Growth Marketing-ийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжүүд

Маркетингийн шинжлэх ухаанд төдийгүй бүхий л бизнесийн салбарт сүүлийн үед тренд болж буй GROWTH MARKETING-ийн тухай ойлголтыг бага ч болтугай хуваалцах болсондоо баяртай байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд дээрээ үндэслэн Growth Marketing-ийг оновчтой хэрэгжүүлэх хэдэн зөвлөмжийг бичлээ.

НЭГ. Зорилгоо нарийвчлалтай тодорхойл

Growth Marketing нь тэр чигтээ туршилтууд юм. Танд туршилт хийх хэд хэдэн супер санаа байсан ч тэр нь тодорхой зорилгод хамаарахгүй бол амжилтгүй болох магадлалтай. Эсвэл зорилго тань хэт ерөнхий байж болохгүй. Жишээ нь “хэрэглэгчийн хандалтыг нэмэгдүүлэх” гэж тодорхойлвол энэ нь ерөнхий зорилго болох юм. Харин цахим хуудасныхаа “бүтээгдэхүүн” цэсний хандалтыг нэмэгдүүлэх, фэйсбүүк пэйжийнхээ 1 өдөрт зочлогсдын тоог нэмэгдүүлэх, твиттер, инстаграмынхаа ажлын цагаарх сэтгэгдлийн тоог нэмэх гэх мэт нарийвчлалтай зорилго тавих нь уг туршилт амжилттай хэрэгжих магадлалыг өсгөнө.

ХОЁР. Жижгээр эхэл

Турших, туршилт гэдэг үг таны цаг хугацаа, санхүүгийн үр ашиггүй зардлыг хэмнэх зорилготой мэт санагдаж байгаа биз. Хэрэв тийм бол та туршилтуудаа том кампанит ажлын хүрээнд төлөвлөхөөс илүүтэйгээр жижиг туршилтуудаас эхлэх хэрэгтэй. Энэ нь танд туршлага болоод зогсохгүй дээр дурдсан үр ашиггүй байдлуудыг бууруулах болно. Харин жижиг туршилтуудаа богино хугацаанд төлөвлөж, хэрэгжүүлж, үр дүнг нь хэмжиж, түүнээсээ суралцах нь чухал.

ГУРАВ. Олон хувилбар боловсруул

Нэг зорилгын хүрээнд нэг л туршилтын хувилбартай байх нь том эрсдэл юм. Уламжлалт маркетингийн үед кампанит ажлыг төлөвлөхдөө, 2–3 хувилбар боловсруулаад, аль нэгийг нь хэрэгжүүлж, их хэмжээний алдагдалд орсон компаниуд цөөнгүй. Яг л бүх өндгөө нэг хайрцганд хийгээд унагааж, хагалахтай адил юм. Харин Growth Marketing-ийн тушилтуудын үед олон өндгүүдийг нэг нэгээр нь унагааж үзэх боломжтой гэсэн үг. Тэр дундаас дор хаяж нэг нь хагарахгүй үлдэх магадлалтай гэсэн консепцтой байвал зүгээр. Нэг нэгээр нь турших тохиолдолд алдаа гарсан ч, дараагийн туршилт дээрээ өмнөх алдаагаа давтахгүй байх боломжтой учир давуу талтай. Мөн туршилт бүрийн үр дүнг тэмдэглэж үлдэснээр түүнээсээ багаараа суралцах, ярилцах, дараагийн туршилтын чанарыг ахиулахад анхаарч эхэлдэг.

ДӨРӨВ. Туршилтаа бүтээлч бас хэмжигдэхүйц байлга

Туршилтыг нэг хийгээд амжилттай болохгүй гэсэн сэтгэлгээ анхнаасаа байх хэрэгтэй. Олон туршилтаас суралцсаны үр дүнд одоо л нэг юм ашиг тус нь харагдаж эхэлнэ. Туршилт бүтээлч байх тусмаа олон хандалт авах нь тодорхой. Дараа нь энэ туршилтаа хэрхэн, яаж хэмжихээ урьдчилан төлөвлөсөн байх хэрэгтэй. Сэтгэгдэл үлдээсэн хүний тоо, like дарсан хүний тоо ч гэдэг юм уу. Эсвэл share хийсэн хүний тоо, татаж авсан хүний тоо гэх мэт яг яаж хэмжих, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг туршилтаа анх боловсруулахдаа хамт төлөвлөсөн байх хэрэгтэй.

ТАВ. Алдаагаа илрүүлээд, хурдтай урагшил

Туршилтаа гүйцэтгэх явцад олон алдаа гарна бүр эсвэл бүтэлгүйтнэ гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Алдаагаа илрүүлээд, түүнээсээ суралцаад, дараагийн туршилтаа хурдтай эхлэх нь маш чухал. Магад туршилт бүхэлдээ бүтэлгүйтсэн ч том зургаар нь харвал бид бага шатаж байна л гэсэн үг. Алдаанаасаа суралцаад, дахин ижил алдаа гаргахгүй байхад л хичээх, анхаарах хэрэгтэй.

ЗУРГАА. Шинэ хэрэглэгчдийг адилхан бөөцийл

Сүүлийн үед шинэ хэрэглэгчийг олохоос илүү хуучин хэрэглэгчээ халамжлах нь компанид илүү үр ашигтай гэдэг ойлголт нэлээн дэлгэрсэн. Гэхдээ Growth Marketing-ийн хувьд хуучин хэрэглэгчээ халамжлахын зэрэгцээ, шинэ хэрэглэгчдийг үүсгэх нь ижилхэн ач холбогдолтой. Growth Marketing нь таны бизнесийг илүү оновчтойгоор, хурдтайгаар зах зээлд эзлэх байр суурийг нь өсгөхөд чиглэсэн туршилтууд учир үр дүн нь шинэ хэрэглэгчдээс хамааралтай байх нь гарцаагүй.

Эдгээр богино зөвлөгөөнүүд маань таныг туршилтаа амжилттай хэрэгжүүлэхэд туслана гэдэгт найдаж байна. Амжилт хүсэе.

Мөн хэрэв та Монголын анхны Gowth Marketing Platform erxes-тэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл erxes.io цахим хуудсаар зочлоорой. Танилцуулга уулзалтын цаг товлохыг хүсвэл 9907 9070, 9688 7316, 9997 4131 дугаарын утсаар Эрксисийн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.

--

--