Growth Marketing-ийн үүсэл

Growth Marketing” хэмээх ойлголтыг анх 2010 онд www.growthhacker.com цахим хуудасны үүсгэн байгуулагч, энтрепренер Sean Ellis тодорхойлсноос хойш дэлхий нийтээр түгэн дэлгэрч буй маркетингийн шинэ урсгал болоод байна. Энэ ойлголт үүсэхээс өмнө дэлхийн маркетингийн хөгжлийн чиг хандлагыг томоохон бизнес эрхлэгчид буюу автомашин үйлдвэрлэгчид, банк, санхүүгийн байгууллагууд тодорхойлж, тэдний жишгийн дагуу дэлхий нийтээрээ маркетингийн уламжлалт арга хэрэгслүүдийг түлхүү ашигласаар ирсэн.

Гэвч 2010 оноос хойш Facebook, Apple, Dropbox, Google гэх мэт мэдээлэл технологийн компаниуд дэлхийн хамгийн хүчирхэг бизнесүүд болж эхэлсэн нь бизнесийн байгууллагын хөгжлийн хурдасгуур нь мэдээлэл технологи гэдгийг зарлан тунхагласан явдал болсон.

Мэдээлэл технологийг бизнестээ ашиглах үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг, аль хэдийн ашигладаг бизнесийн байгууллагуудад Growth Marketing нь ач холбогдол, үр ашгаа бодитоор мэдрүүлж байна.

Growth Marketing гэж товчхондоо юу вэ?

Хуучин хэрэглэгчээ бөөцийлөх, шинэ хэрэглэгчийг татах зорилгоор технологид суурилан, бага зардлаар, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой кампанит ажлуудыг Growth Marketing-ийн туршилтууд гэнэ. Туршилт бүр тодорхой хугацаанд өгөөжөө хэмжиж, уг туршилтыг цааш нь үргэлжлүүлэх, зогсоохыг богино хугацаанд шийдвэрлэнэ. Туршилтынхаа үр дүнг хэмжихэд мэдээж технологи таны үнэнч нөхөр болох нь гарцаагүй. Туршилт гэж нэрлэсэн нь боловсруулсан аль нэг санаагаа удаан хэрэгжүүлэхээс зайлсхийж, үргэлж шинэчилж, баяжуулж, зорилтот үр дүнд хүртлээ сайжруулах хэрэгтэй учраас юм.

Хялбар ойлгуулах зорилгоор хамгийн ойлгомжтой жишээг дурдъя. Бид хэн нэгэнрүү том хэмжээтэй видео, файл илгээхдээ dropbox.com-ыг ашигладаг. Dropbox нь шинэ хэрэглэгчиддээ 2gb-ийн багтаамжтай файл илгээх эрх өгдөг. Уг эрхээ дахин 2gb-аар нэмэгдүүлэхийг хүсвэл нэг найзыгаа имэйлээр нь урьж, хэрэглэгч болгоход л хангалттай. Уг туршилт нь dropbox.com-ийн хэрэглэгчдэд таалагдаж, аль аль талдаа ашигтай үйл явдал болсноор шинэ хэрэглэгчийн тоогоо богино хугацаанд төлөвлөснөөсөө давуулан нэмэгдүүлж чадсан юм. Үүнтэй нэгэн адилаар Монголд амжилттай өрнөсөн туршилт гэвэл Lend.mn-ий “бонус оноо”-гоо нэмэгдүүлэх боломжийг онцолж болно. Найзаа урих, танилцуулга видео үзэх, фэйсбүүк, твиттерээ холбох зэрэг үйлдэл хийснээр бонус оноогоо цуглуулж, түүгээрээ зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хүүгийн хэмжээгээ бууруулах боломжуудыг өөртөө олгодог уг үйлдлийг Монголд хэрэгжсэн Growth Marketing-ийн амжилттай туршилтад тооцож болно.

Эдгээр туршилтууд технологи дээр суурилсан нь ямар хугацаанд хэрэглэгчийн тоогоо хэдэн хувиар нэмэгдүүлсэнээ төвөггүй хэмжиж чадна. Уламжлалт маркетингийн сувгуудаар цацагдсан сурталчилгаанд хэрэглэгч ямар хариу үйлдэл үзүүлж байгааг одоо хүртэл нарийн хэмжих боломжгүй байгаа нь энэ цаг үед Growth Marketing-ийн арга барил таны бизнесийг технологитой хослуулан хөгжүүлэхэд илүү тохиромжтой гэдгийг батална.

Иймд бизнесийн байгууллагууд маркетингийн бодлого, кампанит ажлуудаа төлөвлөхдөө Growth Marketing-ийн арга барил, туршилтуудыг хэрэгжүүлэх боломжуудыг судлаж, маркетингийн орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлээрэй.

Мөн Монголын анхны Gowth Marketing Platform erxes-тэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл erxes.io цахим хуудсаар зочлоорой. Танилцуулга уулзалтын цаг товлохыг хүсвэл 9907 9070, 9688 7316, 9997 4131 дугаарын утсаар Эрксисийн зөвлөхүүдтэй холбогдоорой.

--

--