Компаниа эерэгээр өөрчлөхөд туслах “аnti-identity” аргачлал гэж юу вэ?

Irbis Oasis
Irbis Radar
Published in
3 min readMar 4, 2020

Компанийн хөрөнгө оруулагч, ажилтан ч тэр компани яг юуны төлөө ажиллаж, юунд хүрэхээр эрмэлзэж, яаж мөнгө олох гэж байгаа тухай мэдэхийг хүсдэг. “BMW” өөрсдийн “Бид бол хамгийн сайн нь — бид хүмүүст урагшлах урам зориг өгдөг” гэсэн зорилго тодорхойлолтоороо ажилчиддаа чиг өгч байгаа нь хөрөнгө оруулагчдад бизнес загварчлалаа ойлгуулж компанийнхаа итгэл үнэмшил, явах замынхаа тухай гол мэдээллийг өгч буйгаас өөрцгүй явдал юм.

Заримдаа юмсыг эсрэгээр нь хийх шаардлагатай үе гардаг буюу таних тэмдэг тодорхойлох гэж оролдохгүй, стратеги төлөвлөгөөгөө үзүүлэхгүйгээр /anti-identity and anti-strategy/ хэрэглэгч, ажилчид, эсвэл хөрөнгө оруулагчидтайгаа харилцах нь дээр байдаг бөгөөд энэ нь асуудал тулгарсан үед үр өгөөжөө өгдөг. Жишээлбэл, компани тань санхүүгийн уналтад орж, хүнд үе тохиолоо гэж бодъё, энэ үед компанийн стратегиа, арга барилaa сайжруулах шаардлага гарах аль эсвэл нэг мөр өөрчлөх хэрэг гарна. Яг л Uber нэг өдөр “Бид такси үйлчилгээний компани биш” гэдгээ зарласан шиг. Үнэн хэрэгтээ энэ явдал Uber-ийн хувь заяанд эерэгээр нөлөөлсөн, нүдээ олсон тодорхойлолт болж чадсан юм.

Өөр нэгэн жишээ. Германы харилцаа холбооны тэргүүлэгч компани Musterman анх 1985 онд хоёр оюутны түрээсийн байрны зочны өрөөнд үүсгэн байгуулагдсан стартап (тухайн цаг үедээ стартап-т тооцогдож байв) юм. Өнөөдөр 400 сая ам.долларын орлоготой ажилладаг тус компани Германы үүрэн телефон, цахилгаан хэрэгслийн компаниуд дундаа шилдэгт тооцогдож, Европын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлдэг. Musterman компани томрохын хэрээр хэд хэдэн pivot буюу эргэлт хийсэн нь: Үүсгэн байгуулагчид анх автомат хариулагч машин, суурин утас гэрээсээ борлуулж ажлын гараагаа эхэлжээ. Удалгүй Германы үүрэн телефоны салбарт шинэ зохицуулалт хийгдсэний дагуу тэд зөвхөн зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн л борлуулах шаардлагатай болов. Зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэж, технологи хөгжихийн хэрээр энэ төрлийн бизнес ашиггүй болж ирмэгц үүсгэн байгуулагчид үүрэн телефоны тоног төхөөрөмж нийлүүлж, яваандаа үүрэн телефоны бус бүтээгдэхүүн нийлүүлж эхэллээ.

Тэдний хийсэн эргэлт бүр шинэ бизнес загварчлал, шинэ өрсөлдөгч, шинэ хэрэглэгчийн бааз, мөн өсөлтийн метрик (бизнесийн өсөлтийг хэмжихэд хэрэглэдэг нэр томъёо) шаардаж байв. Гэсэн ч өөрчлөгдөөгүй нэг зүйл байсан нь тус компанийн үүсгэн байгуулагчид энэ бүх эргэлтийн турш компаниа удирдсан хэвээр байсан юм. Бүхэл бүтэн нэг үе, хэдэн аравны турш хувьсан өөрчлөгдөж ирсэн бизнес загварчлалыг тогтвортой удирдана гэдэг тийм ч хэвийн үзэгдэл биш билээ. Musterman “anti-identity” аргачлалыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн нь:

  1. Гүйцэтгэх албан тушаалтнуудад дараачийн алхам, стратегиа зураглах хангалттай уях өрөө /wiggle room/ гарч ирсэн. Identity, эсвэл стратегиар хязгаaрлагдахын оронд компани бүтээгдэхүүн худалдаалалтаас, үйлдвэрлэл, дараа нь нийлүүлэлт хүртэл хувьсаж чадсан. Тэдний стратеги чиглэл анхнаасаа тодорхой биш байсан ч хэтийн зорилго нь урьдаас тодорхой байсан буюу “Болохыг хүсээгүй зүйлээсээ татгалзсан” явдал юм.
  2. Энэ нь удирдлагууд, менежерүүд, ажилчдад эрс өөрчлөлтийн үед илүү сонор соргог байх хүчин зүйл болж чадсан. Musterman-ийн ажилчидтай ярилцах үеэр “anti-identity” аргачлал нь тэднийг өөрчлөлтөд гар бие оролцож, компанидаа үнэнч, мөн сэтгэл зүйн хувьд ч компанитай бат бөх холбоотой болгож өгсөн байжээ. Компанийн нэгэн ажилтан ярихдаа:

”Захирлууд маань одоо бид антифриз болон кофены машин зарах болно гэж хэлсэн. Тухайн үед үүрэн холбооны тоног төхөөрөмжтэй ажилладаг байсан бидэнд төсөөлөхөд бэрх зүйл байсан хэдий ч хэрэглэгчийн тоогоо дээд цэгт нь хүргэхээр ажиллаж байгаа бус харин тэдэнд өгч буй үнэ цэнэ, харилцаа холбоогоо дээд цэгт нь хүргэхийг хүсч байгаа шүү дээ бид гэсэн бодол төрж байсан” хэмээж байв.

“Аnti-identity” компанийн цөмд нь байсан учир ажилчид ямар нэг чухал зүйлээ алдаж байгаа мэдрэмж авдаггүй байсан аж.

Musterman-ийн хувьд ямар компани болохгүйгээ мэддэг удирдлагуудтай байсан нь тэдний аз байсан гэж болно. Компаниуд “anti-identity” аргачлалыг хэрэгжүүлснээ өөрсдийн хэн болох, юу биш вэ гэдэгтээ дүгнэлт хийх боломжтой болох юм.

Товчхондоо компаниа яг ийм л байх ёстой, тэр зүйлийг л хийх ёстой гэсэн гүн итгэл үнэмшлээ чөлөөлж, шаардлагатай өөрчлөлтөд бэлэн байх, бусдад өгч буй үнэ цэнээ алдахгүй байхад “anti-identity” аргачлал тусална гэж ойлгож болно. Ямар нэгэн зүйлийг хэт хүчилснээр хуурамч байдлыг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүс бол хөрөнгө оруулагчид, ажилчид бас хэрэглэгч мөн. Стартап бизнестээ өөрчлөлт хийхийг хүсвэл, эсвэл ямар өөрчлөлт хийхээ мэдэхгүй байгаа бол “аnti-identity” аргачлалыг туршаад үзэхэд буруудахгүй болов уу.

Эх сурвалж: https://hbr.org/2020/01/the-power-of-defining-what-your-company-isnt?fbclid=IwAR0_8EXwbROPRH7eJDzMX2_YClrjVeeASPHXRQ1BKaJqB_d7a9AjRZvXr7M

Бэлтгэсэн: Irbis Oasis

--

--

Irbis Oasis
Irbis Radar

“Irbis Oasis Radar“ технологи дээр суурилсан гарааны бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой онцлох нийтлэлийг хүргэнэ. https://www.irbis.sg/