Энэ цагийн эзэд

Ariunzul
Gereg magazine
Published in
13 min readSep 21, 2015

Ардчилалтай зэрэг мэндэлж, нэгэн цаг үед өсөж, хөгжиж яваа шинэ үеийнхэн өнөөдөр яг ид хийж бүтээх насандаа ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буйг бид олон жишээнээс харж болно.

Эргэн тойрноо сайн ажвал энд тэндгүй залуус байна. Эрч хүчээр дүүрэн, хийж бүтээх хүсэл, урагш тэмүүлсэн зорилготой хүмүүс энэ хотоор дүүрэн байна. Сар гаруйн өмнө “Forbes Mongolia” сэтгүүлээс шилдэг залуу үеийнхнийг нэрлэсэн “30 хүртэлх 30” жагсаалтыг хараад Монголын залуучуудаар бахархахын зэрэгцээ тэдэн шиг чадварлаг хэрнээ өндөр албан тушаал хашдаггүй, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийг төгсөөгүй боловч хүсэл тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж яваа залуус хэчнээн олон байгаа бол гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирсэн билээ.

Ардчилалтай зэрэг мэндэлж, нэгэн цаг үед өсөж, хөгжиж яваа шинэ үеийнхэн өнөөдөр яг ид хийж бүтээх насандаа ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буйг бид олон жишээнээс харж болно. Дийлэнх албан байгууллагын идэвхтэй ажилтнууд гол төлөв 25–35 насны залуу үеийнхэн байгаа нь үүнийг баталж байна. Тухайлбал, “Unitel” корпорацийн ажилчдын дундаж нас 27 бол “Үндэсний шуудан” сонины сэтгүүлчдийн дундаж нас 31 байна. Манай сэтгүүлийн хувьд ч дунджаар 24 орчим насны залуу сэтгүүлчдийн баг ажилладаг. Энэ бол ардчилал ирэх цаг үетэй зэрэг мэндэлсэн залуу үеийнхэн одоо цагийг эзэгнэж буйн тод жишээ. Дэлхийн улс орнуудын хүн амын голч насыг харуулсан газрын зурагт Монгол Улс 20–29 насны ангилалд орсон тухай “Dadaviz” сайт мэдээлж байна. Голч нас гэдэг нь хүн амын тэн хагас нь тухайн наснаас дээш, нөгөө хагас нь доош настай байхыг хэлдэг аж. Түүнчлэн дэлхийн хүн амтай холбоотой бүхий л мэдээллийг хүснэгт, газрын зураг, диаграммаар илэрхийлдэг http://world.bymap.org/ цахим хуудас улс үндэстнүүдийн голч насны жагсаалтыг мэдээлсэн дотор Монгол Улс 27 насаар 227 орноос 132-т орсон байна. Хүнээр төсөөлбөл манай орон өнөөдөр уйдах завгүй ажиллаж, ядрахыг үл ажран хөдөлмөрлөдөг идэр залуу насандаа яваа байх нь.

Өдгөө насандаа баймгүй ихийг хийж бүтээхийг зорьж, уйгагүй хөдөлмөрлөж яваа чадварлаг залуус чамгүй олон байна. Бид энэ нийтлэлээр залуусын хүрсэн амжилтыг том, жижиг хэмээн хэмжихийг хүссэнгүй. Харин хүчээ сорихоор шийдсэн салбартаа даацтай хувь нэмэр оруулж, бусдын сэдээгүйг сэдэж, бусдын хүрээгүй өндөрлөгт гарахаар тэмүүлж байгаа залуусын амжилтыг уншигч та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

А.Амарбаяр, 25 настай

А.Амарбаяр их хотын төвд байрлах ажлын байр луугаа өглөө эртлэн очих дуртай. Учир нь түүнд хүмүүс ажилдаа ирж, хөл хөдөлгөөн нэмэгдэхээс урьтаж өмнөх өдрийн ажлуудаа цэгцлэх, и-мэйл хаягаа шалгаж, хүмүүст хариу илгээх гээд амжуулах зүйлс бишгүй. Ажлынх нь ширээн дээрх 29 инчийн гурван дэлгэц, лаптоп болон хананд өлгөсөн Монгол Улсын далбааг эс тооцвол “гар хүрээгүй” шинэхэн ажлын орон зай түүнийг өглөө угтана. Хажуу ширээний хананд өлгөөтэй Хятад, Энэтхэг улсын далбаанууд, аз жаргалтай инээмсэглэн авахуулсан гэр бүлийн зураг, цаашилбал цонхон талд ажилладаг залуугийн гүйлтийн зам, далайн эргийн халуун оронд буй мэт нарнаас хамгаалах шүхэртэй харьцуулахад Амараагийн ширээ тун даруу. Учир нь тэр “Amazon” компанид ажиллаад ердөө дөрвөн сарын нүүр үзэж буй.

Энэ оны эхээр тэрбээр хүссэн компанидаа ажиллаж, ажлын туршлага хуримтлуулах зорилгоо биелүүлэхээр сэтгэл шулуудаж Америкийн томоохон 10 гаруй компаниудад хандан анкет бөглөж, ажлын ярилцлагад оржээ. Энэ үеэр “Amazon” компаниас түүнд хүсэлт ирж, хэд хэдэн төрлийн ярилцлагад орсон байна. “Аmazon” олон улс дамнасан томоохон корпораци тул өндөр шалгууртай байх нь аргагүй.

Ямартай ч чадах бүхнээ харуулсан тул сэтгэл амарч, нэлээд олон хоног хариу хүлээж суух байх хэмээн бодож суусан Амарбаяр маргааш өдөр нь л тэнцсэн хариу авснаар хүссэн компанидаа орсон нь энэ.

АНУ-д компьютер, шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшээд, программист, программ хангамжийн чиглэлээр таван жил ажиллаж туршлага хуримтлуулж, өнгөрсөн жил мэдээлэл технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр одоо ажиллаж буй хугацаандаа ч ахин дахин суралцсаар байна. “Мэдэхгүй, чадахгүй зүйл маш их тулгардаг. Жишээлбэл “Amazon” зэрэг томоохон компаниуд зөвхөн дотоодын системүүдээ ашигладаг учраас шинээр сурах юм их гарч байна. Мөн олон жил мэдээлэл технологийн салбарт ажиллачихсан, компьютерийн “Geek”-үүдийн дунд ажиллаж байгаа болохоор өдөр бүр шинэд суралцаж байна даа” гэж ярилаа.

Түүнтэй адил чадварлаг залуус өнөөдөр “Google”, “Facebook” зэрэг дэлхийн томоохон мэдээлэл технологийн компаниудад амжилттай ажилладаг. Үүнээс гадна авьяас, чадвартай цөөнгүй залуус Монголдоо шинийг зохион бүтээх, аливааг технологийн аргаар хөнгөвчлөх арга хэлбэрүүдийг туршиж байгааг харвал энэ салбар манай оронд жил ирэх тусам хөгжсөөр байна. Гэвч шинэчилсэн мэдээллийн технологийг ашиглах, хүлээж авах зах зээл хомс байгаа тул эдгээр чадварлаг залуусын хувьд эх орондоо ажиллах орон зай дутагдаж, гадаадын томоохон компаниудад ажиллаж байгааг буруутгах аргагүй. Амарбаярын хувьд 2013 онд эх орондоо ирээд, мэргэжлийн салбартаа ажиллах зорилготой байсан боловч Монголын мэдээллийн технологийн зах зээл хангалттай хөгжөөгүй, энэ чиглэлээр ажиллах боломж дутмаг байснаас Америкт буцаж очин ажиллах шийдвэр гаргасан тухайгаа ярьсан юм.

Дэлхийн өнцөг булан бүрийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, шилдэг инженерүүдийн дунд монгол залуус мөр зэрэгцэн ажиллаж байгаа бахархлын нэг жишээ бол А.Амарбаяр.

Мэдээллийн технологийн салбар нь компьютер, технологийг ашиглан ямар нэг асуудлыг хялбар аргаар шийдэх, тогтсон хайрцгаас гарч сэтгэх тухай асуудал бөгөөд монгол залуус сэтгэлгээний чадвараараа энэ салбарт өндөр амжилт үзүүлсээр байна. Тэд тун удахгүй эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ирээдүйн үнэ цэнэ, баялаг билээ.

Цэлмэг, 30 настай

Америкаас ирсэн найзтайгаа уулзахаар “Guesthouse”-т нь очсоноор тэндхийн эзэнтэй нь танилцсан юм. Тэр намайг дажгүй англи хэлтэй юм чинь хөтөч хийхгүй юу гэсэн санал тавихад нь “Би Монгол орныхоо талаар сайн мэдэхгүй шүү дээ” гэж хариулж билээ” хэмээн инээмсэглэх улаан даашинзтай, өөртөө итгэлтэй бүсгүйг Цэлмэг гэдэг. Арван жилийн өмнө болсон энэ явдлын дараа Цэлмэг гурван сар хөтөч хийснээр аялал жуулчлалын салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан байна. Харин тэр яг одоо өөрийн “Meg’s Guesthouse” дотроо бидэнтэй ярилцаад сууж буй нь энэ.

Нэгэн зууныг арав хуваасантай тэнцэх энэхүү он жилүүд урт мэт санагдах ч юм хийж бүтээхийн тулд зогсолтгүй урсах цаг, минут бүртэй уралдан амьдардаг нэгний хувьд богино хугацаа. Цэлмэг арван жил хөтөч хийсэн арвин туршлага дээрээ үндэслэн өөрийн “Meg’s Adventure Tours” ХХК-ийг дөрвөн жилийн өмнө үүсгэн байгуулж, хоёр байртай “guesthouse”-аа нээснээс хойш нэг жил өнгөрчээ. Одоо тэдний байгууллага жилдээ дунджаар 400–500 жуулчин хүлээж авдаг. Ихэнх хүмүүсийг эрхэлж буй ажил мэргэжил нь тодорхойлдог бол Цэлмэгийн цаг зав, сэтгэл зүрхээ зориулан хийдэг хүмүүнлэгийн ажлууд нь түүний нэрийн хуудас болдог. Хүмүүнлэгийн ажлыг бусдад нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх гэж ойлгодог хүмүүсээс ялгаатай нь Цэлмэг өөрийн биеэр нөхцөл байдалтай очиж танилцан, бэлэн мөнгө гэхээс илүү хамгийн хэрэгтэй тулгамдаад буй зүйлсээр нь тусалж, амьдралд нь цаашид хэрэг болох арга барилыг эзэмшүүлэхийг зорьдог. Анх зургаан жилийн өмнө асрамжийн газрын хүүхдүүд дээр очих үедээ тэдэнтэй хамт тоглон, сэтгэл санааны урам зориг өгдөг байжээ. Яваандаа нэг уут чихэр барьж очдог болсон байна. Ийнхүү түүний сайн санааны үйлс улам хүрээгээ тэлсний нэгэн жишээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийг ажилтай, тогтмол орлоготой болгох зорилгоор хийж буй ажлыг нь нэрлэж болно.

Цэлмэгийн эрхэлдэг өдөр тутмын ажилд ч хүмүүнлэгийн үйлс нь тусгалаа олсныг жуулчдад хэрэгтэй мэдээллээр дүүргэсэн зарлалын самбар дээр нь байх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн урласан эсгий гар урлал болон “guesthouse”-ийнх нь ханыг чимэх сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн зурсан зургууд илтгэнэ. Түүний байгууллагаар үйлчлүүлдэг жуулчид ч энэхүү сайн үйлсийг нь дэмждэг бөгөөд асрамжийн газар хамт очих нь тэдний хувьд бараг уламжлалт зан үйл болжээ.

Захирал гээд ширээний ард сууж ихэнх цагийг барах дургүй Цэлмэг жуулчдаа дагуулан Монголынхоо үзэсгэлэнт байгалиар явах дуртай. Ингэж аялах үедээ жуулчид буудалладаг гэр буудлуудаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав ээж ажилладаг газруудыг сонгон үйлчлүүлдэг. Ийм гэр буудлууд одоогоор Баян-Өлгий, Дундговь, Хөвсгөл аймгуудад байдаг бөгөөд цаашдаа бүх аймгуудад байгуулах зорилго тавин ажиллаж байгаа аж. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдний нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрэн бүрдүүлэхийн төлөө ажиллахаар зэхэж буй Цэлмэг бүсгүй дэлхийн улс орнуудаар аялж туршлага судалдаг бөгөөд бидний уулзалтын дараа Шри Ланк улсыг зорин ниссэн юм.

О.Тэнүүн, 28 настай

Гэрэл зургийг Ц.Шувуу

Болохгүй, бүтэхгүй гэх үгс үгийн санд минь байдаггүй” хэмээн даруухан хэрнээ өөртөө итгэлтэй ярих, дөлгөөхөн харцтай залуугийн нэр Тэнүүн. “Оюуны ундраа пропертис” ХХК-ийн гүйцэтгэх захирал хэмээх албан тушаалыг 28-хан насандаа хашиж буй ч өөрийгөө менежер гэж хэлүүлэх дуртай тэрбээр оффист суун, алсаас удирдах бус, харин өдөр тутмын үйл ажиллагаанд нь өөрийн биеэр оролцохыг илүүд үздэг. “Зайсан хилл” цогцолбор бол түүний арван жилийн өмнөх мөрөөдлийн биелэл. Цаг хугацаатай уралдан сүндэрлэн босох тус цогцолборыг бид түүний ажлын өрөөнөөс ажиглан суух үед амралтын өдрийн үдийн арван хоёр цаг болж байв. Хэдийгээр ажлын өрөөнд нь нам гүм ноёлох ч, хананд байрлуулсан самбар дээр бичсэн сарын, долоо хоногийн төлөвлөгөөнүүд нь ажлын өдрүүдэд эдгээр өрөөнүүдэд шинэ санаа төрж, шилдэг залуучууд түүнийг маш сайн гүйцэтгэхийг эрмэлздэгийг илтгэнэ.

Тэр 2000 онд 13 настайдаа АНУ-ыг зорьж, тэнд анхны цагийн ажлаа хийж үзсэн бөгөөд хамгийн эхний цалингаараа мөрөөдөж байсан сагсны өмсгөлөө авч байсан мөч нь өчигдөрхөн мэт санагддаг тухай ярьж байлаа. Хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөсөн мөнгөө хувцас болгосныхоо дараа хүсэн хүлээж байсан баяр хөөрийг мэдрээгүйдээ ч тэр үү, эсвэл аав ээжийнхээ хэрхэн зовж мөнгө олдгийг өөрийн биеэр мэдэрснээс болсон уу, өөртөө улам том зорилго тавин мятрашгүй тэмүүлж байх хэрэгтэйг ойлгожээ. Тэнүүн энэ цагаас эхлэн өөрийгөө хүүхэд биш, насанд хүрсэн том хүн гэж үзэж, тэдэнтэй зэрэгцэн алхахыг зорьсон нь амжилтынх нь үндэс болсон гэлтэй.

Орос, англи хэлтэй Тэнүүн Америкт ахлах сургуулиа дүүргэж, улмаар Англи улсад дээд боловсрол эзэмшихийн сацуу Орос, Хятадын нэр хүндтэй сургуулиудад давхар боловсрол эзэмшсэн байна. Бие даан удирдан явуулж буй “Зайсан хилл” цогцолборын төслийн хүрээнд “хот доторх хот” бий болох учиртай. Зайсан гэдэг үг “баян, бийлэгжүү” гэсэн утгыг илэрхийлсээр уджээ. Гэвч энэ бол Монгол хүн бүрийн эзэмшлийн газар. Тийм ч учраас манай цогцолбор бүхий л хүнд үйлчлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулах болно” гэж Тэнүүн өгүүлсэн юм. Тус цогцолборын нэг хэсэг болох, энэ зун нээлтээ хийсэн “Food village”-ийн хоолны үнэ зах зээлийн дундажтай ойролцоо бөгөөд аль хэдийнэ үйлчлүүлэгчдээ татаад эхэлжээ. Зуны намуухан үдэш дуут усан оргилуурын хажууд чанартай, бас амттай хоол зооглохоор ирэх хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.

Залуу хүмүүс хийж буй ажил бүрээсээ ямар нэгэн шинэ зүйлд суралцахын сацуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байгаасай гэж хүсдэг Тэнүүн шинэ үеийн дуу хоолой болж, 2016 оны 7-р сард Монгол Улсад болох ASEM-ын уулзалтыг зохион байгуулах багт сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтээ явуулжээ. Тэрбээр залуу хүмүүс ажил хийхдээ үнэ хөлсийг чухалчлах бус харин мэдлэг дадлага олж авахыг илүү эрмэлзэх хэрэгтэй гэж үздэг бөгөөд сайн дурын ажилд залуу үеийнхнийг аль болох олноор татан оролцуулдаг байгаасай гэж хүсдэгээ нуугаагүй юм.

Чөлөөт цагаараа бага наснаасаа дурласан сагсан бөмбөгийн спортоор хичээллэх дуртай тэрбээр цаашид гольфоор хичээллэхээр шаргуу бэлдэж буй.

“Монгол хүн бүр тогтвортой орлоготой, сайхан амьдралтай болоосой” гэж ярих Тэнүүн өөрийн амжилтын нууцаа гэр бүлийн зөв хүмүүжилтэй холбон тайлбарладаг. Хайр халамжаар дүүрэн гэр бүлд өсгөн торниулж, багаас нь хөдөлмөрийн амтыг мэдрүүлсэн аав ээжтэйгээ үе тэнгийн найзууд шиг харилцдаг эл залуу Монгол орныхоо бүтээн байгуулалтанд энэ цаг мөчид ч хувь нэмрээ оруулсаар, хот доторх хотоо байгуулсаар, ирээдүй рүүгээ зогсолтгүй тэмүүлсээр байна.

Б.Билгүүтэй, 23 настай

“Yellow Room Studio”-гийн дууны инженер, “Sing Like A Pro” төслийн продюссер

-Бид “Sing Like A Pro” төслийг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Дуулах авьяастай, дуулах дуртай олон мундаг залуус онлайн орчинд байдаг болсон байна. Тэднээс сонгож, авьяасыг нь мэргэжлийн түвшинд хүртэл хөгжүүлэх, цаашлаад шинэ уран бүтээл туурвихад нь туслах зорилготой. Энэ хугацаанд 20 гаруй ковер болон шинэ уран бүтээл дээр ажиллаж, олон нийтэд хүргээд байна. Хэд хэдэн телевизийн чарт, “Hi-Fi” болон FM 102.5-ын хамтран гаргадаг албан ёсны шилдэг 20 дууны жагсаалтад манай төслийн дөрвөн ч уран бүтээл багтсанаас гадна “Mrs.M”-ийн “Цор ганц” нэртэй анхны сингл нь шилдэг дууны жагсаалтад дөрвөн долоо хоногийн турш нэгдүгээр байранд бичигдсэн зэрэг амжилтууд бидэнд маш их урам өгч байгаа. Бид энэ төслөөрөө “Playtime” фестивальд оролцохоор бэлдэж байна.

Д.Даваадорж, 23 настай

“Мөнх цохилох зүрх” аяныг зохион байгуулагч

-”Мөнх цохилох зүрх” аяныг өнгөрсөн оны 10 дугаар сард зүрхний хавсарсан гажигтай дөрвөн настай Мөнххүслэн хүүд туслах зорилгоор эхлүүлсэн. Бид гурван сарын хугацаанд Мөнххүслэн хүүгийн эмчилгээний зардал болох 30 сая төгрөгийг босгож чадсан. Мөн энэ оны нэгдүгээр сард нэг ой дөрвөн сартай Хулан охины эмчилгээний зардлыг гурван сарын дотор босгож чадсандаа баяртай байна. Энэ бүхэн маш олон хүний сэтгэлийн дэмээр бүтсэн. Хүний амь насыг аварна гэдэг үнэхээр сайхан ажил. Бидний амьдрах хугацаа хэр урт вэ гэдгийг тааварлашгүй. Хүнд өвчин зовлонд унасан хүмүүсийн төлөө бид багахан сэтгэл гаргахад л тэд босоод ирдэг гэдгийг энэ үйл явдлаас харж болно.

Н.Сүндэръяа, 30 настай

Монголын анхны йогийн мэргэжилтэн, дуучин

Би Монголоос анх удаа “Йог-Эмгүй эмчилгээ”-ний магистрантурт суралцаж байна. Йог хэмээх шинжлэх ухааныг судалж, монголчуудынхаа төлөө ажиллах боломжтой боллоо. Манайд йогийг зөвхөн дасгал төдийгөөр ойлгодог байсан бол одоо академик сургалтын түвшинд дэвших анхны гарааг тавьж байгаадаа баяртай байна. Энэ чиглэлээр Монголдоо үргэлжлүүлэн ажиллана гэж найдаж байна. Манай ард түмэн йогийг маш сайн хүлээж авдаг. Аливаа асуудал, зөрчил нь хувь хүний сэтгэл санаанаас ихээхэн хамаарч байдаг. Тиймээс йогоор дамжуулан стрессгүй монгол хүнийг төлөвшүүлэх боломжтой. Стресс нь хүнийг архи гэх мэт мансуурах дон руу татан оруулдаг. Нийгмийн амар амгалан хувь хүний тайван байдлаас шалтгаалдаг учир би энэ чиглэлээр өөрийнхөө хүч чадлыг дайчлан ажиллах болно.

А.Тэмүүлэн, 21 настай

“MySked” аппликэйшнийг санаачлагч

-Энэхүү цаг төлөвлөлтийн сошиал медиа платформ нь хаана, хэзээ, хэнтэй, хэр хугацаанд, юу хийх вэ гэдэг мэдээлэл, ажлын жагсаалт, төлөвлөгөө, хийж гүйцэтгэсэн зүйлсийнхээ зургийг оруулж найзуудтайгаа бодол санаагаа хуваалцахад зориулагдсан юм. Төрсөн өдөр, хичээл, шалгалт гээд бүх ажлуудаа төлөвлөж болно. Хэн нэг найзтайгаа уулзмаар байлаа гэж бодоход түүний завтай эсэхийг мэдэхийн тулд “MySked” профайл руу нь ороод хаана, юу хийж байгааг нь, өнөөдөр юу хийх вэ гэдгийг нь хараад, завтай үед нь уулзаж кофе уух, эсвэл хамт оройн хоол идэх хүсэлт явуулж болно. Өөрөөр хэлбэл энэ апп-ын тусламжтайгаар амьдралаа илүү хөгжилтэй, бүтээлч болгож болохоос гадна амьд харилцааг хөгжүүлнэ. Сонирхдог салбарынхаа манлайлагч хүний намтар луу ороод тэр хүн өдрийг хэрхэн өнгөрүүлдэг, юу хийдэг зэрэг мэдээллийг харж, өдөр тутмын ажлынхаа төлөвлөгөөг сайжруулах замаар өөрийгөө илүү бүтээлч болгох боломжтой.

Д.Одзаяа, 23 настай

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч

-Улс эх оронд болоод дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд хүмүүст хүргэх гүүр нь болж ажилладаг нь миний мэргэжлийн давуу тал, онцлог гэж би боддог. Нэвтрүүлэгч хүн бол сэтгүүлч, найруулагч, техникч, жолооч гээд ард ажилласан багийнхаа ажлын эцсийн үр дүнг үзэгчдэдээ хүргэдэг хамгийн хэцүү, хариуцлагатай ажил. Миний ганцхан алдаанаас болж тэр бүх хүний ажил нурж болохгүй шүү дээ. Тиймээс бид алдах эрхгүй. Шантрах, хэцүү санагдах үе байлгүй яахав. Гэхдээ тэр бүхнийг даван туулахад хэрэгтэй бүхнийг зааж, зөвлөн ойлгуулж, дэмждэг хамт олон байдагт би маш их баярлаж явдаг. Хүсэл мөрөөдлийнхөө дагуу ажиллаж байгаа минь ч урам баяртай байхад нөлөөлдөг байх.

З.Энхмөнх, 29 настай

“Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч, дуучин

-“Гоодаль” сэтгүүлийг анх үүсгэн байгуулагч нь хэрхэн бусдаас содон байлгах вэ гэдгийг зөв бодож олсон байдаг. Би энэ редакцыг удирдах ажлыг аваад хагас жил л болж байна. Арван жил өнгөрсөн ч сэтгүүл маань өөртөө үнэнч үлдэж чадсан болохоор юуны өмнө өмнөх эрхлэгч нарынхаа зорьсон, хүссэнийг хадгалах учиртай. Үндэсний сэтгүүлзүйн бүтээгдэхүүний хувьд бид фэйшн, урлаг, утга зохиол, хөгжмийн чигээ хадгалж, хамгийн шилдэг сэтгүүлч, сурвалжлагчид, зурагчин, дизайнеруудтай хамтран ажиллаж байна. Эдгээр чиглэлээр дагнасан гадаад оронд суугаа найман сурвалжлагчтай. Хамт олон маань туршлагатай, бид илүү сайныг бүтээхийн төлөө ажилладаг. Цаашид гадаадад байгаа монголчууддаа сэтгүүлээ хүргэхээр зэхэж байна.

Ч.Нямханд (Amazonka), 27 настай

“Michel&Amazonka” брэндийн дизайнер

-Манай брэндийн онцлог нь ерөнхийдөө тун энгийн хэрнээ маш нарийн чимхлүүр, гар ажиллагаа орсон чамин тансаг загварууд юм. Өнгөний хувьд тодорхой хэдэн өнгөнд баригдахыг хүсдэггүй, үргэлж олон янзын өнгийг туршиж үзэхийг хүсдэг. Хаана ч харсан энэ “Michel&Amazonka” байна гэж танигдахуйц, онцгой, содон хэв маягийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна.

Б.Баясгалан, 28 настай

“Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч

Зүүн талаас Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа

-Бид бусад томоохон хэвлэлийн газруудтай адил гадаадын зохиолчдын бүтээлийг орчуулахдаа үнэ хөлсийг нь төлж, зохиогчийн албан ёсны эрхийг авах асуудлыг чухалчилдаг. Оюуны өмч гэдэг таны машин, орон байртай яг адилхан биет өмч гэдгийг бүгд ухамсарлах ёстой. Бусдыг машиныг унаад явчихдаггүй, гэрт нь ороод хэвтчихдэггүй шиг оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй байна.

Ж.Тэгшзаяа, 29 настай

“Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч

-Бид орчин цагийн утга зохиолын үнэ цэнэтэй бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр, орчуулгын өндөр түвшинд эх хэлнээ орчуулж уншигчдад хүргэх, өнөөгийн номын зах зээлд шинэлэг уур амьсгал, шинэ жишиг тогтоох зорилготой ажиллаж байна. Үүнээс гадна сонгодог зохиолууд, цаашлаад урлаг, философи зэрэг утга зохиолын бус сонирхолтой шийдэл бүхий чансаатай бүтээлүүдийг ч орчуулан гаргах төлөвлөгөө бий. Мөн “www.tagtaapublishing.mn” цахим хуудсаа сурталчилгааны хуудас төдийхнөөр хөтлөхөөс илүү утга зохиолын баялаг агуулга бүхий сонирхолтой цахим сан болгохоор зорьж байна. Манай цахим хуудаснаас уншигчид утга зохиолтой холбоотой төрөл бүрийн мэдээлэл, нийтлэл, ярилцлага, орчуулгатай танилцаж, зохиолчдын намтар бүтээлийг сонирхон уншихаас гадна дуртай номоо үнэлж, тэмдэглэх боломжтой. Намраас бид Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман, өнөө цагийн үргэлжилсэн үгийн мастеруудын нэг Чех-Францын зохиолч Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй” романыг анх удаа монгол уншигчдад хүргэх гэж буй нь утга зохиолын хорхойтнуудыг ихээхэн баярлуулах биз ээ.

Э.Тэмүгэ, 23 настай

“Blue moon” арт галерейн захирал, зураач

-Аль болох олон хүнд оюуны таашаал болон мэдлэг өгч, уран бүтээлчдийнхээ чадвар, идэвхийг байнга нэгтгэж байхыг зорьдог. Хүн өөртөө болон бусдад материаллаг зүйлээс илүүтэй оюуны хөрөнгө оруулалт хийдэг байх нь маш чухал гэж боддог. Ингэснээр бид болон бидний дараагийн үеийн нийгэм ахиж дэвшиж, илүү ихийг хийж бүтээн хөгжих гол түлхэц болно гэж бодож, үүнийг ажлынхаа гол зорилго, зорилт болгон ажилладаг.

Улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хүсэл зорилгынхоо төлөө тэмцэж буй эдгээр залуус салбар бүртээ гялалзаж, амжилт бүтээлээрээ бусдадаа үлгэр дуурайл болсоор байна. Тэдэнтэй уулзах агшинд хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл бол “залуу насны эрч хүч”. Харин ярилцлагаа өндөрлөөд гарч явах үед тэднээс үлдсэн сэтгэгдлийг үгээр илэрхийлвээс “хүсэл мөрөөдөл, шаргуу хичээнгүй чанар, алсад тэмүүлэх зорилго”. Тэд бол Монголын гэрэлт ирээдүй билээ.

“Гэрэг” сэтгүүлийн 63 дугаарт

-Г.Ариунзул, Д.Мишээл

--

--