ЭРХЛЭГЧИЙН ҮГ #ГЭРЭГ50

Byambanyam Urtnasan
Gereg magazine
Published in
3 min readDec 26, 2016

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ. Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуучин Г.Ариунбаатарын тухай, “Hero Entertainment”-ийн захирал Б.Баатар УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын талаар, гавъяат тамирчин Т.Үйтүмэн олимпийн хүрэл медальт Д.Отгондалайгийн гэхчлэн нөлөө бүхий хүмүүсийн талаар бичсэн нь тун сонирхолтой байх болов уу.

Энэ оны “Сайн & Муу”, “Эхлэл & Эцэс”, “Оны зүйлс”, “15 минутын алдар”, “Оны эшлэл”, “Оны агшин” зэрэг булангаараа хамгийн анхаарал татсан үйл явдлыг ойлгомжтой хэлбэрээр бэлтгэн орууллаа. Мөн “Нэрсийн таавар”, “Алдартнуудын холбоо”, “Трэнд” булангууд таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна.

“Гэрэг” уламжлал ёсоороо “Урлаг соёл” буландаа дэлхий дахинд болон Монголд гарсан оны онцлох ном, кино, цомог тус бүр 10-ыг нэрлэлээ. Мэргэжлийн салбарынхны үзэл бодлыг тусгасан энэхүү сонголт таны таалалд нийцнэ гэж бодном.

Эцэст нь, бүтэн сарын турш 100 нүүр бүхий сэтгүүлийн хэсэг бүрт сэтгэл шингээн ажилласан багийнхан болон бидний ажлыг ойлгож, тусалсан авторууд, хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа. Бид ирэх онд дижитал сэтгүүлээ төрөлжсөн байдлаар уншигчдадаа хүргэхээс гадна сард нэг удаа цаасан сэтгүүл гаргахаар төлөвлөж буйг дуулгахад таатай байна.

Сэтгүүлийн маань хуудсыг имрэн суугаа уншигч танд шинэ оны мэндийг уламжилъя. Өөрсдийн сэтгэл зүтгэлийг шингээсэн шинэхэн сэтгүүлээ таны гарт барьж байна. Таалан болгооно уу.

--

--