19, 21, 25

Аделийн “25” цомгийг анх сонсчихоод энэ тухай бичихсэн гэж хэчнээн хичээгээд тусыг эс олсоор баахан удахдаа Адель “25” цомгоо бичих гэж яагаад дөрвөн жил таг болсны учирт өчүүхэн ч атугай ойртсон шиг санагдав. Гэнэтхэн хажууд маань бас нэг би гарч ирээд амьдралын тухай, миний тухай, бас бусдын тухай хүүрнэх шиг дотно, сониуч, тухайн хэн нэгэн өөрөө биш, 19 нас нь л гэнэт хийчихдэг, туулчихдаг, үзчихдэг, тэгээд өнгөрсөн хойно нь баахан гайхаж цөхдөг шиг “19” цомог, ихийг үзэж тууллаа хэмээн өөртөө бардаж, хийдгийг хийчихээд амьдралтай нүүр тулаад альхан далавчаа буудуулан, өд сөдөө навсайтал цацлан газар унах тэр л мөчид мөрийг минь дэрлээд, ямар нэг ухаарал сургаж, бас зааж, зөвлөхийн оронд ийм шүү дээ, би ч гэсэн энэ зовлонг мэднэ хэмээх шиг “21” цомгийн дараа уран бүтээлчиийн хувьд, хүний хүний хувьд түүнээс бид дэлхий шиг ихийг, өмнөх шиг өндөр амжилт хүсэж байхад тэр бидэнд юу дэлгэхсэн билээ.

Гэтэл бас 25 гэдэг хүний амьдралын хамгийн битүүлэг нас байдаг. Галзуу барын аманд гараа шургуулах зориг нь мэдэгдэхүйц дундарч, улмаар мөрөөдөл гэгч ёстой мөрөөдөл л байж гэдгийг мэдэж, хорвоогийн утга учир гэдгийг мэдэхийг эс хүссэн ч май гээд тулгасантай нь анх удаа халз тулж, урагш алхах уртаас урт замыг туулах тэнхээтэйгээ мэдэвч хөлөө өөрөө тушчихаад, хөдлөх ч үгүй байрандаа хэсэг зогсоод, өнгөрүүлсэн амьдрал руугаа анх удаа эргэн харж, нэг их санаа алдаад, ийм мэдрэмж цаг өнгөрөх тусам эргэцсээр байхыг мэдэрдэг тийм л үе. Аделийн “25” үүний л цомог байжээ.

21, 25

“21” цомгийг нь хүмүүс хамгийн гунигтай хэмээн цоллодог. Харин миний хувьд “25” дээрээ Адель гунигийн бүр гүнд хүрчээ. 25 хүртлээ бид өөрийгөө олох гэж, хорвоо ертөнцийг ойлгох гэж хэрэндээ л хичээдэг бол үүнээс хойших амьдрал бидний оролцоогүй хар аяндаа л бөмбөрчихнө. Энэ зуур аливааг эргэцүүлэх, азнаад түр зогсох, эргэн тойрноо ажих, өөр рүүгээ өнгийх боломжийг амьдрал хүнд өгөхгүй. Нэг их том эргүүлэг рүүгээ пүлхийтэл түлчихдэг юм шиг санагддаг. “Би буцаж, бяцхан охин байх үе рүүгээ очсон. Долоон настай би өдий нас туулсан надтай таарвал юу гэж асуух бол оо, хамгийн аймшигтай нь би түүнд юу гэж хэлэх билээ? Тийм ээ, энэ би, ирээдүйн чи. Бидний нэг их сайхнаар төсөөлдөг, том хүн болчихвол гэж яардагт чинь би ирчихээд байна. Энд гойд юм юу ч алга аа, 7 настай би минь” хэмээн хэлж буйгаар төсөөлсөн” хэмээн Адель “Hello” дууныхаа талаар “New York Times”-т яриад “Гэхдээ энэ, бодит байдал үнэхээр ийм. Гээд би яах билээ. Энэ дуугаараа би өөртөө, найз нөхдөдөө, эксүүддээ, 10 жилийн дараах би, 20 жилийнх дараах хүүдээ амьдралынхаа энэхэн мөчлөгөөр “Сайн уу” хэмээн мэндэлж буй юм шүү” гэж хэлээд нулимсаа арчсаныг нь олж уншив. Юу гэх гээд буйг нь “Hello”, “Million Years Ago” хоёр нь танд хэлээд өгөх байх аа.

19, 25

Энд дурдсаных, “Million Years Ago” миний хувьд энэ цомгийн хамгийн хүчтэй дууны нэг. Олон шүүмжлэгч Аделийн шинэ цомгийг попын төгс хязгаарт хамгийн дөхсөн нь хэмээн үнэлсний нэг томоохон баталгаа. Тэр дараачийн цомгоо ахиж өөрийн насаараа нэрлэхгүй байхаар шийдсэн шиг 25 насандаа л, “том хүн” болохоосоо ердөө өмнөхөн нь өнгөрсөн рүүгээ нэг хүчтэй шумбаж, тэгээд бүр гүний гүнд нь хүрчихээд гарч ирээд “Туулсан бүхнээ эргэн харж, шаналдаг нь би ганцаараа биш шүү дээ” хэмээн дуулсан шиг ээ, одоо тэр эргэж харахгүй, ингээд гүйцээ гэдгийг тэр мэдэж байжээ. Үүний хамгийн том олдвор, гүнээс олсон эрдэнэс нь “Million Years Ago”.

03.47 минутын энэ гитарын баллад надад нулимстай сонсогдсон. “Амьдрал минь нүдний өмнүүр өнгөрсөөр, энэ зуур гэтэл би урсахыг харж, уйлахаас өөрийг хийж чадахгүй” хэмээн дуулах нь харуусалтай, үнэн. Энэ дуу л болохоос тун ойрын мэдрэмж, бүгдийн туулдаг шаналан. Хүн амьдралынхаа турш хэчнээн эгэл хором, мөчүүдийг туучин өнгөрдгийг хэн ч үл мэдэх хэдий ч энэ зуур энгийн харилцан яриа, санамсаргүй учрал, хоромхон зуурын эгшиг аялгуу бүхэл бүтэн амьдралын дайтайд үнэ цэнэ нь тооцогддог билээ. Тэр үнэ цэнэтэйн нэгтэй би энд таарсан.

Харин “Water Under The Bridge”, “Remedy”, “Send my love” (To Your New Lover) бол бидний урьд өмнө тэр бүр харж байгаагүй Адель байв. Хальт сонсвол “19” цомгийнх нь “My Same”, “Crazy For You”, “Right As Rain”-тэй төстэй санагдах ч энэ хүртэл тэр дуучныхаа хувьд болоод хүнийхээ хувьд хэр өөрчлөгдөж, өссөнийг мэдэж болмоор, нэг их буурь анзаарагдах вий. “All I Ask”, “I Miss You” дээр харин тэр “21” рүүгээ эргэсэн, өмнөх цомгийн дуу гэчихвэл хүн үнэмшмээр санагдана.

25

Адель “25” цомог болон эхний сингл “Hello” дуугаараа эзгүй байсан дөрвөн жилийнхээ төдийгүй хөгжмийн зах зээлийн бүх цаг үеийн бараг бүхий л рекордыг эвдэв. Цомог эхний долоо хоногтоо 3.3 сая хувь, “Hello” дуу нь мөн адил хугацаанд 1.1 сая зарагдсан нь хэний ч хүрээгүй амжилт байлаа. Гэхдээ үүнээс чухал зүйлс бас байна. Тэрбээр цомгоо “Spotify”, “iMusic” тэргүүтэй streaming үйлчилгээнүүдэд тавихгүй байхаар шийдсэн нь цоо шинэ жишиг бөгөөд цомгийг биет хэлбэрээр нь худалдан авах соёлыг хүн төрөлхтөнд эргүүлэн авчрав. Дуртай дуугаа интернэтээр худалдаж аваад татаад сонсчихдог, эсвэл аль нэг “streaming service”-үүдээр дамжуулан хүртдэг хэтэрхий “хуурай, сүнсгүй” аргаас тэс зөрсөн нь харин ч эсрэгээрээ дуу хөгжим гээч өөрийн үнэ цэнэтэй байсан үеийг бидэнд санууллаа. “Хамгийн сүүлд хүмүүс дөрвөн жилийн өмнө цомгийг биет хэлбэрээр нь авах гэж дэлгүүрийн гадаа дугаарлаж байсан байх. Тэр нь Аделийн “21” цомог гарсан үе шүү дээ” хэмээн “New York Times”-ийн хөгжмийн шүүмжлэгч Жон Караманика бичжээ.

Дээрхтэй адилаар дуучнаас бид зөвхөн дуу л хүсдэг байсан үеийг Адель бидэнд эргэн сануулав. Хөгжмийн уран бүтээлчид хөх, бөгсөөрөө хоолоо олж иддэг болсны жишээг бид эргэн тойрон хангалттай харж буй. Дууны уран бүтээл гэдэг бүтээгдэхүүн, дуучин нь ч ялгаагүй үйлдвэрлэлийн дамжлагын нэг хэсэг болоод, дуулахаасаа бусад бүхий л жижиг деталиудад анхаарал хандуулж, тэр хэрээр хэн хувцсаа нимгэлнэ, тэр хэрээр карьер нь өсдөг болсон үеийн цорын ганц, жинхэнэ уран бүтээлч нь Адель гэвэл мэдээж хэтрүүлсэн болно л доо, гэхдээ хамгийн тод, том төлөөлөгч гэвэл яг таарна.

Тэр өөрөө болоод түүний дуунууд эрээн мяраан зарлал, лед гэрлээр гялалзсан завгүй хотын гудамжин дахь хүн бүр хараад санаа алдаад өнгөрдөг, сайхан цагаа дурсдаг хуучны хөрөг зураг юм. Тэр бидэнд хөгжим ямар байсан, байх ёстой, байгаасай гэдгийг сануулдаг, харуулдаг, харна гэсэн итгэл төрүүлдэг. Юмс өөрчлөгдөж, цаг хувьсаж, бид урагшлах ёстой гэдгийг үгүйсгэж буй хэрэг биш, хөгжлийн өөдөөс чулуу шиддэг бурангуй нь ч би биш л дээ. Гэхдээ дэлхий эргэлдэж, цаг хугацаа урсах тусам үнэ цэнэ нь бууран буурсаар, өөр нэг юу ч бишийг бүтээчих вий гэдгээс эмээдэг хүн гэвэл мөөн, мөн.

Аделийн гарт цаас, үзэг өгчих. Тэр гайхалтай найргуудаа бичнэ. Түүнд гитар бариулчих, эсвэл төгөлдөр хуурын ард суулгачих. Тэр хөг, аялгуугаа өөрөө зохиочихно. Түүнд микрофон бариулчих, эсвэл үгүй байсан ч яах вэ дээ. Тэр ямар ч нэмэлт эффектийн хэрэггүйгээр жинхэнэ хоолойгоороо, үнэн зүрхнээсээ дуулж чадна. Дуучнаас бид өөр юу хүсэх хэрэгтэй гэж?