Бизнесээ хэрхэн оновчтой үнэлэх вэ?

Irbis Oasis
Irbis Radar
Published in
5 min readMar 25, 2020

Та бизнесээ хэрхэн үнэлэхээ мэдэхгүй байна уу? Өөрийн үүсгэн байгуулсан стартапаа яаж үнэлэх учраа олоогүй явна уу?

Хөрөнгө оруулалт босгох явцад бизнесээ хэрхэн үнэлэх тухай асуудал зайлшгүй тулгардаг. Хамгийн анхан шатны ойлголтоос нь эхэлбэл товчхондоо таны бизнесийн үнэлгээ гэдэг нь таны компанийн үнэлгээ гэж хэлж болно. Ирээдүйд орших эсвэл эс орших бизнесийг үнэлэх нь маш их төсөөлөл шаарддаг бөгөөд сайтар бодож боловсруулсан таамагт тулгуурлана.

Бизнесийн үнэлгээ яагаад чухал вэ?

Стартапууд хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөн дүнгийнхээ оронд санал болгож буй компанийхаа хувийг тодорхойлохын тулд нэн түрүүнд үнэлгээгээ тооцсон байх хэрэгтэй. Ихэнх компани эхэн үедээ 0 гэсэн үнэлгээтэй байдаг хэдий ч түүнээс хавьгүй илүү байх ёстой юм. Та 100,000 ам.доллараар анхан шатны хөрөнгө оруулалт босгох гэж байгаа ба зөрүүлээд компанийхаа 10%-ийг санал болгоно гэж бодъё. Байдаг л нэг тохироо. Өөрийн компаниа нэг сая ам.доллараар үнэлсэн байлаа ч энэ нь яг тухайн үеийн байдлаар тийм үнэлгээтэй гэсэн ойлголт биш бөгөөд компаниа зарлаа гэж бодоход яагаад ч нэг сая ам.долларын үнэ хүрэхгүй. Эхэн үеийн үнэлгээ гэдэг нь компаниа яг одоо зарах үнэ биш харин ирээдүйд компанийн өсөх чадавхийг тооцоолон гаргасан үнэлгээг хэлж байгаа юм.

Эхэн үеийн хөрөнгө оруулалтын үнэлгээний жишээ зураглал

Эхэн үеийн үнэлгээг ямар аргаар тооцоолох вэ?

Юун түрүүнд мэдэгдэхүйц өсөлтөд хүрч, дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт босгоход хэдий хэмжээний хөрөнгө босгох хэрэгцээтэй байгаагаа яг таг тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, Та 100,000 ам.долларыг босгосон ба энэ нь танай компанийн ирэх 18 сарын хэрэглээ гэж үзье. Мөн энэ нь хөрөнгө оруулалтын дараагийн үе хүртэлх шаардлагатай хамгийн бага дүн бөгөөд энэ хөрөнгө оруулалт үгүй бол бизнесийн өсөлт ч үгүй гэдгийг хөрөнгө оруулагчдаа ойлгуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид өсөлтгүй бизнес сонирхохгүй нь лавтай бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ямар тохиролцоонд хүрч болох талаар дурдвал:

  1. Хөрөнгө оруулагчид компанийхаа хэдэн хувийг өгөх талаар тодорхой шийдвэртэй байх нь маш чухал ба компанийхаа 50%-аас илүүг хөрөнгө оруулагчдад өгөхгүй байхыг зөвлөж байна. 40% гэдэг ч мөн адил их тул үүсгэн байгуулагч нар анхаарах хэрэгтэй. Анхан шатны хөрөнгө оруулалт нь маш чухал бөгөөд түүнээс хамаарч дараа дараагийн хөрөнгө оруулалт бүрт компанид эзэмших хувь хэмжээ багасах нөхцөл үүсдэг. Хэрэв эхэн үедээ хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт босгосон тохиолдолд компанийхаа 30 хүртэлх хувийг өгөх нь байж болохуйц нөхцөл юм. Бидний жишээ авч байгаа 100,000 ам. доллар нь бага хэмжээний хөрөнгө оруулалтад тооцогдох учир компанийхаа үнэлгээнээс хамаарч 5–20%-ийг өгөх боломжтой.
  2. Өмнө нь дурдсанчлан 100,000 ам.доллар бол тогтсон дүн. 5%-20% ноогдол хувь ч мөн адил тогтсон тоо. Ингэснээр таны компанийн үнэлгээ 500,000 ам.доллар (компанийхаа 20%-ийг өгвөл), эсвэл 2 сая ам.доллар (компанийхаа 5%-ийг өгвөл) болно гэсэн үг.
  3. Үнэлгээг хэрхэн тодорхойлов? а. Ижил төрлийн компаниудыг хөрөнгө оруулагчид хэрхэн үнэлсэнтэй жиших, б. Бизнесээ хурдацтай өснө гэсэн төсөөллөөр хөрөнгө оруулагчаа ятгах.

Үнэлгээг хэрхэн тодорхойлдог вэ?

Seed stage буюу Эхэн үеийн үнэлгээ

Энэ нь тийм амар ажил биш бөгөөд доорх хүчин зүйлс үнэлгээнд ямар нөлөөтэй болохыг хамтдаа харвал;

Traction буюу Бизнесийн тэлэлт. Хөрөнгө оруулагчдыг ятгах хамгийн чухал хүчин зүйл нь бизнесийн тэлэлт бөгөөд бизнесийн гол зорилго нь хэрэглэгчтэй болоход орших тул хөрөнгө оруулагчдад эерэг үр дүн үзүүлбэл ажил хэрэг үндсэндээ цэгцрээд ирнэ. Ажил хэрэг яг таны хүссэнээр явахгүй байлаа ч танай компани 100,000 хэрэглэгчтэй байхад 6–8 сарын дотор нэг сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах хангалттай шалтгаан болох магадлалтай. Хэдий чинээ хурдацтайгаар бизнеэсээ тэлж хэрэглэгчтэй болно, төдий чинээ үр ашиг хүртэж болохыг анхаарах хэрэгтэй.

Reputation буюу Алдар нэр. Хэрвээ компанийн үүсгэн байгуулагчийн өмнөх бизнес, санаачилга, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь амжилттай хэрэгжиж байсан бол заавал бизнесийн тэлэлтгүйгээр хөрөнгө оруулалт авах магадлал маш өндөр байхаас гадна компанийн үнэлгээ нь өндөр байх хандлагатай байдаг. Жишээлбэл, Instagram-ийн үүсгэн байгуулагч Kevin Systrom санаагаа prototype байх үед (тухайн үед Brnb нэртэй байв) 500,000 ам.доллар босгож байж. Kevin Systrom өмнө нь хоёр жил Google компанид ажиллаж байснаас өөр энэ салбарт амжилт гаргасан гэхээр зүйл байгаагүй ч энэ туршлага нь хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэхүйц байж чаджээ.

Pinterest-ийн үүсгэн байгуулагч Ben Silbermann ч мөн ижил түүхтэй. Эдгээр жишээнээс харахад аливаа компанийн үүсгэн байгуулагчдын алдар нэрийг нь ашиглаж үнэлгээгээ өндөр байлгаж, хөрөнгө босгоход нөлөөлж болдог байна.

Revenues буюу Орлого. Энэ нь худалдан авагч төвтэйгээс илүү B2B буюу бизнесээс бизнест гэсэн загвартай стартапуудын хувьд илүү чухалд тооцогддог. Орлого бол компанийн үнийг тогтоох үйл явцыг хялбарчилж өгдөг хүчин зүйл юм. Худалдан авагч төвтэй стартап бизнесүүдийн хувьд орлого бага бол компанийн үнэлгээ ч дагаад багасдаг. Товчхондоо стартапууд хурдацтай өсөхийн зэрэгцээ мөнгө олдог байх ёстой ба хэрвээ өсөлт удаан бол стартап тань зөвхөн мөнгө л олдог уламжлалт бизнесээс өөрцгүй гэсэн үг.

Заавал өндөр үнэлгээтэй байх ёстой юу?

Яг үнэндээ бол үгүй. Хэрэв анхан шатны хөрөнгө оруулалтын үедээ үнэлгээгээ өндөр тавьбал дараагийн шатны хөрөнгө оруулалтын үед үүнээс ч илүү үнэлгээтэй болсон байх ёстой буюу асар хурдацтай өссөн байхыг шаарддаг.

Тэгвэл тогтмол өсөлтийг хадгалах хоёр стратегийг санал болгож байна.

  1. Томоор сэтгэ, том алхам хий, эс бөгөөс гэртээ харь! Компаниа өндөр үнэлгээтэй байгаа дээрээ ихэнх мөнгөө аль болох хурдацтай өсөхөд шаардлагатай зүйлсэд зарцуулах хэрэгтэй. Ингэж чадвал хөрөнгө оруулалтын дараа дараагийн үед илүү өндөр үнэлгээтэй болж чадна. Анхан шатны хөрөнгө оруулалтаа ухаалаг ашиглаж чадвал компаниа хурдацтай өсгөөд авахын сацуу хөрөнгө оруулагчаас үнэ төлбөргүй зөвлөгөө, хандив авснаас ялгаагүй юм.
  2. Гарцаагүй хүрэх ёстой өсөлтдөө л тэмүүл. Аль болох бага зардал гаргаж, тогтвортой өсөлтийн хэмжээ тогтоохыг эрмэлз. Үүнийг дагаад үнэлгээ ч тогтвортой өссөнөөр дараагийн шатны хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдэх болно.

“SERIES A” буюу дунд шатны хөрөнгө оруулалт

Энэ үед хамгийн чухал зүйл бол дахиад л бизнесийн өсөлт. Мөн хөрөнгө оруулагчдын оролцоо ч хамгийн их байдаг үе гэж болох юм. Учир нь энэ шатны хөрөнгө оруулалт нь компанийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гаргах, бизнесээ дараагийн түвшинд аваачих, үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад зарцуулагддаг.

Тэлэх болон өсөлтийн үеийн үнэлгээг гаргах жишээ зураглал

Үнэлгээ тийм чухал гэж үү?

Dropbox, Instagram компаниудын жишээгээр тайлбарлая.

Эдгээр компаниуд анх нэг тэрбум ам.доллараас илүү үнэд хүрч байв. Гэвч компаниудын үнэлгээ нь өөр хоорондоо адилгүй байж.

  1. Dropbox-ийн үүсгэн байгуулагч Drew Houston “Y-Combinator”-т компанийхаа 5%-ийг 20,000 ам.доллараар санал болгож, үнэлгээгээ 400,000 ам.доллар гэж тогтоов.
  2. Instagram-ийн үүсгэн байгуулагч Kevin Systrom “Baseline Ventures”-т компанийхаа 20%-ийг 500,000 ам.доллараар санал болгожээ. Тухайн үед Brnb-ийг (Instagram-ийн өмнөх нэр) 2.5 сая ам.доллараар үнэлжээ.

Дээрх компаниудын үнэлгээ яагаад ийм хол зөрүүтэй байгаа нь гайхалтай бөгөөд эцэст нь эдгээр үнэлгээ нь үр ашгаа өгч чадсан болов уу гэсэн бодлыг төрүүлэх шиг.

Үнэлгээний зарим аргачлалуудаас

Уг нийтлэлээрээ бид компанийхаа үнэлгээг тогтооход зайлшгүй мэдэх зүйлс, мөн анхаарвал зохих мэдээллийг багцлан хүргэхийг зорьлоо. Бизнесийнхээ үнэлгээг тогтоох нь үүсгэн байгуулагчдын мэдрэмж дээр суурилсан нэгэн төрлийн урлаг гэж хэлж болохуйц үйл явц ч үүнийг шинжлэх ухаанч аргачлалаар хийж гүйцэтгэх нь ажил хэрэг болно.

Стартапыг үнэлэх хэд хэдэн батлагдсан аргачлалыг мэргэжилтнүүд санал болгодог бөгөөд тэдгээр нь дата, санхүү, эдийн засгийн тоо баримт дээр тулгуурлах зэрэг түгээмэл аргууд байна. Үүсгэн байгуулагч та өөрийн зөн совин мэдрэмж дээр тулгуурлан стартап бизнесийнхээ үнэлгээг гаргах гэж байгаа бол түр азнаад багахан ч гэсэн судалгаа хийгээрэй гэж зөвлөе. Судалгаагаа ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компанийн үнэлгээтэй жишиж үзэхээс эхэлж болох юм.

Нийтлэлийг бэлтгэсэн: Ирбис Оазис

--

--

Irbis Oasis
Irbis Radar

“Irbis Oasis Radar“ технологи дээр суурилсан гарааны бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой онцлох нийтлэлийг хүргэнэ. https://www.irbis.sg/