Хүнийсэл номын тухай

Khishigtugs
khishigtugs
Published in
4 min readApr 4, 2021

Социологич, яруу найрагч Д.Мөнхтөр:

Их сургуулийн түүхэнд магадгүй анх удаа 20 насандаа ном бичсэн, бичих бичихдээ бас ч үгүй маш өвөрмөц, содон, чин сэтгэлтэйгээр, мэдлэгтэйгээр, мэдэцтэйгээр, эрэл хайгуултайгаар бичсэн.

Цаг үе болгон өөрсдийнхөө анализчидыг буюу шинжээчдийг төрүүлдэг, цаг үе болгон тэр цаг үеийнхээ илэрхийлэгчдийг, уран бүтээлчдийг, барилгачдыг төрүүлдэг. Үүн лугаа адил Хишигтөгсийн оюутан байх үеийн, цэл залуугийн тархиар нь, зүрхээр нь шүүгдэж гарсан энэ бүтээл нь социологийн сонгодгууд гэж бид нэрлэдэг өөрсдийнхөө цаг үеийн өөрчлөлт хөдөлгөөнийг мэдэрч маш олон өнцгөөс нь шүүж тунгааж барьж авсан тэдгээр анализтай ихээхэн төстэй харагдаж байгааг хэлье.

Ажил хийсэн хүн л бүтээлээ шүүмжүүлдэг, ажил хийсэн хүн л муулуулдаг, тэр ч битгий хэл үгүйсгэгддэг. Эцэст нь тэр ажил нь үнэ цэнтэй байсан бол хэзээ нэгэн цагт нэр нь алтан үсгээр үлддэг.

Энэ залуугийн мэргэжлээ гэсэн эрмэлзэл, сэтгэл зүрх, залуу насны зориг, сэргэг ухаанаас гарсан үнэ цэнийг л энд дурдмаар байна. Нөгөөтээгүүр энэ угаасаа алдаанаасаа илүү үнэ цэн нь маш өндөр харагдсан учраас.

Энэ номонд социологийн уугуул шинж болсон хэдэн зүйл харагдсаныг хэлье: Нэг харахад энд социологийн шинжтэй бичээгүй сэдэв байхгүй. Хотжилтоос хайр сэтгэл хүртэл, маасаас малчдын амьдрал хүртэл, коммунизмаас ковид хүртэл нэн шинэ шинжилгээ энэ залуугийн зүрх сэтгэлээр, оюун ухаанаар дамжиж гарсан. Энийг нь харвал яасан олон сэдвийг нэг дор барьж авсан юм дээ гэсэн сэтгэгдэл төрж магадгүй. Гэтэл энэ олон сэдвийг энэ залуу “хүнийсэл” гэсэн социологид маш сонирхолтой, тэр болгон үнэ цэндээ тулж шинжлэгддэггүй гэж өрнөдийн социологичдын дунд хэлэгддэг “хүнийсэл” гэсэн энэ утсаар тэр бүх олон сэдвүүдийг нэг зүүгээр хөвөрдөөд, Хүнийсэл гэсэн ном болгосон байна.

Хүнийслийг магадгүй манайхан зөвхөн хөдөлмөрийн хүнийслийн талаар (марксын утгаар, гэхдээ маркс ганцхан хөдөлмөрийн хүнийслийг яриагүй ч гэсэн) бодох явдал бий. Хишигтөгс маань номдоо энэ сэдвийг барьж аваад давхар “өөртөө хөөгдсөн хүн” гэжээ. Энийг хүн хөдөлмөрөөсөө хүнийсээд зогсохгүй, хүн өөрөөсөө хүнийсээд зогсохгүй, хүн хүнээсээ хүнийсчихсэн цаг үе бидний цаг үед байгаа тул үүнийг ярих ёстой, тэр ч битгий хэл хүн эко ертөнцөөсөө хүнийсчихсэн цаг үед амьдарч байна, энийг социологичид ярих ёстой гэдэг утгаар асуудлыг тавьсан нь үнэхээр сайшаалтай санагдсан гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Социологийн уугуул чанар гэгдэх хоёр чанар энэ номын бүх бүлгийнх нь анализ хэсэгт харагдсаныг хэлмээр байна: Энэ бол социологи анх үүсэхдээ шүүмжлэлт хандлагаар үүссэн. Шүүмжлэлт хандлагаар үүсэхгүй байхын ч аргагүй байсан, уламжлалт нийгмээс модернизац буюу аж үйлдвэрийн хувьсгалын дараах орвонгоороо эргэсэн шинэ нийгмийн бүтцийн үед бужигнаж байсан нийгмүүдэд голдуу анхны социологичид бүгдээрээ бүтээлээ туурвисан. Аж үйлдвэрийн хувьсгал, хот руу бөөн бөөнөөрөө шилжсэн цаг үе, тэгээд хот нь хүлээж авах дэд бүтцийн системгүй замбараагүй нийгмийн бөөгнөрөл болчихсон, хамаг бухимдал орчин цагийн стресс, гэмт хэрэг, сайн муу бүх зүйлийн үндэс тавигдсан байсан тэр цаг үеийг мэдэрч, тэр цаг үеийн анализууд байсанд анхны социологичдын нэг онцлог оршдог. Тэгэхээр шүүмжлэхгүй байхын аргагүй гэдэг нь анхны социологичдоос амьдарч байсан нийгэм нь өөрийн эрхгүй тийм зүйл шаардсан.

Өөрийн эрхгүй энэ залуу энэ цаг үеийнхээ асуудлуудад хувийн сэтгэл хөдлөл төдийгөөр биш, өрнө дорны олон онолын дэвсгэр дээр, тэр тусмаа социологийн классикуудын сэтгэлгээн дээр эргэж харж, өөрийнхөө нийгмийн бага туршлага дээр өрнөдийн (маш олон залуучууд ном бичиж байгаа боловч хуулбар төдийгөөр явдаг, энэ бол үнэн бодитой байдаг, гэтэл манай Хишигтөгсийн яг өөрийнхөө дотор нь амьдарч байгаа нийгмээ) заавал нэг их Монгол Монгол гэхгүйгээр, монголын нийгмийн бодит байдлыг шинжилснээрээ маш чухал.

Хүмүүнлэг гэж хэлж болох энэ харц, хандлага нь Хишигтөгсийн төдийгүй социологийн сонгодог томоохон үндсийг тавигчдын үндсэн хандлага байсан. Тэгэхээр Хишигтөгсийн маань энэ бүтээлд анализ хийсэн хоёр дахь том онцлог бол социологийн анхны том бүтээлүүдийн онцлогийн амьсгалыг бас санагдуулсан. Энийг социологич хүн шинжлэх ухааны обьектив байдлыг алдахгүйгээр “хүмүүнлэг” сэтгэлээ бас гаргаж болох уу үгүй юу гэдгийг асуудлыг тавьсан нь энэ номын үнэ цэнтэй тал.

Энэ ном зарагдахгүй байсан ч болно, гол нь үнэхээр энэ цаг үеийн “пост” гэж хэлэгддэг болсон шинэ цаг үеийн сайхан зүрх сэтгэлтэй, эвдрээгүй, цэл залуу цаг үеийнхэнд үнэн, чин сэтгэлээр уншигдах юм бол энэ номын үнэ цэнээ хадгалах арга зам тэр байх.

Гурав дахь онцлог. “Социологидолт” гэдэг үг. Социологитой нэг салбар шахуу байсан философийг манайхан мэдэхгүй байхын аргагүй, эртнээс улбаатай мэдлэгийн том сав ертөнц, философидолт гэсэн үгийг энгийн ярианд ч зөндөө сонссон. Тэрэн шиг социологидолт гэдэг үгийг зүгээр нэг хуурай шинжлэх ухааны үг биш, хүний эргэн тойрноо, бодит байдлаа критикал маягаар шүүмжлэлтэйгээр, тэгэхдээ бусниулагч маягаар биш, харин бүтээлчээр, эрүүл ухаанаар, энгийнээр олж хараад тэгээд авьяастайгаар бас зүрх сэтгэлтэйгээр социологийн асуудал руу харж болдог гэдэгт магадгүй нас нь ч нөлөөлсөн байх. Социологидолт гэдэг үгийг залуучуудын дунд, энгийн амьдралынх нь ердийн хэрэглээнд эргэлтэнд оруулсан.

Ийм сайхан шинэ материал дээр, ийм шинэ эрмэлзэх сэтгэл хоёр, тэр тусмаа гар утас, фэйсбук, сошиал сүлжээний сүүдэр лүү хэтэрхий автчих гээд байгаа залуучууд маань харанга дэгдүүлж байгаа ийм цаг үед цаасан номонд дурлаж байгаа залуучууд их байна гэдэг, энэ цаасан номыг бичиж байгаа хүн байна гэдэг, тэр тусмаа залуучууд, хорьхон настай залуу байна гэдэг бид үнэхээр үлгэр дууриалал авах ёстой бөгөөд Мөнхтөрийн нэрийн өмнөөс биш Социологи нийгмийн ажлын тэнхмийн нийт багш нарынх нь өмнөөс бахархаж баяр хүргэж байна.

--

--