлт хайрын түүхийг мэддэг хүн бүрийн сонирхлыг татаж байгаа нь лавтай. Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжиг хамгийн анх 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байжээ. Удахгүй нээлтээ хийх “Ромео Жульетта” жүжиг найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар 1996 онд тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта” жүжгээс олон зүйлээр ялгаатай болохыг найруулагч Н.Наранбаатар ярилаа. Жүжгийг 1996 онд найруулагч Ч.Найдандорж Ч.Чимид гуайн орчуулгаар, яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр тавьж байсан бол энэ удаад Х.Мэргэн гуайн орчуулгаар тавьж буйгаас гадна Уильям Шекспирийн зохиолыг бага зэрэг “эвдэж”, зөвхөн агуу хайрын түүхийг бус өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн зан байдал, шунал хүсэл, үнэт зүйлийн хэмжүүрийг харуулахыг зорьж байгаа аж. Тийм ч учраас үйл явдал, дүрийн сэтгэл хөдлөлийг үзэгчдэд мэдрүүлэх зорилгоор хөгжим, гэрэл сүүдэр, хөдөлгөөний гоо сайхнаар тухайн уур амьсгалыг бүрдүүлж байгаа нь бэлтгэлийн үеэр илэрхий харагдана. Дүрүүдийн сэтгэл хөдлөл, хоорондын тэмцэл зөрчлийг огцом ширүүн хөдөлгөөн, араатан амьтных шиг өвөрмөц үйл хөдлөлөөр илэрхийлсэн үзэгдлүүд цөөнгүй.

Найруулагч хүүхдийнхээ хүсэл сонирхлыг үл тоож, ашиг сонирхлын төлөө улайран зүтгэсээр эцэстээ цорын ганц охиноо алдах Капулеттийн гэр бүл, мөнгөний төлөө хүний амийг үл тоон залуу хүүд хор худалдах эмийн санч зэрэг дүрүүдээр өнөөгийн нийгэм дэх хүмүүсийн хувиа хичээсэн байдлыг харуулахыг зорьж буй. “Шинэ найруулгын онцлог нь бүх дүр нийгмийн парадокс, гажуудлуудыг төлөөлж байгаа юм. Энэ жүжгэнд хоёрхон л эрүүл хүн байна. Тэр бол Ромео Жульетта хоёр” гэлээ. Тайзны ард талаар дамжин явсаар Н.Наранбаатар найруулагчийн өрөөнд орвол хоймортоо залсан урлагийн тэнгэр Янжинлхам бурханы зураг хамгийн түрүүнд нүдэнд тусав. Өрөөний голд даралтат хөгжим болон дуу өсгөгч байршуулжээ. Хөгжмийн зохиолч Б.Чинбат энд байрлаж “Ромео Жульетта” жүжгийн хөгжим дээр ажиллаж байгаа гэнэ. Н.Наранбаатар найруулагч миний төсөөлж байсан шиг албархуу бас биеэ тоосон хүн биш харин эсэргээрээ тун наргианч, гайхалтай энгийн хүн аж. Гэхдээ биднийг ярилцах зуур хаалгаар шагайж найруулагчаас энэ тэрийг асуусан хүн бүр цаанаа л нэг ёсорхуу, хүндлэлтэй харилцаж байгаа нь мэдрэгдэж байлаа. Магадгүй ийм хүндлэлийг олсон хүн л тэр олон уран бүтээлчдийг нэгтгэж, удирдан зохион байгуулсны дүнд уран бүтээл төрдөг биз ээ.

“Жульетта үхсэн гэдэг мэдээ хэрхэн чамайг тамирдуулж, тарчлааж байгааг наад хөдөлгөөнөөрөө илэрхийлээд өг” хэмээн найруулагч микрофоноор чанга гэгч нь хэлсний дараа Ромеогийн дүрийг бүтээж буй жүжигчин Б.Шинэбаярын тоглолт өмнөх тоглолтоос нь илүү чадварлаг, үнэмшилтэй харагдаж байлаа. Хайрт бүсгүй нь хорвоогоос хальсан гэх аймшигт мэдээг сонссон Ромеод одоо бүх зүйл утга учиргүй санагдаж, үхлийн хор ууж амьсгал хураахаар сэтгэл шулуудна. Энэ үзэгдлийг жүжигчин өөлөх зүйлгүй төгс тоглов. “Аав”, “Учрал”, “Хязгааргүй”, “19” зэрэг кино дэлгэцийн бүтээлүүдээр олны танил болсон залуу жүжигчин Б.Шинэбаяр алдарт “Ромео Жульетта” жүжгийн гол дүрийг авна гэж урьд өмнө төсөөлөөч үгүй байжээ. Энэ дүрд тоглох болсноо мэдэхэд хамгийн түрүүнд юу мэдрэгдсэн бэ гэхэд тэр эргэлзэх зүйлгүй “айдас, хариуцлага, баяр хөөр гээд маш олон мэдрэмж давхцсан” хэмээн хариуллаа. “Гэхдээ жүжиг дээр ажиллаж, бэлтгэл сургуулилтаа шаргуу хийхийн хирээр айдас маань бага багаар өөртөө итгэх итгэлээр солигдож байна. Гэсэн ч жүжигээ олон нийт, мөн урьд нь энэ жүжигт тоглож байсан мундаг уран бүтээлчдэд хүргэж, үнэлгээ аваагүй байгаа болохоор одоо хүртэл миний доторх айдас арилаагүй” гэв. Мэдээж дэлхийн сонгодог жүжгийн гол дүрийг бүтээнэ гэдэг жүжигчин хүний хувьд нэг талаас ур чадвар шаардсан өндөр хариуцлагатай ажил, нөгөө талаас асар их боломж, нэр хүндийн хэрэг билээ. Хорин жилийн өмнө Ромеогийн дүрд тоглож байсан жүжигчин О.Гэрэлсүх “Тэр үед би дөнгөж оюутны ширээнээс холдоод удаагүй, ямар ч туршлагагүй байсан. Харин Ромеогийн дүр дээр ажилласан нь надад маш том туршлага болсон юм. Нас, дүр төрхийн байдлаар энэ дүрд тоглох завшаан тохиосонд баяртай байдаг. Гэхдээ завшаан гэдэг нь их өчүүхэн зүйл. Үүнийг тордож, хичээхгүй бол өөр жүжигчин энэ завшааныг ашиглана шүү дээ” гэлээ. Харин энэ удаад “Ромео Жульетта” жүжгийн гүйцэтгэх продюссераар ажиллаж байгаа тэрбээр Ромеогийн дүрийг бүтээснээс хойш буюу 1996–1999 оны хооронд УДЭТ-д тоглогдож байсан жүжгүүдийн дийлэнх гол дүрийг бүтээсэн билээ. Ч.Найдандорж найруулагчийн найруулсан “Ромео Жульетта” жүжигт Жульеттагийн дүрийг бүтээсэн жүжигчин Урнаа, Өрлөг эхийн дүрийг бүтээсэн жүжигчин Сарантуяа, Парисын дүрийг бүтээсэн Жаргалсайхан зэрэг уран бүтээлчдээс гадна тухайн жүжиг дээр ажиллаж байсан үйлдвэр техникийн болон захиргааны албаны цөөнгүй хүмүүс энэхүү шинэ тавилтан дээр дахин ажиллаж байгаа юм байна.

УДЭТ нь захиргаа удирдлага, үйлдвэр техник, уран бүтээлийн гэсэн нийт гурван хэлтэстэй бөгөөд үйлдвэр техникийн хэлтэст гэхэд 30 гаруй хүн ажиллаж байна. Үүнд тайзны гэрэлтүүлэгч, шуум хөгжмийн, хувцас чимэглэлийн зэрэг арын албанд ажилладаг уран бүтээлчид орно. “Бид өөрсдөө жүжиг дотроо ороод, хамт жүжиглээд л явдаг гэсэн үг. Гэрэлтүүлэг бол театрын урлагийн маш хариуцлагатай ажил” хэмээн 1987 оноос өнөөг хүртэл театрт ажиллаж байгаа гэрлийн оператор СТА Р.Мөнхцэцэг ярьсан юм.

Бэлтгэл түр завсарлаж, тайзны шат, гэрлийг янзалж байх зуур надад тайзны араар явах завшаан тохиосон юм. Би үргэлж үзэгчдийн суудал дээр сууж байхдаа тайзан дээр эрхэмсэг, тайван алхах жүжигчид хөшигний ард хэрхэн сандарч, дараагийн үзэгдлийнхээ хувцас хэрэглэлийг бэлдэх гэж тэвдэж байгааг төсөөлдөг байлаа. Тэр үед завсарлаж байсан учраас хөшигний ард талд харьцангүй тайван нөхцөл байдал угтав. Зарим жүжигчид үгээ давтаж, үл ялиг сонсогдохуйц амандаа бувтнаж байхад зарим нь ар гэрлүүгээ утасаар ярих нь сонсогдоно. Театр, тайз гэдэг тэдний хувьд хэдийн гэр шиг нь ойр дотно газар болжээ. Найруулагч, жүжигчидээс эхлээд тайзны гэрэлтүүлэгч, техникийн ажилчид, гагнуурчин, мужаан гээд театрын бүхий л ажилчид өглөөнөөс үдшийн бүрий хүртэл өнөөх ягаан байшиндаа ажиллана, амьдрана. “Энд амьдарч байна гэхэд бараг болно доо. Ийм үед гэр бүлийхэн маань маш их ойлгодогт баярлаж явдаг. Гэхдээ цаг нааргүй ажиллаж байгаа ч дуртай зүйлээ хийж байгаа болохоор ядрахыг мэдэхгүй ажиллаж байна” хэмээн Жульеттагийн дүрд тоглож буй жүжигчин О.Дөлгөөн ярьсан юм.

Жульеттагийн дүрд тоглох нь түүний жүжигчин болохыг хүссэн шалтгаан байжээ.

Тэр одоо хүссэн зүйлээ биелүүлж алдарт “Ромео Жульетта” жүжгийн гол дүрийг бүтээж байгаадаа юу юунаас илүү баяртай байгаа нь илэрхий байв. Удалгүй завсарлага дуусч жүжигчид дараагийн үзэгдэлд бэлэн боллоо. Тэд хөшигний ард бүх сандрал, айдас бэрхшээлээ орхиод тайзан дээр дүрээ амилуулахаар гарч одов.

--

--