Сая долларын хөрөнгө оруулалт босгох “Pitch Deck” хэрхэн бэлдэх вэ?

Irbis Oasis
Irbis Radar
Published in
7 min readApr 6, 2020

Хөрөнгө оруулалт босгохоор зэхэж буй стартап үүсгэн байгуулагч нартаа зориулан 1.5 сая ам.доллар босгосон “pitch deck”-ийн загвар + зөвлөгөөг хүргэж байна.

Irbis Oasis вэб-платформыг ашиглаж байгаа стартап үүсгэн байгуулагч нараас маань pitch deck буюу компанийн танилцуулгаа хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө авъя гэсэн хүсэлтийн хариуд энэ удаагийн нийтлэлээ бэлтгэн хүргэж байна.

Pitch deck гэх энэ баримт бичиг стартап хөрөнгө оруулалтын салбарт хэдийн тогтсон заншил болжээ. Хөрөнгө оруулагч, түншүүд, үндсэн багийн гишүүд зэрэг стартапад хамгийн чухал хүмүүс тухайн стартапын “pitch deck”-тэй танилцсаны дараа үүсгэн байгуулагчийн ярьж байгаа “мөрөөдөл”-д итгэх эсэхээ эцэслэн шийддэг. Хөрөнгө оруулагч нарын хувьд стартапын “pitch deck” нь тухайн стартапын мэргэжлийн түвшинг илэрхийлэх нүүр царай юм. Үг үсгийн алдаатай, уншихад төвөгтэй “pitch deck” хараад хөрөнгө оруулагч “энэ компанийн ажил нэг иймэрхүү түвшинд явагддаг юм байна” гэж бодох нь олонтаа.

Ихэнхи албан ёсны хөрөнгө оруулалтын уулзалт pitch deck-ээр эхэлдэг. Уйтгартай, уншихад төвөгтэй “pitch deck”-тэй бол хөрөнгө оруулагч таны pitch deck-ийг анхны бөгөөд сүүлийн удаа харна, та олдсон ховор боломжоо алдана. Тэгэхээр та pitch deck боловсруулах ажилдаа онц ач холбогдол өгч хамгийн багадаа 1–2 долоо хоногийг зарцуулаарай.

Pitch deck нь танай компанийн Facebook, Linkedin, Instagram account-тай нэгэн адил байнга шинэчлэгдэх шаардлагатай. 2 жилийн өмнө оруулсан нэг зурагтай Instagram account-ийг хэдэн хүн follow хийх вэ? Яг зөв, хэн ч дагахгүй (нэг бол fake аккаунт, нэг бол эзэн нь too inactive, boring гэж бодно). Үүнтэй нэгэн адил таны pitch deck хуучирсан мэдээлэл, тоон үзүүлэлттэй бол ямар хөрөнгө оруулагч танд итгэж хөрөнгө оруулах вэ? Тэгэхээр компанийн ололт, амжилт, өөрчлөлт бүрийг pitch deck-тээ оруулж, цаг тухайд нь шинэчилж явахыг зөвлөж байна (Жич: Ирбис Венчурс нь одоогоор таван өөр загварын 100 орчим хувилбар pitch deck боловсруулсан байна).

Pitch deck бэлтгэхэд анхаарах ёстой зарчмууд:

Таны pitch deck SICK буюу:

Танай pitch deck богино бөгөөд энгийн байх ёстой. Хөрөнгө оруулагчид pitch deck-тэй танилцахад ойролцоогоор 3–5 минутыг л зарцуулдаг тул шаардлагагүй, уншихад төвөгтэй мэдээлэл оруулахаас татгалзаарай.

Шууд хараад ойлгохооргүй мэдээллийг (жишээ нь бизнесийн загвар) график, диаграм ашиглан тайлбарлаарай. Залхуутай, нуршсан мэдээ унших дуртай хэн байх билээ.

Мэргэжлийн, техникийн үг хэллэг ашиглахаас аль болох зайлсхийж энгийн ойлгомжтой үгсээр өөрийн санаагаа тайлбарлахыг хичээгээрэй. Ямар ч хөрөнгө оруулагч ойлгохгүй байгаа зүйлээ “Google”-ээс хайгаад суухгүй нь мэдээж. Тийм учраас санаагаа маш товч бас анхаарал татам байдлаар илэрхийлээрэй.

Хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргахад нь туслах үүднээс pitch deck-дээ компанийн бүх шаардлагатай мэдээллээ оруулаарай. Олон улсын хөрөнгө оруулагч нарын зүгээс шаардлагатай гэж үздэг нийтлэг мэдээллийг бид бэлдсэн загвартаа оруулсан тул та бидний загварын дагуу мэдээллээ оруулахад хангалттай.

Pitch deck-д оруулах шаардлагатай мэдээллүүд:

  1. Компанийн лого болон товч танилцуулга /1 өгүүлбэр/
  2. Асуудал /Problem/
  3. Шийдэл /Solution/
  4. Бизнесийн өсөлт /Traction/
  5. Зах зээлийн трэнд, чиг хандлага /Market Trends/
  6. Бизнесийн загвар /Business Model/
  7. Зах зээлийн боломжууд /Market Opportunity/
  8. Өрсөлдөөн ба бусдаас ялгарах гол онцлогууд /Competition and Key Differentiators/
  9. Багийн танилцуулга /Team/
  10. Санхүү, тооцоолол /Financials/
  11. Бидэнд /танай стартапд/ юу хэрэгтэй вэ? /What we need?/
  12. Demo

Ирбис Загвар

Таны хөрөнгө оруулалт босгох ажилд тус дэм болох үүднээс Ирбис Венчурс компанийн зүгээс өөрсдийн туршлага дээр үндэслэн pitch deck-ийн доорх загварыг (“Ирбис Загвар”) бэлтгэн танилцуулж байна.

Та Ирбис загвараас гадна дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сангууд болох Y-Combinator, Techstars, Sequoia Capital-ийн загваруудтай доорх холбоосоор орж танилцаж болно.

Ирбис загварыг ашиглан өөрийн pitch deck-ийг бэлтгэхэд тань хялбар байлгах үүднээс бид Ирбис загварын хуудас бүрийг тайлбарлан, хүргэж байна.

Тайлбар: Ирбис загварт дурдсан мэдээ, тоо баримт зөвхөн Ирбис загварыг бэлтгэхэд зориулсан хийсвэр мэдээ, тоо баримт болохыг анхаарна уу. Ирбис загвар нь Ирбис Венчурс компанийн pitch deck биш болно.

Таны стартапын аялалд амжилт хүсье.

slide no.1

Slide №1 Зөвлөмж: Таны pitch deck-ийн эхний хуудас дараах хоёр мэдээллийг агуулсан байх ёстой:

(a) Компанийн нэр, лого

(b) Компанийн үйл ажиллагааг товч тайлбарласан нэг өгүүлбэр

Энэ pitch deck бэлтгэх хамгийн хэцүү хэсэг. Компанийн үйл ажиллагаагаа ганц өгүүлбэрээр тайлбарлах нь танд боломжгүй мэт санагдаж байгаа байх. Дэлхийн тэргүүлэх стартап Facebook-ээр жишээ авбал “Facebook is the largest social network and connects over 2 billion people monthly” байж болох юм.

slide no.2

Slide №2 Зөвлөмж: Энэ хэсэгт та нийгмийн ямар асуудлыг шийдвэрлэх гэж байгаагаа тодорхойлно. Шийдвэрлэх гэж буй асуудлын талаар судалгаа, тоо баримт оруулвал таны хүргэх гэж буй санаа илүү хүчтэй сонсогдох боломжтой.

slide no.3

Slide №3 Зөвлөмж: Энэ хэсэгт та нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбарлана. “Танай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн амьдралыг хэрхэн хөнгөвчлөх вэ?” гэсэн асуултанд хариу өгч бэлтгэвэл уншихад хялбар байдаг.

slide no.4

Slide №4 Зөвлөмж: Энэ хэсэгт танай бүтээгдэхүүнийг бодит амьдрал дээр хэрэглэгч ашиглаж байгаа эсэх талаар оруулна. Энэ мэдээллээр та хөрөнгө оруулагчид “миний хөрөнгө оруулалтгүй ч гэсэн энэ компани амжилттай явах юм байна, хэрэв би хөрөнгө оруулвал энд дурдсан тоо хэд дахин өсөх боломжтой юм байна” гэсэн мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй.

slide no.5

Slide №5 Зөвлөмж: Энэ хэсэгт ямар учраас энэхүү бизнесийг хийх болсон, яагаад заавал одоо гэж, өмнө нь яагаад хэн нэгэн үүнийг хийгээгүй ба хүмүүс яагаад заавал танай бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар тайлбарлана. Өөрөөр хэлбэл, та өөрийн салбараа маш сайн мэддэг, цаг үеийн мэдээлэлтэй, сүүлийн үеийн зах зээлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар баримжаатай нэгэн гэдгээ хөрөнгө оруулагч нарт харуулах хэрэгтэй.

slide no.6

Slide №6 Зөвлөмж: Энэ хэсэгт хэрхэн ашиг олох тухайгаа тодорхой тайлбарлаарай. Цаг хугацааны явцад бизнесийн тань загвар өөрчлөгдөн сайжрах учир санаа зовох хэрэггүй. Ихэнх хөрөнгө оруулагчид үүнийг мэдэж байгаа. Анхны доллараа хэрхэн олох төлөвлөгөөгөө тодорхой тайлбарласан байхад энэ хэсэг болоод явчихна.

slide no.7

Slide №7 Зөвлөмж: Энд танай компанийн орж буй зах зээлийн хэмжээ хэр том болохыг тайлбарлана. Зах зээлээ маш тодорхой тогтоох хэрэгтэй. Таны зах зээл хязгаарлагдмал, жижиг байсан ч санаа зоволтгүй. Харин та зах зээлийн хэмжээгээ жижиг гэж голоод, өөрийн нэвтэрч чадахгүй зах зээлийн тухай ярьж хөрөнгө оруулагчдыг гайхшруулах хэрэггүй шүү.

slide no.8

Slide №8 Зөвлөмж: Энд өрсөлдөгчдөө тодорхойлох бөгөөд бидэнд өрсөлдөгч байхгүй гэж бүү бичээрэй. Хэрэв тэгвэл таныг зах зээлийн судалгаа огт хийгээгүй эсвэл танай орох гэж байгаа зах зээлийг хүмүүс сонирхохгүй учраас өрсөлдөгчгүй юм байна гэж бодох магадлалтай. Иймээс өрсөлдөгчдөө жагсааж бичээд, өөрсдийн давуу тал болон онцлог ялгаагаа сайн тодорхойлох хэрэгтэй.

slide no.9

Slide №9 Зөвлөмж: Энэ хэсэгт өөрсдийн удирдлагын баг хамт олны мэдлэг, туршлагын талаар оруулна. Ихэнх хөрөнгө оруулагчид компанид биш баг хамт олонд хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулагчид энэ хуудсаас танай баг стартапаа амжилтад хөтлөх мэдлэг, ур чадвартай гэдгийг харах ёстой. Хэрвээ тэд танай багт итгэхгүй байгаа бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн үг. Тиймээс энэ хэсэгт чухал ач холбогдол өгч, багийн гишүүдийн мэдээллээ хүмүүсийн анхаарал татахуйц хийгээрэй.

slide no.10

Slide №10 Зөвлөмж: Энэ хэсэгт одоог хүртэл хөрөнгө оруулалтаар хэдийг босгоод түүнээс хэдийг нь хэрхэн зарцуулсан тухай мэдээллээ оруулна. Санхүүгийн зарлагын хувьд сар бүр хэдийг зарцуулж байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Мөн байгууллагынхаа 12–36 сарын хугацааны санхүүгийн төсөөллийг ойлгомжтой байлгах зорилгоор график дүрслэлээр оруулвал тохиромжтой.

slide no.11

Slide №11 Зөвлөмж: Энэ хэсэгт яг хэдий хэмжээний мөнгө хүсч байгаа болон түүнийгээ хэрхэн зарцуулах талаар бичээрэй. Зарим тохиолдолд мөнгөн бус хөрөнгө оруулалт буюу томоохон компанитай хамтарч ажиллах хүсэлт тавих нь бий. Жишээлбэл, манай Ирбис Венчурс компанийн санаачилсан “Irbis Oasis Community” нийгэмлэгт нэгдэн, oasis.irbis.sg платформ дээр гишүүнчлэлтэй болж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэх гэх зэрэг.

slide no.12

Slide №12 Зөвлөмж: Хэрвээ танай компанийн prototype буюу загвар бүтээгдэхүүн гарсан бол энэ хэсэгт түүнийгээ зургаар үзүүлэх болон ажиллаж байгаа линкийг байршуулж болно.

Нийтлэл бэлтгэсэн: Ирбис Оазис

#WeTooInnovate #MongolianStartup #MongolianInvestor #IrbisVentures #IrbisRadar #IrbisOasis

--

--

Irbis Oasis
Irbis Radar

“Irbis Oasis Radar“ технологи дээр суурилсан гарааны бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой онцлох нийтлэлийг хүргэнэ. https://www.irbis.sg/