#GEREG #76

Byambanyam Urtnasan
Gereg magazine
Published in
9 min readDec 17, 2015

ХҮЙСИЙН ХӨРӨГ

Брайн Саксын “Адамын хараал: Эр хүнгүй ирээдүй” шиг номыг уншсан хэн ч эмэгтэйчүүд, эрчүүдийн эсрэг дайн зарлажээ гэж бодно. Брайны хэт радикал хандлагыг феминизмийн галын шугам гэж ёжлох нь ч бий. Хөхөвчөө шатааж, саваа авахуулаад эр хүнгүйгээр сайхан амьдар гэсэн далд уриатай радикалуудын ширүүн тэмцлийг Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номоор чигээ хийсэн, хүний эрхэд тулгуурласан феминист бүтээлүүд зөөллөдөг. Харин энэ хоёр туйлын дунд буруу ойлголтууд үргэлж оршдог гэж нэгэн залуу эмэгтэй хэлсэн юм.

I

Нийтийн тээврийн арын суудалд зэрэгцэж таарсан ахимаг насны эрэгтэй надтай яриа өдөхөөр хэдэнтээ оролдов. Тэр тоолонд би товчхон хариултыг барьж, түүнтэй яриа өдөх хүсэлгүй байгаагаа ойлгуулахыг хичээнэ. Учир нь, нийтлэлийнхээ бүтцийг гаргах чухал ажлыг тархиндаа үйлдэж байснаас тэр. Гэнэт тэрбээр “Тээр муусайн эмэгтэйчүүд ийм тэвчээргүй” гэж дуу алдахын зэрэгцээ бидний сууж явсан автобус огцом зогсч, эгээ л урд талын эгнээ рүү даваад уначихсангүй. Эсрэг талын цонхоор хоёр эмэгтэй зам хөндлөн гүйж буй нь хальтхан харагдлаа. Суудлын хөрш маань амандаа хараалын үгийг хэдэнтээ угсруулсны дотор эмэгтэй гэсэн үг гурав ч дурдагдсан билээ.

Хүйсийн тэгш эрхийн асуудалд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон, хуульч мэргэжилтэй Ц.Энхцэцэг “Хэн нэгэн эмэгтэй алдаа гаргахад түүний цаана эмэгтэй хүйсийг авч ярьдаг, ганцхан тэр хүнээр бүх эмэгтэйчүүдийг төлөөлүүлдэг” гэж ярив. Мөн Америкийн “Smith College” эмэгтэйчүүдийн сургуулийн цөөн монгол төгсөгчдийн нэг А.Саран “Нийгмээс тогтоосон төрхөөр эмэгтэй хүн угаасаа л ийм гэж дүгнэх гээд байдаг, гэтэл байгалиасаа эмэгтэй, эрэгтэй хүйсийг тийм ялгаатай төрүүлээгүй шүү дээ” гэв. “Smith College”-ийн босгоор эмэгтэй хүн хүчирхэг, ухаантай, карьертай байж болно гэсэн өнгөцхөн бодолтой алхаж байсан Саранг хамт суралцагсад, сургуулийн орчин, хичээлийн агуулга тэр чигт нь өөрчилжээ. “Нэг удаа хажуу талынхаа сургуульд очиход эрэгтэй оюутнууд илүү түрэмгий, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, харин охид эсрэгээрээ бүрэг байгаа нь ажиглагдсан. Гэтэл манай сургууль шиг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн орчныг бүрдүүлчихээр бүгд өөртөө итгэлтэй болж ирдэг” гэж ярив.

Удалгүй түүний төгссөн “Smith College” сургуулийн захирал Кэтлийн МкКартни “Яагаад эмэгтэйчүүдийн сургууль байх ёстой вэ” гэсэн асуултад “Эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар, авьяасыг үнэлэх үнэлэмж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн талаарх сөрөг ойлголт цэг тавьтал энэ байх болно. Эмэгтэйчүүдийн сургууль нийгэмд хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөх болно” гэж хариулсныг цахим ертөнцөөс олж үзсэн билээ. Гэхдээ Сарангийн “Smith College”-оос олж авсан олзыг нь нийгмийн буруу ойлголтууд няцааж буйг бидэнд хэлсэн юм. Нэг удаа ажлын хамтрагч нь “Эмэгтэй сэтгүүлчийн бичсэн зүйлд итгээд, тэрийгээ яриад явж байхдаа яахав дээ” гэхэд түүнд хэлэх ч үг олдоогүйг ярилаа. “Миний феминизмийн талаарх үзэл бодол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгмийн хэв загварт баригдаад байна уу гэж хааяа бодогддог. Тиймээс ямар нэг үйл ажиллагаагаар үзэл бодлоо үргэлжлүүлэхийг хичээж, бэлгийн хүчирхийлэл болон бага насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд туслах зорилготой “Гүнж төв”-д англи хэл зааж байгаа” гэв. А.Саран шиг хүйсийн тэгш эрхийн төлөөх үзэл бодолтой олон эмэгтэйг феминизм бол эмэгтэйчүүдийн хийрхэл, харийн ойлголт гэсэн буруу хандлага нугалдгийг А.Анударийн “Эмэгтэйчүүдийн тэмцэл ихэнхдээ хийтэй хүүхэн, юмтай хүүхэн гэсэн үгээр төгсдөг нь харамсалтай” гэсэн үг баталсан билээ.

А.Анударь бол “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Нийгмийн сүлжээнд мэндлээд таван жил болж буй “Young Women’s Club” хуудас нь одоогоор 47 мянган дагалдагчтайгаас үзвэл тэдний үйл ажиллагаа хүрээгээ хурдан тэлжээ.

-Бид Америкийн зохиолч Ийв Энслийн “Үтрээний хүүрнэл” жүжгийг 2011–2013 онд, “V Day” буюу “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг олон улсын аян”-ы хүрээнд Монголдоо гурван удаа тоглуулсан. Тэндээс олсон 30 орчим сая төгрөгөө “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” болон бусад байгууллагад хандивласан. Магадгүй энэ ажил биднийг олон нийтэд илүү таниулсан байх гэж Анударь хэллээ.

Ихэнх хүмүүс гэртээ тухлахыг чухалчилдаг бямба гарагт тэд оффисийн байрандаа “Жендерт суурилсан хүйсийн тэгш эрх”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байв. Энэ хэлэлцүүлэг эмэгтэйчүүд эрчүүдтэй л адилхан хүн гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой. “Янз бүрийн тайлбар, буруу хандлагаас болоод феминистүүдийг эрчүүдийн эсрэг хөдөлгөөн гэж хүлээж авдаг. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их эрх ямбыг хүсч байгаа мэтээр ойлгодог. Гэтэл феминизмийн түүхэнд эр хүйсийн эсрэг дайн ч юм уу, тийм зорилго агуулж байгаагүй. Зөвхөн тэгш эрхтэй байхын төлөөх л хөдөлгөөн” гэж Анударь хэлэв.

Нийгмээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсэнд тулгуурлаж бүтээсэн дүрийг жендер гэдэг бол бүхий л ажил, амьдралын хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш эрхтэй оролцохыг шаардаад ирэхээр жендэрийн тэгш эрх болно. Харин жендерийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөний нэрийг феминизм гэж ойлгох хэрэгтэй

“Феминизм бол даварсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн. Зүгээр л амьдарч чадахгүй байж илүү ихийг хүсэж яах гэсэн юм бэ” гэж нэрээ нууцлахыг хүссэн нэгэн танил маань надад хэлсэн. Энэ бол манай нийгмийн голлох дуу хоолой болохыг нийтлэлээ бэлдэх зуур мэдсэн юм. Харин Анударь энэ талаар “Феминизм гэсэн нэр томъёоноос бусдаар энэ бол гадаад ойлголт биш. Энэ хөдөлгөөний дор дэлхий даяараа эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө тэмцэж байгаа. Бас Африк, Арабын орнуудын дэргэд Монгол бол эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдсан орон, тэмцээд байх юмгүй гэж ярих хүмүүс ч бий. Гэтэл өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл гээд Монголд тулгамдсан асуудлууд олон байна. Үүнийг өөр орчны, өөр түвшинтэй харьцуулах нь утгагүй” гэж хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр түүний үзүүлсэн слайдад “Монголд жилд дунджаар 350 хүчингийн хэрэг бүртгэгдэж, сүүлийн таван жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 61 хүн ам насаа алдаж, 1707 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2.6 дахин, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо 3.5 дахин өссөн байна” гэж дурдсан байв. Хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх буюу 90-ээс дээш хувь охид, эмэгтэйчүүд байгаа нь хүйсийн тэгш эрхийг тууштай ярих шалтгаан гэдгийг онцолсон байлаа. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар 2014 оны байдлаар Монгол Улсад өрх толгойлсон 80838 эмэгтэй байгаа.

Өнгөрсөн жил Англид сургуулиа төгсөөд ирсэн Б.Номинтүшигийн хувьд нэгэнт тогтсон үзэл бодлыг өөрчлөхөөс илүүтэй хүүхдүүдэд гэр бүлийн хүмүүжлээр дамжуулан бусдыг ойлгох, өөрийнхөө оронд тавьж үзэх хандлагыг бий болгох, охидод өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй байх, боловсролдоо анхаарах хүмүүжлийг суулгасан нь зөв санагддаг аж. Феминизмийг энгийнээр тайлбарлахын тулд тэрбээр 20 ам.долларын дэвсгэртэд хөргөө мөнхөлсөн Сюзан Би Энтоны жишээг эш татав. “Эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцсэн учраас Энтониг барьсан, гэхдээ эмэгтэй хүн учраас гавлаагүй байдаг. Харин тэрбээр эмэгтэйчүүд бүх зүйл дээр эрчүүдтэй адилхан байх ёстой, тиймээс намайг гавла гэж шаардсан юм. Өөрөөр хэлбэл, феминизм гэдэг бол эмэгтэйчүүд хэн нэгний дээр гарах гэсэн асуудал биш, зүгээр л яг адилхан эрх эдлэхийн төлөөх хөдөлгөөн” гэлээ.

II

“World Economic Forum”-аас саяхан “Олон улсын хөдөлмөрийн статистикийн хороо”-ны тайланг нийтэллээ. Судалгаандаа 108 орныг хамруулсан тус тайлангаас үзвэл манай дэлхий дээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрчүүдээс давсан гуравхан улс бий аж. Өмнөх жилийн дунджийг харахад Өмнөд Африкт эмэгтэйчүүдийн оролцоо нэлээд өссөн хандлагатай байна. Монгол эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо графикт 40 хувь буюу цэнхэр өнгийг зааж байна. Гэхдээ бодит байдалд энэ өнгө хувирч болохыг дотоодын судалгаанууд баталдаг.

Судалгаа

Төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 57.8 хувь нь эмэгтэйчүүд гэсэн гайхам тооны ард ердөө 27 хувь нь шийдвэр гаргах түвшинд ажилладаг гэсэн бодит үзүүлэлт нуугдаж буй. Энэ нь 2015 онд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 30 байна гэсэн Мянганы хөгжлийн зорилтоос 3 хувиар дутуу үзүүлэлт юм.

Өнгөрсөн сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 14.5 болгож, түүхэн амжилт тогтоосон үзүүлэлт Азийн дунджаас 3.5 хувиар, дэлхийн дунджаас 5.5 хувиар бага байгааг анзаарах хэрэгтэй. Мөн нийслэл, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь эмэгтэйчүүдийн квотын хувийг 40 гэж заасан ч энэ үзүүлэлт хангагдалгүй хэвээр үлджээ.

Эсрэгээрээ дэлхий даяар парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өсгөхөөр махарч буйг бид Канадын жишээнээс харсан. Ерөнхий сайдын суудалд очвол танхимынхаа тал хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэсэн амлалт өгсөн Жастин Трюдо ялалт байгуулсныхаа дараахан 30 гишүүнтэй танхимынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. Жастины танхимаас өмнөх улс төрийн түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилсан парламентаар тэмдэглэгдэн үлдсэн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн 25 хувийн эмэгтэйчүүдийн оролцоотой жендэрийн парламент дурсамж болов. Дээр нь манай дэлхийн ирэх 15 жилд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилтод эмэгтэйчүүдийн улс төр болон эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор багтаж буй.

Гэхдээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ихэслээ ч хийж буй ажил, хэлж буй үгийг нь хүйсээр төлөөлүүлэн ойлгодог ийм нийгэмд тэднийг эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугар гэх нь зохисгүй хэрэг гэж Б.Номинтүшиг үздэг. “Тухайлбал, Маргерат Тетчер Английн анхны эмэгтэй Ерөнхий сайд байсан мөртлөө эмэгтэйчүүдийн төлөө юм хийгээгүй гэдэг. Учир нь тэр өөрийгөө эрэгтэй хүн болгон өөрчилж байж, эрэгтэйчүүдийн тоглоомд ялж чадсан юм. Тиймээс эмэгтэй гишүүд ч юм уу, хэн нэгнийг эмэгтэйчүүдийнхээ төлөө ажил хийсэнгүй гэж хэлэхэд хэцүү” гэж хэллээ. Үүнийг А.Анударь “Баруунд “f word” буюу шууд хэлэхийг цээрлэдэг хоёр үг бий. Нэг нь fuck, нөгөө нь feminism. Ихэнх хүмүүс “Би феминист биш л дээ, гэхдээ…” гэж ярьдаг. Энэ нь хөхөвчөө шатаадаг, саваа авахуулдаг хурц феминист хандлага, эсвэл нийгэм дэх буруу тайлбараас эмээсэн хэрэг” гэж тайлбарлав. Харин хуульч Ц.Энхцэцэг “Нэг эмэгтэй гишүүн алдаа гаргалаа гэхэд түүнийг бүх эмэгтэйчүүдээр төлөөлүүлж ярьдаг. Гэтэл УИХ-ын эрэгтэй гишүүн тооны бэлгэдэл яриад эхлэхэд бид эрчүүд угаасаа л ингэдэг гэж ярьдаггүй биз дээ” гэв.

Пауло Рего, “Цагдаагийн охин”

А.Анударийн хувьд нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо тэнцүү байх нь эдийн засагт ч хамаатай асуудал гэж хэлсэн. ОУВС-гийн захирал Кристин Лагард “Энэтхэг улс эмэгтэйчүүдийнхээ ажил эрхлэлтийн түвшинг эрчүүдийн хэмжээнд хүргэвэл ДНБ-ээ 27 хувиар нэмэгдүүлэх боломжтой” гэсэн нь түүний хэлсэнтэй утга нэг ажээ. Үүнээс гадна Япон, АНУ ажиллах хүчний бодлогодоо жендерийн тэгш эрхийг тусгаснаар ДНБ-ээ 5–9 хувиар өсгөсөн мэдээллийг “The Guardian” онцолсон байв.

А.Саран бидэнд нэгэн сонирхолтой жишээг дурдсан юм. “Жараад оны үед эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурч, гэртээ суух нь ихэссэн байдаг. Мэдээж үүнээс шалтгаалаад сөрөг үр дагаврууд гарсан. Эрэгтэйчүүд ажил хийж, илүү мөнгө олдог учраас эрх мэдлийн хувьд давуу тал бий болно. Яг тэр үед гарсан тайвшруулах эмний сурталчилгаа байдаг л даа. Торны цаана сууж буй эмэгтэйн зурагтай. Үг нь болохоор “Чи түүнийг чөлөөлж чадахгүй, харин тайван байлгаж чадна” гэсэн утгатай”.

Хөдөлмөрийн хуваарь, гэр бүлийн хүрээнд эзлэх эрх мэдлийн хувиар эмэгтэй хүн эрчүүдээс дор гэсэн хандлага нийгмийн олонхид байдгийг бид хялбархан мэдэж болно. Эмэгтэйчүүдийн баяраар хамгийн олон хандалт авдаг мэндчилгээний үгэнд:

Бүүвэйн дуугаар үрээ тайвшруулдаг Бүлээн цайгаар түмнээ ундаалдаг Цагаан сүүний цацлаар орчлонг аргаддаг Цадиггүй гэнэн нөхрөө хатан ухаанаар жолооддог гэхчлэн шүлэглэжээ.

Зөвхөн эмэгтэйчүүд л цай чанаж, эмэгтэйчүүд хүүхдээ хардаг гэсэн нийтлэг ойлголтоос эхлээд шийдвэр гаргах түвшинд амжилт муутай, тоо физикийн салбарт ажиллах боломжгүй мэтийн хэтийдсэн яриа хүртэл буруу хандлага үргэлжилнэ. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг А.Анударь үүнийг “Ихэнх хөдөлмөрийг тархиар гүйцэтгэдэг болсноор байгалийн өгөгдөл тулгуурласан хөдөлмөрийн хуваарь үгүйсгэгдэж эхэлсэн. Хүмүүс манайх эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хуваарийг ингэж заасан соёлтой юм чинь үүнтэй тэмцээд яах вэ гэсэн хандлагатай байдаг. Гэтэл хэвшиж тогтсон ойлголт, соёл чинь өөрчлөгдөж, шинэчлэгдэж болдог зүйл” гэж хэлэв. Харин Ц.Энхцэцэг Баруунд эрэгтэйчүүд хүүхдээ харах боломжтой байдгийг онцлов. Тэрбээр “Баруунд гэр бүлийн аль бага орлоготой нь хүүхдээ харах тогтолцоо байдаг. Гэтэл манайд эрэгтэй нь хүүхдээ харах чөлөө авбал нийгмийн болоод ажлын зүгээс сөрөг асуудлууд тулгараад эхэлнэ. Хөдөлмөрийн хуулиар ганц бие эцэг хүүхдээ харж болдог, тэрнээс суурь ойлголтоороо эмэгтэй нь л хүүхдээ харах болдог” гэсэн юм.

III

“Эмэгтэй удирдагчдын дараагийн үе” номын зохиогч Селена Ризванийн “Хөвгүүд өөрийнхөө амьдралыг бүтээх дүүрэн итгэлтэй байдаг ч охид ихэвчлэн түүнийг аврах, амьдралыг нь чиглүүлэх ханхүүг хүлээдэг. Учир нь тэд “Үнсгэлжин”, “Цасан гоо”, “Рапинзэл” мэтийн киногоор өөрсдийгөө төсөөлдөг шүү дээ” гэснийг уншсаны дараа урлаг дахь эмэгтэйчүүдийн дүрийн хувирлыг олж харахыг хичээв. “Smith College”-ийн төгсөгч А.Сарангийн “Хүүхдийн хувцасны дэлгүүрт ороход охидын тасаг тэр чигээрээ ягаан, хөвгүүдийнх цэнхэр байх жишээний. Дээр нь охин хүүхэд даруухан, хүлцэнгүй байх хэрэгтэй, харин эрэгтэй хүүхэд зоригтой, эр хүн шиг байх ёстой гээд багаас нь ойлголт өгчихсөн. Энэ нь яваандаа эмэгтэйчүүдийг бусдад таашаал төрүүлэхүйц гоо сайхан, уян зөөлний символ болгосноор хүн гэхээсээ эд зүйл шиг болгочихдог” гэсэн яриа энд хүч нэмсэн билээ.

Пауло Рего, “Цасан гуа”

Холливудын хүүхэлдэйн кинонууд, шашны эрх мэдэл хүчирхэг байх үеийн домгуудад ихэвчлэн шулам, чөтгөрүүд эм хүйстэй тохиодог. Энэ нь хүчирхэг эмэгтэйчүүдийг эрчүүдийн түвшинд гаргахыг хүсээгүй сонирхлын үр дагавар гэж Саран тайлбарласан. Яг ийм шалтгааны улмаас Португалийн зураач Пауло Рега феминист зураг зурахаар шийджээ. Феминизмийн талаар ойлголт муутай хүнд түүний зураг харин ч эмэгтэйчүүдийг доромжилсон мэт санагдана. Буйдангаасаа түрүүлгээ харж унаад, тэр чигээрээ унтаж буй “Цасан гоо”, Үнсгэлжинд дотуур хувцсыг нь өмсүүлж буй хойд ээж гээд бидний тархинд тогтсон дүрүүдийг тэр эсрэгээр нь дүрсэлдэг. Учир нь, ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийг гоо сайхан, дур булаам байдлаар төсөөлөхдөө хүн гэдгийг нь орхигдуулдгийг тэр ийн шүүмжилсэн ажээ.

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” яг ийм ойлголтыг өөрчлөхийн тулд өнгөрсөн жил “Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулснаа ярив. Эмэгтэй хүний гоо сайхан хэн нэгний тогтсон хэмжүүрээр хэмжигдэх ёсгүй. “Тиймээс ч өөр өөр мэргэжлийн, янз бүрийн бие галбиртай бүсгүйчүүдийн зургаар үзэсгэлэнгээ бүрдүүлсэн” гэж Анударь хэлэв. Тэдний санаачилгаар гурван удаа тоглосон “Үтрээний хүүрнэл” жүжиг тэр болгон ойлгож чадахгүй эмэгтэй хүний учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшин зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлын гүнд үзэгчдийг аваачдаг гэж тайланд дурджээ.

Эх сурвалжуудын дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрснөөр сүүлийн үед урлаг дахь эмэгтэйчүүдийн дүр хүчирхэгжиж байгаа. Саяхан нээлтээ хийсэн “Мокинжэй” цувралын төгсгөлийн ангид хэдэн анги дамнан зовлон, бэрхшээлийг эдэлсэн Катнис охин урьд өмнө нь хэний ч ялаагүй эрх баригчдыг сөхрүүлэн, амар тайван амьдралаа бүтээж байх аж. Гурван жилийн өмнө нээлтээ хийсэн “Brave” киноноос охид улаан үст, хэрсүү гүнж Брэв ямар ч ханхүүгийн туслалцаагүй бүхнийг ялан дийлэхийг харсан. “Өлсгөлөн тулаан” цувралын монгол орчуулгын зэрэгцээ “Домогт Ану хатан”, “Сорхугтани Бэхи” гээд Монголын түүхэн дэх хүчирхэг эмэгтэйчүүдийн сэдэв хүүрнэл зохиолд эргэн ирсэн нь уламжлалт ойлголтыг эвдэх хамгийн чухал хэрэглэгдэхүүн байж мэднэ.

IV

“Монголд эмэгтэй хүн байх нь хэр хэцүү вэ” гэсэн асуултад ихэнх эмэгтэйчүүд “хэцүү” гэж хариулдаг. Учир нь, зөвхөн эмэгтэйгийнх нь төлөө элдэв үгээр өдөж хоргоох, ус цацах, биед нь зөвшөөрөлгүй хүрэх зэрэг олон бэрхшээл тэднийг отож байдаг. Энэ бүх айдсаас үүдээд түүний нэг найз “Women’s taxi” буюу эмэгтэй жолоочтой такси үйлчилгээг санаачилж буй тухай Саран ярилаа. Харин Номинтүшиг “Англид ус цацах нь байтугай шүгэлдэх хүртэл хуулиар хориотой. Гэтэл Монголд ийм үзэгдэл хэвийн мэт байдаг. Гол нь хүнийг өөрийнхөө оронд тавьж, бусдыг ойлгох чадваргүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүнийг хүн гэдгээр нь хардаггүй” гэсэн юм.

--

--