Сүүлчийн хүн

Khishigtugs
khishigtugs
Published in
3 min readDec 14, 2022

Улс төрчид тэнэг учраас тийм муу шийдвэр гаргадаггүй харин өөртөө донтой учраас л өөрөөсөө бусдад халтай шийдвэр гаргадаг.

Хувийн ашиг сонирхлоо улс үндэстний ашиг сонирхлоос урдуурчилбал нийгэм ялзардаг. Төрийн түшээ, улс төр хийгчийн нэг л шийдвэр буруудаж хувьдаа боломжийг нээвээс нийтийн боломж хаагддаг тул улс төр бол ингэтлээ тэмүүлмээр бус харин ч хамгийн зугтаамаар мэргэжил.

Тогтвортой хөгжил гэж зөвхөн ирээдүйнхээ хэрэгцээг үлдээхийг хэлдэг болохоос ирээдүйн хэрэгцээг хулгайлж одоо өөрсдөө хэрэглэхийг хэлдэггүй. Уул уурхайн баялаг бол бид өвөг дээдсийн үлдээснийг эдэлж байгаа хэрэг биш харин хойч үеэсээ хулгайлж эдэлж байгаа хэрэг. Сүүлчийн хүн мэтээр аашлахын оронд харин ч дамжуурга хүн болох ёстой. Яагаад гэвэл дараагийн үеийнхэн бидэн дээр бүдэрч унах биш бидэн дээр гишгэж улам өндийх ёстой.

Эдийн засгийн эрх мэдэлтнүүд улс төрийн ч бас эрх мэдэлтэй. Ард иргэд “бидний бэрхшээлийг шийдээрэй” гэж улс төрчдийг сонгодог. Гэтэл төд удалгүй улс төрчид өөрсдөө ард иргэдийн бэрхшээл нь болчихдог.

Ард иргэд бас тэднийг бэрхшээлээ болгодог нь. Яаж гэвэл иргэд юу ч хийхгүй байснаараа яг л юм хийж буй мэт. Шударга бусыг хараад дүлий, сохор мэт явах нь социал амьдрал ёс зүйн доройтолд орсны илрэл болно. Тиймээс оролцоогүй ард түмэн муу муухайн нэг хэлтэрхий. Сайн сайхан нийгэмд амьдрах эсэх нь жам ёсны биш, амьд хүнээс шалтгаантай.

Нам доторх хүмүүс улс төрөөр нийтийн төлөө зүтгэх гэсэн мөртлөө улс төрөөр хувийн амьдралаа залгуулцгааж байна. Тэд сэтгүүл зүй, урлаг, мэдээлэл бас маркетингийн салбарынхныг зорилгоо гүйцэлдүүлэх хэрэгслээ болгодог. Тэдэнд үйлчлэгчид хэдий бохир зүйл хийж байгаагаа мэддэг ч мөнгөнийх нэг хэсгээр нь нүдээ боож, тэгснээрээ ялгаагүй л улс төрийг амьдралаа залгуулах талбараа болгодог.

Ард түмний хүсэлтээр гэж үнэхээр тэдний төлөөллөөр бус өөрсдийн ашиг хонжооны цаад гүндээ суутгасан үйл ажлууд яг л үзэгчдийн хүсэлтээр хэмээж өөрсдийн явуургүй хуучирсан кино, нэвтрүүлгээ цацаж буй сувагтай адил. Демократ буюу ардчиллын давуу тал бол ард түмний засаг гэдэгтээ ба ингэхдээ төлөөллөөр. Энэ улс төрийн онолыг практик дээр хэрэгжүүлэхдээ засгийн эрх ард түмнийх биш болж, олигархиудын ноёрхол тогтсоноос харж болно.

Улс төрийн нам боловсон хүчнийг бэлтгэх гэхчлэн үүргээ биелүүлж чадалгүй мөнгөнөөс хараат болж намын төлөвшил удааширч фракцаар хуваагдаж, хувийн эрх ашгийн лоббичлол идэвхжин ардчиллын шинэ бэрхшээлүүд араасаа цуврав. Гэхдээ тэдгээр үзэгдлүүд өмнөх их, бага хувьчлалаас улбаатай тул цоо шинэ биш. Цаашилбал мөнгө, албан тушаал, хувийн ашиг сонирхлын төлөө үйлчилж, ингэхдээ ардчиллын үнэт зарчмыг баримталж буй мэт дүр эсгэв.

Party гэсэн үгийг нам гэж орчуулж хэрэглэдэг. Party буюу нам бол улс төрийг бүхэлдүүлэгч хэсэг нь болдог. Гэтэл хэсэг биш болцгоосон намаас нийт хүмүүс холдон хүнийссэн. Тиймээс нам уг нь сайн сайхны хэсэг нь байх атал харин ч муу муухайн хэсэг болсон мэт олон нийтийн сэтгэлд буусан. Төрийг төвхнүүлээгүй учраас иргэн, төр хоёрын харилцаа хүйтэн хөндий болж хүнийсэн харьжжээ.

Үндсэн хуульд сонгуулийг өвөл хийх, улс төр бол мэргэжил гэж тодорхойлох зэрэг Монголчуудад зориулсан олон жичтэй өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэр бүрийг “Хүнийсэл” номдоо хагас мянган хуудас нэгэнтээ бичсэн (“Төрийг төвхнүүлэхүй” бүлгээс дээр өгүүлэв).

Тэмцэл онол дээр тогтох ёстой. Онол номгүйгээр бидний тэмцэл хүчгүй, зорилгогүй, батгүй. Францын хувьсгал Руссогийн “Нийгмийн гэрээ”, Вольтерын “Кандид буюу өөдрөг үзэлтэн”, Монтескьюгийн “Хуулийн амин сүнс” зэргээр зэвсэглэсэн байсныг мартаж болохгүй.

Боловсрол, шашин, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, хотжилт, шүүх зэрэг инстүүц ашгийн бус байх ёстой гэж зааж, оронд нь хүмүүнлэгийн төлөө байна гэх.

Үндсэн хууль бол бүх нийтийн хүсэл зориг дээр тулгуурласан хамтын амьдралын гэрээ байх ёстой. Энэ гэрээнд нийцэж бусад хуулиуд хийгдэнэ.

Үндсэн хуулийг өөрчлөх биш сайжруулах гэх ёстой. Бидний абсолют хүсэл бол шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө тул гэрээ хийснээр энэ бүх үнэтүүд байраа олж чадна. Улс төрчид сүүлчийн хүн мэт бүгдийг ховхлох болон ард иргэд сүүлчийн хүн мэт бүгдийг тэвчиж болохгүй. Яагаад гэвэл бидний нөхцөл байдал сүүл ирмэгт ирлээ, үгүй бол бүх зүйл сүүлчийнх байх болно.

2022 оны 12 сарын 14

Хүндэтгэсэн

--

--