E-stonia — Цахим засаглалын загвар орон

Үүнийг бичигч би яг нэг жилийн өмнө Лондонд сургуулиа дүүргэж, гэртээ ирэх зардлаа хуримтлуулахаар япон хоолны газарт цагаар ажиллаж байв. Тухайн үед долоо хоногтоо оюутан гэхэд боломжийн цалин авах ч, цаасан дээр бичсэн мөнгөний багагүйг нь татварт өгөх нь хайран байдагсан. Харин хэдхэн хоногийн өмнө Их Британийн Татварын албанаас надад хаягласан хоёр захидал ирсэн бөгөөд татварын буцаан олголтыг чекээр илгээсэн байв. Миний хувьд Лондонд ажиллах хугацаандаа энэ талаар сонссоноос хэтрэхгүй бөгөөд дараа нь татвараа авна гэж бодоод ямар нэг бүртгэл хийлгэж, материал бүрдүүлсэн удаа нэгээхэн ч үгүй нь бахархах зүйл даанч биш л дээ.

Тэгвэл манайд их, дээд сургуулийн төлбөр бэлнээр төлсөн, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, татвараа мэдүүлсэн тохиолдолд жил бүрийн эхний хоёр сард буцаан олголтоо авах боломжтой. Гэхдээ үүний тулд 12 төрлийн материал бүрдүүлэх ба иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, гэрээний хуулбар, хорооны бичиг, цалингийн тодорхойлолт зэргийг бэлдэх нь ямар ярвигтайг уншигч та андахгүй биз ээ.

Харин өдгөө хурдацтай хөгжлөөрөө гайхагдаж “Балтийн барс” гэгдэх болсон Эстонын иргэдийн хувьд 5–7 минутанд татварын тайлангаа цахимаар мэдүүлж, буцаан олголтоо тав хоногт авчихдаг гэж “Цахим Эстон” жишиг танхимын мэргэжилтэн Карли Сувисилд хэлсэн нь төрийн үйлчилгээ иргэддээ хэр ойр, хүртээмжтэйг илэрхийлж байлаа. Тэдний туршлагаас Японоос эхлээд Их Британи хүртэл суралцаж байгаагийн бодит үр дүнг биеэр мэдрээд байсан надад Эстонид очиж энэ бүхэн хэрхэн ажилладгийг үзэх боломж тохиолоо.

Эстони ба Монгол

Мэдээлэл, харилцааны түүхийг бичигч зарим эрдэмтэн шуудангийн анхны хэлбэрийг Монголчууд бий болгосон гэх нь бий. Учир нь 13-р зууны үед Өгөдэй хаан морин өртөөнүүд бий болгож, тэдгээрийн хооронд улаачид мэдээлэл дамжуулдаг байсан нь мэдээллийг үр ашигтай солилцоход нэгэн хуудас нээсэн гэдэг. Харин орчин цагт мэдээлэл харилцааны технологийг нийгмийн хөгжилд тустай ашиглахын тод жишээ нь Балтийн эрэг дагуу орших Эстони улс болно. Монголчуудын хувьд 2005 оноос “Цахим Монгол” хөтөлбөрийг БНСУ, Сингапур зэрэг Азийн орнуудаас үлгэр авч хэд, хэдэн үе шаттай хэрэгжүүлсэн ч, нэгэн цагт ЗХУ-ын нөлөөнд байж 1990-ээд оны өөрчлөлтийн “салхинд” ардчилалтай золгосон гэдгээрээ Эстон улстай олон талаараа дүйнэ. Тэндхийн нэрт улс төрч Леннарт Мэри “Бидний яс үндэс дорно зүгийнх ч, бие махбодь минь баруунд оршиж байна. Заримдаа энэ хоёр тал нь биднийг өөрсдийгөө танихад төвөгтэй байдалд оруулдаг” (1976) гэж бичсэн нь дорно зүгт урбан амьдралын хэв маягийг нүүдэлчний соёлтой хоршуулан аж төрөх бидний сэтгэхүйтэй төстэй мэт. Улаанбаатарт уламжлалт гэр хороолол, “соц” үеийн барилгууд, орчин үеийн өндөр шилэн цамхагууд ээлжлэн үзэгдэх бол Эстонийн нийслэл Таллины төвд дундад зууны үеийн “Хуучин хот”-ыг тойрон өрнийн хэв загвартай барилгууд эрийж, хотын захаар манай 40 мянгат, Сансар хороолол орчмыг санагдуулам хуучны таван давхарууд зонхилно.

Харин биднийг метрополитан хот болохоор хог хаягдал, нийтийн тээвэртэйгээ зууралдах хооронд Таллин хот аль хэдийнэ дэлхийн топ 10-н дижитал хотын нэг болжээ. Зөвхөн нийслэл хот гэлтгүй сая гаруйхан хүн амтай Эстон улсыг өнөөдөр “Skype”-ийг нээсэн “E-Estonia” буюу “Цахим Эстон” гэдгээр нь дэлхий нийт нэрлэх боллоо. Өнгөрсөн зууны төгсгөлд Финланд улс цахим засаглалын сууриа тавихыг харсан Эстончууд загварыг нь тэр дор нь туршиж, засч сайжруулсаар одоо энэ чиглэлээр тэргүүлэгч орон болсныг мэдээлэл технологиор Европдоо тэргүүлэх “Nortal” компанийн удирдлага Олег Шайковский “Бид аливаад маш сүйхээтэй ханддаг хүмүүс. Шийдвэр гаргах гэж олон дахин хэлэлцэхийн оронд түргэн хугацаанд туршиж үзээд, алдаагаа засаад явахыг илүүд үздэг” гэв.

Цахимаар засаглахын учир

Дэлхий даяараа тэмүүлэх болоод буй энэ хэлбэр нь энгийндээ Засгийн газрын цахим хуудаст зочилсон хэн ч и-мейл харилцаанаас гадна аливаа мэдээлэл, илтгэл, тайланд чөлөөтэй хандаж иргэд, бизнес эрхлэгчид, ажилтнуудын дунд мэдээллийн нээлттэй урсгал бий болгохыг хэлж байгаа юм. Цаашлаад технологийн хөгжил нь төрийн үйлчилгээг аль болох хүртээмжтэй, үр дүнтэй байлгахад чиглэнэ гэсэн үг. Өдгөө энэ үзүүлэлтээр тэргүүлэгч Эстон улс 1996 оноос “Tiigrihüpe” /Барын харайлт/ хөтөлбөр зарлан мэдээллийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж эхэлжээ. Үүний дүнд нийслэл Таллин хотын гудамжинд интернэтгүй булан нэгээхэн ч үгүй бөгөөд “Эстонд ойн гүнд ч та интернэтэд холбогдох боломжтой” гэж мэргэжилтэн Сувисилд хэлсэн нь ч үнэн байв.

Тэр дундаа Засгийн газрын үйлчилгээний байгууллагууд ба сургуулиуд интернэтэд 100% холбогдсон бөгөөд энэ жилээс “цахим цэцэрлэг” системийг нэвтрүүлж байгаа аж. Хүүхэд тань хичээлдээ очсон эсэхийг дор нь мэдээлэн, авсан дүнг нь багш, сурагч, эцэг эхэд нээлттэй байдлаар хоёр цагийн дотор нийтлэх боломжтой дунд сургуулийн системээс ялгаатай нь та хүүхдийнхээ биеийн байдал, идэж байгаа хоол, тоглох тоглоомыг ч мэдэх боломжтой юм байна. Мөн цахим үнэмлэхэнд таны бүхий л мэдээллийг хадгалдаг бөгөөд түүнийг ямар байгууллагаас, хэдэн удаа шалгасныг та хянах боломжтой нь мэдээллийн удирдлагыг иргэнд өгч буйн хэлбэр юм. Цаашлаад мэдээллээ иргэд өөрөө шинэчлэн залруулах боломжтой тул төрийн байгууллага нэг оруулсан мэдээллийг тань дахин, дахин асуух эрхгүй гэж байв. Харин бидний хувьд цахим үнэмлэхээрээ ТҮЦ машинаас авсан тодорхойлолтыг минь банк хүлээн зөвшөөрөхгүй, заавал Хорооны даргын гарын үсэг нэхэх нь сахил хүртэх гээд шал дордсонтой агаар нэг мэт.

Оршин суухын шинэ утга буюу цахим иргэншил

Эстонийн Засгийн Газар хуралдаанаа 2000 оноос “E-Cabinet” хэлбэрээр зохион байгуулах болж цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ шийдвэр гаргалтын үйл явцыг хэд дахин хурдан болгосон гэж байв. Бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр кабинетийн гишүүд хэлэлцэх асуудалтай танилцаж, санал сэтгэгдэл, түүнийг дэмжих эсэхээ интернэт сүлжээтэй л бол хаанаас ч урьдчилан мэдэгдэх боломжтой. Ингээд танхимд ирж өдөржин хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан Сайд нарын хурал одоо дундажаар хагас цаг үргэлжлэх болжээ.

Түүнчлэн Эстонд хэн нэг даргын шийдвэрийг баталж, үүдийг нь сахин гарын үсэг авах шаардлага огт үгүй болоод 10 жил өнгөрч байна. Зөвхөн дарга нар гэлтгүй, цахим үнэмлэхтэй хэн бүхэн нууц кодоо оруулаад л баримт, бичгийг баталгаажуулах нь цаг, зав хэмнэх хийгээд эдийн засгийн тооцоо хийж үзвэл “зурж” байгаа гарын үсэг бүр нь ойролцоогоор 20 евро хэмнэж байгааг тогтоожээ. Манайхаас хүн амын тоогоороо хоёр дахин бага Эстонд өдгөө энэ хэлбэр улам боловсронгуй болж, дижитал гарын үсэг гэх ойлголт нь мобайл гарын үсэг болж шилжиж байна. Нэг ёсондоо ухаалаг гар утастай байхад цахим үнэмлэх гэлтгүй гарын үсгээ “зурж” болох бөгөөд үүнийг Эстонийн Парламентын Ерөнхийлөгч ноён Эики Нестор бидэнд тэр дор нь үзүүлж, сонирхуулав.

Мөн өнгөрсөн онд дэлхий дахинд анхны “цахим оршин суугчийг” бүртгэсэн Эстон улс “оршин суух” гэсэн үгийн утгыг эрс өөрчлөв. Энэ нь хэдийгээр хууль ёсны иргэний эрх үүсгэж, аяллын бичиг баримт болохгүй ч, та тус улсад сурч, бизнес эрхэлж, төрийн үйлчилгээ авахыг хүсч байвал цахим үнэмлэх, цахим гарын үсгээ баталгаажуулан “Цахим Эстон”-ы иргэн болоход нээлттэй юм. Сонирхуулахад, анхны цахим оршин суугчаар Их Британийн иргэн “The Economist” сэтгүүлийн нийтлэлч Эдвард Льюкас бүртгүүлсэн бөгөөд 1990 онд Литва улс тусгаар тогтнолоо зарлахад тэрбээр хамгийн анх зорчиж тус улсын “0001” дугаартай визийг тамгалуулж байжээ.

“Эрх чөлөөт нийгмийг бий болгоё гэвэл эхлээд интернэтийг чөлөөл”

Энэ бол “Арабын хавар”-ын үеэр Египтийн хувьсгалыг цахим орчинд удирдаж байсан мэдээлэл технологийн мэргэжилтэн Ваэл Гонимын хэлсэн үг. Цахим засаглалын гол давуу тал нь мэдээллийн урсгалыг нээлттэй байлгаснаар ардчиллын тулгуур зарчим чөлөөт, ил тод байдлыг дэмждэг бөгөөд одоо Эстончууд авлигын үзүүлэлтийг бууруулсан туршлагаараа мөн л тэргүүлнэ. Улсын төсвийг хаанаас бүрдүүлж, хэрхэн зарцуулж байгааг Meieraha хуудсаар ороод харж болох бөгөөд сонгуулийн амлалтын хэрэгжилтийг хянах, орон нутгийн удирдлагуудын зарцуулалтыг сонирхох дэд хуудсууд нь хэн бүхэнд нээлттэй.

Мэдээллийг ил тод байлгаснаар авлигыг бууруулаад зогсохгүй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ямар тустайг тэд эртнээс тооцжээ. Ядаж л цаг агаар, замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүртээмжтэй байснаар тээвэр, зуучлалын үйлчилгээ эрхлэгчид оновчтой тооцоолол хийж, үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжтой юм. Цаашлаад хотын төвд кафе нээхээс эхлээд ямар ч төрлийн ажил эрхлэхээр компань байгуулж, бүртгүүлэхэд интернэтээр 18 минут л зарцуулах нь гайхалтай.

Түүнчлэн манайд хэдийгээр сонгогчдын саналыг электрон машинаар тоолдог ч түүнийг “будлиантуулдаг” талаарх хардалт тасардаггүй. Тэгвэл Эстонийн цахим санал хураалт хэр найдвартай болохыг асуутал Засгийн Газрын Хэвлэлийн төлөөлөгч Авэ Тамперэ энэ нь электрон төхөөрөмжид төдийгүй интернэтэд суурилдгийг надад дахин сануулав. “Иргэдийн цахим үнэмлэх хоёр давхар нууцлалтай бөгөөд эхний кодыг оруулахад өөрөө мөн эсэхийг тодруулж, хоёр дахиар нь гарын үсэг баталгаажна. Хэрэв асуудал үүсвэл хаанаас, хэзээ хандсаныг тодруулах боломжтой тул давхардуулах зэрэгт санаа зовох хэрэггүй” гэв. Мөн сонгогч бусдын шахалтад орох талтайг тооцон сонгуулийн өдөр хэдэн ч удаа саналаа өгч болохоор шийджээ. Гагцхүү хамгийн сүүлийн саналыг л тооцох бөгөөд, шийдвэрээ өөрчлөөд сүүлд нь танхимд биеэр ирж өгвөл түүнийг нь хүчинтэйд тооцдог аж. Биднийг Парламентын ордонтой танилцуулсан хөтөч “Би өглөөний цай уух зууртаа л саналаа өгчихдөг” гэхэд нь хоёр жилийн өмнө өглөө эртлэн босч, дээл хувцасаа гоёж, сайн морио унаад сонгуулийг хороог зорих монгол малчныг сурвалжилсан минь санаанд оров. Харин эстоничууд найман жилийн өмнөөс цахимаар сонгох эрхээ эдлэх болж, өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентийн сонгуульд оролцогсдын гуравны нэг нь интернэтээр саналаа өгчээ.

Цахим нийгэмд цаас хэрэггүй

Цахимаар гарын үсгээ зураад, хүүхдүүд нь хичээлийн танхимдаа ipad хэрэглэж дадсан Эстонид үзэг, балны наймаа ашиггүй бололтой гэж хошигноход минь Таллины их сургуулийн багш эмэгтэй “Яалаа гэж дээ, гэсэн ч бид тэмдэглэл хөтлөх дуртай шүү” гэж хариулав. Сүүлийн 10 жилд дижиталаар баталгаажуулсан бүх бичиг, баримтаа цаасан хэлбэрт шилжүүлбэл телевизийн цамхагаас 14 дахин өндөр болно гэдэг тооцоог тэд гаргажээ. Тэнд ннтернэт банкны үйлчилгээг 1,8 сая хүн (хүн амын тооноос олон) ашиглан нийт гүйлгээний 99,6%-ийг цахимаар хийж байна. Хэдийгээр газар нутгийнх нь талаас илүүг ой мод эзлэх ч энэ бүхэн нь зөвхөн цаас хэмнээд зогсохгүй эрчим хүчийг оновчтой зарцуулах, агаарын бохирдол, гэрлийн бохирдол зэргээс хүрээлэн буй орчноо хамгаалах зорилготойг тодорхойлжээ. Тиймээс аливаа бизнес эрхлэгчдийг байгальд ээлтэй байхыг уриалж жил бүр энэ төрлийн санаачилгыг урамшуулан дэмждэг байна. Үүний илрэл гэлтэй бидний уулзсан “Nortal” компанийн удирдлагуудын нэрийн хуудасны ард мэдээлэл дамжуулах QR code хэвлэсэн бөгөөд “Кодыг уншуулаад цаасыг дахин боловсруулна уу. Цахим нийгэмд цаас хэрэггүй” гэж бичжээ.

Эстончууд ЗХУ-ын харьяанд байхдаа анхны тооцоолон бодох машинаас эхлээд 1960, 1970-аад оны барууны технологийн хөгжлөөс хоцорсон байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч 1991 онд тусгаар тогтнолоо зарлаж, Засгийн Газрыг 30 нас шүргэсэн залуу сайдууд бүрдүүлэх болов. Хөгшин Европын “бүүдгэр” орон болохгүйн тулд тэд оюун санаандаа үргэлж шинийг санаачлагч сэтгэлгээг бий болгож гарааны бизнесийг дэмжих старт-ап улс болоход анхаарлаа хандуулжээ. Ингэснээр тэд шинэ бүхэнд зогсолтгүй урагшилж, түүний суурь болсон урьдчилсан тооцоог маш сайн гаргаж байв. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цахимжуулахдаа системчлэл, нууцлал, гүйлгээний болон хуулийн орчин гээд бүгдийг шийдсэнээр үндсэн ажил эхэлж байв. Энэ утгаараа нэг л өдөр цахим засаглалын бүрэн шийдэлтэй болох гэсэн улсуудад Эстоны загвар бүх замыг нь бэлдэж өгсөн, гайхамшигт жишээ болж байгаа нь гарцаагүй.

Түүнчлэн тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1–2 хувьтай тэнцэх дүнг мэдээлэл, технологийн хөгжилд хуримтлуулж ирсэн бөгөөд төрийн эрх баригчид солигдсон ч тухайн бодлогыг өөрчлөлгүй хадгалсан нь өнөөдрийн амжилтын эх болсныг бизнес эрхлэгчид чөлөөт ярилцлагын үеэр дурьдаж байв. Нэг ёсондоо урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тогтвортой бодлого маш чухлыг сануулж буй хэрэг. Засгийн Газар, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд дундажаар 4–5 жил болдгийг зарим бизнес эрхлэгч хэлсэн ба биднийг Монгол Улсын иргэний цахим үнэмлэхээ үзүүлэхэд “Та бүхэн ажлынхаа талыг хийсэн байна. Одоо дижитал орон болоход хоёр жил л шаардлагатай” гэсэн энгийн тооцоог санал болгож байсан юм. Ялангуяа, өрхийн компьютерийн хэрэглээ хангалттай биш ч, гар утасны хэрэглээгээр өндөрт тооцогдох манай орны хувьд “цахим үнэмлэх, гарын үсэг”-ийг алгасч мобайл ирээдүйд тэмүүлэх хэрэгтэйг тэд нөхөрсөгөөр зөвлөж байсан юм.

Эстонийн иргэдийн авдаг зарим цахим үйлчилгээнээс:

Олон нийтийн үйлчилгээг интернэт суурилснаар нь “е”, ухаалаг гар утсанд суурилснаар нь “м” гэж ангилах болжээ.

E-Police — Цагдаагийн машинууд электрон төхөөрөмж, интернэт холболттой бөгөөд автомашин зогсоож, жолооны үнэмлэх шалгалгүйгээр автомашины дугаараар бүх мэдээллийг нь шалгах боломжтой.

E-Kool — Эцэг эх, багш, сурагчийг холбосон энэ системд хүүхдийн тань ирц, дүнгийн мэдээлэл, даалгавар, сургуультай холбоотой бусад мэдээлэл бий. Эстони даяар дунд сургуулиудын 80% нь энэ системд холбогдсон бөгөөд сүүлийн жилүүдэд төрийн байгууллагад шалгалт өгвөл дүнг нь мессежээр илгээдэг болжээ.

iPatsient — Иргэдийн эрүүүл мэндийн түүхийг энд хадгалж, шинэчилж байдаг. Эмчид үзүүлж, шинэчлэл хийсний дараа эмийн санд цахим үнэмлэхээ уншуулаад жорын дагуу үйлчлүүлж болно.

ID pilet — Эстоны иргэд энэ эппликейшнд хандаж бүх төрлийн тасалбараа захиалан худалдан авдаг аж. Цаасан тасалбар авалгүй, эндээ бүртгэл, дугаараа хадгалаад нэвтэрнэ.

M parking — Уг системийн тусламжтайгаар автомашины зогсоол байгаа эсэхийг гар утсаараа шалгаж, хаана байгааг ч заалгаад авч болно. Төлбөрийн нэхэмжлэх нь мөн цахимаар ирдэг.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.