Ариун гэр бүл буюу Шүүмжлэлт шүүмжлэлийг шүүмжлэхүй
К.Маркс, Ф.Энгелс
Номоос
3. Дурлал
Бүрэн дүүрэн “танин мэдэхүйн тайвшралд” хүрэхийн тулд шүүмжлэлт шүүмжлэл нь дурлалыг нэг тийш нь болгохыг юуны өмнө оролдох ёстой. Дурлал гэдэг бол тачаал мөн бөгөөд танин мэдэхүйн тайвшралын хувьд тачаалаас илүү аюултай юм юу ч байхгүй. Ийм учраас ноён Эдгарын (залуу хегелч) батлан хэлж байгаагаар “түүний ул үндэстэй судалсан” хатагтай фон Пальцовын романуудтай уялдуулан Эдгар “дурлал гэгдэгч балчир байдлыг” даван туулж байна. Дурлал гэдэг бол аюултай, аймшигтай зүйл мөн. Энэ нь шүүмжлэлт шүүмжлэлд хорсол, уур хилэн төрүүлж, бараг л ухаан балартахад хүргэж байна.
“Дурлал… бол аливаа бусад бурхан тэнгэрийн нэг адил хүнийг бүхэлд нь эзэмдэхийг хичээдэг бөгөөд хүн түүнд амин сүнсээ төдийгөө бүх биеэ “би” гэдгээ өгөхөөс наана ханаж цаддаггүй харгис хэрцгий охин тэнгэр мөн. Түүний шүтээн нь зовлон, тэр шүтээнийх нь дээд туйл нь амиа өгөх, амиа хорлох явдал мөн.”
Дурлалыг “мангас” босоо роолон болгохын тулд ноён Эдгар эхлээд түүнийг охин тэнгэр болгож байна. Дурлал нь охин тэнгэр, өөрөөр хэлбэл шашин мөргөлийн зүйл болсон учраас шашны үүднээс шүүмжлэгдэх ёстой нь мэдээж, бас үүнээс гадна бурхан, буг чөтгөр хоёр ялгаа багатай болох нь илэрхий. Ноён Эдгар дурлалыг “охин тэнгэр” болгоод тэгэхдээ “харгис хэрцгий охин тэнгэр” болгосноороо дурлагч хүнийг, хүний дурлалыг Дурлалын хүн болгож ингэснээрээ хүнээс “дурлалыг” онцгой мөн чанар болгон салгаад улмаар биеэ даасан ахуйтай болгож байна. Ийм жирийн үйл явцын тусламжтайгаар логик үгүүлхүүнийг субьект болгож хувиргах явдлын тусламжаар хүний өвөрмөц бүх тодорхойлолт, илэрхийллийг тусгай үл гүйцэлдэх зүйл, хүний мөн чанар аяндаа ангижрах явдал болгон хувиргаж болох юм. Жишээ нь шүүмжлэлт шүүмжлэл нь шүүмжлэлийг хүний логик үгүүлэхүүн үйл ажиллагаа, тусгай субьект болгож, өөрөө өөртөө чиглэсэн, тийм ч учраас шүүмжлэлт шүүмжлэл болгож, амиа өгөх, амиа хорлох явдал шүтээн нь болсон ямар нэг “мангасыг”, ялангуяа түүний сэтгэхүй авьяасыг бий болгож байна.
Танин мэдрэхүйн тайвшрал нь “биет юм гэдэг чухам энэ л тохирсон хэллэг, яагаад гэвэл дурлагчийн дуртай хэллэг нь юм” (эм хүйс байхгүй) “зөвхөн энэ гаднах обьект түүний сэтгэлийн тачаал, өөрийнхөө хувийн явцуу хүслийг хангахыг хүсэж байгаа обьектын хувьд л чухал юм” гэж байна.
Биет юм гэнэ ээ! Ямар муухай вэ! Биет юм шиг тийм жигшүүртэй, нүгэл хилэнцтэй, үй олныг хамарсан зүйл гэж байхгүй, биет юм сөнөтүгэй? Туйлын субьектив чанар, actus purus (цэвэр ажиллагаа), цэвэр шүүмжлэл хүнийг түүний гадна оршигч биет ертөнцөд анх удаа жинхэнэ ёсоор итгэж сургадаг бөгөөд зөвхөн хүнийг биет юм болгодог төдийгүй, тэр ч байтугай биет юмыг хүн болгодог өөрийнхөө дурлалд байгаа bete noire (үгчилбэл хар араатан, ө.х айлгуур, жигшүүртэй зүйл), биелсэн буг шулмыг яагаад олж харсангүй вэ!
Танин мэдэхүйн тайвшрал уурсан хилэгнэж үргэлжлүүлэхдээ дурлал бол нэг хүнийг нөгөө хүний хувьд “обьектын” категори болгосноор, санаа амардаггүй түүнийг тодорхой жинхэнэ обьект, энэ хачин муухай биеэ даасан (Хегелийн хачин муухай биеэ даасан “энэ”, “тэр” гэдэг категорийн тухай “phenomenon”-ийг үз) уураг тархинд нуугдагч дотоод оршин тогтнолтой төдийгүй, бас ухамсран мэдрэхүй бүхий оршин тогтнолтой гадаад обьект болгон хувиргаж байна гэнэ.
“Дурлал бол
Дан ганц уураг тархинд шингэсэн юм биш”
Тийм бишээ, сэтгэлт хүүхэн бол мэдрэхүйн биет юм мөн. Гэтэл шүүмжлэлт шүүмжлэл нь ямар нэг биет юмыг хүлээн зөвшөөрөхөд хүртэл аар саар юмаар оролдоход хүрвэл наад зах нь уг биет юм мэдрэхүйтэй биет юм байхыг шаардана. Харин дурлал бол шүүмжлэлт бус, христосын шашны бус, материалист юм.
Эцэстн нь дурлал нь байсаар байгаад нэг хүнийг “сэтгэлийн тачаалын энэ гадаад обьект” болгож, нөгөө хүнийг өөр хүний аминцар хүслийг хангах обьект болгож ч байна. Аминцар гэсний шалтгаан бол энэ нь өөр нэг хүнээс өөрийнхөө хувийн мөн чанарыг олж авахыг хүсэж байгаагаас болж байна. Гэтэл энэ нь бүтэхгүй зүйл. Шүүмжлэлт шүүмжлэл нь аливаа аминцар үзлээс маш чөлөөтэй учир өөрийнхөө хувийн “би”-ээс хүний мөн чанарын бүх агуулгыг ёроолд нь хүртэл шавхан олж авч байна.
Сэтгэлт хүүхэн бол “хүмүүсийн аминцар хүслийг хангагч сэтгэлийн тачаалын гадаад” бусад бүх обьектоос юугаараа ялгаатайг ноён Эдгар бидэнд хэлэхгүй байгаа нь мэдээж. Сэтгэл татам, баян агуулгатай санаанд сайхан дурлалын биет юм нь бясалгагч байгалийн философийн хувьд сүүлт од зөвхөн “эсрэг талын” категори болдог шиг танин мэдэхүйн тайвшралын хувьд зөвхөн хийсвэр бүдүүвч: сэтгэлийн тачаалын энэ гадаад обьект болж байна. Шүүмжлэлт шүүмжлэлийн өөрийнх нь хүлээж байгаагаар бол хүн нь өөр хүнийг өөрийнхөө сэтгэлийн тачаалын гадаад обьект болгохдоо үнэндээ түүнийг ач холбогдолтой гэж үздэг. Гэвч энэ нь биет юмны ач холбогдол байхад шүүмжлэлээс биет юманд хамааруулж байгаа ач холбогдол нь шүүмжлэл өөрөө өөртөө зориулж байгаа өнөөх л тэр ач холбогдлоос өөр юу ч бишээ. Ийм учраас энэ шүүмжлэлт ач холбогдол нь өөрийгөө “гадаад бузар ахуйд” илэрхийлдэг биш харин шүүмжлэлт ач холбогдолтой биет юмны “юу ч бишид” илэрхийлнэ.
Танин мэдэхүй тайвшрал жинхэнэ хүнээс биет юм олж авдаггүй боловч хүн төрөлхтнөөс ажил хэрэг олж авдаг. Шүүмжлэлт дурлал нь “хүн төрөлхтний ажил хэрэг болох ажил хэргийг ганц нэг хүнээс болоод мартчихаас хамгийн их болгоомжилдог юм”. Харин шүүмжлэлт биш дурлал бол хүн төрөлхтнийг ганц нэг хүнээс, хүн нэг бүрээс ялгаж үздэггүй юм.
“Дурлал өөрөө хаанаас ирсэн, хаашаа явсан нь үл мэдэгдэх хийсвэр тачаал мөний хувьд дотоод хөгжлийг сонирхдоггүй юм”
Танин мэдэхүй тайвшралын үзлээр бол тодорхой зүйлийг хийсвэр гээд, хийсвэр зүйлийг тодорхой гэж, нэрлэдэг үгийг бясалган ашиглах аргын ёсоор дурлал нь хийсвэр тачаал юм.
“Тэр хүүхэн энэ хөндийд төрөөгүй
Түүний байшинг хэн ч мэдээгүй
Харин тэр хүүхэн дахиад л салах ёс хийж
Хөлийнхөө мөр ч үлдээлгүй оджээ”
Хийсвэр үзлээр бол дурлал нь диалектик паспортгүй “харийн хүүхэн” юм, тийм ч учраас улс орноосоо шүүмжлэлт цагдаад хөөгддөг юм.
Дурлалын тачаал бол дотоод хөгжлийг сонирхдоггүй тийм ч учраас түүнийг a priori түүний хөгжил мэдрэхүйн хүрээнд, жинхэнэ хүмүүсийн дундаас үүсч байгаа жинхэнэ хөгжил юм. Бясалгагч бүтээмжийн гол сонирхол нь “хаанаас”, “хаашаа” гэдэгт оршино. Чухамхүү “ойлголтын зайлшгүй байдал, түүний баталгаа, дедукц” (Хегел) бол “хаанаас” мөн “бясалгалт орчлын шижим тус бүрийг аргын амилсан агуулгын хувьд шинэ шижмийн эхлэлт болгодог”. Хегел тийм тодорхойлолт бол “хаашаа” мөн. Ингэхлээр хэрэв apriori дурлалын “хаанаас”, “хаашааг” зохион бүтээж болдог байсан бол дурлалыг бясалгалт шүүмжлэл “сонирхдог” байхсан.
Энд шүүмжлэлт шүүмжлэл зөвхөн дурлалтай тэмцэж байгаа биш, бас амьд бүхэнтэй, эрс шууд бүхэнтэй, аливаа мэдрэхүйн туршлагатай, ер нь “хаанаас” “хаашааг” нь хэзээ урьдаас бид мэддэггүй аливаа жинхэнэ туршлагатай тэмцэж байна.
Англи хэл дээр: https://www.marxists.org/archive/marx/works/1845/holy-family/ch04.htm#4.3